8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Батбаяр: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдчихсон Р.Бурмаа сайдыг УИХ-аас нь эргүүлэн татна

2016-01-25 13:17:00

Халх голын чөлөөт бүс байгуулахаар шийдвэр гарсан цагаас эхлээд янз бүрийн эсэргүүцэл өрнөж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс байр сууриа илэрхийлсэн нь  шүүхэд дуудагдахад хүргэсэн. Тодруулбал ХХАА-н сайд Р.Бурмаа өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг  шүүхэд өгөөд байсан юм. Харин өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс хүн гүтгэсэн хэмээн эсрэг нэхэмжлэл гаргасан. Сайд Р.Бурмаа,  өмгөөлөгч Г.Батбаяр нарын шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, шүүх хурлын шийдвэрийн талаар хоёр өөр мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Нэг нь хэсэг сайд Р.Бурмааг ялсан гэж байгаа бол нөгөө хэсэг өмгөөлөгч Г.Батбаярыг ялсан хэмээн мэдээлж байна. Тиймээс бид шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

- Хөдөө аж ахуй сайд Р.Бурмаа та хоёрын шүүх хурлын дүн олны анхааралд байна. Учир нь та Халх голын асуудлаар түүнийг шүүхэд өгсөн. Гэвч өнгөрсөн долоо хоногийн сүүлээрээ хоёр өөр мэдээлэл цацагдлаа. Нэг хэсэг нь Р.Бурмааг ялсан гэж байгаа бол нөгөө хэсэг нь таныг ялсан хэмээн мэдээлж байна. Үнэн зөв мэдээллийг уншигчдад хүргээч?

- Шүүх хурал өнгөрсөн пүрэв гаригт болсон л доо. Гэвч тэр өдөр л зарим нэг мэдээллийн сайтуудаар Р.Бурмаа сайдыг ялсан, Г.Батбаяр гэдэг хүн ялагдсан мэтээр мэдээлж эхэлсэн. Яахав энэ нь сайдын зүгээс явуулсан мэдээлэл байж болзошгүй л дээ.  Гэхдээ энэ бол шүүхийн шийдвэрийг хэтэрхий өрөөсгөл маягаар тайлбарлаж байгаа нэг хэлбэр. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сайд Р.Бурмаа нэр төр, алдар хүнд гутаан доромжилсон хэмээн шүүхэд өгсөн. Ингэхдээ “Г.Батбаяр намайг эх орноо зарсан” хэмээн ярьсан гэж гомдол мэдүүлсэн. Би энэ талаар АТГ-т хүртэл мэдүүлж, шалгуулж байсан. Гэхдээ би шүүх дээр очиж сөрөг нэхэмжлэл гаргасан. Р.Бурмаа сайд ч гэсэн миний нэр төр, алдар хүнд гутаан доромжилсон гэсэн. Өөрөөр хэлбэл хоёр биенийгээ доромжилсон гэдэг үндэслэлээр буруутгаж, шүүхдэлцсэн л дээ. Уг нь шүүх бид хоёрт эврэлэх хугацаа өгсөн. Гэвч Р.Бурмаа сайд эвлэрээгүй. Ингээд мэтгэлцээд шүүхийн шийдвэр та хоёулаа буруутай юм байна гэж гарсан. Үндсэн нэхэмжлэлийг ч хангасан, сөрөг нэхэмжлэлийг ч хангасан байна, хоёр биенээсээ уучлал гуй гэсэн шийдвэр гарсан. Гэвч Р.Бурмаа сайд өөрт ашигтайгаа яриад өөрийнхөө ялагдалыг талаар үг дуугарахгүй байна л даа. Сайд өөрийгөө ялсан гэж байгаа бол би ч гэсэн энэ шүүх хурал дээр өөрийгөө ялсан гэж үзэж байгаа. Би бол жирийн нэгэн иргэн. Тэр хүн бол төрийн түшээ. Тиймээс  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд хандана. “Монгол улсын түүхэнд анх удаа төрийн түшээ хүн бүрэн эрх нь цуцлагдаагүй байхдаа хугацаандаа шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдлоо. Иргэнээ доромжиллоо. Энэ хүн дээр хариуцлага тооцуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргана. Үүнийг л яаж шийдвэрлэхийг харъя. Үнэхээр л хууль иргэн бүр тэгш үйлчлэх зарчимтай гэсэн заалт хэрэгжвэл Р.Бурмаа сайдад хариуцлага ногдуулах ёстой. Ингээд хариуцлага ногдуулчихвал түүнийг УИХ-аар эргүүлэн татах хууль эрх зүйн үндэслэл нь бүрдчихэж байгаа юм. Тиймээс би иргэнээ доромжилсон нь шүүхээр тогтоогдчихсон Р.Бурмаа сайдыг УИХ-аас нь татуулна. Яахав бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад хэдхэн сар үлдсэн байна. Энэ хооронд татаад яахав гэдэг байдлаар хандмааргүй байна. Хууль бол хууль.

- Тэгэхээр та Р.Бурмаа сайдыг Эх орноо зарсан гэж яриагүй юм байна шүү дээ?

- Би Бурмаа сайдыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр эх орноо зарсан гэж яриагүй. Тиймээс шүүх “Г.Батбаяр өмгөөлөгч эх орноо зарсан гэж яриагүй байна” гэж үзсэн. Би зарах гээд байгаа хүн шиг улайраад байх хэрэггүй шүү дээ гэх утгатай зүйл л ярьсан. Энд бас  нэг алдаа бий.  Төрийн албан хаагчийн ашиг сонирхлын тухай хууль байдаг. Энэ хуулийн хүрээнд төрийн албан хаагч бүр гадны нөлөөнд автахгүй ажиллах ёстой. Тэгэхэд Р.Бурмаа сайдыг Төрийн нарийн бичгийн дарга нь өмөөрөөд орж ирж байна. Бүр сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирсэн. Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд итгэмжлэгдсэн төлөөлөгч болох нь хуулинд бол нээлттэй л дээ. Гэхдээ нэг албан ажиллаж байгаа хүмүүс болохгүй шүү дээ. Энэ чинь Ашиг сонирхлын зөрчлийн хуулиараа хориглочихсон зүйл. Ингэж хамтарч байгаа хүмүүс дараа нь төрийн албаны ажил дээр бие биенийгээ шүүмжилж, ажилдаа хариуцлагатайгаар хандах боломжгүй л гэсэн үг. Зан харьцааны хувьд ч, итгэл үнэмшилийн хувьд ч тэр. Нэг талын хүмүүс болчихож байгаа юм л даа. Бодвол намайг нэг талынх гэлээ, үүнийг нотол гээд шүүхдэлцэх байх л даа. Ер нь хууль зүйн зарчимаараа хараат бус байх зүйл... Ийм нэг ойлгомжгүй зүйл үүсчихээд байгаа юм. Миний хувьд бол УИХ-ын 75 дугаар тогтоолыг ард түмэн нь эсэргүүцэж, сумаас хөөгдөн барин, иргэдийнхээ хүсэл зорилгыг үл тоон улайран түүнийг хэрэгжлүүлэх гээд дайраад байгаа нь зарах гээд байгаа хүн шиг харагдаад байна гэж төсөөллийн шинжтэй, болоогүй зүйлийг сэрэмжлүүлэх зорилгоор л ярьсан. Ард түмэнд буруу харагдаж байна шүү гэсэн.

Өнөөдөр амнаас унасан үг болгон дээр дөрөөлж, унагаах гээд дайраад байгаа нь Халх гол чөлөөт бүс буюу УИХ-ын 75 дугаар тогтоолыг хэрэгжлүүлэх хүсэлт зорилгодоо ямар ч аргаар хамаагүй хүрэхийн тулд, зорьсоноосоо буцахгүй байгааг л харуулаад байгаа юм. Үүнд ямар ч ашиг сонирхол байгааг үнэндээ хэлж мэдэхгүй нь.

- Монгол улсын түүхэнд анх удаа төрийн түшээ хүн бүрэн эрх нь цуцлагдаагүй байхдаа хугацаандаа шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдлоо гэлээ. Энэ талаараа тодруулаач?

- УИХ-ын гишүүн байхдаа иргэнээ гутаан доромжилсон нь батлагдаж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байгаа нь бараг анх удаа байх. Төрийн түшээ хүн, иргэнтэйгээ заргалдаад явж байсан тохиолдол байхгүй л дээ. Ёсзүйн хувьд ч тэр. Бид нар мэдээллээ дутуу өгсөн байна, буруу зөрүү ойлгочихож гээд л хүлээцтэй ханддаг. УИХ-ын Ёсзүйн дүрэмд энэ талаар маш тодорхой зааж өгсөн байдаг. Одоо манай улс орон, иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Ийм хүнд үед дээр нь газар нутгийн маргаан гараад л. Иргэд бухимдаж байна шүү дээ. Ядаж байхад энэ талаарх мэдээ мэдээллээ дутуу өгдөгөөс болоод зарчихсан уу яав гээд л хардахаар “Би ямар худалдчихсан юм уу. Тэгвэл мөнгө төгрөг нь хаана байна. Нотлоодох” гэж шүүхдэлцээд  л. Энэ мэтчилэн иргэнээ шүүхэд өгөөд байвал иргэд яаж тэмцэж, үзэл бодлоо илэрхийлэх вэ? “Та зарах гээд байгаа хүн шиг харагдаад байна шүү” гэж хэлсэний төлөө шүүх дээрээ тулсанаас болж одоо өрөөлийг ч, өөрөө ч эвгүй байдалд орчихлоо. Бас дээр нь шүүхийн шийдвэрийг хүртэл өрөөсгөл маягаар тараагаад л. Ингэснээр Халх голыг зүгээр л хуулийн дагуу өгсөн юм байна гэдэг ойлголтыг иргэдэд төрүүлж байна л даа.

- Таныг Р.Бурмаа сайдаас уучлалт гуйсан гэж мэдээлж байсан. Үнэхээр уучлалт гуйсан юм уу?

- Уучлалт гуйсан бол шүүхийн танхимд эвлэрээд дуусна шүү дээ. Эвлэрэх захирамж гарна. Гэтэл шүүх танхимд мэтгэлцсээр байгаад л хоёулаа буруутай юм байна гэсэн шийдвэр гаргасан. Хэрвээ би уучлалт гуйсан бол шүүхийн танхимд эвлэрээд л дуусна.

- Одоогоор “Халх гол” чөлөөт бүсийн асуудал аль хэмжээнд яваа вэ. Үндсэн хуулийн цэцэд хандсан гэж байсан. Энэ юу болов?

- Тиймээ, бид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл Цэц ипотекийн зээлээр шийдвэр гаргаад, гаргасан шийдвэр нь хэвийн явж байсан зээлийг зогсонги байдалд оруулчихлаа. Үүнээсээ айж балмагдсан уу яасан, Халх голоор шийдвэр гаргаж чадахгүй байна. Юм болгоныг хуульчилж болдоггүй нь тод жишээ энэ байхгүй юу. Бид УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрччихсөн байна гэсэн гомдол гаргаад байхад үүнийг “УИХ-ын бүрэн эрхийн асуудал байна” гэсэн шийдвэр гаргаад байх юм. Энэ нь УИХ-ын бүрэн эрх мөн үү гэж асуугаагүй шүү дээ. Үүнийг Үндсэн хуулийн цэцээс асуутлаа дорд орчихсон хуульч би биш. Тэгэхээр нь Хорио цээр, технологийн Халх гол чөлөөт бүс гэсэн төсөл байгаа. Энэ төсөл нь УИХ-ын 75 дугаар тогтоолын гол үндэслэл. Энэ төсөл хууль зөрчсөн эрх зүйн баримт  бичиг мөн болохыг тогтоож өгнө үү гээд Иргэний шүүхэд хандчихсан байна. Хэрвээ Иргэний шүүх хууль зөрчсөн эрх зүйн баримт бичиг мөн болохыг тогтоолгож чадвал тэр УИХ-ын 75 дугаар тогтоол өөрөө хүчингүй болчихно. Энэ асуудлыг хоёр сарын дотор шийднэ. Мөн энэ тогтоолыг хүчингүй болгуулахаар УИХ-ын гишүүд ажиллаж байгаа.

- Иргэдийн хувьд ямар санал бодолтой байгаа вэ. Энэ хугацаанд “тархи угаалт” бас л их явлаа шүү дээ?

- Төрийн алба гэдэг өөрөө их хүчирхэг. Хувь хүнтэй харьцуулашгүй. Мөнгө төгрөг, эрх мэдэл гээд бүх юм нь байна. Миний хувьд бол хувь хүн. Тиймээс тэдгээртэй тэмцэх нь маш хэцүү. Надтай цуг Ч.Эрдэнэбат гэдэг өмгөөлөгч байгаа. Нутгийн зөвлөлийн дарга Цогтбаатар, “Халхын гол миний нутаг” төрийн бус байгууллага, Халх сумын иргэд, олон нийт л байна. Өөр надад дэмжлэг байхгүй л дээ. Их л хүч тэнцвэргүй л тулаан болж байна.

- Та дээр ч  дурдлаа Р.Бурмаа сайдыг АТГ-т өгсөн гээд. Нэлээд хэдэн сарын өмнө өгсөн байх аа?

- УИХ-ын дарга З.Энхболд, Р.Бурмаа сайд хоёрыг өгсөн л дөө. АТГ-аас шалгаж л байгаа. Авлигал, хээл хахууль гэдэг өөрөө их нарийн төвөгтэй. Ялангуяа албан тушаалын гэмт хэрэг олж тогтооход хэцүү. Хэдхэн хүмүүсийн хооронд болоод өнгөрчихдөг. Ийм зүйл болсон гэж болзошгүй байна, үүнийг шалгаад өгөөч, гаргаж байгаа шийдвэр нь ард түмэн, нийтийн ашиг сонирхолыг зөрччихсөн байна. Тиймээс хууль бус үйлдэл байж болзошгүй хэмээн хардаад л байна уу гэхээс манай хууль эрх зүйн орчин маань үүнийг шууд шалгаад илэрүүлчих боломж их бага шүү дээ.

 Б.Ариун

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шууданч
Хоер хэрээ хэн нь илуу хар вэ гэж гуаглалдсан биш уу...
2016/01/25 103.17.108.42
Зочин
Зөв зөв. Эргүүлэн татаж чадахгүй. Гэхдээ ард түмэн эргүүлээд татсанд тооцчих.
2016/01/25 103.17.108.42
teneg abgai achaa xaraad amar amidraxiin orond ingej neree gutaaj yabax gej
2016/01/25 103.17.108.42
Эмгэн
Бурмаа гуай анх гарч ирэхдээ давхар дээлийг их шүүмжилдэг хүн бсан. Гэтэл албан тушаалд нугасгүй дуртай, давхар дээлээ өмсөөд амалснаасаа эргэж буцсан туйлбаргүй авгай.Худлаа амалсан хүнд хэн итгэх билээ дээ. Итгэхгүй, худлаа ярьж ард түмнийг төөрөгдүүлж
2016/01/25 103.17.108.42
Сонин
Бурмаа авгай олон хүнтэй зэрэг зарга үүсгэж байхаар ажлаа сайн хийвэл дээр биш үү. Танайд шийдэх асуудал олон бий. Малчид яаж зудыг давах гэх мэт. Бас заргалдах уу.
2016/01/25 103.17.108.42