8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ерөнхий сайд Б.Лхагвасүрэн гуайг эргэж, зургаан настай хүүг дайраад зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

2018-01-17 18:40:00

Гадаа хэдийгээр хүйтэн байгаа ч гэрт сэтгэл дулаан итгэл өөдрөг нэгэн өдрийн мэндийг уншигч танд хүргье. Халуун ам бүлээрээ сэтгэл өөдрөг хамтдаа байх шиг нэгэн жаргал хүний амьдралд үгүй билээ. Халуун, хүйтэн ээлжлэн солигдож шороогоор шуурах өдөр байхад хурц наран тэнгэрээс ээж халуу дүүгэх ч өдөр байна. Аяа амьдрал, хүйн холбоотой байгаль дэлхийн хоёр өнгөө өөрчлөх нь юутай адилхан. Хүмүүн бид чинь хайранд умбан жаргахдаа мөнхөд байх мэт эндүүрч, хагацалд зовон гаслахдаа  мөнхөд үргэлжлэх мэт андуурдаг нь энэ л хорвоогийн эрээнтэй бараантайг илтгэх мэт. Ийнхүү хүмүүн бид алдах үедээ харамсч, онох үедээ баяссаар орчлонгийн хатуу, хөтүү бүхэнтэй тэмцэж л явна.

Ийм л нэг Монголын эрээнтэй бараантай өдрүүд ээлжлэн өнгөрлөө.  Ингээд уншигч та бүхэндээ өнөөдрийнхөө “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Бид тойм хөтөлбөрөө гэрэл гэгээтэй, сайн мэдээгээр эхлүүлж байна. 

Ерөнхий сайд Б.Лхагвасүрэн гуайг эргэж очжээ

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн хоёр хоногийн өмнө Солонгос улсад  ходоодны хорт хавдарын мэс засалд орсон. Ард түмний хайртай их найрагч долоон цагийн турш хүнд хагалгаанд орж, амжилттай болсон талаар манай сайт мэдээлэл хүргэсэн. Өнөөдөр  БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх ардын уран зохиолчийг хэвтэж буй эмнэлэгт очиж эргэсэн байна.  Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар жиргэжээ. ""Ил үгтэй хүн Ил гал сайхан" гэж хэлдэг Лхагвасүрэн ах маань "Төр,түмнийхээ хайр, эмнэлэг, эмчийн хүчээр эрүүл боллоо" хэмээн өгүүлж сууна" гэж жиргэсэн байна. 

Н.Амарзаяа: Хэн нэгний эсвэл улс төрийн нөлөөллөөс болж төрийн бодлого шийдвэр зогсонги болдгийг болиулах ёстой

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийгмийн анхаарлыг хамгийн ихээр татаад буй асуудлаас яриагаа эхэлье. Энэ оноос гурван төрлийн татварыг нэмсэн. Үүнээс Хүн амын орлогын албан татварын нэмэгдэл илүү их олны эсэргүүцэлтэй тулгараад байна. Ер нь татвар нэмэх шаардлага байсан уу. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

Засгийн газар, УИХ, ОУВС-ийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч байж хөтөлбөрт нь хамрагдсанХөтөлбөрт хамрагдсанаар манай улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж байгаа. Тухайлбал, эдийн засаг сэргэж, валютын нөөц гурав дахин нэмэгдсэн. Мөн олон төсвийг нэгтгэж нэг төсөвтэй болж чадсан. 2016 онд эдийн засаг маш хүнд байсан. Харин өнөөдөр харьцангуй тогтворжоод тодорхой хэмжээгээр сэргээд ирлээ. Манай Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан хэлэлцээрийн дагуу долоон төрлийн татварыг нэмсэн. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах үед манай улсын эдийн засгийн гол нөхцлүүд хасах руу чиглэсэн, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломж  хомс, “Чингис” бондын зээлийг эргэн төлөх хугацаа тулсан гэх мэт хүндрэлтэй асуудлуудтай тулгарсан байсан. Ингээд ОУВС-тай хийсэн эхний хэлэлцээрүүд хийгдэж тэндээс татвар нэмэх асуудлуудыг тавьсан учраас татвар нэмсэн. Өндөр хөгжилтэй орнуудад цалингийнхаа хэмжээнээс хамаараад татварын шатлалтай тогтолцоо хэрэгждэг юм байна лээ. Манай иргэдийн хувьд хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг эсэргүүцэж байгаа. Тийм учраас Ерөнхий сайд энэ сарын 20-нд ОУВС-ийнхантай уулзах уулзалтаараа 1.5 сая төгрөгийн цалингийн хэмжээг 2.5-3 сая болгож нэмэгдүүлэх талаар ярилцахаар болсон гэсэн. Хэрвээ дөрвөн шатлал бууруулчихвал иргэдэд боломж болох юм. Уурхайчид татварын нэмэгдлийг эсэргүүцэж удаа мэдэгдэл хийсэн. Монгол Улсын нүүрсний экспортын 96 орчим хувийг хилийн хоёр боомтоор гаргаж байна. Уурхайчдын дийлэнх нь Өмнөговь аймагт ажиллаж байгаагийн хувьд би тэдний эрх ашгийг хамгаалж дуу хоолойгоо хүргэх ёстой.  Мэдээж УИХ нэгдсэн байр суурьтай бодлого шийдвэрээ гаргана. Хамгийн гол нь эдийн засгийн бодит нөхцөл байдалдаа тулгуурлаад цаашид хөдлөхгүй, тогтвортой хууль эрхзүйн орчныг бүрдүүлж хэрэгжүүлэх нь зөв.  Уг нь Нийгмийн даатгалын сан ажил олгогчоос  11 хувь, ажилтнаас 10 хувь авдаг байсан. Тэгвэл 2018 оноос нэг хувиар нэмэгдэх тогтолцоотой болчихлоо шүү дээ.

-Мөн Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхээр байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ? 

-Нийгмийн даатгалын сан ажил олгогчоос 11 хувь, тухайн ажилтнаас нь 10 хувь авдаг байсан. Тэгвэл энэ оноос нэг хувиар нэмэгдэхээр тогтолцоо үүсч байна. Татвар төлөгчдийн мөнгөнөөс нийгмийн даатгалын санд татаас хэлбэрээр өгдөг мөнгө байдаг. Тэгэхээр сан өөрөө бие даах чадамжгүй байгаа юм. Тухайлбал, эрүүл мэндийн даатгал ЭМЯ-ны харъяанд бие даагаад гарчихлаа. Гэтэл Нийгмийн даатгал сандаа хуримтлагдсан сангийн хөрөнгөөрөө нийгмийн даатгал төлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалаад, тэтгэвэр тэтгэмжүүдээ олгоод явах ямарч боломжгүй байгаа юм.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГӨӨР БАЙШИНГАА ЗАСВАРЛААД СУУЖ БАЙГАА ТОХИОЛДОЛ Ч БИЙ

- Энэ эрсдэл юунаас болж үүсээд байгаа юм.  Уг нь бид нийгмийн даатгалаа төлж буй тохиолдолд тэд чадамжтай байх ёстой биш үү?

- Угтаа бол бидний нийгмийн даатгалд төлсөн шимтгэл хуримтлагдах ёстой. Мөн нийгмийн даатгалын шимтгэл нь эргээд иргэндээ зарцуулагдаж байна уу гэвэл үгүй. Төсвийн гурваас дөрвөн данстай, төсвийн сахилга хариуцлага алдагдсан гэх мэд хүндрэлтэй асуудлууд дээрхэд нөлөөлж байгааНийгмийн даатгалын мөнгөөр байшингаа засварлаад сууж байгаа тохиолдол ч бий. Ер нь нийгмийн даатгалын мөнгө шимтгэл, тэтгэвэр тэтгэмжиндээ зарцуулагдаад явсан бол үүнийг нэмэх шаардлагагүй байсан байх. Тэгэхээр яалт ч үгүй энэ бүхэн хүндрэлтэй хэмжээнд оччихсон, сан өөрөө өөрийгөө бие даах чадваргүй болсон явдал юм. 

-Нийгмийн хүлээлт бол Банкны тухай хуулиар зээлийн хүүг бууруулах.  Ийм  чадамж, боломж бий юу?

-Арилжааны банкны зээлийн хүүг хатуу барих нь өрөөсгөл. Шууд хоёр хувиас дээш хүүтэй байж болохгүй гэдэг зохицуулалтыг хийх нь хэр оновчтой вэ гэдгийг ярилцах ёстой. Тэгэхээр Арилжааны банкны тухай хуулийг өргөн хэмжээнд хэлэлцэж нилээн бодитой тооцоо судалгаанд үндэслэж байж хэлэлцэх ёстой гэж харж байгаа. Чуулган болон Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үеэр банкуудын лоббинд орсон гэх асуудал яригддаг. Эрхзүйн орчныг нь сайжруулах гээд УИХ ажиллах түвшинд ийм зүйл байж болохгүй юм. Тиймээс ул суурьтай хандах ёстой. Төр зээлийн хүүг нь хатуу тогтоож арилжааны банкны үйл ажиллагаанд хэт орох нь буруу гэдэг байр суурьтай байдаг. 

-Таны сонгогдсон Өмнөговь аймаг манай улсын уул уурхай, эдийн засгийн гол тулгуур бүс нутаг. Өнгөрсөн хугацаанд Гашуун-Сухайт боомттой холбоотой асуудлууд нилээн яригдаж байсан. Мөн нүүрс тээвэрлэлттэй холбоотой урд хөршийн харилцаа ахиж байна гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор үүсээд байгаа маргаанаар  тухайн бүс нутгийн иргэд таньд ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Нүүрсний экспортын үнэ нэмэгдсэн нь эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа.  Өнгөрсөн хугацаанд төр засгийн тогтвортой бодлого, нэгдсэн байр суурьгүйгээс болоод Гашуун-Сухайт хилийн боомтоор нүүрс тээвэрлэх болон тухайн орчмын үйл ажиллагаа тодорхой бус байгаад байна. Хятад улс урт хугацааны маш тогтвортой төрийн бодлоготой учраас манай улсын нөхцөл байдалд гайхаж, эргэлзэж байгааг үгүйсгэхгүй. Хилийн боомтоо хаасан гэх мэдээлэл тарж байх жишээтэй. Энэ бүхэн юутай холбоотой вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Ер нь гадаадын улс оронтой гэрээ хэлцэл хийсэн хугацаандаа тогтвортой, залгамж чанартай төрийн бодлого авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ бүх зүйлийн илрэл нь тэнд хүнд даацын машин барьж буй жолооч нарт болон аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг компаниудад л бодит хохирол, эрсдэл үүсгэдэг. Тэгэхээр тууштай, тогтвортой бодлоготой байгаасай гэж би хүсч байна. Мөн хэн нэгний эсвэл улс төрийн нөлөөллөөс  болж төрийн бодлого шийдвэр зогсонги байдалд ордог байдлыг болиулах ёстой юм. Ер нь дэмжсэн шиг дэмжиж, хамтарсан шиг хамтраад явах хэрэгтэй. Гадаад хэргийн сайд саяхан Хятад улсад айлчиллаа. Мэдээж төрийн бодлого шийдвэрийн хүрээнд бүх зүйлээ ярьж шийдсэн байх.  Ярьсан зүйлээ ажил хэрэг болгох чухал шүү дээ.Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

Мансуурсан үедээ жолоо барьсан хоёр этгээдийг түр саатуулж, мөрдөн байцааж байна

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, нисэхийн тойргийн замд явж байсан "Тоёото приус-30” маркийн машиныг эргүүлийн замын цагдаа нар зогсоон шалгахад 19, 24 насны хоёр залуу сэжиг бүхий байсан тул машиныг нь нэгжиж шалгасан байна. 

Ингэхэд урд талын үнсний сав нь онгорхой, дотор нь тамхины төрлийн, ямар нэгэн үнэргүй цаасанд ороосон зүйл байжээ. Тусгайлан ороосон зүйл юу болох талаар цагдаа нар асуухад “Тамхины иш” гэсэн ч хоёр иргэний гаднах байдал, нүдний харцыг ажиглахад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй байдал илэрчээ. Тиймээс замын цагдаагийн алба хаагчид тухайн нунтгийг шинжлүүлэхэд дээрх хоёр иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Мөн тухайн машинаас тугалган цаас болон тамхины төрлийн нунтаг зүйл илэрснийг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлж, мансуурсан хоёр этгээдийг түр саатуулж, мөрдөн байцааж байна.

Анхаар: Хөвсгөл нуурын ус олон жилийн дунджаас нимгэн хөлдсөн байна

Энэ жилийн хувьд нийт нутгаар цаг агаар тогтуун байсны улмаас Хөвсгөл нуурын ус олон жилийн дунджаас нимгэн хөлдсөн байна гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Хөвсгөл нуурын мөсний зузаанд хийсэн хэмжилтээр Рэнчинлхүмбэ сумын нутгийн Жиглэгийн ам орчимд 10 см, Жичин уулын ойролцоо 20 см, Жанхайгаас Хатгал тосгон хүртэл 30-45 см, хамгийн зузаан нь 50 см хөлдсөн байгаа нь олон жилийн дунджаас нимгэн байгаа гэнэ.

Нуурын ус хөлдсөнтэй холбогдуулан Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Хатгал, Чандмань-Өндөр сумын иргэд зам товчлон зорчих тохиолдол гарсан учраас аюулгүй байдлаа хангах үүднээс баталгаатай замаар зорчихыг анхаарууллаа.

"Уг үл тохиролыг залруулах ажиллагаа хийгдэх үеийн процессийг гар утсаар бичсэн байна"

Үндэсний үйлдвэрлэгч тодотголтой "Витафит" компаний тухай тус компанид ажиллаж байсан нэгэн иргэн цахим хуудсандаа тус компанийн талаар ноцтой бичлэг ил болгоод байгаа юм. Жамбалдоржийн Батбилэг гэх залуу 2014 онд "Витафит" компанид ажиллаж байсан аж. Тэрбээр ажиллаж байх хугацаандаа "Витафит" группын хашаанд хариуцлагатай жижүүрээр ажиллаж байх өдрөө нууцаар  хийсэн бичлэг ил болгоод байгаа юм. Тус залуугийн хийсэн нууц бичлэгт  "Витафит" компанийн хэсэг ажилчид  хугацаа нь дууссан 4 төрлийн жүүснүүдийг хэрхэн яаж кодыг нь сольж буйг харуулсан юм. Мөн хэрэглэгчид чанарын шаардлага хангаагүй хичнээн хувийн сахартай ундаа жүүсэн бүтээгдэхүүн хэрэглэж байгааг энэхүү бичлэгт харуулсан байгаа юм.

Тус ноцтой бичлэгийг ил болгосон Ж.Батбилэг “Витафит группын цөөн тооны хүмүүс амралтын өдрөөр буюу 2014 арванхоёрдугаар сарын 13-ны өдөр үйлдвэр дотроо бусад ажилчдаас нууцаар  2014 оны долдугаар сарын 30-нд хугацаа нь дууссан “Bio” брэндийн 4 төрлийн жүүсийг хугацаа нь дууссахаар огноог нь засаж, кодлох гэж байгааг баримтжуулсан. Энэ бичлэгээ би өөрөө хийсэн бөгөөд өөрийн нүдээрээ энэхүү үйлдлийг харсан. Амралтын өдрөөр мэргэжилтнүүд хариуцлагатай жижүүрээр гарч байсан бөгөөд тус өдөр миний ээлж байсан юм. Би үйлдвэрүүдээр явж юу болж байгаатай танилцах ёстой байсан болохоор олж мэдсэн. Мөн энэ өдрөөс хэд хоногийн дараа үйлдвэрийн ажилчдад тус ундаанаас шахаж, мөнгийг нь цалингаас нь суутгаж авсан” гэв.

 Бид энэ талаар "Витафит" компанид ажилладаг ажилчнаас тодрууллаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм. Тус компанийн ажилчин хэлэхдээ “ Манай компани үйлдвэрлэж байгаа жүүс дээрээ бэхэн код тавьдаг. Тэр код нь бүдгэрнэ, сарнина, мөн давхарлаж гарсан тохиолдолд арилгаад буцаж кодоо тавиад явуулдагУгаасаа бэхэн кодгүй бүтээгдэхүүн манай  үйлдвэрээс худалдаж авдаггүй. Тийм учраас бид кодоо дахин, дахин шалгаж үздэг. Түүнээс биш хугацаа нь дууссан тохиолдолд  арилгаад код шинээр тавина гэж байхгүй. Би тус компанид олон жил ажиллаж байна. Энэ хугацаанд нэг ч удаа тийм алдаа гарч байгаагүй. Манай компани ISO 22000 нэвтрүүлсэн учраас маш хариуцлагатай, чанарын өндөр түвшинд ажилладаг”хэмээн хэллээ.

Харин  "Витафит" компанийн зүгээс “Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хүнсний аюулгүй байдлын баг мөшгөлт хийж дүгнэлт гаргасан. Тухайн өдрийн үйлдвэрийн төгсгөлд огноо тавих машинд доголдол гарсаны улмаас бүтээгдэхүүний савалгаан дээр огноо андуурагдаж тавигдсан байсан.Уг үл тохиролыг залруулах ажиллагаа хийгдэх үеийн процессийг гар утсаар бичсэн байна. Болсон үйл явдлын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тайлбараа өгсөн. Цаашид холбогдох хууль хяналтын байгууллагад хандах болно” хэмээн хэллээ.

 

С.Чулуунбаатар: Шатахуун импортлогчдийн тоглоомын "БАЙ" татвар төлөгч, иргэд биш

Монголын татвар төлөгчдийн Үйлдвэрчний эвлэл шатахууны үнийн өсөлт болон татварын нэмэгдлийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа холбооны тэргүүн онцоллоо. Мөн шатахууны үнийн өсөлт, гурван төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр Монголын татвар төлөгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Чулуунбаатараас дараах асуултад хариулт авлаа. 

-АРД ТҮМЭН ЧИМЭЭГҮЙ СУУСНЫХАА ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ТАТВАРАА НЭМҮҮЛЖ БАЙНА-

-Танай холбоо Засгийн газар, УИХ-д ямар үндэслэлээр шаардлага хүргүүлж байна вэ?

-Монголын нийт ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Манай холбоо шатахууны үнийн өсөлт, хомсдол, татварын нэмэгдэл зэрэг иргэдийг ихээхэн бухимдалд хүргэсэн асуудлаар УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. 

Шатахууны үнийн өсөлтийг урьдын төвшинд хүргэх, цаашид өсгөхгүй байх тал дээр анхаарах, хууль бус хомсдол бий болгож буй импортлогчидтой хариуцлага тооцох, шатахууны нэмэгдэлтэй холбоотойгор татвар төлөгчдөд гарсан хохирлыг арилгуулах зэрэгт шаардлага хүргүүлж, яаралтай энэ 7 хоногт арга хэмжээ авахыг шаардаж байна. 

Монгол Улсын эдийн засаг, улсын орлогын тодорхой хувийг татвар төлөгч нар бүрдүүлдэг. Шатахуун үнэ нэмэгдсэн нь энэ хүмүүсийнхээ аягатай хоол, зүсэм талхнаас хумсалж байгаа хэрэг. Энэ буруу. Бид монголын мянга мянган татвар төлөгчдийн өмнөөс дугарч байнаЗөвхөн хэдхэн хүний эрх ашиг яваад байгаа зүйл байхгүй. Монголын татвар төлж байгаа иргэн бүрийн дуу хоолой. Тиймээс шатахууны үний өсөлтөд төр засаг хяналт тавьж яаралтай хэвийн байдалд оруулахыг шаардаж байна. Нэг хоногийн дотор шатахууны үнэ өөрчлөгдөж байгаа нь иргэдээр тоглож байгаа хэрэг мөн биздээ.

Хэдхэн хүн ашиг сонирхлын тоглоом тоглож үүнийг хор хохирлыг энгийн иргэн, татвар төлөгч нар амсах ёсгүй. Товчхондоо шатахуун импортлогчдийн тоглоомын "БАЙ"  татвар төлөгч, иргэд биш. 

-Шаардлагын хариу өгөхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Шаардлагын хариуг 7 хоногийг дотор авна. Шаардлагын хариу ирэхгүй, ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол бид татвар төлөгчдийг татвар төлөхөөс түр түтгэлзэхийг уриалнаУриалж байна. Бид эх орондоо татвар төлснийхөө төлөө хохирох ёсгүйНийслэл хотод биш орон нутагт хүртэл татвар төлөхөөс түр түтгэлзэхийг уриална. Шаардлага хүргүүлнэ. 

-Татвар төлөхөөс түтгэлзэхээр улсын орлого, эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг нөлөө гарах нь тодорхой. Танай холбоо үүнийг бодож үзсэн үү?

-Мэдээж эдийн засгийн нөхцөл байдалд нөлөө их бага хэмжээний сөрөг нөлөө гарна. Татвар төлөгчид нь татвар төлөхгүй байна гэдэг чи орлого муудна гэсэн үг. Ийм нөхцөл байдалд хүрэхгүйн тулд төр иргэд, татварын төлөгчдийнхөө төлөө яаралтай арга хэмжээ авч, шаардлагад хариу өгч, бодит ажил хийх хэрэгтэй. Нийгмийн хамгийн чухал хэсэг бол татвар төлөгчид гэдгийг та нар ойлгох ёстой.

-Өмнө нь танай холбоо татвар төлөгчдийнхөө төлөө ямар ямар ажил хийж байсан вэ. Шатахууны үнийг өсөлтийн үеэр гэнэт гарч ирж байна гэсэн хардлага ажиглагдаж байна?  

-ШАТАХУУНЫ ҮНЭ ӨГЛӨӨ, ОРОЙ, ӨДРИЙН ӨНГӨ АЯСААР НЭМЭГДЭЖ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА-

-Зарим хүмүүс тэгж харж, ярьж байна. Манай холбоо зөвхөн шатахууны үнийн өсөлт дээр дугарч байгаа юм байхгүй. Өмнө нь татвар төлөгчдийнхөө төлөө олон ажил хийсэн.

Жишээ нь, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуульд дээр 6000 гаруй дарамттай, халтай зүйл заалт байсныг бид 600 болгож бууруулж өөрчилж байсан. Татварын гурван 10 хувийг батлуулахад манай холбоо ажилласан.

 Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Сүүлийн үед яагаад нам жим байсан гэхээр нэгдүгээрт монголын ард түмний төлөө тэмцдэг байгууллага их болсон. Ярьдаг хүн болон болж. Хоёрдугаарт ард түмэн болоод байгаа юм шиг яваад байна, яваад байдаг болж. Ард түмэн чимээгүй суусныхаа төлөө өнөөдөр татвараа нэмүүлж байна. Шатахууны үнэ өглөө, орой, өдрийн өнгө аясаар нэмэгдэж өөрчлөгдөж байна. Бид үүнийг одоо хараад суухгүй. Мөн иргэд та бүхэн ч харж суух хэрэггүй. Болж байгаа юм шиг амьдраад ч хэрэггүй. Нэгдэж дуу хоолойгоо нэгтэж төр засагт шаардлага хүргүүлье. Шаардая. Бид тэр хүмүүсийг сонгож гаргаж ирсэн. Бидний сонголтын ачаар төрийн сэнтийд сууцгаасан. Одоо бид үүнийхээ хариуд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулж амьдрах хэрэгтэй байна. Ийм цаг үе ирээд байна. Түүнээс биш бид хэн нэгэн намын харъялалд ороогүй, орох ч үгүй. Манай холбоонд нам бус хүн олон бий. Түүний нэг нь би. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Манай улсад АНУ-ын 70 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

Манай улсад 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 92 орны 4.7 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 орноор өсөж, ажиллагчид 1.2 (20.8%) мянган хүнээр буурсан үзүүлэлт юм.

Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 3.9 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагчдын 37.5 хувь нь БНХАУ-ын, 7.2 хувь нь БНАСАУ-ын, 7.3 хувь нь ОХУ-ын, 6.5 хувь нь БНСУ-ын, 7.1 хувь нь Австрали Улсын, 5.4 хувь нь АНУ-ын, 4.2 хувь нь БНСВУ-ын, 3.6 хувь нь Канад Улсын, 2.5 хувь нь Англи Улсын, 2.0 хувь нь Филиппин Улсын,16.7 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.

Өмнөх оноос манай улсад хөдөлмөр эрхэлж буй АНУ-ын иргэд 70, БНСВУ-ын иргэд 50 , Англи Улсын иргэд 21 хүнээр өсчээ. Харин БНАСАУ-ын иргэд 837, БНХАУ-ын иргэд 283, ОХУ-ын иргэд 134, БНСУ-ын иргэд 50, Австрали Улсын иргэд 34-өөр буурчээ.

Манай улсад 2017 онд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 1.8  мянга нь уул уурхай, олборлолтын, 882 нь боловсрол, 649 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээний, 363  нь барилгын, 339  нь боловсруулах үйлдвэрлэлийн, 171  нь захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 546 нь бусад салбарт ажиллаж байна.


18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүдийн анхааралд

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 04-20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдаж байна. Дээрх заасан хугацаанд бүртгэлээ хийлгэхгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр буюу 100 мянган төгрөгөөр торгуулна.

Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэд офицерууд бүртгүүлэх ёстой.

Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ:

  • Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүргийн/ Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэлд хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
НМХГ: Солонгосын гоо заслын бүтээгдэхүүнээс сэрэмжил

Гоо  сайхны тарилга, ботокстой /нейротоксин/ холбоотой гомдлууд МХЕГ-т цөөнгүй ирсээр буйг бид өмнө мэдээлсэн. 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу МХЕГ болон НМХГ-аас Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн мэдээллээ өнөөдөр өглөө. Шалгалтаар БНСУ-ын иргэн, "Curer" компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс нейротоксинийг хууль бусаар хилээр оруулж ирж, БГД-ийн 2дугаар хороо, Сөүлийн гудамж, Бүрд барилгын 3 давхарт худалдаалж байсан ба арьс гоо заслын "Нандин гоо" эмнэлэг түүнээс 70 ширхгийг худалдан авсан нь тогтоогдон шалгагдаж байна.  2017 онд эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй БНСУ-н иргэн Чоо Гангмен нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус, эмчилгээний гоо заслын үйлчилгээг эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй нөхцөлд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 2 нэр төрлийн  /miracle , kabellien/ эмийг хэрэглэж байсан тул эмчилгээний гоо заслын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар таслан зогсоож, дээрх эмийг хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. Тиймээс МХЕГ-аас Гоо сайхны тарилга, гоо сайхны ажилбаруудыг зөвхөн арьс гоо заслын зөвшөөрөлтэй эмнэлгүүдэд хийгдэх ёстойг анхаарууллаа. Дээр дурдсан гоо заслын  бүтээгдэхүүнийг эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэх, халдвар хамгааллын аюулгүй байдал зөрчигдвөл халдвар авах магадлалтай. Хэрэв тун хэтэрвэл гоо сайханд өөрчлөлт орж, булчингийн сулрал, хөмсөг дарагдах, нүүрний мимик алдагдах зэрэг гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн тус бүтээгдэхүүнийг 5-15 С°-т хадгалдаг, доргилт хөдөлгөөнд мэдрэг,  хадгалалтын горим зөрчигдвөл эмчилгээний үйлчилгээгүй болдог тул чанарын баталгаатай ботоксийг эмчилгээнд хэрэглэхийг хэрэглэгчдэд анхааруулж байна.

Зургаан настай хүүг дайраад зугтсан этгээдийг хайж байна

Өнгөрсөн оны наймдугаар сарын 14-ний 16 цагийн орчим зургаан настай бяцхан хүүг байрныхаа гадаа тоглож байхад нь дайрч гэмтээгээд  зугтсан хэрэг гарчээ. Замын цагдаагийн албанаас дээрх улсын дугаар нь тодорхойгүй тоёото приус маркийн машины  жолоочийг хайж байгаа аж. Хэрэг Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг Ногоон төгөл болон Гангар хотхоны 170-р байрны дунд замд гарсан байна.

Машинд мөргүүлсэн хүүгийн биеийн байдал дээрдээгүй, хүндэвтэр байгаа бөгөөд тухайн үед ослыг харсан гэх гурван эмэгтэйг холбоо барьж, энэ талаарх мэдээллийг өгөхийг хүссэн байна.

Дээрхий хэргийн талаар мэдээлэл өгөхийг хүсвэл 99275599, 99127110 дугаарын утсаар холбогдох боломжтой аж. Мэдээллийн нууцыг чанд хадгалах бөгөөд үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд өндөр шагналтай гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/970640
2018/01/18 27.123.214.102
zochin
Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/970640
2018/01/18 27.123.214.102