8o
Улаанбаатар хот
mobile menu

Ө.Энхтүвшин: Тодорхой бүс нутагт цаг агаарын гэнэтийн үзэгдэл учрах эрсдэл өндөр хэвээр байна

2018-01-20 11:20:00

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонслоо. Гишүүний асуулгын хариуг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм.

Одоогийн байдлаар баруун, төв, зүүн аймгуудын нутаг, Дундговь, Өмнөговийн баруун хэсэг, Дорноговийн хойт захаар 0.1-30 см зузаан, хамгийн зузаан нь Увсын Хяргас, Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд суманд 29-30 см, Увсын Баруунтуруун, Тэс, Малчин, Завханы Тэс, Эрдэнэтэд 20-20 см, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Орхоны Улаантолгой, Булганы Хангал, Ингэттолгой, Төв аймгийн Жаргалант, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Баянчандмань, Дорнодын Халх гол орчимд 14-19 см цасан бүрхүүлтэй байгаа аж. Мөн өнгөрсөн 7 хоногт цасгүй байсан говийн нутгууд, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас орж, одоогоор улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 100 гаруй суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж.

Засгийн газар, ХХААХҮЯ цаг агаарын төлөв байдлын эдгээр мэдээлэлд тулгуурлан өвөлжилт хүндэрч болзошгүй, бэлчээрийн даац хэтэрсэн бүс нутаг, аймгуудад өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг улам эрчимжүүлж, шаардлагатай бэлтгэл нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгааг Шадар сайд дурдаад гишүүний асуулгын асуулт тус бүрт тодорхой хариулт өгсөн юм.

Шадар сайд хариултдаа, өнгөрсөн 12 дугаар сарын болон 1 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын мэдээллээс авч үзвэл баруун, төвийн зарим аймгуудын нутгаар цас нэлээд орж, хүйтний эрч чангарч байна. Өвлийн улирал дөнгөж дундаа орж, хүйтний эрч сулраагүй, тодорхой бүс нутаг, аймаг, сумдын нутгаар цаг агаарын гэнэтийн үзэгдэл учрах эрсдэл өндөр хэвээр байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээс үзвэл 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногт зарим нутгаар хүйтний эрч дахин чангарах магадлалтай байгааг дурдлаа. Иймээс малчид, хөдөөгийн ард иргэдийн хувьд өвлийг өнтэй даван туулах чиглэлээр анхаарлаа сулруулалгүй ажиллах, аймаг, сумдын удирдлагын зүгээс цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын мэдээллийг анхааралтай ажиглаж, өвлийг даван туулахад чиглэсэн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж ажиллах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгааг онцоллоо.

Гишүүний асуулгад өгсөн Шадар сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд болон Шадар сайд, Засгийн газрын бусад гишүүн, холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, зарим аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын өнөөдрийн/01.19/ хуралдаанаас зарим тодорхой шийдвэр гаргалаа. Тухайлбал, улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс  аймагт хуваарилахаар болсон. Хуваарилагдсан өвс, тэжээлийг хүргэх ажлыг орон нутгийн онцгой байдлын албад хариуцаж, хяналт тавьж гүйцэтгэнэ гэдгийг хэллээ.

Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин өвс, тэжээлийг төвлөрсөн цэгүүдээс татах тээврийн зардлыг орон нутаг хариуцна. Харин гаднаас өвс, тэжээл худалдан авч нөөц бүрдүүлэхэд улсын төсвөөс 40 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн тодотголд тусгасан. Өвс, тэжээлийг малчдад шууд худалдах, мал махаар солих, ноосны урамшууллыг нь тооцож суутгах зэрэг арга хэлбэрүүдийг ашиглаж байгаа гэлээ. Түүнчлэн учирч болзошгүй гамшиг, эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах чиглэлээр онцгой байдлын байгууллага, орон нутгийн засаг захиргаа, холбогдох бусад байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар гишүүдэд нэмэлт тайлбар мэдээлэл өгсөн юм.

Эцэст нь асуулга тавьсан гишүүн С.Бямбацогт үг хэлсэн юм. Тэрбээр,  өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд тодорхой мэдээлэл өгсөн, мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, холбогдох бусад хүмүүс гишүүдийн асуултад нэмэлт тайлбар мэдээлэл өгсөн, түүнчлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж өвөлжилт хүндрэлтэй байгаа аймаг, сумдад өвс, тэжээлийг үнэгүй болон хямд үнээ олгох асуудлыг шуурхай шийдвэрлэсэнд талархаж буйгаа хэлээд гол нь гаргасан бодлого шийдвэрээ амьдралд бодитой хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал. Чуулганы танхимд гишүүдийн асуултад өгсөн албан тушаалтнуудын ярьсан хэлсэн зүйлс амьдрал дээр ажил болж, ам, ажил хоёр зөрөх ёсгүйг анхаарч ажиллах учиртайг сануулав. Түүнчлэн цаашид өвс, тэжээлийг малчдад зээлээр олгох боломжийг судлах, малаа даатгуулсан иргэдэд давуу боломж олгоход анхаарах, төр, малчин хоёрын аль аль нь үүрэг, хариуцлага хүлээдэг байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
итгэмжлэгдсэн зээлийн зээлдүүлэгчид
Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид х
2018/05/05 197.211.61.53
zochin
ene odoo galuun hoshuutai nuhur yavbal taarna. Ue ni engersen sonsoh tooh ch hun baihgui , hudlaa nuhur bna leee
2018/01/22 180.149.103.84
Nam bus irgen
Mahni unee sain sudlaarai.
2018/01/21 94.186.205.108