8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Н2 ангиллын визний талаар албан ёсны мэдээлэл авахыг анхааруулж, Оюутолгойд хууль бусаар ажиллаж байсан гадаадын иргэдийг албадан гаргасан өдөр

2018-01-23 18:50:00

Өнөөдөр нийгэм улс төрийн амьдрал өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүргэхийн өмнө уншигч та бүхэндээ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэе. Идэр ес эхэлж жавар тачигнасан хүйтэн өдрүүд энэ 7 хоног дуустал үргэлжлэх аж. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногийн эхнээс хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг онцлон анхааруулж байна. Тиймээс онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байх, малчид тээвэрчид холын замд гарахдаа бэлтгэлээ сайн базаахыг анхааруулж байна.

Ц.Нямдорж: Нялхсын өвчин биднээс салахгүй байгаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн төсөлд бүртгэлийн байгууллагыг бүрэн цахимжуулах асуудлыг тусгасан гэдгийг хэлэлцүүлгийн эхэнд хэллээ. 

Л.Мөнхбаатар: Иргэдийг өвлийн хүйтэнд олон цагаар гадаа зогсоож болохгүй

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хууль батлагдсан. Ингээд эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийг хийсэн юм. Тухайн үед улс төр, нийгмийн нөхцөл байдал их амаргүй байсан. Бүртгэлтэй холбоотой зөрчилтэй олон зүйл гарсан. Сонгуулиа явуулж чадахгүй хэмжээнд хүртэл хүрсэн. Мөн нийгмийн халамж, даатгал давхардуулан авдаг гэх мэт олон зүйлээс болж төвөгтэй байдлууд бий болж байсан. Ийм учраас иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулах шийдвэр гарч бүх иргэнийг шинэчлэн бүртгэсэн. Энэ бол их амаргүй ажил байсан. Нийт 15 сая баримтыг бүгдийг нь цахимжуулсан. Үүний үр дүнд иргэн бүр нэг хувийн хэрэгтэй болсон. Хуучин төрсний болон гэрлэлтийн гэх мэт бүх бүртгэл нь тус, тусдаа байсан. Иргэдийнхээ мэдээллийг цэгцэлсний дараа өөрийнх нь хурууны хээ болон зургаар нь баримтжуулсан. Ингээд иргэн бүрийн мэдээлэл зөв болсон. Үүний үр дүнд 682 мянган зөрчлийг арилгасан. Монгол улсын бүх иргэн зөрчилгүй мэдээлэлтэй болж, цахим сантай болсон. Мөн цахим үнэмлэхийг иргэдэд өгсөн. Энэ бол бүртгэлийн томоохон шинэчлэл байсан юм. Мөн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд томоохон шинэчлэл хийж цахимжуулсан. 2011 онд гадаад паспортыг чиптэй буюу цахимжуулах асуудал яригдсан. Ингээд тухайн үед Гадаад хэргийн яам болон миний тушаалаар техник, технологийн бүх шийдлүүдийг нь гаргаад шийдвэрлэсэн. Үүнээс хойш долоон жил өнгөрсөн. Гэтэл яагаад энэ ажил удаашраад байгаа юм. Хийхэд хэцүү ажил биш шүү дээ. Уг нь энэ ажлын суурийг тавиад шийдвэрлэчихсэн.  Манай улсын иргэд гадаад улс оронд зорчиход бэрхшээлтэй болж байна. Сунгалт хийсэн ч сунгалтыг нь уншдаг аппарат дэлхийд байхгүй боллоо. Долоон жилийн өмнө шийдвэрлэсэн ажил удааширч байгаад харамсаж байна. Нөгөөтэйгүүр одоо тендерт шалгарсан Унгарын компанийг эргэн харах шаардлагатай байна. Дэлхийд бүртгэл хийдэг тэргүүлэх хэд, хэдэн компани байна. Зөвхөн цаас үйлдвэрлэдэг бэлдэц хийдэг компанийг сонгон шалгаруулсан байна. Богино хугацаанд энэ ажлыг хийх хэрэгтэй байна. Улсын бүртгэл дээр үүсээд буй хэцүү хүнд асуудлыг шийдэх боломж бий. Иргэдийг өвлийн хүйтэнд олон цагаар гадаа зогсоож болохгүй. Ер нь шуурхай, сэтгэлтэй, хурдацтай, техник технологид суурилсан ажил манай улсын бүртгэлийн ажилд дутагдаад байна. Иргэн өөрийнхөө тухай мэдээллийг өөрөө олох гэж гүйгээд байж болохгүй. Уг нь тухайн иргэний мэдээлэл нь цахим бүртгэлд байгаа шүү дээ. Төрд иргэний мэдээлэл нь байхад нь дахин өөрийнх нь мэдээллийг олуулахаар гүйлгээд байж болохгүй" гэлээ. 

Р.Содхүү: Бид шуурхай ажиллаж байгаа 

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга P.Содхүү “Засгийн газраас дэвшүүлсэн "Нэг иргэн-Нэг бүртгэл” зорилтын хүрээнд бүртгэлийн байгууллагыг цахимжуулах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр түргэн шуурхай хангахаар ажиллаж байна. Хуулийн гол агуулга бол бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаа цахимжуулах явдал юм. Бэлтгэл ажилд нэг жил 4 сар зарцуулсан. Сая бид АНУ яваад ирлээ. Тэнд 6 долоо хоногийн дараа гадаад паспорт олгодог юм байна. Манай газрын хувьд гадаад паспортыг 7 хоногийн хугацаанд, яаралтай бол 3 хоногт багтаан гаргаж байна. Иймд манай байгууллага шуурхай байдлыг хангаж ажиллаж байгаа гэж хэлж болно. Бид 1.4 жил бүртгэлээ цахимжуулах үүднээс техникийн шинэчлэл хийсэн. “Монгол Улсын ой санамж 1, 2, 3” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Иргэний бүртгэлийн газарт иргэдийн оочер дугаар  их байгаа гэдэг. 2016 онд бид иргэний үнэмлэх, гадаад паспортын бэлдэц байгаагүй учир 45 хоногоор саатаж байсан. Одоо 7 хоногийн дотор паспорт гарч байгаа. Яаралтайгаар гурав хоногийн дотор паспортыг гаргана. Бид шуурхай үйлчилгээр бүрдүүлж чадсан. Манайтай аюулгүй байдлыг хангах үүднээс хамтарч ажилладаг байгууллагуудтай зарим мэдээллийг нууцлалын дагуу цахимаар авч байгаа" гэсэн хариултыг өгсөн юм.

Ц.Мөнх-Оргил: Хөгжилтэй орнууд цаасан бүртгэл рүүгээ эргэж шилжиж байгаа юм билээ шүү

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Агентлагийн тоог цөөрүүлэх үүднээс хүчээр Оюуны өмчийн газрыг улсын бүртгэлтэй нийлүүлсэн. Энэ хоёр байгууллага нь өөр өөр статустай. Хоёр өөр байгууллагыг нийлүүлснээр үүсч буй асуудал юу байна. Уг нь эдгээр байгууллагыг аль болох эрт тус тусад нь ажиллуулах хэрэгтэй. Японы нэг хот хакердуулснаар бүртгэл устсан байсан. Уг нь хөгжилтэй орнууд цаасан бүртгэл рүүгээ эргэж шилжиж байгаа юм билээ шүү” гэв. 

Ц.Нямдорж: Оюуны өмчийн газрын бие даасан статусыг сэргээхээр УИХ-д оруулж ирнэ

 Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Оюуны өмчийн газрыг бүртгэлийн байгууллагатай нийлүүлсэн нь буруу. Би хавраас энэ хоёр байгууллагыг салгаж, Оюуны өмчийн газрын бие даасан статусыг сэргээхээр УИХ-д оруулж ирнэ. Цахим орчин найдвартай биш, устах магадлал өндөр. Тиймээс цаасан бүртгэл хэвээр цааш үргэлжилнэ. Уг нь энэ байх ёстой. Ном журмаараа байдаг юмыг буулгаад дахиад сэргээдэг нялхсын өвчин биднээс салахгүй байгаа. Дотоодын цэргийг нэгтгэчихээд дахиад салгаж байна. Оюуны өмчийн  газрын бие даасан хэлбэрийг сэргээх ёстой. Хавраас энэ хуулийн төслийг оруулж ирнэ.Цаашид төр тогтвортой,суурьтай байсан нь дээр. Мэдээлэл өгөх нь онлайнаар явдаг юм байгаа биз. Бүртгэл цаасан дээр явах хэрэгтэй.  Германд явж байхад 200-300 жилийн өмнө байшингийн бүртгэл хийж байсан. Ингэхдээ бичгийн машинаар биш гараар бичиж байсан. Цахим орчин тийм ч найдвартай биш. Хакердвал юу ч үгүй болно" гэлээ. 

Б.Дэлгэрсайхан: Эд хөрөнгийн бүртгэлийн байцаагчийг суманд ажиллуулаачээ 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Манай улс хүнээ бүртгэж чадаж байна уу. Жишээ нь, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 17мянган оршин суугч байгаа. Өдөртөө орж гардагтайгаа нийлээд 30 мянган иргэн байдаг. Дээр нь  эд хөрөнгийн бүртгэлийн байцаагч аймагт л байна. Суманд ажиллуулаач ээ" гэв. 

Р.Содхүү: Орон тоог нэмэхгүй 

ОӨУБЕГ-ын  дарга Р.Содхүү "Миний харъяанд 27 байцаагч ажилладаг. Орон тоог цаашид нэмэхгүй гэсэн. Аймгуудад эд хөрөнгийн байцаагч байгаа. Үүн дээр үл хөдлөх хөрөнгийн байцаагчийн орон тоо гарсан. Гэхдээ бид  орон тоогоо нэмэхгүйгээр зохицуулж байна. Суманд хөдлөх хөрөнгийн байцаагч байхгүй" гэлээ. 

Н.АДЪЯАСҮРЭН: Амьдарч буй газрыг маань БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид өмчлүүлсэн байна 

Нийслэлийн ИТХ-аас өчигдөр (2018.01.22) төр ба иргэдийн төлөөллүүд оролцсон нэгэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ бол “Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлэг юм. Хэлэлцүүлгийн панелистаар санаачлагч байгууллагыг төлөөлж нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Өргөдөл, гомдлын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Б.Батнасан, Ё.Цацралтуяа, төрийн бус байгууллагынхан болон судлаачид оролцлоо. Харин Улаанбаатар хотын дүүрэг бүрээс 1000 гаруй иргэн хэлэлцүүлгийг зорин ирж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Өнөөдрийг хүртэл зохион байгуулалтгүй, нэгдсэн төлөвлөгөөгүйгээр олгосоор ирсэн газартай холбоотой асуудлыг бүгдээрээ сайн мэдэж байгаа. Бодит нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг нууж хааж, хаацайлахгүйгээр ажил хэрэгч, зарчимч байдлаар хэлэлцэж, илэн далангүй ярилцаж, шийдлийг нь гаргахад иргэдийн оролцоо, идэвх санаачилга, албан тушаалтнуудын хариуцлага, бүтээмж, итгэл сэтгэл, хамтын хүч нэн чухал. Талуудын хамтын хүчээр бид энэ бүхнийг шийдвэрлэж чадна” хэмээн хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ онцлов. Тэгвэл хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн олонхи нь газрын албаныхны хүнд суртал, ёс зүй, авлига, шийдвэр гаргаж чаддаггүй удаж хүмүүсийг хэрхэн чирэгдүүлдэг тухайд тодорхой баримт, жишээтэйгээр дурдаж, бухимдлаа илэрхийлж байлаа. Тэд “Бид тендер гуйгаагүй. “Уурхайн лиценз өгөөч” гээгүй. Алгын чинээхэн газартай болох гэж албан тушаалтнуудын үүдийг сахиж, асуудлаа шийдүүлж чадахгүй олон жил болж байна” гэх зэргээр өөрсдөдөө тулгарч буй асуудлуудыг УИХ-ын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга болон газрын албаныханд ний нуугүй хэлж, өргөдөл гомдлоо ч тэдэнд гардуулж өглөө. Хэлэлцүүлгийн нэр хэдийгээр “Газрын харилцаа” ч төр ба жирийн иргэдийн төлөөллүүд нүүр тулан уулзаж, төрийн албан хаагчдын ёс зүй, авлигад идэгдсэн байдал, танил тал, мөнгөтэй хүмүүсийн талд асуудлыг шуурхай шийддэг, жирийн иргэдийн өргөдөл гомдлыг үл ойшоодог зэрэг олон жил бугшсан сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог байв. Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд оролцсон зарим иргэний байр суурийг хүлээн авна уу.

Сонгинохайрхан дүүрэг, Жаргалант тосгоны иргэн О.Баярцэцэг: -Монголын ан амьтан, ургамал, гол горхийг хамгаалах үндэсний төв маань нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, 230 гаруй гишүүнтэй төрийн бус байгууллага. Бид 50 га газарт малын ногоон тэжээл тариалдаг. Өөрөөр хэлбэл, Жаргалантын аманд 30 гаруй жил нутаглаж, мал аж ахуй, газар тариалан эрхэлж байна. Гэвч тариалангийнхаа талбайг өмчлөх гээд 2010 онд Сонгинохайрхан дүүргийн холбогдох албаныханд хүсэлт өгсөн ч бичиг баримт маань алга болсон. Ингээд асууж сураглатал өөр хүний нэр дээр, хууль бусаар гэрчилгээ нь гарчихсан байсан юм. 2010 оны долдугаар сард буюу баярын өдөр 255 тоот захирамжаар гэрчилгээг нь бичсэн байдаг. Малын тэжээл тариалдаг газрыг маань ийнхүү хууль бусаар өөр хүний нэр дээр олгосонд бид гомдол гаргаж АТГ-т шалгуулсан. АТГ шалгах үеэр “Газрын тухай хуулийн зарим заалтад заасны дагуу дуудлага худалдаа буюу төсөл, тендер шалгаруулж олгох ёстой газрыг иргэн хүнд хууль бусаар 22, 22 га газраар нь олгосон байна” гэдэг нь нотлогдсон. Тэр дагуу бид газраа хууль журмын дагуу өмчлөх хүсэлтээ л тавьж байгаа. Харамсалтай нь 2010 онд өгсөн бичиг баримт маань алга болсон учраас 2011 онд Сонгинохайрхайн дүүргийн ИТХ-ын даргад 2011 онд дахин шинээр гаргаж өгсөн боловч цааш нь өөр хүнд уламжилж, бичиг баримт дахиад алга болсон. Өнөөдрийн байдлаар, тухайн үед ажиллаж байсан байцаагч нь одоо байхгүй, бид асуудлаа шийдүүлж чадахгүй өдийг хүрлээ.  

Баянзүрх дүүргийн XI хорооны иргэн Н.Адъяасүрэн: -Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргын тушаалаар 2006 оны есдүгээр сарын 2-нд би байгаль хамгаалагчаар ажилласан. Тус газраас одоо амьдарч байгаа газрыг маань зааж өгсөн юм. Миний хувьд, ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2013 тэтгэвэрт гарсан. Байгууллагаас “Энэ газрыг танд өгнө. Газрын албанд хандаад өөрийн болгож ав” гэсэн. Гэвч өөрийн гэсэн газартай болох гэж 11 жил хөөцөлдөөд бүтдэггүй. Байгаль хамгаалах ажил хийж байсан хүн өнөөдөр алга дарам газаргүй боллоо. Үүнд л харамсдаг. Асууж сурагласан чинь газрыг маань хувийн компанид өгсөн, очих болгонд “Өгнө, өгнө” гэж өргөдөл хүлээж авдаг. Жил бүр л өргөдөл өгдөг ч хариу өгөхгүй байсаар байгаад 2012 онд “Газрыг чинь БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид өгсөн. Танд өгөх боломжгүй” гэдэг хариу өгсөн. Тэр газарт зөвхөн манайх биш, олон айл бий. Баянзүрх дүүргийн Газрын албанд бидний өргөдөл одоо ч байгаа. Гэтэл саяхан нэгэн сонинд нөгөө газрыг маань зарах тухай зар гарсан байна. Газрыг ингэж наймаалцаж, компанид өмчлүүлсэн нэрээр жирийн иргэдийг хохироож байна шүү дээ.   

Хан-Уул дүүргийн XVI хорооны иргэн Д.Эрдэнэбулган: -Хан-Уул дүүргийн Х хороо буюу Морингийн даваанд газар эзэмших хүсэлтээ 2013 онд өгсөн. Гэвч тухайн үед иргэдэд өмчлүүлэх 52 байршлын нэгээр тодорхойлж, ерөнхий төлөвлөгөөнд тусгасан ч нийслэлийн Орон сууцны корпорацийн мэдэлд бүрэн хэмжээгээр очсон байсан. Бид зохих шатны дарга нарт өргөдөл хүсэлтээ өгсөн. Нийслэлийн ИТХ-аас “Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь маш зөв. Хууль эрх зүйн орчин нь байна. Гэвч төрийн холбогдох албан тушаалтнууд иргэдийг хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээрт тавьж байгаа нь учир дутагдалтай.

Сүхбаатар дүүргийн V хорооны иргэн Ч.Энхцэцэг: -Манай Туул зөрлөгт зуслангийн байртай. Зуслангийн гэрчилгээ гэж түр гэрчилгээ олгосон. Тийм учраас “Газрыг маань хувьчилж гэрчилгээ олгож өгөөч” гэдэг хүсэлт тавьж байгаа. Энэ газар үр хүүхдүүдэд маань үлдэх ёстой. Газрыг маань өмчлүүлэлгүй түр гэрчилгээ олгосон учраас хүндрэлтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны иргэн Т.Лхамсүрэн: –Бид дүүргийнхээ Шарцэцэгтийн аманд 30-35 жил амьдарч байна. Эрүүл хүнс үйлдвэрлэж, мал аж ахуй эрхэлдэг 70-80 гаруй настай хэдэн хөгшин байдаг юм. Мал бүхий иргэдийг хотын төвөөс гаргаж байгаа нь малын гоц халдварт өвчин зэргээс сэргийлж буйг ойлгож байна. Гэхдээ манай тэнд хүний ч, малын ч өвчин гараагүй. Эрчимжсэн мал аж ахуйгаа хөгжүүлж, биднээс суралцаад дассан нутаг усанд минь үлдээж өгөөсэй гэж хэлэх гэж хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн.  

Н2 ангиллын визэнд зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч бүртгүүлээрэй 

 

АНУ-ын улирлын чанартай H-2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс орсон тухай АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо. 

Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг. 

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг. 2018 оны жагсаалтаас Хайти, Белиз, Самоа зэрэг улс хасагдсан болно. 

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна. Тодорхой болмогц олон нийтэд мэдээлэх болно. 

Энэ дашрамд олон нийтэд анхааруулахад Н2 ангиллын виз олгож эхэлнэ гэж зарласны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье. 

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР 

Оюутолгойд хууль бусаар ажиллаж байсан гадаадын иргэдийг албадан гаргажээ 

Оюутолгойд хууль бусаар ажиллаж байсан гадаадын иргэдийг албадан гаргажээ. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, гадаад иргэдийн баримт бичигт хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулсан байна. Уг шалгалтад “Оюутолгой”, “М Си Эс интернэйшнл”, “М Си Эс проперти”, “Медика Монголиа”, “Мөнх ноён суварга” зэрэг нийт 36 аж ахуйн нэгж, байгууллагын 449 гадаадын иргэн хууль бусаар ажиллаж байсан нь тогтоогдсон байна. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Тайландын Вант Улсын нэр бүхий тав, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Канад Улсын нэр бүхий ес, Австрали Улсын нэр бүхий найм, АНУ-ын нэр бүхий арван, БНХАУ-ын нэр бүхий дөрвөн, ХБНГУ-ын нэр бүхий нэг, Шинэ Зеланд Улсын нэр бүхий нэг иргэн тус бүрийг гурван жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргасан байна. 

З.Нарантуяа: У.Хүрэлсүхийн Засгийн газар маш сул ажилласан 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа зах болон ШТС-уудаар явж үнийн судалгаа хийсэн байна. Энэ талаар болон бусад асуудлаар түүнээс тодруулга авлаа. 

-    Та захууд болон ШТС-уудаар явж үнийн судалгаа хийсэн гэсэн. Бодит нөхцөл байдалд ажиллаад та ямар дүгнэлтэнд хүрсэн бэ? 

-   АИ 98 160 төгрөг, АИ 95 150 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэхдээ ШТС-иуд АИ 95, АИ 98 бензинийг чөлөөтэй олгож байна. Дизель, АИ 92 бензиний үнэ нэмэгдээгүй ч хязгаарлагдмал олгож байна. Зарим ШТС-иуд тодорхой цагт өгчихөөд бусад үед нь өгөхгүй байна. Энэ бол зах зээлд шатахууны хомсдол үүсгэх эхний шинж тэмдэг юм. Засгийн газраас ажлын хэсэг гараад нефть импортлогч компаниудтайгаа ярилцаж байгаа гэсэн. Уул уурхайн дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсгийнхэн нефть импортлогч компаниудтайгаа ярилцаад АИ 98, АИ 95, дизель түлшний үнийг нэмэх санал гаргаж байгаа юм байна лээ. Нийтлэг бус хэрэглээ учраас олон хүний амьдралд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа юм байна. Гэтэл дизель түлшний үнэ 100 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Хөдөө орон нутагт хэрэглэгддэг портер гэх машинуудын ихэнх нь дизель түлшээр явдаг. Уул, уурхайн компаниудын машинууд мөн хэрэглэнэ. Тэгэхээр үнийн нэмэгдлийн шок нь компаниуд болон иргэдийн нэгээхэн хэсэгт нь ирэхээр байгаа юм. Нефть импортлогч компаниудын зүгээс литр тутамд 300 гаруй төгрөгөөр үнээ нэмэхээс өөр аргагүй гэх тайлбарыг хийж байгаа. Тус 300 төгрөгний 100 нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Харин үлдсэн 200 төгрөг нь цэвэр импортын татвараас үүдэлтэй нэмэгдэл гэж тайлбарлаж байгаа. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнтэй давхцуулж татвараа нэмсэн нь хоёр давхар дарамтыг үүсгээд байна. Гадаад зах зээл, дотоод нөхцөлөө  сайн тооцоолсонгүй. Хэрвээ Засгийн газар татвараа бууруулбал шатахууны үнийн 300 төгрөгийн нэмэгдлийн 200 төгрөгийг хасах боломжтой  харагдаж байна. Тэгэхээр шатахууны онцгой албан татварыг нь нэмсэн нь цагаа олоогүй, бодит судалгаагүй байсан нь одоо харагдаж байна. Тиймээс Засгийн газар ямар зохицуулалт хийж болох талаар нефть импортлогч компаниудтайгаа ярилцах хэрэгтэй. Эцсийн дүндээ зөв цагт, зөв судалгаатай шийдвэр гаргахгүй бол ямар хор хөнөөлд хүрч болохыг үүнээс харж болно. Цагаан сар дөхөж буй энэ үед бүх барааны үнэ дагаад нэмэгдэнэ. Ард иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэнэ. Тэгэхээр Засгийн газар ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй. Шатахууны үнийг дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Гурил 90-120 төгрөгөөр, мах 1000 төгрөгөөр нэмэгдэж, нийлүүлэлтийн хомсдол үүссэн байна.


- Танай намын бүлгээс Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүлсэн. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол ямар алхам хийх вэ? 

-  Хэрэв эрх баригчдын хэлж байгаачлан 40-41 хоногийн нөөцтэй, эдийн засгийн өсөлттэй, дөрвөн тэрбум ам.долларын валютын нөөцтэй нь үнэн бол шатахууны хомсдол, үнийн өсөлт үүсэхгүй. Ерөнхий сайдад долоон төрлийн татвартай холбоотой асуудлаа 2 дугаар сарын 1-ний дотор шийдэх шаардлага хүргүүлсэн. Үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэсэн саналыг манай бүлгээс гаргаж байгаа. 

- Засгийн газрын зүгээс ОУВС-ийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд шатахууныг нэмж байна гэж тайлбарлаж байгаа? 

-  ОУВС-тай байгуулсан гэрээг  уншихад онцгойлон шатахууны онцгой албан татварыг нэм гэсэн утгатай үг, өгүүлбэр байгаагүй. Ерөнхийдөө татварын бааз сууриа өргөжүүл, боломжтой нөхцлөөр шинэчлэл хийх шаардлагыг тавьсан. Харин манай Засгийн газар зөрүүлээд энэ хүрээнд тийм татварыг нэмэх боломжтой  гэдэг саналыг хэлсэн байна. Засгийн газар татвар нэмэх хуулиудаа батлуулахын тулд УИХ-д айдаг мангас тулгасан шиг болохоос биш хүн амын онцгой албан татварыг нэм, шатахууны онцгой албан татварыг нэм гэж ОУВС-аас хэлээгүй. Татвар төлж буй хэсэг ААН, байгууллага, хувь хүнээ л чангалаад байх нь буруу бодлого юм. Татвар тайлагнадаггүй газрууд болон далд эдийн засагт эргэлдэж буй хөрөнгийг илрүүлж татвар ногдуулдаг болоход Засгийн газар анхаарах ёстой. Тэгвэл нийт татварын бааз суурь өргөжинө шүү дээ. Долоон төрлийн татварыг татвар төлдөг хүмүүс л төлнө биз дээ. Бид хуримтлалтай дундаж давхрагын хүнийг олноор бий болгох зорилготой. Төр өөрөө бүх хүнийг ажлын байраар хангаж чадахгүй. Харин хуримтлалтай хүмүүс эргээд ажлын байрыг бий  болгодог. Жижиг бичил бизнестэй болж хөгжинө. Тэгэхээр тэр хүмүүсээ татвараар дарамтлахгүй байх нь зөв алхам. Энэ хямралтай үед нэг ч гэсэн хүний ажлаас нь салгахгүй байх нь бидний үүрэг. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар маш сул ажилласан. Томоохон, шийдвэртэй алхмуудыг гаргах байх гэсэн хүлээлт байсан. Харамсалтай нь хүлээсэн хэмжээнд ажиллаж чадсангүй. Эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах, хямралаас гаргах томоохон төслүүдийг явуулсангүй. Экспортын орлогыг дорвитой нэмж чадсангүй. Энэ талаар би удахгүй тусдаа мэдээлэл өгөх болно. 

 

-  Өнгөрсөн долоо хоногт банкны хууль хэлэлцэгдэхэд зээлийн хүүг бууруулах гол заалт нь унасан. Энэ заалт унах шалтгаан юу байв? 

-   Монгол банкнаас уг хуулийн төслийг УИХ-д өргөн барихад зээлийн хүүг бууруулна гэсэн заалт байгаагүй. Засгийн газрын хуралдаанаар оруулахад нь зээлийн хүүг бууруулах утгатай заалт нэмсэн юм байна лээ. Тэр төслийг нь Монгол банкныхан хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Монгол банк зээлийн хүүг захиргааны аргаар бус макро эдийн засгийнх нь бусад нөхцөл, цогц арга хэмжээгээр бууруулахаар үндсэн чиглэлд багтсан УИХ-ын тогтоолд даалгаад өгсөн учир дэмжихгүй байна гэдгээ илэрхийлсэн юм байна лээ. Тэднийг уг саналыг эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх шатанд дэмжээд Засгийн газар руу төслийг нь буцаасан юм байна лээ. 

-  У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоног энэ долоо хоногт тохиож байна. Та хувь гишүүнийхээ хувьд энэ Засгийн газрыг ямар ажилласан гэж дүгнэж байгаа вэ? 

-   Маш сул ажилласан. Томоохон, шийдвэртэй алхмуудыг гаргах байх гэсэн хүлээлт байсан. Харамсалтай нь хүлээсэн хэмжээнд ажиллаж чадсангүй. Эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах, хямралаас гаргах томоохон төслүүдийг явуулсангүй. Экспортын орлогыг дорвитой нэмж чадсангүй. Энэ талаар би удахгүй тусдаа мэдээлэл өгөх болно. 

Б.Наранхүүг эгүүлэн татах хүсэлтийг дахин гаргав

УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ.

Тэгвэл энэ асуудал шийдэгдэхгүй удааширч байгаатай холбогдуулан хуульч Д.Миеэгомбо өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд дараах хүсэлтийг гаргасныг бид та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт

Хүсэлт хүргүүлэх тухай

Монгол Улсын иргэн Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо бид Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүүд холбогдуулж түүнийг Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэлийг тогтоолгохоор 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл хүргүүлсэн билээ. Бидний хүргүүлсэн мэдээллийн дагуу Цэцийн гишүүн Н.Жанцан шалгалтын ажлыг хийж байгаа.

Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Цэц мэдээллийг хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд шалгаж маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэх ёстой. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар маргаан үүсгээгүй, харин шалгалтын ажлыг 30 хоногоор сунгасан гэдэг тайлбарыг (Н.Жанцан гишүүний туслах) өгч байна. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн сунгасан гэж тайлбарлаж байна. Энэ заалт нь маргаан үүсгэсний дараа, маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа сунгахаар журамлажээ. Үүнийг буруу хэрэглэж хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр маргаан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан нь,

1.УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой мэдээллийг шалгаж маргаан үүсгэхгүй саатуулж үндэслэлгүйгээр сунгасан.

2. Мөн, Б.Наранхүүтэй үнэт эдлэлийн худалдааг удаа дараа хийж байсан талаарх дараах мэдээлэл байгаа юм. Тухайлбал, энэ асуудлыг шалгахаас өмнө, Б.Наранхүүд 450 (дөрвөн зуун тавь) сая төгрөгөөр тариан түрүүтэй манан хөөрөг худалдаж худалдан авч байсан гэсэн мэдээлэл байна.

Хэрэв зээ, Н.Жанцан нь Б.Наранхүүтэй танил бөгөөд үнэт эдлэлийн худалдааны харилцаанд оролцож байсан нь үнэн бол Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т: "Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэнэ" гэснийг хэрэгжүүлэхэд бодит саад үүсгэж болзошгүй юм. Цэцэд уг асуудлаар нэгэнт маргаан үүсвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг татгалзах хуулийн нарийн зохицуулалт руу орох ба энд маргааны оролцогчдын хувийн харилцааг нарийвчлан заагаагүй, зөвхөн садан төрлийн холбоог заасан байдаг.

Иймд, Та Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т заасан "Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах..." гэсэн үндсэн чиг үүрэгтэй байдгийг хэрэгжүүлж мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-т заасан "Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг баримтлан Н.Жанцанг өөрчилж УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй хувийн харилцаа, холбоогүй Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр шалгалтын ажиллагааг хийлгэхийг хүсье.

Хүсэлт гаргасан,

Д.Миеэгомбо

Цасан боогдсон иргэд осгосон байдалтай байхад нь олжээ 

Нийслэлийн Багахангай дүүргийн нэгдүгээр хороод оршин суугч хоёр иргэн малдаа яваа сураггүй боллоо гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдөр тус дүүргийн аврах ангид ирсэн байна. Уг мэдээллийн дагуу эрэн хайх үйл ажиллагаа явуулж иргэдийг олжээ. Малчид машинтайгаа цасан боогдож, осгосон байдалтай байсныг нь аварч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим газраар цасан шуурга шуурах төлөвтэй байгаа учраас холбогдох байгууллагууд  малчид ард иргэд, жолооч, тээвэрчид машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж замд харахыг анхааруулж байна. Мөн онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг анхааруулав.  

М.МӨНХШҮР: Хилээр их хэмжээний алт оруулж ирсэн хоёр иргэнийг шалгаж байгаа 

Япон улсаас ихээхэн хэмжээний алт оруулж ирсэн гэх хэрэгт монгол залуус холбогдсон хэрэг оны өмнөхөн гарсан билээ. Эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар эх сурвалж онцолсон юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлийн төвийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхшүрээс тодрууллаа. 

-Хилээр их хэмжээний аль орж ирсэн гэсэн мэдээлэл оны өмнөхөн мэдээлэл гараад байсан. Хэргийг шалгах үйл явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах, хулгайн гэмт хэргийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэчихсэн шалгаж байна. Одоогоор хэрэгт холбогдон эжиглэгдэж байгаа хүмүүсийг шалгаж байгаа. 

-Хэрэг монгол улсын иргэд холбогдсон гэсэн. Хэдээс хэдэн насны хүмүүс вэ?

-Хэрэгт холбогдуулан Б, Н нарыг холбогдуулан шалгаж байна. Энэ хүмүүс япон улс руу ажил хийнэ гэж гарсан иргэд байгаа. 

-Хэрэгт холбогдсон этгээдүүдэд ямар хуулийн хариуцлага ногдуулах вэ?

-Эрүүгийн шинэчилсэн хуулийн 17.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжсэн.  17.1 дүгээр зүйл.Хулгайлах. 1. хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл ногдуулах хуулийн заалттай. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл