УИХ-ын гишүүн Д.Мурат гишүүтэй холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарах болсон билээ. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Мурат анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн байна. Уг ярилцлагад УИХ-ын гишүүн Д.Мурат ийнхүү ярьсан байна.
"Тэр эмэгтэй өнөөдөр өөрийн биеэр ил гарч ирээд ярилцлага өгснийг нь харсан хүн байгаа юм уу. Дунд нь яг юу болоод байгааг ойлгохгүй байна. Миний бодож байгаагаар тэр эмэгтэй арай ч тийм хэцүү юм ярихаар хүн биш. Хотоос нутагтаа очсон түүнд аятай тохьтой ажиллаж амьдрах орчноос нь эхлээд би чадлынхаа хэрээр тусалж, дэмжиж ирсэн. Би чинь бусдадаа дэмтэй тустай явахыг боддог хүн. Үүнийг Өлгийчүүд мэднэ. Хамгийн гол нь, тэр эмэгтэй яг өөрөө сууж байгаад ярьсан тийм дүрс, яриа цаагуур чинь харагдана уу. Тэр хүүхнийг англи хэл гадарладаг болохоор нь ажилд оруулж өгсөн.
Намайг УИХ-ын гишүүн болсны дараа тэр эмэгтэй сүрхий эвгүй үгтэй мессеж бичиж эхэлсэн. Намайг УИХ-ын гишүүн болонгуут "Ажилд оруулж өг, энэ тэр тусламж үзүүл" гээд мессеж бичих болсон.
Би яаж тийм их тус хүргэж чадах вэ дээ. Эхлээд учирлаж байснаа болохгүй болохоор нь жаахан уурлаж эхэлсний хариу нь өнөөдрийн асуудал байлгүй дээ. Миний нас хэд билээ. Ямар эрүүл ухаантай хүн тийм зураг явуулах вэ дээ.
Энэ зурагнууд бол цэвэр эвлүүлэг, гүтгэлэг. Би маш хүнд хагалгаанд ороод нэлээд удаан наркозитай байхад гэр бүл найз нөхөд, ажлын хамт олон гээд маш олон хүн эмнэлгийн өрөөгөөр орж гарч байсан. Тухайн үед миний зургийг хэн дарж байгааг би мэдээгүй. Тэр зурагнууд ихэнх нь миний эмнэлэгт байх үеийн зурагнууд байна лээ. Хүний өвчин зовлонгоор тохуурхаж иймэрхүү зүйл хийж байгаад харамч. Хуулийн байгууллага шалгаад үнэн мөнийг нь тогтоогоод өгнө"гэжээ.
Д.Болор.