8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр, суурь: Банкны хууль лоббинд автсан уу

Сэтгүүлч Т.Хулан
2018-01-22 09:09:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг баталлаа. Энэ хуулийн иргэдэд ашиг тусаа өгөх ганц заалтыг хасаж баталсаныг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж байна. Тодруулбал, банкны зээлийн хүүг бууруулах заалтыг хассан юм. Зээлийг хүүг бууруулах заалтыг хассаныг УИХ-ын зарим гишүүд банкны эздийн лоббид автсантай холбоотой гэж хардаж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монгол улс мөнгө хүүлэлтийн орон болсон. Гэтэл энэ хуулийн хүүг бууруулах заалтыг хасчихлаа. Ийм зүйл хийж болохгүй” гэж мэдэгдсэн билээ.

Ингээд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зээлийн хүүг бууруулах заалтыг хассан асуудлаар УИХ-ын гишүүдийн байр, суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Л.Болд: Би өөрөө банктай ч ашиг сонирхлын зөрчил гаргаагүй

- Банкны хуулийн сайжруулснаар бизнесийн орчин сайжрах ёстой. Орчин сайжирснаар хүү багасна биз дээ. Гэтэл тэр чиглэлийн заалтыг хассанд дүн шинжилгээ хийж олон түмэнд мэдээлэл өгөх болно.Би “Голомт” банкийг үүсгэн байгуулж байсан ч одоо ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй. Богд банкийг манай гэр бүлийнхэн ажиллуулдаг. Гэхдээ уг хуульд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргаагүй. Хууль боловсруулах ажлын хэсэгт ороогүй. Манай намын бүлгийн байр, суурь маш тодорхой байгаа. Би бүлгийнхээ байр, суурийг дэмжиж байгаа. Банкуудын хүү өндөр байна, хүнд суртал ихтэй байгаа, бизнесийн орчин буруутай байна. Банкууд өөрсдөө бизнес хийж өрсөлдөж байгаа. Энэ мэт асуудлыг тус хуулиар цэгцлэнэ. Гэхдээ бид банкны хуулинд ороогүй орхигдсон асуудлаар манай намын бүлэг ажиллана.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ хууль лоббинд орчихлоо

- Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын гишүүдийг энэ хуулийг боловсруулах ажлын хэсэгт оруулахгүй байя гэж ярьж байсан. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс орж ажилласан. Хэд, хэдэн банктай эсвэл банктай холбоотой хүмүүсээ ТУЗ-д оруулахгүй  байх гэх заалтыг мөн оруулаагүй байна. Энэ хууль лоббинд орчихлоо гэж би хардаж  байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Банкны лоббинд өртсөн байх магадлалтай гэж би хардаж байна

- Энэ асуудлыг хэлэлцэх үеэр би их бухимдлаа. Банкны хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирэхэд би гурван зүйлийг хэлж байсан. Тодруулбал, банк санхүүгийн орчныг сайжруулах, банк дэргэдээ охин компани байгуулж бизнес хийдэг байдлыг зогсоох, хүүгийн дарамтыг бууруулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. Энэ заалтууд уг хуулийг дагаж хамт өргөн мэдүүлсэн хуулинд орж ирсэн ч харамсалтай нь хасчихлаа. Байнгын хорооны хурлаас буцаасан байна. Банкны лоббинд өртсөн байх магадлалтай гэж би хардаж байна. Банкны хуулийг сайжруулах, банк санхүүгийн орчныг сайжруулж хүүг бууруулах асуудлыг ярих бүрт банкны эзэд нийлж нэг баг болж тав, гурван төгрөг босгон ийш тийшээ ханддаг. Хэвлэлийнхэнд ч нөлөөлдөг. Тэд "Үндэсний аюулгүй байдал хэцүүдэж, банкууд дампуурлаа" гэх зүйлийг ярьдаг. Ингэж ярьсаар 20 гаруй жил боллоо. Үүний үр дүнд Монгол улс дэлхийд байхгүй 25 хувийн хүүтэйгээр зээл олгож байна. Мөнгө хүүлдэг хүүлэлтийн орон болж хувирсан. Үүнийг таслан зогсоох ёстой. Банкны хуулиар Монгол банкинд бүх эрх мэдлийг өгөх боломж байсан. Монгол банк валютын ханшаа тогтоодог, мөнгөний бодлогоо барьдаг мөн УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг. Мөн хуулиар тодорхой хэмжээнд босго тавиад зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах боломж байсан. Хоёр жилийн өмнө Монгол улсын тэтгэвэр, цалин авагчдын 83 хувь зээлтэй байсан. Малчдын 86 хувь нь мөн зээлтэй байсан. Аж ахуй нэгжүүдийн 72 хувь банкны зээлтэй. Үүнээс нь гарах хэрэгтэй гэж бид ярьж байсан шүү дээ. Үүнээс гарах боломжийг өнөөдөр алдлаа. Банкны том нөлөө орлоо гэж харж байна. Би банкны хүүг бууруулах хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулж хаврын чуулганд багтаан хэлэлцүүлнэ. Хадгаламжийн хүүг бууруулах, гаднаас орж ирэх мөнгөн эх үүсвэрийн татварыг бууруулах, зээлийн хүүг бууруулах асуудлыг тусад нь оруулж ирнэ гээд л хэлэлцэлгүй хасчихлаа шүү дээ. Хэзээ ч хэлэлцэх юм бүү мэд.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Төв банкнаас зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох ямар ч боломжгүй

- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдаж, Банк болон хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл өргөн баригдсан юм. Түүнд “Банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг төв банк тогтоож болно” гэсэн заалт суулгасан байсан. Дагалдах энэхүү хуулийн төслийг ажлын хэсгээс буцаасан. Төв банкнаас зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох ямар ч боломжгүй. Монгол Улс 1990 онд чөлөөт зах зээлийг сонгосноор эдийн засгийн шинэ харилцаанд орсон.

Хэрэв одоо зээлийн хүүд дээд хязгаар тогтооё гэвэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо руугаа буцаад бүх нийтээрээ орох хэрэгтэй. Товчхондоо бол зээлийн хүү гэдэг маань бүтээгдэхүүний үнэ. Зах зээлийн тогтолцоогоороо бий болж байгаа бүтээгдэхүүний үнэ дээр УИХ хязгаар тогтоож болох юм бол бүх л бараа, бүтээгдэхүүнийхээ үнэ дээр дээд хязгаар тогтооё л доо. Жишээ нь, талх, шатахууны үнийг тогтооё. Энэ арга бүтэхгүй шүү дээ, явахгүй. Яагаад гэвэл зээлийн хүү гэдэг маань манай эдийн засгийн шууд өртөг. Зээлийн хүүг буулгахын тулд эдийн засгийн тогтолцоогоо зөв болгох ёстой юм. Гаднаас хэт хамааралтай эдийн засгийн эмзэг бүтцээсээ салж чадвал зээлийн хүү жамаараа буурна. Аливаа нэг бүтээгдэхүүний үнийг хатуу барина гэдэг аюултай. Хэзээ нэгэн цагт тэсэрнэ. Зээлийн хүүгийн суурь өртөг нь хадгаламжийн хүү. Хадгаламжийн хүүг бага байлгахын тулд инфляц бага байх ёстой. Инфляц найман хувьд тулаад ирлээ. Хадгаламжийн хүү найман хувиас доош орох боломжгүй. Тэгэхээр эдийн засгийн суурь эрсдэлүүдээ макро төвшинд нам дор оруулж байж, хадгаламжийн хүү, зээлийн хүү буурна. УИХ инфляцыг нам дор оруулах зорилго руу тэмцэх ёстой. Мөнгөний бодлогын гол зорилт энэ байдаг, Төв банкиндаа хатуу шаардлага тавьж, бие дааж ажиллах боломжийг нь өгч, зорилгодоо хүрэх шаардлага тавих. Гэвч Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санасан хэмжээнд, Монголбанкны бие даасан хараат бус байдлыг нь хангасан хэлбэрээр батлагдаж чадсангүй. Эдийн засгийн суурь өртөг дотор банкны өөрийнх нь эдийн засгийн чадамж, банкны тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго, эдийн засгийн суурь өртгийг бууруулдаг хамгийн том хүчин зүйлүүд байдаг. Тэгэхээр зээлийн хүүг шууд бус замаар буулгах арга механизм УИХ-аар батлагдах Банкны тухай хууль болон бусад хуулиудаар дамжиж бий болно гэж ойлгох хэрэгтэй.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ард түмнээ төлөөлж ард түмнээ бодсон хууль гаргаж чадахгүй бол их хурал тарах хэрэгтэй тараахыг дэмжиж байна хий хоосон ашиггүй хууль гаргачихаад хууль гаргалаа гээд олон сая төгрөг авдаг гээ биз дээ
2018/01/22 59.153.87.198
ИРГЭН
АРД ТҮМНЭЭ ГЭХ СЭТГЭЛГҮЙ ЮМНУУД,ЯАЖ ИЧИХ НҮҮРГҮЙ ХУДЛАА ЯРИАД СУУЖ ЧАДДАГ БАЙНА А. ХАР АМИА ХИЧЭЭСЭН НОВШНУУД.. ТА НАРТ ХООЛ БОЛОХГҮЙ ЭЭ
2018/01/22 119.40.102.141
Иргэн
Ард түмэндээ хэрэгтэй хууль батлах чадамжгүй УИХ тарах асуудлыг би ч гэсэн дэмжиж байна
2018/01/22 202.72.240.5
8989
Бид ч шулуулж байх ьавилантай хүмүүс юм бна даа энэ хуулиас их юм хүлээж байсан юм Лоббидуулчихлаа ИХ тараасай тар тар тар
2018/01/22 202.72.240.5
8989
Зээлийн хүүгийн хязгаарыг тогтоохгүй л юм бол ард түмэнд наад хууль чинь талхны машин болохгүй Жавхлан гуай таныг сонгосон сонгогч бна
2018/01/22 202.72.240.5