УИХ-ын гишүүн З.Нарантуяа зах болон ШТС-уудаар явж үнийн судалгаа хийсэн байна. Энэ талаар болон бусад асуудлаар түүнээс тодруулга авлаа.
Засгийн газар татвар нэмэх хуулиудаа батлуулахын тулд УИХ-д айдаг мангас тулгасан
- Та захууд болон ШТС-уудаар явж үнийн судалгаа хийсэн гэсэн. Бодит нөхцөл байдалд ажиллаад та ямар дүгнэлтэнд хүрсэн бэ?
- АИ 98 160 төгрөг, АИ 95 150 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэхдээ ШТС-иуд АИ 95, АИ 98 бензинийг чөлөөтэй олгож байна. Дизель, АИ 92 бензиний үнэ нэмэгдээгүй ч хязгаарлагдмал олгож байна. Зарим ШТС-иуд тодорхой цагт өгчихөөд бусад үед нь өгөхгүй байна. Энэ бол зах зээлд шатахууны хомсдол үүсгэх эхний шинж тэмдэг юм. Засгийн газраас ажлын хэсэг гараад нефть импортлогч компаниудтайгаа ярилцаж байгаа гэсэн. Уул уурхайн дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсгийнхэн нефть импортлогч компаниудтайгаа ярилцаад АИ 98, АИ 95, дизель түлшний үнийг нэмэх санал гаргаж байгаа юм байна лээ. Нийтлэг бус хэрэглээ учраас олон хүний амьдралд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа юм байна. Гэтэл дизель түлшний үнэ 100 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Хөдөө орон нутагт хэрэглэгддэг портер гэх машинуудын ихэнх нь дизель түлшээр явдаг. Уул, уурхайн компаниудын машинууд мөн хэрэглэнэ. Тэгэхээр үнийн нэмэгдлийн шок нь компаниуд болон иргэдийн нэгээхэн хэсэгт нь ирэхээр байгаа юм. Нефть импортлогч компаниудын зүгээс литр тутамд 300 гаруй төгрөгөөр үнээ нэмэхээс өөр аргагүй гэх тайлбарыг хийж байгаа. Тус 300 төгрөгний 100 нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Харин үлдсэн 200 төгрөг нь цэвэр импортын татвараас үүдэлтэй нэмэгдэл гэж тайлбарлаж байгаа. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнтэй давхцуулж татвараа нэмсэн нь хоёр давхар дарамтыг үүсгээд байна. Гадаад зах зээл, дотоод нөхцөлөө сайн тооцоолсонгүй. Хэрвээ Засгийн газар татвараа бууруулбал шатахууны үнийн 300 төгрөгийн нэмэгдлийн 200 төгрөгийг хасах боломжтой харагдаж байна. Тэгэхээр шатахууны онцгой албан татварыг нь нэмсэн нь цагаа олоогүй, бодит судалгаагүй байсан нь одоо харагдаж байна. Тиймээс Засгийн газар ямар зохицуулалт хийж болох талаар нефть импортлогч компаниудтайгаа ярилцах хэрэгтэй. Эцсийн дүндээ зөв цагт, зөв судалгаатай шийдвэр гаргахгүй бол ямар хор хөнөөлд хүрч болохыг үүнээс харж болно. Цагаан сар дөхөж буй энэ үед бүх барааны үнэ дагаад нэмэгдэнэ. Ард иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэнэ. Тэгэхээр Засгийн газар ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй. Шатахууны үнийг дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Гурил 90-120 төгрөгөөр, мах 1000 төгрөгөөр нэмэгдэж, нийлүүлэлтийн хомсдол үүссэн байна.
- Танай намын бүлгээс Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүлсэн. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол ямар алхам хийх вэ?
- Хэрэв эрх баригчдын хэлж байгаачлан 40-41 хоногийн нөөцтэй, эдийн засгийн өсөлттэй, дөрвөн тэрбум ам.долларын валютын нөөцтэй нь үнэн бол шатахууны хомсдол, үнийн өсөлт үүсэхгүй. Ерөнхий сайдад долоон төрлийн татвартай холбоотой асуудлаа 2 дугаар сарын 1-ний дотор шийдэх шаардлага хүргүүлсэн. Үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэсэн саналыг манай бүлгээс гаргаж байгаа.
- Засгийн газрын зүгээс ОУВС-ийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд шатахууныг нэмж байна гэж тайлбарлаж байгаа?
- ОУВС-тай байгуулсан гэрээг уншихад онцгойлон шатахууны онцгой албан татварыг нэм гэсэн утгатай үг, өгүүлбэр байгаагүй. Ерөнхийдөө татварын бааз сууриа өргөжүүл, боломжтой нөхцлөөр шинэчлэл хийх шаардлагыг тавьсан. Харин манай Засгийн газар зөрүүлээд энэ хүрээнд тийм татварыг нэмэх боломжтой гэдэг саналыг хэлсэн байна. Засгийн газар татвар нэмэх хуулиудаа батлуулахын тулд УИХ-д айдаг мангас тулгасан шиг болохоос биш хүн амын онцгой албан татварыг нэм, шатахууны онцгой албан татварыг нэм гэж ОУВС-аас хэлээгүй. Татвар төлж буй хэсэг ААН, байгууллага, хувь хүнээ л чангалаад байх нь буруу бодлого юм. Татвар тайлагнадаггүй газрууд болон далд эдийн засагт эргэлдэж буй хөрөнгийг илрүүлж татвар ногдуулдаг болоход Засгийн газар анхаарах ёстой. Тэгвэл нийт татварын бааз суурь өргөжинө шүү дээ. Долоон төрлийн татварыг татвар төлдөг хүмүүс л төлнө биз дээ. Бид хуримтлалтай дундаж давхрагын хүнийг олноор бий болгох зорилготой. Төр өөрөө бүх хүнийг ажлын байраар хангаж чадахгүй. Харин хуримтлалтай хүмүүс эргээд ажлын байрыг бий болгодог. Жижиг бичил бизнестэй болж хөгжинө. Тэгэхээр тэр хүмүүсээ татвараар дарамтлахгүй байх нь зөв алхам. Энэ хямралтай үед нэг ч гэсэн хүний ажлаас нь салгахгүй байх нь бидний үүрэг.
У.Хүрэлсүхийн Засгийн газар маш сул ажилласан. Томоохон, шийдвэртэй алхмуудыг гаргах байх гэсэн хүлээлт байсан. Харамсалтай нь хүлээсэн хэмжээнд ажиллаж чадсангүй. Эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах, хямралаас гаргах томоохон төслүүдийг явуулсангүй. Экспортын орлогыг дорвитой нэмж чадсангүй. Энэ талаар би удахгүй тусдаа мэдээлэл өгөх болно.
- Өнгөрсөн долоо хоногт банкны хууль хэлэлцэгдэхэд зээлийн хүүг бууруулах гол заалт нь унасан. Энэ заалт унах шалтгаан юу байв?
- Монгол банкнаас уг хуулийн төслийг УИХ-д өргөн барихад зээлийн хүүг бууруулна гэсэн заалт байгаагүй. Засгийн газрын хуралдаанаар оруулахад нь зээлийн хүүг бууруулах утгатай заалт нэмсэн юм байна лээ. Тэр төслийг нь Монгол банкныхан хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Монгол банк зээлийн хүүг захиргааны аргаар бус макро эдийн засгийнх нь бусад нөхцөл, цогц арга хэмжээгээр бууруулахаар үндсэн чиглэлд багтсан УИХ-ын тогтоолд даалгаад өгсөн учир дэмжихгүй байна гэдгээ илэрхийлсэн юм байна лээ. Тэднийг уг саналыг эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх шатанд дэмжээд Засгийн газар руу төслийг нь буцаасан юм байна лээ.
- У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоног энэ долоо хоногт тохиож байна. Та хувь гишүүнийхээ хувьд энэ Засгийн газрыг ямар ажилласан гэж дүгнэж байгаа вэ?
- Маш сул ажилласан. Томоохон, шийдвэртэй алхмуудыг гаргах байх гэсэн хүлээлт байсан. Харамсалтай нь хүлээсэн хэмжээнд ажиллаж чадсангүй. Эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах, хямралаас гаргах томоохон төслүүдийг явуулсангүй. Экспортын орлогыг дорвитой нэмж чадсангүй. Энэ талаар би удахгүй тусдаа мэдээлэл өгөх болно.
Т.Хулан