8o
Улаанбаатар хот
mobile menu

Давс нь ходоодны хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог

2018-01-11 14:45:33

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Олон улсын стандартаар 100 граммд давсны агууламж 0.3-0.6 байх ёстой ч, манай улсад дунджаар 2-3 дахин их байдаг байна.

Ажлын хэсгийн НБД, НЭМҮТ-ийн Хоол Судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг "Давсны хэрэглээг бууруулах хүн амын дундах мэдээлэл сурталчилгааны ажлыг бид 2011 оноос эхлэн хийсэн. Өнгөрсөн 2017 оны сүүлчээс эхлэн үйлдвэрийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, нийтийн хоолны давсны хэрэглээг бууруулахад аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оруулах чиглэлээр арга хэмжээг зохион байгуулж байна.

Монголчууд артерийн даралт ихсэлтээр Номхон далайн баруун бүсийн 27 оронд нэгдүгээрт явж байгаа. Давс нь ходоодны хорт хавдар үүсгэх нэг хүчин зүйл нь болдог.

Мөн чихрийн шижин өвчин үүсэхэд нөлөөлдөг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас давсны хэрэглээ өдөрт 5 гр-аас бага байх ёстой тогтоосон. Хоногт 5 гр-аас их давс хэрэглэснээр 2010 онд жилд дунджаар дэлхийн хэмжээнд 1.7 сая хүн нас барсан гэх мэдээлэл байсан бол 2017 оны байдлаар 4 сая хүн нас барсан байна.

Тэгэхээр үүнд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал гэж үзэж байгаа. Нөгөө талдаа давсны хэрэглээг багасгах нь олон хүнийг хамрах хамгийн өртөг багатай, хэрэгжүүлэх боломжтой гэдэг нь нотлогдсон. Өнгөрсөн онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн багийн судалгаагаар ирэх 15 жилийн хугацаанд бид давсны хэрэглээг багасгах юм бол нас баралтыг 50 хувиар бууруулах боломжтой гэдэг нь батлагдсан" гэлээ.

Монгол Улсад хоногт 5 гр-аас их давс хэрэглэдэг хүн нийт хүн амын 83.2 хувийг эзэлдэг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл