8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Жавхлан: Төв банкны хууль зөв явж чадсангүй

2018-01-12 13:47:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.  Хууль ирэх дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжих юм.

 Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж, өнөөдөр эцэслэн баталж байна. Энэхүү хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Төв банк -Монголбанкны эрх зүйн байдлыг Монголбанкны бие даасан, хараат бус байдал, шийдвэр гаргах үйл явцыг олон улсын бусад төв банкуудад тогтсон шилдэг туршлага, зарчмыг баримтлан шинэчилсэн ач холбогдолтой хэмээн үзэж буй юм. Хууль хэрэгжиж эхэлснээр Монголбанкнаас гарах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкны хяналт шалгалтын шийдвэрийг хороогоор дамжуулан хэлэлцэж шийддэг байх хуулийн шаардлага бүрдэж, Монголбанкны зорилтод үл хамаарах төсвийн шинжтэй үйл ажиллагаа хязгаарлагдаж, Төв банк Засгийн газраас хараат бус байж, түүнтэй зөвхөн хуульд заасны дагуу харилцдаг байх зарчим хуулиар баталгаажиж байгаа аж. Мөн Монголбанкны бие даасан, хараат бус байдал нэмэгдэж, мөнгөний бодлого зөв зохистой боловсруулж, хэрэгжих хууль зүйн нөхцөл цаашлаад улсын макро эдийн засагт үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал хангагдаж эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжихэд хувь нэмэр болно хэмээн дүгнэж байгаа юм. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эдийн засгийн хямралтай холбоотой санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс Төв банкны хууль, Арилжааны банкуудын гол суурь хуулиудад өөрчлөлт орж байна. Төв банкны хуульд өөрчлөлт орсноор Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, хамтын шийдвэр гаргадаг дөрвөн зөвлөлтэй, нэг хороотой болгож байна. Төв банк арилжааны банкуудыг шалгаж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авдаг болж байна. Мөнгөний бодлогын шийдвэрийг Төв банк хамтаараа нийлж шийдвэр гаргадаг, ерөнхийлөгч нь эцэст баталгаажуулж гарын үсэг зурдаг болох юм. Нийгмийн шинжтэй төсөл хөтөлбөрт Монголбанк зээл олгож байсныг хориглож, зөвхөн арилжааны банк, Засгийн газарт шаардлагатай үед нь олгож байна. Ингэж байж хамтын удирдлагатай болж байгаа юм” хэмээлээ. 

Уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монголбанкны Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгчийн цалин маргаан үүсгэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ. Цалинг УИХ тогтоох уу, арилжааны банкны захирлуудын жишгээр явж  байна уу” гэж асуулаа.

Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хариулахдаа “Монголбанк өөрийнхөө тодорхой үйл ажиллагааны үр ашгаас сан бүрдүүлж цалинждаг. Монголбанк өөрөө тогтоож байхаар итгэлцүүр хийж өгөхөөр болсон” гэв.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Төв  банкны зорилго дотор үнийн болон төгрөгийн тогтвортой байдлыг ялгаж, зааглаж өгсөнгүй. Тиймээс энэ хууль зөв явж чадсангүй. Төгрөгийн тогтвортой байдал гэдэг эдийн засгийн агуулгаараа валютын тогтвортой байдал. Валютын ханш гэдэг өөрөө гадаад худалдаа, төгрөгийн тэнцэлтэй холбоотой. Засгийн газар асуудлаа өөрөөсөө холдуулаад Төв банк руугаа чихлээ. Үүний цаана маш том орон зай эзгүй үлдлээ” гэв.

Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр “Монгол банк мөнгөний тогтвортой байдлыг дангаараа хангаж чадахгүй. Засгийн газарт бас хамаарах ёстой. Удирдах зөвлөл байгуулах нь Монгол банкинд нээлттэй байгаа. Монгол банкны Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүрэг нь хуулинд тодорхой байгаа. Ер нь нэг хүнээс хамааралтай зүйлийг нь хааж өгч байгаа.  Төв банк төсвөөс цалинждаггүй. Дэлхийн жишиг нь ийм юм. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд мөн энэ замаар явж ирсэн. Буруу зүйлгүй” гэв.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл