Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Үүний дараагаар гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зарим заалт бодит амьдрал нийцэхгүй байгааг гишүүд онцолж байлаа. Жишээлэхэд, Хүчирхийлэл үйлдэгчийг гэр бүлийнхэн нь цагдаад хандан баривчлуулдаг. Хүчирхийлэгч этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ аван саатуулахад эргээд гэр бүлийнхэн нь өргөдөл гомдлоо буцаан авдаг байна. Учир нь тухайн хүчирхийлэгч этгээд гэр бүлээ тэжээгч байдаг аж. Тиймээс зохицуулалт хийх шаардлагатайг гишүүд хэлж байлаа.
21 аймгийн хэмжээнд 14 аймагт хохирогч хамгааллын байр байдаггүй аж. Гэр бүлийн хохирогч болсон эмэгтэйчүүд Улаанбаатар хотод их байдаг. Гэтэл хүүхэд хамгааллын байр, хохирогч хамгааллын байрыг хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулаад байгуулчихсан. Нийгэмд ажлын байран дахь бэлгийн дарамт нэлээн орж ирж байгаа аж. Зөрчлийн тухай хуулийг батлах үед ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар заалт тусгасан ч хэлэлцүүгийн явцад хасагдсан байна. Хариуцлага хүлээхгүй субъект яваад байгааг хүний эрхийн комиссынхон хэлж байлаа.