УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн юм. Тус бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн тухай болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газар ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээллийг сонссон байна. Ингээд “Амьдралыг тэтгэх цэвэр агаар” санаачилгыг дэвшүүлж, энэ хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын нэгнээс ахуйн зориулалтаар нийслэл болон төв суурин газарт түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, түүхий нүүрсний оронд сайжруулсан түлшны үйлдвэрлэлийг дэмжих, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн гурван үндсэн чиглэлд ажиллах нь зүйтэй гэдэг дээр Засгийн газар МАН-ын бүлэг байр суурь нэгдсэн байна. Үүний зэрэгцээ Солонгос Улсаас авах 700 сая ам.долларын 500 сая ам.долларыг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах чигтэй байгаагаа Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд танилцуулсан бөгөөд цаашид утаагүй зуух нийлүүлэхийг дэмжихгүй. Мөн нийт айл өрхүүдийг цахилгаанаар халаах нь одоогийн түвшинд хараахан боломжгүй. Учир нь өнөөгийн байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг өгсөн гэж бүлгийн дарга ярилаа. Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулж асуусан.
-Ипотекийн зээлийн хүүг 5 хувь, урьдчилгааг 20 хувь болгох тухай асуудал яригдсан уу. Цаашид энэ хувилбар шийдэгдэх үү?
-Орон сууцжуулах хөтөлбөрт Солонгос Улсаас авах 500 сая ам.долларыг оруулна.Үүндээ аль болох хямд, зай талбайн хувьд их томгүй байх гэсэн бодлого барьж таарна. Ирэх гуравдугаар сард Солонгосын талаас албаны хүмүүс ирж Засгийн газрын түвшинд уулзалт хийнэ. Энэ үеэр илүү тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй.
-БНСУ-аас авч байгаа 500 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?
-500 сая ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотыг орон сууцжуулах чиглэлд зарцуулна. Ингэхдээ үнийн хувьд аль болох хямд байх бодлого баримтална.
-Өмнө нь олон удаа зуух тараасан. Гэвч үр дүн муутай байдаг. Энэ Засгийн газар дахиад л зуух тараана гэж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Зуух тараалаа гээд үр дүн муутай болоогүй. Цаашид зуух оруулж ирэхгүй байхад анхаарна. Зуух яриад байгаа нь нүүдэлчин соёлтой холбоотой. Иргэд гэртээ галаа түлээд, галын дөл харж суух сонирхолтой. Тиймээс бүүх айлыг зуухгүй болгоно гэвэл эрт байна. Засгийн газар агаарын бохирдлын эсрэг эцсийн хувилбараа тодорхой гаргаж, танилцуулна. III, IV Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар БНСУ-тай ярилцсан. Энэ асуудлыг судална. Нийт гэр хорооллыг цахилгаанаар халаана гэвэл одоо бол хүчин чадал хүрэхгүй. Тиймээс станцуудын хүчин чадлыг сайжруулах асуудал эхлээд чухал байна. Утаагүй түлш хэсэг бүлэг хүмүүсийн бизнес болох эрсдэлээс сэргийлж ажиллана.
-Сайжруулсан түлш илчгүй байдаг гэсэн шүүмжлэл байдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар оруулахгүй байх шийдвэр гаргахаар болсон. Иймд боловсруулсан түлшийг нэг стандартаар үйлдвэрлэх асуудал яригдана. Одоо сайжруулсан түлш үйлдвэрлэдэг компаниудтай нэг стандарт тохироод, хамгийн сайн чанарын түлш үйлдвэрлэх бодлого барина.
-Татварын нэмэгдэлтэй холбоотой бүлгийн байр суурь юу вэ. Татварын нэмэгдлийг бууруулахгүй бол Засгийн газрыг татан буулгана гэж АН-ын бүлэг мэдэгдээд байна?
-Энэ сарын 25-нд ОУВС-гийн төлөөлөл манай улсад ирж ажиллана. Тус сангийнхантай энэ асуудлаар ярилцахаар тогтоод байгаа. Засгийн газрыг огцруулах тухай асуудлаар АН-ын бүлэг санал гаргах эрхтэй. Манай бүлгийн хувьд Засгийн газраа аль болох тогтвортой ажиллуулах бодлого барьж буй.
-Өмнөх бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ шатахууны 41 хоногийн нөөцтэй гэж байсан. Шатахууны асуудал одоо хүртэл цэгцрээгүй, иргэд дугаарлаж бензин шатахуунаа авч байна. Энэ асуудал хэзээ хэвийн түвшинд очих вэ?
-Засгийн газрын түвшинд шатахуун импортлогчидтой ярьж байгаа юм байна. А-80, АИ-92 бензиний үнийг нэмэхгүй. Дизелийн түлш, А-95, А-98 дээр нэмэгдэлтэй болгохоор тохиролцсон юм билээ. Шатахууны нөөц бол хангалттай.
Т.Энхэлээ