8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ЗГ АИ 92, АИ 80 шатахууны үнэ нэмэгдэхгүй гэдгээ мэдэгдэж, Олон жилийн дундаас илүү хүйтэн байхыг анхааруулсан өдөр

2018-01-24 18:50:00

Өнөөдөр нийгэм улс төрийн амьдрал өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүргэхийн өмнө уншигч та бүхэндээ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэе. Идэр ес эхэлж жавар тачигнасан хүйтэн өдрүүд энэ 7 хоног дуустал үргэлжлэх аж. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногийн эхнээс хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг онцлон анхааруулж байна. Тиймээс онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байх, малчид тээвэрчид холын замд гарахдаа бэлтгэлээ сайн базаахыг анхааруулж байна. 

Ч.Хүрэлбаатар: АИ 92, АИ 80 шатахууны үнэ нэмэгдэхгүй

Шатахууны үнэ тойрсон асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АИ-92, АИ-80 бензиний онцгой албан татварыг цуцлах шийдэлд хүрсэн байна. Ингэснээр бензиний үнэ нэмэгдэхээргүй болж байна. Харин бусад онцгой албан татварыг хэвээр үлдээсэн байна.

Маргааш /2018.01.25/ ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсад ирэх тул тэдгээр төлөөлөгчидтэй шатахууны онцгой албан татварын асуудлаар зөвшилцөх аж. Ингээд ОУВС-гийнхан дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлэх юм. 

Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргажээ. 

Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км-ийн зайтай. 

Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ оны 2-р улиралд хийж эхлэх юм байна.

  • Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ
  • Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ
  • Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэх аж.

Ц.Мөнхнасан: Би ганцхан зарчим тавьж байгаа. Сахилга хариуцлагатай байх ёстой

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлаа.

БИ ТӨСВИЙН МӨНГӨӨР МАШИН АВААГҮЙ

-Энэ жил ихэнхи аймгуудад өвөлжилт хүндэрч байна. Архангай аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ерөнхийдөө бүх суманд цас орсон, өвөлжилт хүндэрч байна. Энэ зун газрын гарц муутай байсан. Намар нэлээд бараан байгаад өвс нь нэлээд хугарсан дээрээс нь цас орсон. Тийм учраас энэ өвөл мал идэх өвсгүй өвөлжилт хүндэрч байна.

-Засгийн газрын зүгээс өвөлжилт хүндэрсэн аймгуудад үнэгүй өвс тараана гэж байсан. Энэ хөнгөлттэй өвс танай аймагт очих уу?

-Ам мэдээгээр манай аймгийн 14 сум орж байгаа гэсэн мэдээтэй байна. Засгийн газрын шийдвэр албажиж гараагүй байна гэсэн. Бид нар бас тэр шийдвэрийг хүлээгээд байж байна. Бид нар өөрт байгаа 320 тонн өвсөө өвөлжилт хүндэрсэн сумдуудад хямдруулаад 5000 төгрөгөөр өгөөд дуусчихсан. Тэжээлийн хувьд Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд  хямд үнэтэй тэмжээлээ олгож байгаа. Өвс нэлээд дутагдалтай байна. Засгийн газрын шийдвэр гарах байх гээд бид нар энд бэлтгэлээ базаагаад байж байна.

-Уржигдар Архангай аймгаас ирсэн иргэд мэдээлэл хийсэн. Таныг хууль бус шийдвэр гаргаж ажлаас халсан, хүн халахаас өөр ажил хийдэггүй гэсэн мэдээлэл хийсэн. Та тэдгээр хүмүүсийг ямар шалтгаанаар халсан юм бэ?

-Хүн болгон дээр өөр өөр шалтгаантай байгаа. Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргалын хувьд миний өмнөх Засаг дарга асан  Бат-Эрдэнэ захирамж шийдвэр гаргахдаа “Д.Мөнхжаргалыг Спортын төрөлжсөн сургалттай, Ерөнхий боловсролын сургуулийн захиралаар түр томилоод, сонгон шалгаруулалт зарлахыг тухайн үеийн Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга, Боловсрол соёлын газрын хэлтэсийн даргад үүрэг болгосон юм байна лээ. Тэр дагуу сонгон шалгаруулалт зарлагдаад явж байгаа.

Хөгжимт драмын театрын дарга асан  Ж.Нямсүрэнгийн хувьд мөн сонгон шалгаруулалтгүй томилогдсон.Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу төрийн үйлчилгээ албан хаагчийг тухайн албан тушаал дээр нь сонгон шалгаруулалт явуулж, томил гэсэн ийм шийдвэртэй. Энэ дагуу дахин сонгон шалгаруулалт зарласан. Ахин сонгон шалгаруулалтад ороод тэнцээд ажилд томилогдоод явах шийдвэр нь нээлттэй байгаа. Одоо байгаа энэ ажлын байраа аль болох нээлттэй зарлаад мэдлэг чадвараараа өрсөлдөөд шалгарсан хүн нь  дарга болох бодит зарчим байх ёстой гэсэн ийм шийдвэртэй байгаа. Өмнө нь бас сонгон шалгаруулалтаар ороогүй байсан хэд хэдэн газрууд ахин сонгон шалгаруулалт явагдсан. Зарим нь ажлаа хийж байсан хүмүүс нь сонгон шалгаруултад ороод буцаж тэнцээд ажиллаж байгаа ч хүн байгаа.

-Эдгээр хүмүүс мэдээлэл хийхдээ АН-ыг Засаг барьж байх үед ажилд орсон гэдэг шалтгаанаар халсан гэсэн мэдээллийг өгөөд байгаа л даа. Жишээ нь Хөгжимт драмын театрын дарга асан  Ж.Нямсүрэнг ямар шалтгаанаар халсан бэ. Гурван нялх хүүхэдтэй хүнийг халсан гэсэн мэдээлэл өгсөн?

-Энэ хүн өөрөө уран сайхны удирдаач, Хөгжимт драмын театрын даргын албан тушаалыг хавсраад хийж байсан юм байна лээ. Тэгээд сонгон шалгаруулалт хийгээд өөрийг нь уран сайхны удирдаачаар томилсон. Тэр ажлаа өөрөө хийгээгүй хаяад явсан. Тэгээд томилогдсон дарга нь ажилдаа ирэхгүй болохоор нь халсан юм байна. Зүгээр байхад халсан гээд зөндөө зүйл ярьсан. Юу гэж нялх хүүхэдтэй, жирэмсэн хүнийг ажлаас халах вэ. Энэ чинь хуультай. Хууль дүрмийнхээ дагуу явна. Хуулийг хэрэгжүүлэх үүднээс төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу төрийн үйлчилгээний удирдах албан тушаал дээр сонгон шалгаруулалт хийдэг. Энэ дагуу сонгон шалгаруулалт зарлаад явуулж байгаа.

Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал асан Г.Баярбатын хувьд аймгийн засаг дарга, сумын засаг дарга, боловсролын газрын дарга, сургуулийн захирал гээд дөрвөлсөн гэрээтэй ажиллаж байсан. Тэр дагуу сум, боловсролын газар нь үнэлээд  “таньтай гэрээ байгуулсан энэ албан тушаалтан ийм байна гээд үнэлгээ хийсэн юм байна. Тус үнэлгээгээр ажил нь 40%-тай муу гарсан. Мөн санхүүгийн аудитын шалгалтаар тодорхой хэмжээний санхүүгийн зөрчил гарсан. Тэр дагуу хариуцлага тооцож ажлаасаа халагдсан. Өөрийнхөө оронд мэргэжил боловсролгүй хүн томилогдсон гэсэн зүйл ярьж байна лээ. Харин ч МУИС-д багшилж байсан доктор хүн сонгон шалгаруултад ороод тэнцээд захирал болсон. Сум орон нутагт боловсролын доктор байна гэдэг бол ховор.

“Ундарга” орон нутгийн компанийн захирал Б.Булганчимэгийн хувьд бас л зүгээр байхад нь халсан гэсэн зүйл яриад байгаа. Б.Булганчимэгт АТГ-аас  энэ хүнийг ажлаас 2,3 удаа шаардлага ирсэн. Мөн дээрээс нь аймгийн аудитын газраас гурван жил дараалан хязгаарлалттай дүгнэлт авсан. Энэ хүнд хариуцлага эсвэл ажлыг нь сайжруул гэсэн шаардлага тавьсан. Энэ дагуу ажлаас халагдсан. Мөн Б.Булганчимэгийн хувийн компанитай холбоотой шинэ сум төслийн асуудал, мөн Бөх билэгтийн саадыг хүлээлгэж өгөөгүй гэсэн асуудал нь байгаа. Эдгээр нь сум орон нутгийн шүүхээр явж байгаа. Анх 168 сая төгрөгөөр шийдүүлсэн ажлаа дараа нь дахиад 100 сая төгрөг нэмж шийдүүлээд 268 сая төгрөгөөр зассан нэртэй одоо болтол хүлээлгэж өгөөгүй. Өөрийнхөө компаниар дамжуулаад байгууллагын гэрээгээр “Ундарга” компанийн цэвэр бохир усыг “Монгол Тайван” ХХК гүйцэтгүүлсэн. “Монгол Тайван” ХХК гурван жилийн хугацаанд засварлаж байх үүрэгтэй. Гэтэл тэр үүргээ “Цогт өнжүүл” гэдэг компанид шилжүүлье  гээд 9 сая төгрөгний тоног төхөөрөмж өгөнгүүт нь тэрийг буцаагаад “Ундарга” орон нутгийн компанидаа шахаад мөнгийг авчихсан байсан. Энэ асуудал мөн шүүхийн шатанд явж байгаа.

Намайг одоо бол хүн халдаг хүн гэж ойлгоод байна. Би ганцхан зарчим тавьж байгаа. Сахилга хариуцлагатай байх ёстой, энэ албанд ажлаа хийж байгаа хүн хийж байгаа ажилдаа сэтгэл гаргадаг байх ёстой. Хуульд нийцүүлж хуулийн дагуу шаардлага тавьж байгаа. Түүнээс биш тэр МАН, АН байна уу надад хамаа байхгүй. Өмнө нь ажлаа хийж байсан олон хүн ажлаа хийгээд, хамтарч ажиллаад л явж байна. Үүний цаана ард иргэдэд хүргэдэг төрийн үйлчилгээ тасралтгүй, сайжирч хүрч байх ёстой. Тийм учраас  би шаардлага тавьж ажиллана.

БИ ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС НЭГ Ч ТӨГРӨГ АВЧ ГАДАГШАА ЯВААГҮЙ

-Архангай аймгийн ИТХ-ын 31 хүн БНХАУ-ын Шанхай хот руу аялаад ирсэн гэсэн. Та түүнд багтаж явсан уу. 40 сая төгрөгөөр аялаад ирсэн юм уу?

-Туршлага солилцох чиглэлээр хурал зохион байгуулсан. Би аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Төлөөлөгчийнхөө хувьд туршлага солилцох хуралд яваач гэсэн санал тавьсан. Тэр дагуу ЗГХЭГ-т саналаа тавиад, чөлөө өгөх үү гэдэг саналаа хэлсэн. Энэ дагуу надад чөлөө өгөөд төлөөлөгчийнхөө хувиар яваад ирсэн. Аймгийн ИТХ зохион байгуулсан. 30 хүн явж ирсэн. Аль аль нам эсвэлүүд бүгд оролцсон.  Бас намайг гадагшаа их явдаг гэсэн юм ярьсан. Өнөөдрийн байдлаар орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг авч гадагшаа яваагүй. Засгийн газраас зохион байгуулж байгаа аймгийн удирдлагууд оролцох ёстой зөвлөгөөн семинарт оролцож байгаа.

ЭЛЭГНИЙ С ВИРУСЭЭС САЛЖ ЧАДСАН ГАНЦХАН АЙМАГ НЬ АРХАНГАЙ АЙМАГ

-Өнгөрсөн оны есдүгээр сард таньтай холбоотой бас нэг дуулиант мэдээлэл гарсан. Төсвийн мөнгөөр Ланд 200 авч унасан. Тус машинтайгаа согтуу явж байгаа осол гаргасан мэдээлэл гарч шуугиад  өнгөрсөн. Та үүнд хариулт өгөхгүй юу?

-Тэр төсвийн мөнгөөр авсан машин биш. Миний машин явахаа байчихсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш наймдугаар сар хүртэл Тамгын газрын даргынхаа машиныг унасан. Тэгээд иргэдийн хурал шийдээд Засаг даргын унааны асуудлыг шийдэж өгсөн. Самарын давсан орлогоос унааны асуудлыг шийдвэрлэсэн. Манай жолоочийн хариуцлагагүй асуудлаас болж осол гарсан. Тэр нь амралтын өдөр байсан. Яг тухайн үед нь би мэдээгүй. Гудамжаар явж байгаад урдах машинаа гүйцэт түрүүлэх үед нөгөөдөх нь гудамж руу орох гэж дараад асуудал үүссэн юм байна лээ. Тэгээд тэр машиныг мөргөөд цааш нь эргэж айлын хашаа мөргөсөн асуудал гарсан. Тухайн жолоочид хариуцлагыг асуудал ярьсан. Дээрээс нь машины эвдрэл гэмтэлийг тэр жолооч өөрөө хариуцаж засварласан. Төсвөөс мөнгө гаргаж засварласан юм байхгүй.Тэр машинд намайг явсан гээд баахан шуугисан. Тэр машинд би яваагүй.

-Та ажлаа хүлээж авсанаас хойш ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

-Бидний хувьд хүндхэн эдийн засгийн хүлээж авсан.Өнгөрсөн жилүүдэд орон нутгийн хөгжлийн сангаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн багадаа 5 тэрбум төгрөг буюу түүнээс дээш 12 тэрбум төгрөгийг жилдээ зарцуулж байсан. Харин бид нэг ч төгрөггүй өнгөрсөн жилийг өнгөрөөсөн. Гэхдээ бид самарын давсан орлогоосоо Архангайд үйлдвэрлэв худалдааны төв, авто тээврийн төвийг барих бүтээн байгуулалт хийж байна. Энэ онд ажлын байрыг нэмэгдүүлэх, ноосны үйлдэврийг байгуулах гэж байна. Сумдуудад үнэгүй байгаа богийн арьсыг боловсруулдаг жижиг цехүүдийг бүх суманд өгсөн байгаа. Үнийн уналтаас хамаарахгүй сум болгонд нэхийгээ боловсруулаад бүтээгдэхүүн хийгээд худалдаалах боломжийг нь бүрдүүлж байгаа. Үйлдвэржлэлтийн чиглэлээр нэлээд ажил хийхээр ажиллаж байна. Архангай аймаг эрүүл мэндийн чиглэлээр гэхэд Элэгний С вирусээс салж чадсан ганцхан аймаг нь Архангай аймаг. Нэлээд зүйлийг хийж байна. 

М.Мөнхшүр: 40 гаруй хүн цахим гэмт хэргийг хохирогч болоод байна

Цагдаагийн Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр Бусдын фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байгаа талаар онцолсон юм.   Энэ хэрэгтэй холбогдуулан  Ш,Т,Н,Д, Э нарыг дайчлан баривчлан шалгаж эхэлсэн байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт 10 этгээдүүдийг холбогдуулж шалгалж байгаа юм байна. Эдгээр 10 гаруй хүнээс 3-ийг нь цагдан хорьж, 7 этгээд нь батлан даалтад гаргаж шалгаж байгаа юм байна.  Гэмт этгээдүүд насны хувьд 17-20 насны залуус байсан нь шалгалтаар тогтоогдсон.  Мөн цахим хуудас хэрэглэгчид нууц үгээ энгийн байдлаар хийхгүй байхыг зөвлөсөн юм.  Ойр дотны хүнээс чинь мөнгө гуйх зэргээр чат ирвэл сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. Одоогийн байдлаар 40 гаруй хүн цахим гэмт хэргийн хохирогч болоод байгааг албаныхан онцоллоо. 

"МЭДЭХГҮЙ" мянган үгний таглаа буюу Барилгын сайдын 100 хоногийн ажил

Засгийн газрын 100 хоног ирэх долоо хоногт тохионо. Манай сайт Засгийн газрын яамдын өнгөрсөн 100 хоногт хэрхэн ажилласныг цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх дугаарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 100 хоногт хийсэн ажлыг танилцуулсан. Харин энэ удаа Барилга хот байгуулалтын яамны хийсэн ажлыг танилцуулж байна. Тус яамны сайдаар УИХ-ын гишүүн Х.Баделхан очоод барилгын салбарт бодлогын түвшний ямар ажлуудыг эхлүүлэв, найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоход хэрхэн оролцов, барилгын зөвшөөрөл болон бусад замбараагүй асуудлыг цэгцэлж чадсан уу гэх мэт олон асуултад хариулт эрье. 

Тус яамны албан ёсны вэб хуудаст Х.Баделхан сайдын өнгөрсөн 90 хэдэн хоногт хийсэн ажлыг ийнхүү жагсаажээ. 


1 . БХБ-ын сайд Х.Баделхан АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2. БХБ-ын сайд Х.Баделхан Барилга хөгжлийн төвийн ажилтай танилцав
3 “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
4. БХБ-ын сайд Х.Баделхан Барилга хөгжлийн төвийн ажилтай танилцав
5 Сайд Х.Баделхан Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газарт зочиллоо
6 БХБ-ын сайд Х.Баделхан ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцав
7 Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсгийг БХБ-ын сайд Х.Баделхан ахалж ажиллана.
8 Сайд Х.Баделхан Туркийн “Тика” болон Станбул хотын даргын ахлах зөвлөх тэргүүнтэй хүмүүсийг хүлээн авч уулзав 
9 Сайд Х.Баделхан Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзав
10 ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХУРАЛДААН БОЛЛОО
11 Сайд Х.Баделхан Японы Олон улсын хамтын нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав

12 Сайд Х.Баделхан төсөл, хөтөлбөрүүдийн ажлын явцтай танилцлаа
13 БХБ-ын сайд Х.Баделхан ТББ-уудын төлөөлөлтэй уулзав
14. Сайд Х.Баделхан Дарханы цэвэрлэх байгууламжийн барилгын нээлтэд оролцлоо
15. Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлнэ 

Х.Баделхан сайдын өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлыг товчхон жагсаавал энэ. Үүнээс үзвэл тэрбээр өнгөрсөн гурван сард бодлогын түвшний нийт салбарыг хамарсан нэг ч ажлыг эхлүүлэлгүй зөвхөн уулзалт хийсээр өнгөрөөж. Яам нь ч мөн ялгаагүй зарим нэг чуулган, уулзалтад орж ганц хоёрыг ажлыг эхлүүлэхээр болсноос өөрөөр гялайж, гялтайх ажил хийгээгүй байна. 

Х.Баделхан сайдын хувьд ганц гайгүй ажил барьж авсан нь Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил байна. Гэхдээ энэ  нь Засгийн газраас өгсөн даалгавар юм. Нөгөөтэйгүүр аж, ахуйн ажил ч гэж хэлж болно. Ямартай ч Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр энэ оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Мөн Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас барилга, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хэд хэдэн төсөл эхлүүлэхээр талууд ярилцаж байгаа гэнэ. Үүнийг нь ажил хийсэн гэж оруулж  болох юм. За ингээд Х.Баделхан сайдын 100 хоногт хийсэн ажил дуусч байна. 

Гэтэл Улаанбаатарын дэд бүтцийг шинэчлэх, цэгцлэх ажлыг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Мөн барилгын салбарт төрийн нэгдсэн бодлого дутагдаж буй. Барилга бол улсын хөгжилтэй шууд уялддаг. Гэтэл ийм чухал салбарт ингэж хайнга хандаж болох уу. 

Өчигдөр барилгын салбарт болж буй нэгэн мэдээллийг сайд Х.Баделханаас асуухад “Би мэдэхгүй байна. Манай Төрийн нарийн бичгийн даргааас асуу” гэх тайлбарыг өгсөн.Төрийн нарийн бичгийн даргаас нь асуухаар тус яамны хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдоход даргынхаа утсыг мэдэхгүй гэх тайлбарыг хэлэв. 

Ер нь энэ яаманд ажлаа мэддэг хүнийг томилвол яасан юм бэ Ерөнхий сайд аа. 

Уг нь энэ яамны сайдад “Барилгын тухай хууль”-ийн үзэл баримтлал, нэмэлт, өөрчлөлт,  “Хот байгуулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Хотыг дахин хөгжүүлэх тухай” “Ногоон байгууламжийн тухай хууль”, “Авто зогсоолын тухай хуулийн төслүүдийг шинээр боловсруулах, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг батлуулан, түүний дагуу боловсруулсан хуулийн төслийг шинэчлэхээс эхлээд олон ажил баймаар юм. Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Х.Баделхан сайд салбартай холбоотой нэг  хуулийг УИХ-д өргөн барьсан уу. Мөн иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ямар ажлыг хийв. Бидний мэдэхээр энэ талаар огт дуугарсангүй. 

Хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхээ онлайнаар шалгаарай

Таны хүүхэд хүүхдийн 20 мянган төгрөгийг энэ жил бэлнээр авах эсэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын сайтаар дамжуулан онлайнаар шалгах боломжтой юм байна.

Та дараах линкээр орон хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулснаар сар бүр бэлнээр авах эсвэл 2019 оноос авах эсэхийг шалгана уу.

 http://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php

Оюу толгой: Визний ангиллаа зөв мэдүүлж авах нь гэрээт компаниудын үүрэг байдаг

Өчигдөр Оюутолгойд хууль бусаар ажиллаж байсан гадаадын иргэдийг албадан гаргасан талаар мэдээлэл хүргэсэн. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, гадаад иргэдийн баримт бичигт хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулсан байна. Уг шалгалтад “Оюутолгой”, “М Си Эс интернэйшнл”, “М Си Эс проперти”, “Медика Монголиа”, “Мөнх ноён суварга” зэрэг нийт 36 аж ахуйн нэгж, байгууллагын 449 гадаадын иргэн хууль бусаар ажиллаж байсан нь тогтоогдсон. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Тайландын Вант Улсын нэр бүхий тав, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Канад Улсын нэр бүхий ес, Австрали Улсын нэр бүхий найм, АНУ-ын нэр бүхий арван, БНХАУ-ын нэр бүхий дөрвөн, ХБНГУ-ын нэр бүхий нэг, Шинэ Зеланд Улсын нэр бүхий нэг иргэн тус бүрийг гурван жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргасан.

 Бид энэ талаар Оюу толгой ХХК-ийн хэвлэл мэдээлэлтэй харилцах албаас тодруулахад “Гадаадын иргэн, харъяатын газраас явуулсан үзлэг, шалгалтын хүрээнд Оюу толгойн уурхайн талбарт ажиллаж байсан 40 орчим гэрээт ажилтны бичиг баримтыг шалган, зөв визтэй эсэхийг хянасан. Визний ангиллаа зөв мэдүүлж, авах нь гэрээт компаниудын үүрэг байдаг. ГИХГ-аас визний буруу ангиллаар ирсэн гэрээт ажилтнуудыг Монгол Улсаас гарах шаардлага тавьсан бөгөөд энэ нь олон улсын практикт байдаг хэвийн нөхцөл юм.Оюу толгойд одоогоор 14,000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 94 гаруй хувийг монголчууд эзэлж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Х.Монголжин охиндоо төрсөн өдрийн баярын мэнд хүргэе

Өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн Монголжин охин 3 нас хүрч байна. Энэ өдөр Монголчууд гурван саяулаа болсон тэмдэглэлт өдөр. Монголжин охин  Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр мэндэлсэн билээ.  Монголжин охиндоо төрсөн өдрийн баярын мэнд хүргэж гэр бүлд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүссэн ерөөе. Мөн Монголжин охины нас чацуутнуудад сайхан бүхний дээдийг хүсье.

Монголын үрс маш олон болох болтугай. 

Олон жилийн дунджаас ялимгүй хүйтэрнэ

Нэгдүгээр сарын сүү­ лийн 10 хоногт хүйтний эрч эрс чангарч, -50 хэм давна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Зарим нутгаар шөнөдөө -51 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Ерөнхийдөө олон жилийн дунджаас ха­рахад, нэгдүгээр сарын сүүлчийн арав хоногтоо хүйтэн. Харин энэ жилийн хувьд хүйтний эрч олон жилийн дундажтай харь­цуулахад бага зэргээр чангарсан байна. Мөн Сибирийн бүс нутгийн хүйтэн агаар Монгол орны бүс нут­гаар дамжин өнгөрч бай­гаатай холбоотойгоор хүйтний эрч чангарч бай­на гэдгийг албаныхан мэдээллэсэн байна. 

БНСУ-д ажиллах гэрээт ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгджээ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний байдлаар БНСУ-д нийт 42754 иргэн байгаагаас Хөдөлмөрийн гэрээгээр  6516 иргэн ажиллаж амьдарч байна.

БНСУ-ын талаас олгогдсон квот, түүний ашиглалтыг сүүлийн 5 жилээр харуулбал:

2017 онд БНСУ руу ажиллах хүч илгээгч 16 улсын илгээх дундаж хугацаа нь 30.09 өдөр бол, Монгол Улсын илгээх хугацаа 2016 онд 28.83 өдөр, 2017 онд 27.8 өдөр буюу 1.03 өдрөөр багассан зэрэг үзүүлэлтээр амжилттай ажилласан ч Хөдөлмөрийн гэрээгээр БНСУ руу зорчоод ажлын байраа орхин хууль бусаар хөдөлмөр эрхлэх асуудал 30 хувьд хүрч, БНХАУ, БНСВУ-ын дараа сүүлээсээ  гуравдугаарт орж байна.

2017 оны 13 дахь удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт /СХТТШ/-ын талаар

СХТТШ-ын бүртгэлийг 2017.03.06, 07, 09-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулж 8429 иргэн бүртгэсэнээс 5933 буюу  70,5 хувь нь шалгалтанд орж, 1635 иргэн шалгалтанд тэнцэж, ЭМҮШ-д 1476 иргэн тэнцэж, SPAS програмаар бичиг баримтын бүрдэл хангагдсан 1455 иргэнийг БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар байршуулж, 2017 оны Хөдөлмөрийн бирж дээр байршуулах бүртгэл хийлгэсэн  иргэдээс 677 иргэн, үүнээс 12 эмэгтэй  БНСУ-д  Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явлаа.

Сурталчилгаа мэдээллийн чиглэлээр:

ХХҮЕГ-ын албан ёсны вэб хуудас болон ханын самбар, түүнчлэн “НЭГ БАГ, НЭГ УЛС”, “Солонгост Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн групп” зэрэг facebooк хуудсанд цаг үеийн холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт тавих, иргэдийг залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг, анхааруулгыг  тогтмол  давтамжтай тавьж, энэ чиглэлд иргэд болон мэдээллийн суваг, холбогдох

Е-9 визийн ангилалд гарсан өөрчлөлтийн талаар:

БНСУ-ын Хууль зүйн яамнаас Гадаадын иргэн харьяатын хуулийн 17-р зүйлийн 3 дахь заалт E- 9,  E-10  мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх визтэй гэрээт ажилчдын БНСУ-д  ажиллаж амьдарсан нийт хугацаа нь 5 жил болсон тохиолдолд Солонгос улсын цагаачлалын албанаас E- 9,  E-10  ангиллын виз дахин олгохгүй байхаар шийдвэрлэж 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс мөрдөж эхлээд байна.

Ажлын байраа орхих, хууль бусаар хөдөлмөр эрхлэх нөхцөл шалтгаан:

Солонгост очиж буй монголчуудын солонгос хэл, хүмүүсийн зан байдал, ёс заншлын хийгээд системийн онцлог, тухайн улсад ажиллаж амьдарахад анхаарах эрх үүрэг, аюулгүйн ажиллагааны дүрэм журмын талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй, бие организмд өөрчлөлт гарах, хоол унд тохирохгүй, ажлын нөхцөл, ачаалалд дасахгүй, хангалттай амарч чадахгүй байх зэрэг хүндрэлүүд ямар нэг хэмжээгээр тулгардаг байна. 

Хөдөлмөрийн хөлсний талаар:

Анхлан Хөдөлмөрийн гэрээгээр очиж ажиллагсад сард 1,355,000 воны цалин  /2017 онд/ авах Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын байдал, идэвхи зүтгэл, илүү цаг зэргийг тооцож 3 жилийн хугацаанд 4,5-5,0 сая хүртэлх вонын цалин авах боломж бүрддэг. 2018 онд тус улсын нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  нэмэгдсэн /7530 вон болсон/-тэй холбогдуулан Хөдөлмөрийн гэрээний доод хөлс 1,573,770 вон болж байна.

Нутаг буцах зардал, даатгалын сангаас иргэдэд олгох чиглэлээр:

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад “нутаг буцах зардлын” болон “13дахь сарын цалингийн “ даатгалаас буцаан авах ёстой мөнгөө аваагүй байсан 246 иргэний материалыг хүлээн авч 146 887 023 воныг иргэдэд олгосон байна.

Төр, засгаас Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад нутаг буцаад ирсэн иргэдийн талаар бодлого үйл ажиллагааг уялдуулан чиглүүлэх:

-Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгаад буцаж ирэх гэж буй иргэдтэй холбоотой байж тэдгээр иргэдэд чиглэсэн урамшууллын болон хөхиүлэн дэмжих бодлогыг оновчтой өргөн хүрээтэй зохион байгуулах;

-Монгол ажилчид гадаадад ажиллах хугацаандаа эзэмшсэн мэргэжил, олсон дадлага, туршлагаа ашиглан эх орондоо аж ахуй эрхлэх, аж ахуйн нэгж байгуулахыг төрөөс дэмжиж, зээл, татвар, санхүүгийн таатай орчин бий болгох замаар тэднийг эх орондоо эргэж ирэх, үйлдвэрлэл эрхлэх сонирхлыг төрүүлэх, нэмэгдүүлэх бодлого боловсруулах;

-ХЭДС-аас тодорхой хувийг 4 жил 10 сар ажиллаад ирсэн иргэдийг дэмжихэд зарцуулдаг байна.

БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр явах иргэдийн квот, СХТТШ, СХТТТШ-ын тухай мэдээллийг  БНСУ-ын АҮХНХЭГ-аас жил бүрийн эхний улиралд баталж өгдөг.

Эх сурвалж: АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Ер нь бол татвар нэмэхийн сургаар ямарч юмны үнэ нэмэгддэг гэдгийг ДЭЭДЧҮҮД минь эрх биш анзаарч мэдэж баймаар юм даа.Ард иргэдийн амьдрал хэцүү л байна ш дээ.Анзаардаг албан тушаалтан ер байхгүй.
2018/01/25 202.179.27.4
  • Recent
  • Most Read
  • Most Comment