8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнхнасан: Би ганцхан зарчим тавьж байгаа. Сахилга хариуцлагатай байх ёстой

Сэтгүүлч Б.Анхтуяа
2018-01-24 09:01:00

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлаа.

Би төсвийн мөнгөөр машин аваагүй

-Энэ жил ихэнхи аймгуудад өвөлжилт хүндэрч байна. Архангай аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ерөнхийдөө бүх суманд цас орсон, өвөлжилт хүндэрч байна. Энэ зун газрын гарц муутай байсан. Намар нэлээд бараан байгаад өвс нь нэлээд хугарсан дээрээс нь цас орсон. Тийм учраас энэ өвөл мал идэх өвсгүй өвөлжилт хүндэрч байна.

-Засгийн газрын зүгээс өвөлжилт хүндэрсэн аймгуудад үнэгүй өвс тараана гэж байсан. Энэ хөнгөлттэй өвс танай аймагт очих уу?

-Ам мэдээгээр манай аймгийн 14 сум орж байгаа гэсэн мэдээтэй байна. Засгийн газрын шийдвэр албажиж гараагүй байна гэсэн. Бид нар бас тэр шийдвэрийг хүлээгээд байж байна. Бид нар өөрт байгаа 320 тонн өвсөө өвөлжилт хүндэрсэн сумдуудад хямдруулаад 5000 төгрөгөөр өгөөд дуусчихсан. Тэжээлийн хувьд Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд  хямд үнэтэй тэмжээлээ олгож байгаа. Өвс нэлээд дутагдалтай байна. Засгийн газрын шийдвэр гарах байх гээд бид нар энд бэлтгэлээ базаагаад байж байна.

-Уржигдар Архангай аймгаас ирсэн иргэд мэдээлэл хийсэн. Таныг хууль бус шийдвэр гаргаж ажлаас халсан, хүн халахаас өөр ажил хийдэггүй гэсэн мэдээлэл хийсэн. Та тэдгээр хүмүүсийг ямар шалтгаанаар халсан юм бэ?

-Хүн болгон дээр өөр өөр шалтгаантай байгаа. Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргалын хувьд миний өмнөх Засаг дарга асан  Бат-Эрдэнэ захирамж шийдвэр гаргахдаа “Д.Мөнхжаргалыг Спортын төрөлжсөн сургалттай, Ерөнхий боловсролын сургуулийн захиралаар түр томилоод, сонгон шалгаруулалт зарлахыг тухайн үеийн Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга, Боловсрол соёлын газрын хэлтэсийн даргад үүрэг болгосон юм байна лээ. Тэр дагуу сонгон шалгаруулалт зарлагдаад явж байгаа.

Хөгжимт драмын театрын дарга асан  Ж.Нямсүрэнгийн хувьд мөн сонгон шалгаруулалтгүй томилогдсон. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу төрийн үйлчилгээ албан хаагчийг тухайн албан тушаал дээр нь сонгон шалгаруулалт явуулж, томил гэсэн ийм шийдвэртэй. Энэ дагуу дахин сонгон шалгаруулалт зарласан. Ахин сонгон шалгаруулалтад ороод тэнцээд ажилд томилогдоод явах шийдвэр нь нээлттэй байгаа. Одоо байгаа энэ ажлын байраа аль болох нээлттэй зарлаад мэдлэг чадвараараа өрсөлдөөд шалгарсан хүн нь  дарга болох бодит зарчим байх ёстой гэсэн ийм шийдвэртэй байгаа. Өмнө нь бас сонгон шалгаруулалтаар ороогүй байсан хэд хэдэн газрууд ахин сонгон шалгаруулалт явагдсан. Зарим нь ажлаа хийж байсан хүмүүс нь сонгон шалгаруултад ороод буцаж тэнцээд ажиллаж байгаа ч хүн байгаа.

-Эдгээр хүмүүс мэдээлэл хийхдээ АН-ыг Засаг барьж байх үед ажилд орсон гэдэг шалтгаанаар халсан гэсэн мэдээллийг өгөөд байгаа л даа. Жишээ нь Хөгжимт драмын театрын дарга асан  Ж.Нямсүрэнг ямар шалтгаанаар халсан бэ. Гурван нялх хүүхэдтэй хүнийг халсан гэсэн мэдээлэл өгсөн?

-Энэ хүн өөрөө уран сайхны удирдаач, Хөгжимт драмын театрын даргын албан тушаалыг хавсраад хийж байсан юм байна лээ. Тэгээд сонгон шалгаруулалт хийгээд өөрийг нь уран сайхны удирдаачаар томилсон. Тэр ажлаа өөрөө хийгээгүй хаяад явсан. Тэгээд томилогдсон дарга нь ажилдаа ирэхгүй болохоор нь халсан юм байна. Зүгээр байхад халсан гээд зөндөө зүйл ярьсан. Юу гэж нялх хүүхэдтэй, жирэмсэн хүнийг ажлаас халах вэ. Энэ чинь хуультай. Хууль дүрмийнхээ дагуу явна. Хуулийг хэрэгжүүлэх үүднээс төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу төрийн үйлчилгээний удирдах албан тушаал дээр сонгон шалгаруулалт хийдэг. Энэ дагуу сонгон шалгаруулалт зарлаад явуулж байгаа.

Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал асан Г.Баярбатын хувьд аймгийн засаг дарга, сумын засаг дарга, боловсролын газрын дарга, сургуулийн захирал гээд дөрвөлсөн гэрээтэй ажиллаж байсан. Тэр дагуу сум, боловсролын газар нь үнэлээд  “таньтай гэрээ байгуулсан энэ албан тушаалтан ийм байна гээд үнэлгээ хийсэн юм байна. Тус үнэлгээгээр ажил нь 40%-тай муу гарсан. Мөн санхүүгийн аудитын шалгалтаар тодорхой хэмжээний санхүүгийн зөрчил гарсан. Тэр дагуу хариуцлага тооцож ажлаасаа халагдсан. Өөрийнхөө оронд мэргэжил боловсролгүй хүн томилогдсон гэсэн зүйл ярьж байна лээ. Харин ч МУИС-д багшилж байсан доктор хүн сонгон шалгаруултад ороод тэнцээд захирал болсон. Сум орон нутагт боловсролын доктор байна гэдэг бол ховор.

“Ундарга” орон нутгийн компанийн захирал Б.Булганчимэгийн хувьд бас л зүгээр байхад нь халсан гэсэн зүйл яриад байгаа. Б.Булганчимэгт АТГ-аас  энэ хүнийг ажлаас 2,3 удаа шаардлага ирсэн. Мөн дээрээс нь аймгийн аудитын газраас гурван жил дараалан хязгаарлалттай дүгнэлт авсан. Энэ хүнд хариуцлага эсвэл ажлыг нь сайжруул гэсэн шаардлага тавьсан. Энэ дагуу ажлаас халагдсан. Мөн Б.Булганчимэгийн хувийн компанитай холбоотой шинэ сум төслийн асуудал, мөн Бөх билэгтийн саадыг хүлээлгэж өгөөгүй гэсэн асуудал нь байгаа. Эдгээр нь сум орон нутгийн шүүхээр явж байгаа. Анх 168 сая төгрөгөөр шийдүүлсэн ажлаа дараа нь дахиад 100 сая төгрөг нэмж шийдүүлээд 268 сая төгрөгөөр зассан нэртэй одоо болтол хүлээлгэж өгөөгүй. Өөрийнхөө компаниар дамжуулаад байгууллагын гэрээгээр “Ундарга” компанийн цэвэр бохир усыг “Монгол Тайван” ХХК гүйцэтгүүлсэн. “Монгол Тайван” ХХК гурван жилийн хугацаанд засварлаж байх үүрэгтэй. Гэтэл тэр үүргээ “Цогт өнжүүл” гэдэг компанид шилжүүлье  гээд 9 сая төгрөгний тоног төхөөрөмж өгөнгүүт нь тэрийг буцаагаад “Ундарга” орон нутгийн компанидаа шахаад мөнгийг авчихсан байсан. Энэ асуудал мөн шүүхийн шатанд явж байгаа.

Намайг одоо бол хүн халдаг хүн гэж ойлгоод байна. Би ганцхан зарчим тавьж байгаа. Сахилга хариуцлагатай байх ёстой, энэ албанд ажлаа хийж байгаа хүн хийж байгаа ажилдаа сэтгэл гаргадаг байх ёстой. Хуульд нийцүүлж хуулийн дагуу шаардлага тавьж байгаа. Түүнээс биш тэр МАН, АН байна уу надад хамаа байхгүй. Өмнө нь ажлаа хийж байсан олон хүн ажлаа хийгээд, хамтарч ажиллаад л явж байна. Үүний цаана ард иргэдэд хүргэдэг төрийн үйлчилгээ тасралтгүй, сайжирч хүрч байх ёстой. Тийм учраас  би шаардлага тавьж ажиллана.

Би орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг авч гадагшаа яваагүй

-Архангай аймгийн ИТХ-ын 31 хүн БНХАУ-ын Шанхай хот руу аялаад ирсэн гэсэн. Та түүнд багтаж явсан уу. 40 сая төгрөгөөр аялаад ирсэн юм уу?

-Туршлага солилцох чиглэлээр хурал зохион байгуулсан. Би аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Төлөөлөгчийнхөө хувьд туршлага солилцох хуралд яваач гэсэн санал тавьсан. Тэр дагуу ЗГХЭГ-т саналаа тавиад, чөлөө өгөх үү гэдэг саналаа хэлсэн. Энэ дагуу надад чөлөө өгөөд төлөөлөгчийнхөө хувиар яваад ирсэн. Аймгийн ИТХ зохион байгуулсан. 30 хүн явж ирсэн. Аль аль нам эсвэлүүд бүгд оролцсон.  Бас намайг гадагшаа их явдаг гэсэн юм ярьсан. Өнөөдрийн байдлаар орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг авч гадагшаа яваагүй. Засгийн газраас зохион байгуулж байгаа аймгийн удирдлагууд оролцох ёстой зөвлөгөөн семинарт оролцож байгаа.

Элэгний С вирусээс салж чадсан ганцхан аймаг нь Архангай аймаг

-Өнгөрсөн оны есдүгээр сард таньтай холбоотой бас нэг дуулиант мэдээлэл гарсан. Төсвийн мөнгөөр Ланд 200 авч унасан. Тус машинтайгаа согтуу явж байгаа осол гаргасан мэдээлэл гарч шуугиад  өнгөрсөн. Та үүнд хариулт өгөхгүй юу?

-Тэр төсвийн мөнгөөр авсан машин биш. Миний машин явахаа байчихсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш наймдугаар сар хүртэл Тамгын газрын даргынхаа машиныг унасан. Тэгээд иргэдийн хурал шийдээд Засаг даргын унааны асуудлыг шийдэж өгсөн. Самарын давсан орлогоос унааны асуудлыг шийдвэрлэсэн. Манай жолоочийн хариуцлагагүй асуудлаас болж осол гарсан. Тэр нь амралтын өдөр байсан. Яг тухайн үед нь би мэдээгүй. Гудамжаар явж байгаад урдах машинаа гүйцэт түрүүлэх үед нөгөөдөх нь гудамж руу орох гэж дараад асуудал үүссэн юм байна лээ. Тэгээд тэр машиныг мөргөөд цааш нь эргэж айлын хашаа мөргөсөн асуудал гарсан. Тухайн жолоочид хариуцлагыг асуудал ярьсан. Дээрээс нь машины эвдрэл гэмтэлийг тэр жолооч өөрөө хариуцаж засварласан. Төсвөөс мөнгө гаргаж засварласан юм байхгүй.Тэр машинд намайг явсан гээд баахан шуугисан. Тэр машинд би яваагүй.

-Та ажлаа хүлээж авсанаас хойш ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

-Бидний хувьд хүндхэн эдийн засгийн хүлээж авсан.Өнгөрсөн жилүүдэд орон нутгийн хөгжлийн сангаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн багадаа 5 тэрбум төгрөг буюу түүнээс дээш 12 тэрбум төгрөгийг жилдээ зарцуулж байсан. Харин бид нэг ч төгрөггүй өнгөрсөн жилийг өнгөрөөсөн. Гэхдээ бид самарын давсан орлогоосоо Архангайд үйлдвэрлэв худалдааны төв, авто тээврийн төвийг барих бүтээн байгуулалт хийж байна. Энэ онд ажлын байрыг нэмэгдүүлэх, ноосны үйлдэврийг байгуулах гэж байна. Сумдуудад үнэгүй байгаа богийн арьсыг боловсруулдаг жижиг цехүүдийг бүх суманд өгсөн байгаа. Үнийн уналтаас хамаарахгүй сум болгонд нэхийгээ боловсруулаад бүтээгдэхүүн хийгээд худалдаалах боломжийг нь бүрдүүлж байгаа. Үйлдвэржлэлтийн чиглэлээр нэлээд ажил хийхээр ажиллаж байна. Архангай аймаг эрүүл мэндийн чиглэлээр гэхэд Элэгний С вирусээс салж чадсан ганцхан аймаг нь Архангай аймаг. Нэлээд зүйлийг хийж байна.