8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуугианы бохирдол гэж юу вэ

2018-01-24 15:55:00

Хотжилт эрчимтэй явагдахын зэрэгцээ шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр Улаанбаатар хотын хүн амын тоо огцом нэмэгдэж, Монгол улсын нийт хүн амын 45% нь нийслэлд амьдарч байна.

 Шуугианы гарал үүсэл олон янз бөгөөд түүнийг ерөнхийд нь хот суурин газар хүн ам ихээхэн төвлөрөн олширсны үр дагавар хэмээн үздэг. Шуугианаар орчин бохирдохуй гэдэгт: хүний амьдрах орчинд тархаж бие, сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн физик гарал үүслийн хувьд өөр өөр бөгөөд далайц ба давтамж нь санамсаргүйгээр өөрчлөгдөх эмх цэгцгүй олон авианы цогц байдлаар ойлгож болно.Шуугианыг үүслийнх нь хувьд байгалийн ба хүний үйл ажиллагаатай холбоотой гэж хуваана.

 

Модны навч сэрчигнэх, ойн салхи шувуудын жиргээ, ан амьтадын дуу, хүрхрээ, аянга цахилгааны нүргээн, галт уулын дэлбэрэлт энэбүхэн байгалийн гаралтай шуугианы эх үүсгүүрүүд болно.

Хүний үйл ажиллагаанаас үүдэптэй шуугианы үүсгүүрүүдэд хүрээлэн буй  орчиндоо шуугиан үүсгэдэг бүхийл техникийн бүрэлдэхүүн хэсгүүд, төхөөрөмжүүд болоод төрөл бүрийн тээврийнхэрэгслүүд орно. Эдгээр үүсгүүрийн  шуугиан хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь түүний түвшин,давтамжийн муж, үйлчлэлийн үргэлжлэл, эд эрхтэнд мэдрэгдэх онцлог зэргээрээ ялгагдана.

Дуу шуугиан нь давтамж, эрчим, ритмээсээ хамаарч хүний эрүүл мэндэд ашигтай (тайвшруулах, эмчилгээний) ба хортой (ядаргаа, цусны даралт ихэсгэх, бухимдал үүсгэх, сонсголын эрхтнийг гэмтээх, механик гэмтэл учруулах) нөлөө үзүүлнэ.

Дууны давтамж, дууны  даралтын түвшний хэмжээнээс хамаараад дууны долгион хүнд мэдрэгдэх нь янз бүр юм. Хүний сонсголын эрхтэн нь 20-20000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Хүмүүсийн ярианы давтамж ойролцоогоор 1000-5000Гц-н хооронд хэлбэлздэгбайна.

Орчныг шуугианаар бохирдуулах гэдэгт тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнөөс үүдэлтэй шуугианыг ихэвчлэн хот төлөвлөлтийг дутуу дулимаг бодож төлөвлөсөнтэй холбон үздэг. Тухайлбал орон сууц, сургууль, эмнэлэг болон бусад олон нийтийн барилга байгууламжуудыг шуугиан буюу дуу тусгаарлах хаалт хийлгүйгээр шууд автозамын дагууд барьж байгуулсан нь оршин суугчдыг шуугианд өртүүлж байна.Дуу шуугианы бохирдол хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг баталсан гадаадын эрдэмтдийн хийсэн олон судалгаа байдаг ба эдгээр судалгаагаар дуу шуугианы бохирдол ихтэй орчинд амьдрах нь хүний сэтгэц болон зүрх судасны тогтолцооны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Жишээ нь 65дБ –ээс дээш  шуугианы бохирдолтой, өндөр ачаалалтай автозамын дагуу амьдардаг оршин суугчдын цусны даралт ихсэх өвчин шуугианы түвшинтэй шууд хамааралтай гарсан байна (Babisch, 2006). Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй шуугиан удаан хугацаагаар үйлчлэхэд нойргүйдэх, хоол боловсруулах эрхтэн хямрах, амтлах болоод харааны мэдрэмж муудах ууртай болох, цочромтгой болох гээд сөрөг үр дагавар ихтэй тул ийм шуугианаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай болно. Байнгын дуу чимээтэй орчинд ажиллаж, хотын төвд амьдардаг хүмүүс нам гүм орчинд байдаг хүмүүстэй харьцуулахад илүү уур уцаартай, аймхай, өөртөө итгэлгүй, гутранги байдаг нь хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон байна. Дуу чимээ ихтэй орчинд анхаарал төвлөрөлт сулрах тул ажлын бүтээмж, сурлагийн чанарт муугаар нөлөөлдөг байна.

Улаанбаатар хотын төв замын дагуух суурьшлын орчинд дуу шуугианы бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг сүүлийн үед хийгдсэн судалгаа харуулж байна.

Дэлхий даяар сүүлийн 30 гаруй жилд хүний амьдрах таатай орчны доройтолд дуу шуугианаар бохирдохуй хэмээх бохирдлын өвөрмөц нэгэн төрөл багагүй хувийг эзлэх болоод байгаа тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй шуугианыг бууруулах техник технологийн арга замыг эрэлхийлж байна.

Эрүүл ахуйн үүднээс шуугиан нь ашигтай дуу авиаг хүлээн авахад саад болж, нам гүм байдлыг алдагдуулах, бие махбодид хортой, цочроох нөлөө үзүүлэх, ажиллах чадварыг бууруулах дуу авианы нийлбэр гэж үздэг.

Дуу шуугианы эрүүл ахуйн норм тогтоох нь богино болон урт хугацааны нөлөөллөөс хүнд үзүүлэх сөрөг өөрчлөлт, өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдах зэргээс сэргийлэх ач холбогдолтой. Хотын дуу шуугианы стандарт хэмжээ өдрийн 07-23 цаг буюу 16 цагийн дундажаар 60 децибелль, шөнийн 23-07 цаг буюу найман цагийн дундажаар 45 децибеллээс хэтрэхгүй байх ёстой.ДЭМБ-ын удирдамж ёсоор хүрээлэн буй орчны дуу чимээ нь унтлагын өрөөнд 30 дБ (А)-ээс бага байхыг нойр хэвийн гүн нойрсолт явагдах, анги танхимд 35 дБ (А)-ээс бага ахйыг хичээл заах болон суралцах тохиромжтой нөхцөл гэж үздэг. ДЭМБ-ын баримталдаг чиг шугамын дагуу шөнийн дуу чимээ нь жилийн дунджаар 40 дБ (А)-ээс бага байх хэрэгтэй гэж санал болгодог.

Өнөөдөр хүн бүхэн агаар, хөрс, усны бохирдлын талаар ярьж, санаа зовдог хэдий ч тэдэнтэй эн зэрэгцэх хор хохирол учруулж болзошгүй шуугианы бохирдлын талаар төдий л мэддэггүй. Харин дэлхийн ихэнх улс орон шуугианы бохирдолтой эрчимтэй тэмцэх болсон бөгөөд доорх аргуудыг ашигладаг байна. Үүнд:

-       Зам, гудамж талбай болон үйлдвэрийн бүсийн газруудад ногоон байгууламжийг ихээр бий болгосноор орчны дуу чимээг шингээх

-       Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах (тээврийн хэрэгслийн дуут дохиог багасгах болон хүнд даацын машины тоог цөөлөх г.м)

-       Дуу чимээ ихтэй үйлдвэрүүд, нисэх онгоцны буудал, төмөр зам, томоохон худалдааны зах болон дэлгүүрүүдийг хотоос хол байлгах

-       Шуугианы бохирдолтой холбоотой хууль, журмуудыг боловсруулж мөрдөх торгууль ногдуулах

-       Орчны дуу шуугианы түвшинг тодорхойлох, хяналт тавих ажлыг тогтмол хийх

-       Хотын төлөвлөлтийг сайн хийх зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг байна.

Хүрээлэн буй орчныг шуугианаас хамгаалах аргыг сонгоход дараах цогц арга хэмжээг авна.

-          Шуугианы хэмжилт, тооцоог хийж эрүүл ахуйн нормтой жиших

-          Шуугианы аюултай болон аюулгүй бүсийг тогтоох

-          Архитектур төлөвлөлтийн ажлыг нарийн хийх

-          Дуу шингээх, тусгаарлах төхөөрөмжийг ашиглах

-          Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүсэх дуу чимээг тусгаарлах ойн төгөл, зурвас байгуулах талбайг төлөвлөн зохион байгуулах

Зөвлөмж:

-          Гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ хэр их дуу гаргадгийг анзаарч, боломжтой бол дуу багатай бүтээгдэхүүн сонгох, шинэ цахилгаан бүтээгдэхүүн худалдаж авахдаа дуу намсгагчтай эсэхийг нь шалгах

-          Ажиллаж, амьдардаг орчиндоо мод тарих,энэ нь дуу чимээний бохирдлыг бууруулаад зогсохгүй орчны агаарыг цэвэршүүлэх

-          Зайлшгүй шаардлагатай биш бол машиныхаа дуут дохиог хэрэглэхгүй байх

-          Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч, дуу намсгагч байнга зүүж байх хэрэгтэй.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баяр
Үнэхээр үнэн, энэ дуу чимээнээс үнэхээр залхаж байна, цонхооч онгойлгож болохгүй!!! хөдөө гарч сайхан амрах юмсан,,,
2019/02/01 203.91.112.220