ЧУУЛГАН
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд төсөл санаачлагдаас асуулт асууж, хариулт авч байна.
Хятад улсаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу Хятад улсаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Хятадаас Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.
Анх Хятадын талаас 3-4 га газар олгох хүсэлт тавьсан ч орон нутгийн төвшинд энэ асуудлыг судалж, мөн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн шийдвэрээр 2 га газар олгох боломжтой гэж үзжээ.
Энэ дагуу Гадаад харилцааны яам Хятадын талтай ярилцаж, 2 газар ашиглуулах талаар зөвшилцсөн байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Энэ газрыг хэдэн жилээр ашиглах вэ. Газар бол үнэтэй зүйл. Тэгэхээр уг ажлыг долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй. Хэдэн жилээр ашиглах вэ гэсэн тодорхой асуулт асууж байхад хариулж чадахгүй. Барилгын сайд нь асуудлаа судалж орж ирдэггүй. Юу ч мэддэггүй байхаа больцгоо" гэв.
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан "20 жилээр ашиглуулна" гэж хариулав.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Рио Тинто компани манайд салбараа нээж байна. Энэ компани яагаад манайд салбараа нээж байна вэ. Хойноос ирээд хот манайх. Хотонд ирээд хонь манайх гэсэн шиг юм болж байна. Үүнд анхаарлаа хандуулах ёстой" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Бид олон улсын харилцааны асуудлаар улс төр хийж болохгүй. Хууль, журмынхаа дагуу консулын газрыг тусгай хэрэгцээнд авдаг. Түүнээс биш манай улсын газрыг хятадууд авах гээд байгаа зүйлгүй. Тэгэхээр бидний улс төржилт хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болно. Бид үүгээр улс төржиж болохгүй" гэлээ.
Ингээд гишүүдийн олонхийн саналаар уг төслийг дэмжиж дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүлэв.
Т.Энхэлээ