8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Зүүн дөрвөн зам давхар гүүрэн гарцтай болж, Татварын нэмэгдлийг эсэргүүцэж жагссан өдөр

2018-01-12 18:50:00

Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн эрэгтэй УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нөхөр гэв үү 

 

УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал сүүлийн үед ноцтойгоор хөндөгдөх боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын ёс зүйгүй авирласан асуудал олны дургүйцлийг хүргээд байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх эмэгтэй өнөөдрийг хүртэл гомдолтой яваагаа хэлж, ярьсаар буй. Энэ асуудлын араас УИХ-ын гишүүн Д.Мурат нутаг нэгт бүсгүйн хувийн чат руу нь ёс бус зургаа явуулж бэлгийн харьцаанд орохыг шаардсан гэх мэдээлэл зураг баримттайгаа ил болоод байгаа. Ийн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал улстөрчдийн хөрөнгө мөнгөнд дарагдаж зөрчигдсөөр байгаа нь нийгэм тэр аяараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуугарахад хүргээд буй.

Энэ үед дахин нэг ноцтой хэргийг хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл олны анхаарлын төвд авчрав. Тодруулбал, тэрбээр өөрийнх нь нэгэн үйлчлүүлэгч бүсгүй УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний нөхөр болон дүүгийнх нь нөхрийн бэлгийн дарамтанд орсон талаарх мэдээллийг ил болгосон юм. Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл энэ талаар өөрийн цахим хуудаснаа бичсэнийг бүрэн эхээр нь хүргэе.

Тэрбээр “Өнгөрсөн онд нэгэн бүсгүй, өмгөөлөгчтэйгээ ирж уулзан, зөвлөгөө авсан юм. Тэрээр нэг компанид ажиллаж байхад нь захирал нь байнга бэлгийн дарамт үзүүлсээр эцэст нь бэлгийн харьцаанд оржээ. Захиралынх нь эхнэр нэгэн УИХ-ын эмэгтэй гишүүний (МАН-ын) дүү бөгөөд тэрхүү гишүүний нөхөр нь хүртэл бэлгийн дарамт үзүүлж байсан аж. Эрхэм гишүүний дүү нөхөр болон бүсгүй хоёрын харьцааг мэдээд бүсгүйг компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж баримт бүрдүүлэн цагдаад өгч, эрүү үүсгүүлэн гишүүн эгч нь бас захиа даалгавар өгснөөр 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж 8 жилийн ял авах гэж байгаа талаараа учирлаж ярьсан юм.

Тухайн үед асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх боломжийн талаар зөвлөөд явуулсан, шүүх хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан юм билээ. Гэтэл өчигдөр дахиад ирлээ, юу болов гэтэл өнөөх цагдаа, прокурор нь хэргийг яг хуучнаар нь боогоод яллах дүгнэлт үйлдсэн, эрхэм гишүүний захиас болохоор тэр муу "завхай" бүсгүйг заавал шийтгэнэ гэнэ. Зоригтой бай, шаардлагатай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханд, өөрийн буруутай үйлдлээсээ давсан хариуцлага, ял шийтгэлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй, бүх талаар тусална гээд явууллаа” гэж бичжээ.

Тэгвэл дээрх эмэгтэйг бэлгийн дарамтанд оруулсан эрэгтэй нь УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нөхөр гэх мэдээлэл олон нийтийн дунд яригдаж эхэлжээ. Н.Оюундарь гишүүний нөхрөөс гадна дүүгийнх нь нөхөр мөн тус бүсгүйг дарамтлан бэлгийн харьцаанд орсон гэдэг.

Энэ бүхний эцэст УИХ-ын гишүүн Н.Оюундарь дүүгийнхээ хамтаар дээрх бүсгүйд өс санан өөрийнх нь компанид их хэмжээний хохирол учруулсан гэх баримтыг бүрдүүлэн хуулийн байгууллагад өгч шүүхээр 8 жилийн хорих яланд унагаад байгаа гэх. Уг хэрэг цаашид хэрхэн шийдэгдэх болон бэлгийн дарамт үзүүлсэн гэх гэр бүлийн зүгээс ямар тайлбар хийх нь тодорхой бус байгаа ч энэ бол ажлын байран дахь бэлгийн дарамт цаашлаад улс төрчдийн ёс зүйтэй холбогдох асуудал юм. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хувьд хоёр эмэгтэй дүүтэй.

Нэг дүү Н.Чимгүүндарь нь Канад улсад Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн ч нас болон туршлага нь хүрэхгүй гэж томилогдоогүй. Харин бүсгүйг дарамталсан этгээдийн хувьд Н.Чимгүүндарийнх нь удаахь дүү гэнэ. УИХ-ын гишүүн Н.Оюундарийг “Blue mon” цогцолборын эзэн гэдгээр нь хүмүүс мэддэг.

Одоо гэр бүлийн бизнесийг нь нөхөр нь удирддаг гэдэг. Тэрбээр нөхрийнхөө талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ “Blue mon” бол манай нөхрийн үүсгэн байгуулсан компани л даа. Би харьцангуй эрт гэрлэсэн. Есдүгээр ангиа төгссөн жилийнхээ зуны амралтаар нөхөртэйгээ танилцсан. Бид хоёр есдүгээр ангиасаа үерхэж, хөтлөлцөж гүйж байгаад их сургуульд ороод гэр бүл болсон. Хоёрдугаар курст байхад хүү минь төрсөн. Би оюутан, нөхөр өрх гэрээ авч явах хэрэгтэй болсон. Тухайн үеийн залуучуудын адилаар ганзагын наймаанд явж бизнесийн гараагаа эхэлж, анхны капиталаа хуримтлуулсан. Би нөхрийнхөө ажилд нэг их оролцдоггүй. Яахав, айлын эхнэр байна даа санаа оноогоо хэлдэг. Эхнэр, нөхөр хоёр бол нэг зоосны хоёр тал гэсэн үг шүү дээ. Нөхөр маань бизнесийнхээ үйл ажиллагааг түлхүү явуулдаг. Би төрийн ажлаа л хийгээд явдаг. Манай нөхрийн бизнес нийтийн хоолоор илүү их дагнасан. Ер нь нийтийн хоол, худалдаа, тээвэр логистикийн чиглэлд гэр бүлийн бизнесээ хийж байгаа. 1997 онд анх шар буурцгийн дүфүний үйлдвэр байгуулсан. Мөн хятадуудтай хамтарч Монголдоо мөөг тарьж эхэлсэн. Тэр үед Монголд амьдардаг цөөхөн хэдэн Хятад, солонгосууд авдаг байлаа. Цагаасаа арай эрт эхэлсэн бизнес шиг байна лээ. Дараа нь бизнесээ өөрчлөөд оёдлын үйлдвэр эрхэлж, хувцас оёдог болов оо. Хувцсыг нь америкууд авдаг. Бас “Орон зай”-д баар ч ажиллуулж үзсэн. Нөхөр маань шөлөнд дуртай. Би бол хоёрдугаар хоол, шарсан хуурсан хоолыг илүүд үзнэ. Хүү маань Хятадад сурдаг байлаа. Бид хоёр амралтаараа заримдаа ганцаараа, заримдаа хоёулаа ч хүү рүүгээ очно. Тэр үедээ Бээжингийн халуун тогооны ресторануудыг бараг гүйцээсэн байх аа. Тэгж байгаад манай нөхөр халуун тогооны “Булл” ресторанаа нээсэн. Үүнээс өмнө нөхөр олон бизнес хийж үзсэн дээ. Бас “Шөлөндөө”-гийн салбаруудыг байгуулсан. Дараагийн нэг ресторан нь “Сура” гэж солонгос хоолны ресторануудыг нээж эхэлсэн. Худалдааны салбарт гэвэл “Nike” брэнд, “Fashion TV”-гийн дистрибьютер хийдэг” хэмээн ярьж байжээ.

Ямартай ч нэгэн бүсгүйд эгч, дүүсийн нөхөр бэлгийн дарамт үзүүлж түүнийг нь эгч, дүүс өөрсдөө өмөөрсөн гэх гэрчтэй хэрэг удахгүй шүүхээр хэлэлцэгдэнэ. Мөн тэр үед энэ хэрэг хүссэн хүсээгүй олон нийтэд ил болно. Харин эрх мэдэлтнүүдийн гарт энгийн нэгэн эмэгтэй хохирох учиргүй гэдгийг л олон нийт сануулах биз ээ. 

О.Сэргэлэн:Донорын хуулийн гол зорилго нь эрхтэний наймааг хязгаарлахад оршиж байгаа юм 

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.  УИХ-ын зарим гишүүд уг хуулийн зарим заалтад шүүмжлэлтэй хандаж хасах саналтай байгаа билээ. Тэгвэл тус хуулийн талаар төсөл боловсруулагч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч О.Сэргэлэнтэй ярилцлаа.

ДОНОРЫН ОЛДОЦ НЭМЭГДВЭЛ ЗӨВХӨН ЭЛЭГ, БӨӨР ЯСНЫ ЧӨМӨГ БУС ЗҮРХ, УУШИГ ГЭЭД ОЛОН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААГ ХИЙНЭ

- 2000 онд анх батлагдсан Донорын хуульд өнөөдөр ямар өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийхээр УИХ-д оруулж ирээд байна вэ?

- 2000 онд анх Донорын хуулийг баталсан. Тус онд батлагдсан Донорын хуульд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах болон цусны донортой холбоотой заалтууд л орсон байдаг. Тус хуулинд эрхтэний донортой холбоотой орсон ганц, хоёрхон заалт байдаг юм. Тодруулбал, эрхтнийг зөвхөн амьд донор тэр дундаа цусан төрлөөс нь авна гэсэн байдаг. Цусан төрлөөс нь эрхтэн авч болох ч эхнэр, нөхөр хоёр бие биедээ эрхтэнээ өгөх боломжгүй байсан юм. Цаашлаад эхнэрийн болон нөхрийн хамаатан саднууд бие, биедээ эрхтэнээ хандивлах боломжийг хаасан хуультай байсан. 2012 онд энэ заалтыг эхнэр, нөхөр ах дүү, хамаатан садан төрөл төрөгсөд эрхтэнээ бие биедээ өгч болно гэж өргөн хүрээтэй болгон өөрчилсөн байдаг юм. Тэгвэл өнөөдөр Донорын хуулийг яагаад дахин шинэчлэх гээд байгаа юм бэ гэдэг асуулт гарна. Өнөөдөр манай улс элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгадаг.

Хэрвээ өнөөдрийн хэлэлцээд буй хуулийг баталчихвал амьгүй донороос эрхтэн авах зохицуулгатай болох юм. Бид амьгүй донороос эрхтэн авах зохицуулгаа сайн хийчихвэл донорын олдоц нэмэгдэнэ. Олдоц нэмэгдвэл зөвхөн элэг, бөөр ясны чөмөг бус зүрх, уушиг гээд олон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийх гээд байгаа юм.

Нэг амьгүй донорын эрхтэнээр 8-10 хүний амийг авардаг. Бид энэ чиглэл рүү явахгүй бол болохгүй байна. Аливаа эрхтэнийг авахдаа амьгүй донороос авбал зохино гэх чиглэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Нөгөөтэйгүүр амьгүй донороос эрхтэн авч буй тохиолдолд амьд донороос авснаас илүү эрсдэл багатай. Бид одоо эртхнийг нь авсан донороо эрүүлжүүлэх, эдгээх, хянах гээд ажилтай байгаа юм. Энэ бол өргөс авахтэй ижил ажил биш. Маш их эрсдэлтэй. Монголчууд эх эцэг, хань ижил, үр хүүхэд, ах дүү хамаатан садантайгаа их ойр харилцаатай учраас амьтай донорын тогтолцоо тодорхой хэмжээнд яваад байгаа юм. Гэтэл Европт ийм ойлголт байхгүй шүү дээ.

- Амьтай донороос эрхтэн шилжүүлэх ажил хумигдмал байгаа учраас амьгүй донороос эрхтэн авахыг энэ хуулиар зохицуулах юм байна гэж ойлгож байна?

- Тийм. Өнөөдөр доноргүй хүн маш олон байна. Ер нь ихэвчлэн төрөл садангийн холбоотой хүмүүс л бие, биедээ эрхтэнээ өгдөг. Түүнээс огт танихгүй хүмүүс бие, биедээ эрхтэнээ өгнө гэсэн ойлголт бараг байдаггүй. Хуулиараа ч хориотой. Тэгэхээр ах дүү, хамаатан садан, үр хүүхэд цөөтэй хүн донорын дутагдалд орчихоод байна.

Донорын дутагдалд орсон эдгээр хүмүүсийг донороор хангах цорын ганц арга зам бол амьгүй донор юм. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэх зохицуулга тус хуулинд нэлээн сайн сууж өгсөн.

Ялангуяа донорын үйл ажиллагааг зохицуулах тусгай алба байгуулагдах талаар тус хуулинд заасан байгаа. Өнөөдөр тус албагүйгээс амьгүй донорыг мэдээлэх мэдээллийн тогтолцоогүй байна. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах багийг гишүүд амьгүй донорын эрэл явуулах хууль эрх зүйн эрхгүй байгаа юм. Тэгэхээр энд, тэнд гарсан амьгүй донорыг олохын тулд хэн нэгэн хүн л ажиллах ёстой. Тэгэхээр амьгүй донорыг олдог, ар гэрээс нь зөвшөөрөл авдаг ажлыг хийдэг тусгай албатай болж байна. Ингэснээр амьгүй донорын олдоц нэмэгдэнэ.

- Донорын хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар эрхтний наймаа явагдаж болзошгүй гэх мэдээлэл иргэдийн дунд байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

- Нас барж буй хүн бүрээс эрхтэнийг нь авна гэх ойлголт иргэдийн дунд байна. Ар гэрээс нь тодорхой зөвшөөрөл авч байж донор болгоно шүү дээ. Тухайн хүн “Хэрвээ миний амь нас эрсдэлд орвол  эрхтэнийг минь авч болно” гэсэн зөвшөөрлийг амьд ахуйдаа өгч болно. Өөрөө амьд ахуйдаа донор болохоо зөвшөөрөөд гэрээслэл үлдээсэн бол эрхтэнийг авч болох юм. Тийм гэрээслэл үлдээгээгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол ар гэр, ах дүү хамаатан саднаас нь зөвшөөрөл авч байж донор болгоно. Тэгэхээр хүний эрхийг дээдэлсэн хууль байгаа биз дээ. Аль ч орны донорын хууль хүний эрхийг л дээдэлсэн байдаг юм. Эрхтэнийг ариун нөхцөлд өндөр мэргэшсэн баг авдаг юм. Тархины үхэлтэй гэдгийг нь тодорхойлсоны дараа авна. Хэрвээ эрхтэнийг замбараагүй авбал донор эрхтэн болж чадахгүй. Боломжгүй шүү дээ. Өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийж байна. Тэгэхээр энэ эмнэлэгт л эрхтэн суулгагдаж таарна биз дээ. Бөөр шилжүүлэн суулгаад 20, элэг шилжүүлэн суулгаад 7 жил болж байна. Энэ хугацаанд 8 бөөр, нэг элэг л амьгүй донороос суулгасан. Хэрвээ хүмүүс алга болоод эрхтэний донор болсон бол бид нарын хэлэх энэ тоо олон байна биз дээ. Тэгэхээр хэзээ ч тийм зүйл байхгүй. Амьд донороос элэг шилжүүлэн авах хугацаа нь 6-7 цаг. Бүх судсыг нь нарийн ялгаж байж дараа нь буцааж залгадаг. Хулгайч, дээрэмчид хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ хий хардлага, дэмий яриа.  Энэ хуулинд орж буй бас нэгэн зохицуулга бий. Тодруулбал, эмнэлгийн ажилтны буруугаас амьд донор эрсдэлд орвол тухайн эмнэлэг болон эмнэлгийн ажилтнууд хариуцлага хүлээх тогтолцоог энэ хуулинд оруулж өгсөн. Тэгэхээр энэ хууль донорын олдоцыг нэмэгдүүлэхэд болон эмнэлгийн ажилтнуудын хариуцлагыг нь сайжруулахад түлхэц болж байна. Хууль батлагдаад донорын тусгай албатай болбол Монгол улсын хэмжээнд элэг, бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хэдэн хүн байгааг бүртгэлжүүлнэ. Ингээд бүртгүүлсэн дарааллаараа эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийнэ. Ямар нэгэн арын хаалга, танил талын үйл ажиллагааг хааж өгч байна. Энэ хууль батлагдчихвал их олон хүний амийг аврах боломжтой. Өнөөдөр доноргүй хүмүүс горьдлого тээгээд л сууж байгаа шүү дээ. Нэг хүн нас барахад ах дүү, хамаатан садан, үр хүүхэд, эцэг эх гээд олон хүн өнчирдөг. Харин нэг хүний амийг аварчихвал хичнээн гэр бүл элэг бүтэн үлдэх билээ. Энэ хуулийг уг үйл ажиллагаа руу чиглэсэн хууль гэж ойлгох хэрэгтэй.

ГУДАМЖИНД ЯВЖ БУЙ ИРГЭНИЙГ ЦОХИЖ УНАГААД ЭРХТЭНИЙГ НЬ АВЧ ДОНОР БОЛГОХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

- Зарим гишүүд тус хуулийн 13.2 дахь заалтыг хасах саналтай байгаа. Энэ заалт яагаад эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм бэ. Та бүхэн уг хуулиас болж сөрөг асуудал гарах эрсдэлийг урьдчилан тооцоолж байгаа юу?

- Аль нэгэн иргэн “Би эрсдэлд орвол эрхтэнээ өгнө” гэдгээ амьд ахуйдаа гэрээслэл болгон үлдээдэг зохицуулга дэлхийд байдаг. Үүнийг нь улс орнууд янз бүрээр тэмдэглэдэг. Тодруулбал, донор болохыг зөвшөөрсөн иргэдийн жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх дээр нь тусгай тэмдэглэгээ хийдэг. Эрхтэнээ өгөхгүй гэсэн хүмүүсийн тэмдэглэгээг ч мөн хийдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс дээрх хоёр сонголтыг хоёуланг нь хүлээн зөвшөөрдөг. Аль нь ч бай тухайн иргэний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг нь өндөржүүлж буй заалт юм. Түүнээс биш “Чи заавал эрхтнээ өгнө гэж гэрээслэл үлдээх ёстой” гэсэн шахалтыг хэнд ч үзүүлэхгүй.

Энэ бол сайн дурын ажил юм. Хэрвээ эрхтэнээ өгнө гэсэн гэрээслэл үлдээгээгүй бол ар гэр, ах дүү хамаатан саднаас нь заавал зөвшөөрөл авч байж донор болгоно. Бид хүний эрхийг хүндэлнэ. Энэ хуульгүй бол эрхтэний наймаа цэцэглэнэ. Хуультай байж түүнийг хязгаарлана. Донорын хуулийн гол зорилго эрхтэний наймааг хязгаарлахад оршиж байгаа юм. Хуулинд “Хүн эрхтэнээ бэлэглэнэ” гээд заачихсан байгаа. Түүнээс худалдана гэж заагаагүй. Мөн мөнгө төгрөгнөөс солилцож болохгүй. Донорын эрхтэнийг өндөр мэргэжлийн эмч авдаг юм. Түүнээс гудамжинд явж буй иргэнийг цохиж унагаад эрхтэнийг нь авч донор болгох боломжгүй.

 

- Монголчууд эрхтэнээ өгөх талаар ойлголтгүй хүмүүс. Эртхэн дутуу бурханы оронд очоод яах юм бэ гэж үздэг. Тэгэхээр донор болох талаар иргэдэд зөв ойлголт өгөх ёстой юм шиг санагддаг. Та бүхэн мэдээ, мэдээллийг иргэдэд өгөх ажлыг хийх үү?

- Монголчууд буддын шашинтай. Эрхтэнээ хандивлах, бэлэглэх үзэл суртал нь шашиндаа байдаг шүү дээ. Бурхан багш өөрөө нүдгүй хүнд нэг нүдээ бэлэглэж хараа оруулж байсан. Бурханы сургаальд эрхтэнээ хүнд бэлэглэх нь дээдийн дээд буян гээд заачихсан байдаг. Талийгаач болоод бурханы оронд очиход элэгтэй эсвэл зүрхтэй эсэхийг бурхан багш шалгаж үзэхгүй. Харин ч буян хийчихээд ирсэн гээд диваажинд явуулна.

- Хэрвээ энэ хууль батлагдвал зөвхөн элэг, бөөр, ясны чөмөгөөр хязгаарлахгүй өөр эрхтэнүүдийг нөөцөлж эхлэх юм байна. Тийм үү?

- Хэрвээ амьгүй донорын олдоц сайжирвал бусад эрхтэнийг шилжүүлэн суулгадаг болно. Амьд донороос элэг, бөөр шилжүүлэн суулгах боломжтой. Харин амьгүй донороос олон эрхтэнийг шилжүүлэн суулгаж болно. Үүнийг л ойлгох хэрэгтэй. 

Х.Буянжаргал: Төр татвар нэмэх шийдвэр гаргасныхаа төлөө ард түмнээс уучлалт гуйх ёстой 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо удирдлагууд өнөөдөр 12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох юм. Жагсаал орон даяар зохион байгуулах бөгөөд гол зорилго нь УИХ-аас баталсан долоон төрлийн татвар нэмэх тухай болон Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн зэрэг шийдвэрийг эсэргүүцэж ийнхүү жагсахаа мэдэгдсэн билээ. Мөн он гараад 3 төрлийн татвар нэмэгдсэн. Улмаар Хувь хүний орлогын албан татвар 10-25 хувиийн нэмэгдэл хамгийн их өртөж байгаад салбарынхан ч өнөөдөр жагсахаа мэдэгдсэн юм. Ингээд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргалтай ярилцлаа.

-Хувь хүний орлогын албан татварт хамгийн их өртөж байгаа салбар нь танай салбар. Татварын нэмэгдэл дээр танай холбоо ямар байр суурьтай байна вэ?

-Монголын уул уурхай, геологийн салбар нийтдээ 47 мянган хүн ажиллаж байна. Үүнээс эрчим хүчний салбар 16700 гаруй хүн ажиллаж байна. Монгол Улсын хүн ам 3 сая. Уурхайчдын гэр бүлийн гишүүдийг оруулбал 300 мянган хүн цаана нь бий.

Тэгэхээр татварын нэмэгдэл зөвхөн 1,5 саяас дээш цалин авдаг ганц Доржид хамаарах асуудал биш. Монгол Улсын хүн амийн арван хувьд буюу 300 гаруй мянган хүний амь амьдралын асуудал яригдаж байна. Зөвхөн уурхайчин Доржийн цалин биш.  Доржийн гэр бүлийн гишүүдийн цалин. 

Уурхайчид хэдэн арван хоног, бараг нэг сараар нь гэр орноосоо хол ажиллах тохиолдол олон бий. Энэ бүхэнд ар гэрийн асуудлыг нэг хүн хариуцаж авч явах хэрэг гарна. Тэр хүнд хөдөлмөр эрхлэх боломж бага байдаг. Үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, гэр орон, ахуй амьдралаа залгуулах гээд хүний амьдралд юу эс гарах билээ. Энийг төр засаг ойлгоосой. Ийм хүмүүсийн шууд орлогыг хязгаарласан хуулийг УИХ баталсан. Тэгэхээр татварын нэмэгдлийг бид эсэргүүцэж байна. Манай салбар төдийгүй ард иргэд энэ шийдвэрт маш их бухимдалтай хандаж байна. Товхондоо төр засаг дүлий, харалган байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр бид он гараад нэмэгдсэн гурван төрлийн татварыг дангаар нь эсэргүүцээд гэнэт гарч ирж жагсах гээд байгаа юм биш. 

-ЭНГИЙН НӨХЦӨЛД АЖИЛЛАСАН ХҮМҮҮС ТЭТГЭВЭРТ ГАРААД 15-20 ЖИЛ АМЬДАРДАГ-

Бид бараг сүүлийн нэг жил байнга жагсаал цуглаан хийж 7 төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж УИХ, Засгийн газрын гаргасан алдаатай шийдвэр, иргэдээ бодоогүй бодлогыг эсэргүүцэж цаг тухай бүрт нь дуу хоолой хүргэж байсан. Сонгогч түмэндээ хүндэтгэлгүй хандаж байна. Сонгуулийн үеэр татвар нэмэхгүй гэж хэлж гарч ирсэн. Гэтэл бодит байдал дээрээ татвар нэмж иргэдийн орлогод халдаж байгаа нь харамсалтай.

Газрын гадаргаас доош 1,3 км-ын гүнд эрүүл мэнд, амь насаа золин байж хөдөлмөрлөж олсон мөнгийг татвар нэрээр авч байгаа нь буруу.

Төрийн албан хаагч, багш, эмч нараас хэдэн төгрөг илүү авч байгаа нь үнэн. Гэхдээ тэд эрүүл мэнд амь насаа эрдэлд оруулан байж хэдэн төгрөг илүү олж байгаа. Уул уурхай, геологи, эрчим хүний салбар хортой, хүнд нөхцөлд ажилладаг. Энгийн болон ердийн нөхцөлөөс шал өөр орчинд тэд ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл, үр хүүхдээ тэжээж бусдын адил амьдрах гэж зүтгэж яваа энгийн нэг монгол улсын иргэн хүн. Бид үүнийг үүнийг эсэргүүцэж, тэмцэнэ. Өнөөдөр Австрали улсын уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин манай ажилчдын цалин арав дахин бага байна гэсэн тоон мэдээлэл байдаг. Уул уурхайн салбар олон улсад ч хамгийн хүнд хортой нөхцөлд ажилладаг гэж үзэж цалин урамшуулал олгодог. Гэтэл манайх нь эрүүл мэнд, ами насаараа дэнчин тавьж байж олсон хэдээс нь татаж байгаа нь маш буруу. Хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл. 

-УИХ, Засгийн газарт тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэж хараач гэж шаардлага хүргүүлэхээр  болсон гэсэн?

-Жирийн болон энгийн нөхцөлд ажилласан хүмүүс тэтгэвэрт гараад 15-20 жил амьдардаг. Давхар хөдөлмөр эрхэлж чаддаг гэсэн судлагаа байдаг.

Гэтэл хүнд хортой нөхцөл ажиллаж байгаа геологи, уул уурхай, эрчим хүчний салбарынхан тэтгэвэрт гараад 3-7 жил тэтгэвэр авдаг гэж судалгаагаар гарсан байдаг. Хатуухан хэлэхэд тэтгэвэрт гараад 3-7 жилийн дотор хорвоогийн мөнх бусыг үзнэ гэсэн үг. Ажиллаж хөдөлмөрлөж байхдаа хамгийн өндөр татвар,  НДШ төлж байсныхаа үр шимийг гүйцэд хүртэж чадахгүйд хүрч байгаа юм.

Гэтэл тэтгэвэрт гараад хамгийн богинохон тэтгэвэр авдаг хүмүүс. Тиймээс бид татварын нэмэгдлээс гадна тэтгэврийн насыг хойшлуулсан хуулийн заалтыг хамгийн их эсэргүүцэж эргэж хараач гэж УИХ, Засгийн газар шаардлага хүргүүлнэ. Зөвхөн уул уурхай, геологи, эрчим хүч гэлтгүй барилга, автозамын салбарт ажиллаж байгаа маш олон хүний эрх ашгийн төлөө бид дугарч байна. 

-ХҮНД ХОРТОЙ НӨХЦӨЛ АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС ТЭТГЭВЭРТ ГАРААД 3-7 ЖИЛ ТЭТГЭВЭР АВДАГ-

Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдийн 2004 оны 77 тоот тушаалаар заагдсан хүнд хортой, халуун  газрын доорхи нөхцөлд ажиллаж байгаа салбарын бүх ажилчид үүнийг эсэргүүцэж байна. Тиймээс монголын төр энэ шийдвэрээ эргэн харж, Монгол Улсын хүн амийн арван хувьд буюу 300 гаруй мянган хүний амь амьдралын холбоотой учраас уучлалт гуйх ёстой. ОУВС зөвшөөрөхгүй байна гэсэн утга агууллагатай зүйлийг төр түшээд ярьж байна. Өнгөрсөн жилийн өдийд ОУВС-тай ярьж байсан үеийн эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр өөр болсон. Дээрдсэн. Өнгөрсөн жил эдийн засаг 1,3 хувийн өсөлттэй байсан. Өнөөдөр монгол улсын эдийн засгийг 5,8 хувь боллоо гэж зарлаж байна. Энэ нь өсөлттэй гарсан үр дүн. Мөн ДНБ өсөлттэй гарсан. Өнгөрсөн жилийн хувьд улсын төсөв алдагдалтай байсан бол энэ жил урьдчилсан байдлаар 500 тэрбумын ашигтай ажиллаж гарсан. Харин гурван төрлийн татвар нэмснээр 50 тэрбумаар улсын орлогоо нэмэгдүүлнэ гээд байгаа. Үнэхээр улсын орлогоо нэмэхгээд байгаа юм бол өөр төрлийн татвар нэмж болно. Гэтэл яагаад улс орны эдийн засгийн хөшүүрэг болсон ачааны хүндийг үүрч яваа иргэдээс татвар авах гээд байгааг ойлгохгүй байна. Татвар төлдөггүй маш олон хүн байна. Энэ  хүмүүсийг татварт хамруулах бодлого зохицуулалт шаардлагатай байна. 

-Шаардлагаа хэзээ хүргүүлэх вэ?

-Өнөөдөр болох жагсаалийн үеэр шаардлага хүргүүлнэ.

-Өнөөдрийн жагсаал танай салбараас хэчнээн хүн оролцохоор төлөвлөж байгаа вэ?

-Уул уурхай, геологи, эрчим хүчний салбарынхан ажилчид бүгд жагсаалд оролцохыг хүсэж байна. Гэхдээ бид ингэж олноор оролцуулахгүй. Яагаад гэвэл  монгол улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон салбарны ажилчид бүгд ажлаа тасалдуулвал маш их хэмжээний хор хохиролтой. Энэ жагсаалд “Эрдэнэс тавантолгой”, "Оюутолгой", "Шивээ-Овоо", Эрдэнэтийн үйлдвэрийн уурхайчдийн төлөөлөл ирж оролцоно. 

-Уурхайчид ажил хаялт зарлахаар төлөвлөж байгаа гэсэн. Ажил хаяхасаа өмнө УИХ, Засгийн газартай зөвшилцөлд хүрэх саналтай. Хэзээ зөвшилцөлийн ширээний ард суух вэ?

-Уурхайчид ажил хаялт зарлавал монгол улсын эдийн засаг муу дээрээ улам муудна. Баялаг үйлдвэрлэл нэг өдрөөс зогсоход гарах хор хохирол их. Тиймээс нэг өдрийн өмнө ч байтугай зөвшилцөе гэж байна. Хоёр зүйл дээр  зөвшилцөхөөр бид ярилцаж байна.

Татварын нэмэгдлийг эргэж харах,  тэтгэврийн насыг нэмэгдүүлснийг таслан зогсоох гэсэн хоёр зүйл дээр зөвшилцөхөөр төлөвлөж байна.

Энгийн болон жирийн нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс хамаагүй л дээ 65 нас хүртлээ ажлаа хийж болно. Ганцхан хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа иргэдийнхээ тэтгэврийн насыг эргэж хараач, энэ шийдвэрээ татаж авах тухай л ярьж байна. Хэрвээ зөвшилцөхгүй бол ажил хаяна. Монголын Уул уурхай, эрчим хүчний салбарынхан ажил хаявал улаанбаатар хот хөлдөнө. Одоогоор хэзээ ширээний ард суухийг мэдэхгүй байна.  Аль болох хурдан  зөвшилцөе гэсэн санал хүргүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.Жавхлан: Төв банкны хууль зөв явж чадсангүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.  Хууль ирэх дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжих юм.

 Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж, өнөөдөр эцэслэн баталж байна. Энэхүү хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Төв банк -Монголбанкны эрх зүйн байдлыг Монголбанкны бие даасан, хараат бус байдал, шийдвэр гаргах үйл явцыг олон улсын бусад төв банкуудад тогтсон шилдэг туршлага, зарчмыг баримтлан шинэчилсэн ач холбогдолтой хэмээн үзэж буй юм. Хууль хэрэгжиж эхэлснээр Монголбанкнаас гарах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкны хяналт шалгалтын шийдвэрийг хороогоор дамжуулан хэлэлцэж шийддэг байх хуулийн шаардлага бүрдэж, Монголбанкны зорилтод үл хамаарах төсвийн шинжтэй үйл ажиллагаа хязгаарлагдаж, Төв банк Засгийн газраас хараат бус байж, түүнтэй зөвхөн хуульд заасны дагуу харилцдаг байх зарчим хуулиар баталгаажиж байгаа аж. Мөн Монголбанкны бие даасан, хараат бус байдал нэмэгдэж, мөнгөний бодлого зөв зохистой боловсруулж, хэрэгжих хууль зүйн нөхцөл цаашлаад улсын макро эдийн засагт үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал хангагдаж эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжихэд хувь нэмэр болно хэмээн дүгнэж байгаа юм. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эдийн засгийн хямралтай холбоотой санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс Төв банкны хууль, Арилжааны банкуудын гол суурь хуулиудад өөрчлөлт орж байна. Төв банкны хуульд өөрчлөлт орсноор Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, хамтын шийдвэр гаргадаг дөрвөн зөвлөлтэй, нэг хороотой болгож байна. Төв банк арилжааны банкуудыг шалгаж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авдаг болж байна. Мөнгөний бодлогын шийдвэрийг Төв банк хамтаараа нийлж шийдвэр гаргадаг, ерөнхийлөгч нь эцэст баталгаажуулж гарын үсэг зурдаг болох юм. Нийгмийн шинжтэй төсөл хөтөлбөрт Монголбанк зээл олгож байсныг хориглож, зөвхөн арилжааны банк, Засгийн газарт шаардлагатай үед нь олгож байна. Ингэж байж хамтын удирдлагатай болж байгаа юм” хэмээлээ. 

Уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монголбанкны Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгчийн цалин маргаан үүсгэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ. Цалинг УИХ тогтоох уу, арилжааны банкны захирлуудын жишгээр явж  байна уу” гэж асуулаа.

Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хариулахдаа “Монголбанк өөрийнхөө тодорхой үйл ажиллагааны үр ашгаас сан бүрдүүлж цалинждаг. Монголбанк өөрөө тогтоож байхаар итгэлцүүр хийж өгөхөөр болсон” гэв.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Төв  банкны зорилго дотор үнийн болон төгрөгийн тогтвортой байдлыг ялгаж, зааглаж өгсөнгүй. Тиймээс энэ хууль зөв явж чадсангүй. Төгрөгийн тогтвортой байдал гэдэг эдийн засгийн агуулгаараа валютын тогтвортой байдал. Валютын ханш гэдэг өөрөө гадаад худалдаа, төгрөгийн тэнцэлтэй холбоотой. Засгийн газар асуудлаа өөрөөсөө холдуулаад Төв банк руугаа чихлээ. Үүний цаана маш том орон зай эзгүй үлдлээ” гэв.

Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр “Монгол банк мөнгөний тогтвортой байдлыг дангаараа хангаж чадахгүй. Засгийн газарт бас хамаарах ёстой. Удирдах зөвлөл байгуулах нь Монгол банкинд нээлттэй байгаа. Монгол банкны Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүрэг нь хуулинд тодорхой байгаа. Ер нь нэг хүнээс хамааралтай зүйлийг нь хааж өгч байгаа.  Төв банк төсвөөс цалинждаггүй. Дэлхийн жишиг нь ийм юм. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд мөн энэ замаар явж ирсэн. Буруу зүйлгүй” гэв.

Д.Лүндээжанцан: Д.Гантулга, Д.Мурат нарын гишүүдийн асуудлыг хуулийн байгууллагаар шалгаж дууссаны дараа хэлэлцэнэ 

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар ёс зүйгүй асуудалд нэр холбогдсон. Тиймээс тэднийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн, хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэх хүмүүс байгаа юм. Энэ талаар УИХ дахь ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодрууллаа. 

- УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Д.Мураттай холбоотой гомдлыг Ёс зүйн дэд хороонд явуулсан гэсэн. Тэр өргөдөл, гомдолтой танилцсан уу. Энэ асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах уу? 

- Хууль номтой юм. Тэгэхээр хууль номынхоо дагуу л явагдаж байгаа. Ёс зүйн дэд хорооны дүрмээр албаны ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг юм. Хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд тэндээс гарах шийдвэрийг хүлээх ёстой юм. Эхлээд хуулийн байгууллагын шийдвэр гарна. Шийдвэрийг нь харж байгаад Ёс дэд хороогоор авч хэлэлцдэг юм. Өөрсдөөс нь тайлбарыг авч байгаа. Одоо Ёс зүйн дэд хорооны бүтэц бүрэлдэхүүн, удирдлага нь өөрчлөгдөх гэж байгаа. 

Чуулган: "Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг юм боллоо" 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Мөн дагаж өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг бүхэлд нь баталлаа. Хууль 2019 нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх саналыг байнгын хороо гаргажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр, сууриа илэрхийллээ.   УИХ-ын гишүүн С.Жавхлан "Бушуу туулай борвиндоо баастай гэж. Хавар, зун, намар гэж гурван улирал байгаа. Яг утаа дуусах үеэр бүгд хашгирч, орилоод байна. Өмнөх утааг бууруулах арга хэмжээг авсан хүмүүсийн тайланг сонсмоор байна. Олон удаа сонгогдсон гишүүд, намууд ичих ёстой" гэв.

LIVE: Татварын нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаал төв талбайд болж байна

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо удирдлагууд өнөөдөр 12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байсан. Жагсаалын гол зорилго нь УИХ-аас баталсан долоон төрлийн татвар нэмэх тухай болон Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн зэрэг шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Лайвыг энд дарж үзнэ үү. 

Зүүн дөрвөн зам давхар гүүрэн гарцтай болно 

Улаанбаатар хотын түгжрэлийн томоохон цэг болдог Зүүн дөрвөн замыг давхар гүүрэн гарцтай болгох ажил энэ онд хийгдэх юм байна. Нийслэлийн авто замын газраас өгч буй мэдээллээр 49,7 тэрбум төгрөгөөр зам засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, гол болон туслах замуудыг шинээр нэмж барих, өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдэх ажээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16,18 дугаар хороонд байрлах Тоосгоны үйлдвэрийн авто замын ажил, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо, Монелын уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах зам гэх мэт олон ажлууд байгаа юм байна. Мөн дугуйн замын дэд хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн зүүн талд байрлах нохойтой хөшөөний уулзвараас 10 дугаар хорооллын Хермес төвийн уулзвар хүртэл нарны замаа дагаад дугуйн замын ажил хийгдэх нь. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшнийх болгоно гэж тусгасны дагуу давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхлэхээр төлөвлөжээ. 

ЦЕГ-аас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна 

Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас цахим гэмт хэрэгтэй холбоотой сэрэмжлүүлгийг гаргажээ. Сэрэмжлүүлэгт "Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн болгоомжилно уу.

Дээрх утга бүхий зарууд нь худал буюу таныг залилах тул ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулж байна" гэжээ. 

Монголын Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэн Ганц модны боомтыг хаагаад байна

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Цагаан хадны боомтод 200 гаруй километрийн урт нүүрс ачсан машинуудын дараалал бий болсон. Үүнийг шийдэхээр Монгол Улсын Засгийн газраас 320 дугаар тогтоолыг батлан гаргасан юм. Тогтоолоор уртын урт тээвэрлэлтийг зогсоож, манай нүүрс тээвэрлэгчид Цагаан хад боомтын ойролцоох  нүүрс тээвэрлэлтийн компаниудын хашаанд нүүрсээ буулгачихаад буцдаг болсон. Буулгасан нүүрсийг зарим компаниуд дахин ачиж Хятадын хилээр гаргах байв. Гэтэл Ганц модны боомтын нүүрс тээвэрлэлтийн Хятадын хөрөнгө оруулалттай зарим компанийн эзэд үүнийг эсэргүүцээд байгаа юм. Тэд Баяннуур хот болон Ганц модны боомтын удирдлагуудад хандаж өргөх бичиг барьсан байна. Энэ долоо хоногийн эхээр Винсвэй тэргүүтэй Хятадын ченж компаниуд Ганц модны боомтод бослого гаргаж, хил хаажээ. Тэд 50 орчим машиныг Ганц модноос Гашуунсухайт руу нэвтрэх замын зорчих хэсэгт эмх замбараагүй байрлуулж, зам хааж эсэргүүцэл үзүүлсэн байна. Улмаар Хятадын талаас экспортын тээврийн хэрэгслүүд Монгол руу нэвтрэх боломжгүй болж, нүүрс экспортын үйл ажиллагаа бүрэн саатжээ. Тэд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийг машин бүрт олгох, уртын урт тээврийг дахин эхлүүлэх гэх мэт шаардлагыг тавьж байгаа гэнэ. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно.Yнэ: $780, 000 (Долоон зуун, Ная
2023/11/14 129.205.113.172
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгү
2020/04/27 105.112.98.130