Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат утааг бууруулахын тулд нийгмийн зорилтот бүлэгт зуух тараахаас өөр замгүй гэж мэдэгдсэн билээ. Заавал зуух тараах шаардлага бий эсэх талаар түүнээс тодрууллаа. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт БНСУ-т айлчилж 700 сая долларын зээл авахаар болсон.Үүний 500 сая долларыг нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна гэж буй. Энэ асуудлаар ч мөн цөөн асуултад хариулт авлаа.
ХҮМҮҮСТ ТААЛАГДСАН ҮГЭЭР УЛС ТӨР ХИЙГЭЭД БАЙНА
- Солонгосоос зээлж буй 700 сая доллар хэзээ манайд шилжиж орж ирэх вэ?
- Солонгосын "Exim Bank of Korea" банкаар дамжин орж ирнэ. Бидний зүгээс саналаа өгнө. Тус банкны экспертүүд аль төсөл хөтөлбөрт ямар ажлыг хэрэгжүүлэхээ шийднэ. Бид агаар орчны бохирдлыг утааг бууруулахын тулд дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах, барилга барих, дахин төлөвлөлт хийх, техник технологид зарцуулна. Хоёр улсын Засгийн газрын түвшинд ойлголцоод зээлийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан.
- Солонгосоос мэргэжилтнүүд манай улсад ирж нөхцөл байдалтай танилцах уу?
- Солонгосын мэргэжилтнүүд ирэх гуравдугаар сард ирж ажиллана. Ингээд бидний баталсан хөтөлбөрөөс алийг нь сонгож санхүүжүүлэхээ шийдэх юм.
- Солонгосоос зээл авсныг дахин өр тавилаа гэж буруутгах хүмүүс байна. Утааг дотоодын нөөц бололцоогоороо шийдэх боломж байгаагүй юу?
- Бид нэг зүйлийг ойлгох ёстой. 2012-2016 онд бид таван тусдаа төсөвтэй явсан. Харин өнөөдөр Монгол улсын татварын орлого нэмэгдэж байгаа ч өрөө төлөөд явж байгаа. Үндсэн мөнгөнөөсөө гадна илүү гарсан төсвөөрөө бусад төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм. Энэ онд бид хамгийн өндөр хүүтэй зээлээ төлнө. Хамгийн хүнд жил юм. Нөгөөтэйгүүр дахин зээл нэмэгдсэн ч 0.2 хувийн хүүтэй 30 жилийн хугацаатай эхний 10 жилд үндсэн төлбөрөөс хөнгөлөгддөг зээл байхгүй байна. Тиймээс бид энэ зээлийг авч чадсан учраас хөгжлийн тулгуур ажлаа хийх ёстой. Бид өөрчлөлт хийх ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх томилогдохдоо “Бид хууль ёсыг дээдэлнэ. Хуримтлагдсан бүх хүнд асуудлыг шийднэ” гэж амалсан. Тиймээс бидэнд тулгараад буй агаар орчныг бохирдлыг бууруулах асуудлыг тус хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдье гэж ажиллаж байгаа.
- Та зуух тараана гэж мэдэгдсэн. Зуух үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна уу?
- Хүмүүст таалагдаж буй үгээр улс төр хийгээд байна. Бидний утааны эх үүсвэр нь түүхий нүүрс. Утаагүй болохын тулд халаалтаар бүгдийг шийдэх ёстой. Утааг бууруулах олон ажлын нэг нь л зуух юм. 194 ажлын нэгийг нь сонгон ярьж улс төр хийхээ больцгооё. Бүгд утаанаасаа салахыг хүсч байгаа. Тиймээс утаанаасаа салах арга ажиллагааг дэмжээд хамтдаа ажиллъя.
Утааг бууруулах хөтөлбөр батлагдахдаа улс төрчдийн дүгнэлтээр биш мэргэжлийн инженерүүд, эрдэмтдийн санал хүсэлт, төлөвлөлтөөр батлагдсан. Тиймээс энэ хөтөлбөрөө үе шаттай хэрэгжүүлээд явах ёстой гэсэн байр, суурьтай байгаа. Хот суурин газрынхаа эрх зүйн байдлын статаусыг шийдэх ёстой. Мөн төвлөрсөн бүх суурин газарт утаа гаргадаг хүмүүстэй яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Бүх зүйлийг үсчүүлж нэг зүйлээр сенсаацлах бус олон ажил хөтөлбөрийг үе шат, хариуцлагатайгаар эхлүүлэх ёстой.
- Ямар компанийн ямар зуухыг хэдэн айлд тараахаар төлөвлөж байгаа юм бэ?
- Зорилтод бүлгийнхээ асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг л ярьж байгаа. Нүүлгэн шилжүүлж ч болно. Меню хараад хоолоо сонгодог шиг олон ажлуудаас аль нэгийг нь сонгож ажиллана шүү дээ. Компаниудын нэр нь тодорхойгүй шүү дээ. Нийслэлд зорилтод бүлгийн 13 мянган айл бий.
- Энэ айлуудад зуух тараах юм уу?
- Үгүй.
- Туркийн компанийн зуухыг тараана гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
- Би энэ талаар мэдээлэлгүй байна.
- Зуух тараагаад үр дүнд хүрэхгүй бол та хариуцлага хүлээх үү?
- Хүлээнэ шүү дээ. Агаарын бохирдлоо бууруулъя гээд хэлчихсэн байгаа. Бууруулахын тулд бүгд ажиллаж байгаа. Манай Ардчилсан намын ах нар “Онц байдлыг таван жилийн өмнө зарлах ёстой байсан” гэж шинэ оны өмнө хэлсэн. Тараасан мөнгөний эзэн холбогдогчдод санхүүгийн хяналт шалгалт хийгээд мэдээллийг удахгүй УИХ-ын гишүүдэд өгнө. Хариуцлага хаана хэрэгжихгүй байна гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Өмнөх мөнгөнүүд хаана, яаж зарцуулагдсан нь тодорхой болсон шүү дээ.
- БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр одоогийн байдлаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
- Улаанбаатар хотод нэг сая тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс манай яамнаас тус түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан болон шахмал түлшээр орлуулах ажлыг хийхээр төлөвлөөд хэр хэмжээний хөрөнгө орох уу, ямар системээр оруулах ажлыг хийх үү гэдгээ тодорхой болгохоор ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Удахгүй арга хэмжээнүүд авч эхэлнэ. Өмнөх Засгийн газрууд дулаан байх хэрэгтэй л гээд байснаас биш зохистой хэм хэмжээгээ барьж, сайжруулсан түлшээ хэрэглүүлээгүй. Цэвэр агаар сан татан буугдаад манай яаманд ирсэн. Гэхдээ яам бодлогоо бариад явж байгаа. Техник, технологийн НӨАТ, гаалийг чөлөөлчихье гэж байгаа юм. НЗДТГ-тайгаа хамтран гэр хорооллын цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар хөрөнгө гаргаж байна. Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Утааг бууруулах үе шаттай ажлуудыг төр засгийн зүгээс хийж байна. Гэхдээ өнөө маргааш шууд үр дүн гарахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Үнэндээ бид 150-250 мянган айл өрхийн түлшний асуудлыг сайжруулсан түлш, цахилгаан халаалтаар сольж шийдэхээс өөр арга сонголт байхгүй. Мэдээж төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулахын төлөө бид ажиллах ёстой. Тиймээс судалгаа, төлөвлөлтийг маш сайн хийх хэрэгтэй.
Т.Хулан