8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсыг “ХАР ЖАГСААЛТ”-аас нэн яаралтай гаргахыг хүслээ

2018-01-14 12:30:00

Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕХ-ны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын Холбоог даргалж буй Болгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева болон тус Холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт тус тус захидал илгээж Монгол Улсыг Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг хүсэлт болгов.

Захидалд Монгол Улсын Засгийн газар ардчиллын суурь зарчим болох нээлттэй, ил тод, сайн засаглалыг хөгжүүлэх дэлхий нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Европын Холбоо хийгээд нийт гишүүн орнуудтай 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийн 38 дугаар зүйлийн хүрээнд татварын сайн засаглалыг хөгжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг дэмжих, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг нотлов. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны Дэлхийн форумын гишүүн болох хүсэлтээ холбогдох олон улсын байгууллагуудад албан ёсоор хүргүүлэхийн сацуу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “татварын суурийг багасгах замаар ашгийг зувчуулахын эсрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 111 дэх гишүүн улс болсныг тэмдэглэжээ.

Эх сурвалж: ГХЯ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Намуу
Авилгын эсрэг, оффшорын эсрэг ямар ч алхам хийхгүй болохоор хар жагсаалтад орох нь аргагүй шд.
2018/01/15 103.10.21.36