8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Мөнх-Эрдэнэ: Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс, Цэцэн уул суманд -49, -50 хэм хүрч хүйтэрлээ

2018-01-23 17:02:00

Хойд хөрш ОХУ-ын алслагдмал бүс нутаг болох Якутад эрс хүйтэрч, -67 хэмд хүрсэн тухай арваад хоногийн өмнө мэдээлж байсан.  Якутын Оймяакон тосгон бол дэлхийн хамгийн хүйтэн газрын нэг. Тэнд -50 хэм хүрч хүйтрэх нь бараг тогтмол үзүүлэлт. 2013 онд Оймяаконд -71 хэм хүрч хүйтэрч байсан гэсэн мэдээлэл байдаг. Харин манай улсад энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд энэ долоо хоногт тохиож байна. Өнгөрөгч амралтын өдрүүдээс эхлээд хүйтний эрч эрс чангарсан. Цаашид ч энэ хүйтэн хэд хоног үргэлжлэх прогноз гарчээ. Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уурч Н.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Цаг уурч Н.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ "Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс, Цэцэн уул, Увс аймгийн Тэс суманд -49, -50 градус хүртэл хүйтэрлээ. Энэ долоо хоногийн сүүл хүртэл хүйтрээд дараа долоо хоногоос хүйтний эрч  суларна. Дараа долоо хоногоос шөнөдөө -25 градус болж, хүйтний эрч суларнаСибирь, Якутад маш их хүйтэрч байгаа энэ хүйтэн бас манай улс руу орж ирж байгаа" гэсэн мэдээллийг өглөө. 

2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруу, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 30,0-40,1 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгороор 25-29,9 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 9-14,9 градус, бусад нутгаар 15-24,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1,1-6,9 градусаар дулаан, харин Алтай, Хангайн зарим уулс, Их нууруудын хотгор, Алтайн Өвөр говиор дунджаас 1,3-6,6 градусаар хүйтэн байлаа.

Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 1-9 градус, уулархаг нутгаар 10-19 градус, Их Нууруудын хотгороор 20-25 градус хүйтэн, шөнөдөө ихэнх уулархаг нутгаар 30-39 градус, тал хээр, говийн нутгаар 17-29 градус, Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 40-46 градус хүйтэн байлаа.

Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутагт 0-10 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 11-23 градус хүйтэн, харин говийн нутгийн өмнөд хэсгээр 1-11 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 30-40 градус, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 41-51 градус, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 21-29 градус хүйтэн байлаа.

Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-2,0 мм, Ховдын Үенч, Завханы Баянтэс, Цагаанхайрхан, Архангайн Эрдэнэбулган, Хотонт, Түвшрүүлэх, Өвөрхангайн Бат-Өлзий, Зүйл, Хархорин, Хужирт, Дорноговийн Алтанширээ, Айраг, Дундговийн Гурвансайхан, Мандалговь, Говь-Угтаал, Өндөршил, Хэнтийн Галшар, Сүхбаатарын Онгон, Эрдэнэцагаан, Дарьганга, Түвшинширээ, Баяндэлгэрт 2,1-4,1 мм орсон, харин Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Өмнөговь, Дорнодын ихэнх, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Төв, Дорноговийн зарим сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас бага, харин Хангайн уулархаг нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу орсон байна.

Cалхины их хурд Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн зарим сумдын нутгаар 16-24 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

1 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байгаагаас ихэнх нутагт буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дундговийн ихэнх, Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар 0-10 см зузаан, 0,04-0,42 г/см3 нягт, Завхан, Архангай, Төвийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 10,1-20 см зузаан, 0,10-0,42 г/см3 нягт, Увсын Наранбулаг, Өндөрхангай, Хяргас, Баруунтуруун, Завханы Цэцэн-Уул, Сонгино, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Түдэвтэй, Идэр, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагааннуур, Архангайн Хашаат, Түвшрүүлэх, Өвөрхангайн Зүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Хужирт, Хархорин, Өлзийт, Булганы Орхон, Дашинчилэн, Бугат, Бүрэгхангай, Баяннуур, Хангал, Гурванбулаг, Рашаант, Хишиг-Өндөр, Могод, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Ерөө /Бугант/, Төвийн Лүн, Батсүмбэр, Угтаал, Баян-Өнжүүл, Цээл, Дэлгэрхаан, Борнуур, Мөнгөнморьт, Заамар, Дорнодын Халхголд 20,1-45 см зузаан, 0,08-0,52 г/см3 нягт цастай (3 дугаар зураг) байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ өгхөд Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Хяргас, Баруунтуруун, Тэс, Зүүнговь, Говь-Алтайн Жаргалант, Халиун, Баян-Уул, Дарви, Гуулин, Завханы Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагааннуур, Архангайн Цахир, Түвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хотонт, Жаргалант, Эрдэнэмандал, Хашаат, Өгийнуур, Цэцэрлэг, Булган, Чулуут, Булганы Хангал, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Бүрэгхангай, Бугат, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Могод, Өвөрхангайн Хархорин, Зүйл, Бүрд, Баян-Өндөр, Бат-Өлзий, Уянга, Нарийнтээл, Хужирт, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Орхоны Баян-Өндөр, СэлэнгийнОрхонтуул, Баруунбүрэн, Дархан-Уулын Шарынгол, Төвийн Угтаал, Заамар, Батсүмбэр, Зуунмод, Алтанбулаг, Баянчандмань, Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баян, Цээл, Борнуур, Аргалант, Дэлгэрхаан, Хэнтийн Өмнөдэлгэр, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Дундговийн Мандалговь, Адаацаг, Хулд сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай /16 аймгийн 76 сум/ байна. Харин Ховдын Дарви, Увсын Малчин, Улаангом, Завханы Шилүүстэй, Тэлмэн, Алдархаан, Баянхайрхан, Идэр, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Нөмрөг, Дөрвөлжин, Ургамал, Говь-Алтайн Тайшир, Алтай, Хөхморьт, Шарга, Баянхонгорын Галуут, Жаргалант, Архангайн Тариат, Өндөр-Улаан, Батцэнгэл, Өлзийт, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Булганы Сэлэнгэ, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Орхон, Ерөө /Бугант/, Дархан-Уулын Дархан, Төвийн Мөнгөнморьт, Эрдэнэсант, Баянжаргалан, Жаргалант, Өндөрширээт, Нийслэлийн Багануур, Тэрэлж, Хэнтийн Жаргалтхаан, Өлзийт, Өндөрхаан, Галшар, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Түвшинширээ, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Дарьганга, Онгон, Дундговийн Цагаандэлгэр, Баянжаргалан, ДорноговийнАлтанширээ сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу /17 аймгийн 52 сум/ байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил хийгдэж байна. 
  • 1 дүгээр сарын 20-ны байдлаар нийт 16 аймгийн 76 сум цагаан зудтай, 17 аймгийн 52 сум цагаанаар зудархуу байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл