8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүүлийн гурван жил сүүл мушгисан аймгууд

2018-01-25 09:00:00

Саяхан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг гаргажээ. Аймгуудын хөгжил, тогтвортой байдал, Засаг даргын санаачлага, хийж хэрэгжүүлж буй ажил иргэдийнх нь амьжиргаа, ажлын байрны хүртээмж, дэд бүтцийн салбар дахь шинэчлэл, шинээр санаачлан хэрэгжүүлж буй ажлууд гэх мэт 180 гаруй шалгуур үзүүлэлтээр 21 аймгийг харьцуулсан энэхүү судалгааны дүнг ханатай гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрөөд таван жил өнгөрсөн байна.

Энэ таван жил хөгжлөөрөө цойлсон нь  Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар байсан байна. Тус аймгууд нь өрсөлдөх чадвараараа бусдаасаа харьцангуй өндөр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ эрэмбээ хадгалсаар байгаа аж. Сүхбаатар аймгийн хувьд 2012-2016 оны хооронд хурдацтай хөгжиж дээгүүрт бичигдэх болсон байна. Тэгэхээр тус аймаг Дархан-уул, Өмнөговь, Орхон зэрэг аймгийг гүйцэж зэрэгцсэн гэсэн үг. Тус аймгийн хөгжлийг 2016-2016 онд ажилласан Засаг даргатай нь салшгүй холбоотой гэж нутгийнхан нь ярьдаг. Орхон, Өмнөговь аймгийн хувьд томоохон уул, уурхайн орд газартаа түшиглэн хөгжиж байгаа харин Дарханы хувьд дэд бүтэц хөгжсөн, үйлдвэр, үйлчилгээ сайтай хот билээ.

Ийнхүү өрсөлдөх чадвар, хөгжиж буй үзүүлэлтээрээ дээрх дөрвөн аймаг тэргүүлсэн бол сүүлийг Архангай, Дундговь, Говь-Алтай аймаг мушгижээ.  Өрсөлдөх чадвар сайтай аймгуудад ажиглагдаж байгаа нийтлэг шинж нь үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн ажлын байр болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй сайн бүрдүүлсэн байв. Судалгааг хийж эхэлсэн 2012 онд Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, Дундговь аймаг 27 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдэж байсан бол энэ жил Говь-Алтай аймаг 47 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдсэн байна.

Хотын хаяанд 40 км зайтай байрлах Төв аймаг хөгжиж чадахгүй байхад хаа хол 1500 км ийн алсад байх Говь-Алтай аргагүй гэж хэлж болох л юм. Гэхдээ 2000 км ийн алсад орших Ховд яагаад хөгжөөд буйд бас анхаарч болно. Тэр бүү хэл хаа хол захлах Баян-Өлгий аймаг өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан байна. Архангай аймгийн эдийн засаг болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн бизнесийн орчин болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлжээ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг тодорхойлоход ашигласан 180 гаруй үзүүлэлтүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.aimagindex.mn вебсайтаас харах боломжтой. Сүүл мушгисан аймгуудын  удирдлага нутаг орноо илүү сайн хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй энэ судалгааны дүн сануулж байх шиг. 

Говь-Алтай аймгийг 21 аймгаас хамгийн тааруу хөгжилтэй нь гэж олон нийт ярьдаг. Энэ нь ч уг судалгааны дүнтэй таарчээ. Тус аймагт засаглалын хямрал тогтсон гэж хэлж болно. Хамгийн сүүлд л гэхэд АН, МАН-аараа үзэлцэж засаг даргынхаа суудлыг булаацалдаж байсан. Тэнд Засаг даргаар ажиллахаар очсон хүмүүс нь ч ажил хийдэггүй гэх шүүмжлэлийг нутгийнхан нь ярьдаг. Засаг дарга нь халаа, сэлгээ нам төрийн хэрүүл хийсээр хэдэн жилийг бардаг гэлцдэг.Саяхан тус аймгийн цахилгаан станц нь уурын зуух нь ажиллагаагүй болж зарим орон сууцууд нь хөлдсөн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байнгын хорооны хурлын үеэр хэлсэн. Энэ мэт болж, бүтэхгүй асуудлаас салдаггүй Говь-Алтай аймаг сүүлийн хэдэн жил сүүл мушгисаар л явна. Тус аймгийн Засаг даргад өрсөлдөх чадвараа ахиулж аймгаа хөгжүүлэх бодол бий эсэхийг нээлттэй асууя.

Харин Архангай аймгийн хувьд төвийн бүсд харъяалагддаг. Дэд бүтцээ сайжруулбал аялал жуулчлалын гол төвүүдийн нэг болох боломжтой. Зэрэгцээ орших Өвөрхангай аймаг өрсөлдөх чадвар, хөгжлийн үзүүлэлтээрээ дундаж яваад болж байхад Архангай яагаад сүүл мушгина вэ. Ер нь аймгуудын хөгжил цэвэр удирдлагаас хамаарна. Тэгэхээр аль аймаг сүүл мушгиж байна тэндхийн удирдлага нь муу ажиллаж байгаагийн илрэл. Орон нутагт хөгжил байвал хот руу нүүдэллэх айл, өрхийн тоо буурна. Цаашлаад аймаг, бүс нутгийн хөгжлийн суурь тавигдах билээ.

Манай улс бүс нутгийн хэмжээний 15 улстай “уралддаг” бөгөөд сүүл мушгисан хэвээр байна. Словак, Словени, Болгар, Украйн, Казакстан зэрэг зах зээлд зэрэгцэн шилжсэн улс орнууд болон Снигапур, БНСУ, ОХУ, Малайз,Тайланд зэрэг үсрэнгүй хөгжсөн орнууд, Катар, Перу,Чили гэхчилэн уул уурхайдаа түшиглэн амжилттай хөгжиж буй орнуудын өрсөлдөх чадварыг манай улсынхтай дүйцүүлэн судалдаг аж.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Доржпүрэв
Улаанаар эргэсэн аймаг хамгийн сүүлд орох нь аргагүй шүү дээ
2018/01/28 202.9.40.8
Говь-Алтайчууд та нар сайн улстөржиж, намчирхаад бай. Тэгвэл мөнхөд сүүл мушгисаар байх болно
Баатархүү
2018/01/28 202.9.40.8
Иргэн
Увс аймаг 11-т орсон байна. Онцгой байдлын газар нь бас л 12-оос хойш байранд орсон гэх дуулдсан. Аргагүй шүү дээ. Дарга нь 2016 онд салбартаа ажлаараа сүүл мушгихаад засгийн мөнгөөр туйлсан. шалга.
2018/01/25 43.228.131.113