8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаначин дайчдын өрсөлдөөн эхлэв

2018-01-19 12:19:30

 Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжилтийн спортын өвлийн хоёр төрөлт болон Цэрэг, спорт цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Хужирбулан дахь сургалтын төвд энэ сарын 18-24-ний өдрүүдэд явагдах энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 400 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Тэмцээний нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Монголын цанын холбооны Ерөнхийлөгч Д.Хишигжаргал болон БХЯ, ЗХЖШ-ын зарим газар, хэлтсийн дарга нар оролцлоо. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тамирчдад хандаж хэлсэн үгэндээ, “Эх орнынхоо нэр хүндийг өндөрч өргөж, тив, дэлхийн чанартай олон тэмцээнд амжилттай оролцдог тамирчид та бүхний дундаас тодрон гардаг. Нэг талаасаа тэднийг эрлэн хурцалдаг дасгалжуулагчид, нөгөө талаасаа хүчтэй өрсөлдөгчид нь та нөхөд юм шүү” хэмээн тодотгоод тамирчин дайчдад амжилт хүсэв. Харин ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, “Хоёр жил тутамд явагддаг энэхүү тэмцээндээ идэвх санаачилгатай хандаж, баг тамирчдаа бэлтгэн оролцуулж байгаа нийт ангиудын удирдлагууд, бие бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлье. Ялангуяа, эх орныхоо баруун, зүүн хязгаараас тэмцээндээ оролцохоор зорьж ирсэн баг тамирчидаа харахад сэтгэл хангалуун байна. Тийм ч учраас өмнөх жилүүдтэй харьцуулахад өнөө жилийн тэмцээнд оролцож буй баг тамирчдын тоо харьцангуй нэмэгдэж, тэмцээний цар хүрээгээ улам тэлж байна” гэсэн юм.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment