“Шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт "Шүүхийн ялзрал, хор уршиг түүнийг засах арга зам" сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудсан. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулинд заасан, Монгол хүний төрөлх цусанд нь байдаг, Монголчууд бидний өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн шударга ёс, хүнлэг байдлыг эрхэмлэн өнөөгийн нийгмийн муу муухай бүхний эхлэл болсон шүүх засаглалын хямралыг засахыг хүсч байна” гэж байсан удаатай. Тэгвэл халз мэтгэлцээний талаар “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтаас тодрууллаа.
-ХЗДХ сайд Ц.Нямдоржийг "Шүүхийн ялзрал, хор уршиг түүнийг засах арга зам" сэдвээр халз мэтгэлцээнд дуудсан. Мэтгэлцээн болоогүй гэсэн?
-Сайд ирсэнгүй. Мэтгэлцээн болсонгүй. Би мэтгэлцээний зар тараасан өдөр Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл мэтгэлцээн сайд ирсэнгүй. Мэтгэлцээний зорилго бол ялзарсан шүүхийг засах тухай асуудлаар мэтгэлзэх байсан юм.
-Сайдыг яагаад ирээгүй гэж та бодож байна?
-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд 7 удаа их хуралд, 5 удаа хууль зүйн сайдын суудалд суусан хамгийн шударга, шилдэг хуульч шүүх ялзарч байхад хүссэн хуулиа санаачлах эрхтэй байсан. Намайг 10 жилийн өмнө шүүх засаглал болохгүй байна гээд тэмцэж эхлэхэд УИХ-ын дарга, хууль зүйн сайд хийж энэ тухай ямар ч санал хүсэлт хүлээж авдаггүй байсан. Магадгүй шүүхийг санаатайгаар ялзалсан учраас ирээгүй байх гэж бодож байна.
-Ахиад халз мэтгэлцээнд дуудах уу. Цаашид яах бодолтой байна вэ?
-Одоо цаашид халз мэтгэлцээн хийхийг шаардаж улс төрийн суулт зохион байгуулна. Шаардлагатай бол өлсгөлөн зарлана.
Д.Болор.