Өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр "DZ Man" буюу Олон улсын тоймч Б.Дашзэвэгийг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэрэг үйлдсэн эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн 12.1.4-д заасны дагуу ял төлөвлөсөн талаар өмнө нь яригдаж байсан. Тодруулбал, "Эрүүгийн хуулийн 12.1.4: Энэ гэмт хэргийг /хүчиндэх/ бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг. Тэгвэл тус шүүх хурлаар Б.Дашзэвэгт 9 жилийн хорих ял оноосон.
Шүүхийн шийдвэрийн талаар Олон улсын тоймч Б.Дашзэвэгийн охин Д.Одонгоо цахим хуудаснаа ийн бичсэн байна.
Тодруулбал, "Миний аав Б.Дашзэвэг насанд хүрээгүй хүүхэд хүчиндэхийг завдсан гэх зүйл ангиар Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс 1-р сарын 17-ны өдөр 9 жилийн ял авсан билээ. Сүүлийн үед их яригдаж байгаа хүчирхийлэлтэй холбоотой хэрэг олширч Төр “төмөр нүүрээ” харуулж миний аавыг ийнхүү яллаа. Өмгөөлөгчийн хэлснээр эхний мэдүүлэг ийм ял өгөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Гэхдээ тэр эхний мэдүүлэгт байгаа зүйлийг байцаагч энгийн хүнээс мэдүүлэг авч байгаа байдалтай, олон хүн сууж байсан өрөөнд авсан байна. Угаас нэр төртэй хүн учир олон хүний сониуч харцнаас санаа зовон, тухайн үед юу хэлж ярьсан, юунд гарын үсэг зурснаа ч сайн ойлгоогүй байсан байна. Гэтэл миний аавын хоёр чих нь юу ч сонсохгүй дүлийрэлийн 4-р шат хүрсэн, аппарат зүүдэг боловч хүний яриа ойлгогдохоор сонсогдохгүй, бичгээр харьцах л боломжтой болсон. Тэгээд ч өөрийгөө сонсохгүй байна гэдгээс санаа зовоод ‘тийм үү тийм’ гэсэн хариултыг өгдөг, тархины судасны нарийсалтай гэх мэтээр яриад байвал настай хүнд тохиолдох бүхий л өвчин энэ хүнд насны эрхээр бий болсон. Энэ хэрэгт ээдрээтэй зүйл их байгааг би өмгөөлөгчийн ярианаас ойлгосон. Миний хамгийн их сэтгэл гонсойлгосон зүйл гэвэл хамаг амьдрал ар гэрээ орхин зөвхөн сэтгүүл зүйн салбарт амьдралаа зориулж , олон арван шавь төрүүлсэн аавыг минь нэг ч шавь, найз нөхөд өмөөрсөн үг хэлээгүй чив чимээгүй, юу ч сонсоогүй мэт авирласан явдал юм. Хэвлэл мэдээлэл, твелевизээр үндэслэлгүй худал мэдээллийг ихээр цацсан. Угаас үг хүнийг амьдруулж чаддаг алж ч чаддаг.
Миний аавд хураасан мөнгө байхгүй хэдэн хүүхдүүддээ эрдэм мэдлэгийг л өгсөн. 74 настай хүнд 9 жилийн ял өгч байдаг. Аав минь 9 жил байтугай 9 сар ч амьд явна гэдэгт эргэлзээтэй.
Эрхэм хүндэт сэтгүүлчид, Б.Дашзэвэг багшаар хичээл заалгаж байсан шавь нар минь багш, ахмад сэтгүүлчийн талаарх үнэн зөв мэдээллийг нийтэд түгээж, энэ хэргийг үнэн зөвөөр шийдэхэд дэмжлэг үзүүлж аавд минь сэтгэлийн дэм хайрлаачээ! Сэтгүүлчид Эвтэй бол хүчтэй гэдэгт би итгэлтэй байна!" хэмээн бичсэн байна.