8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станц үе үеийн ажилчдын хүсэл байсан гэв

2018-01-25 14:16:00

Өнгөрсөн даваа гаригт XX зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48мВт-аар өргөтгөх төслийн нээлтийн ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор Х.Бадамсүрэн нээж үг хэлэв. Тэрбээр “Төсөл амжилттай хэрэгжиж, байнгын ашиглалтад хүлээн авч байгаа энэ баярт өдрийн мэндчилгээг компанийн нийт хамт олон, станцын ажилтан, ажилчид, төслийн гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нартаа дэвшүүлье. Станцын өргөтгөлийн ажлыг бид өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн, суурилагдсан хүчин чадлыг 53 мВт-д хүргэсэн нь Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системд манай компаний оруулж буй томоохон хувь нэмэр төдийгүй бидний хувьд цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс үйлдвэрлэгч болсон бахархалт үйл явдал юм. Үйлдвэрийнхээ нийт хэрэглээний бараг 50 хувийг суурилагдсан хүчин чадлаараа хангах боломжтой гэсэн үг.

Нийт ажилчиддаа өөрийн мэдлэг, ур чадвараа ямагт өндөрт байлгаж, чанд сахилга, хариуцлагыг эрхэмлэн, станцаа найдвартай, үр ашигтай ажиллуулахын ерөөлийг дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье. “Эрдэнэт үйлдвэр” дараагийн 15 жилд төрөлх үйлдвэрээ өргөжүүлэх үндсэн чиглэлийг гаргасан. Түүнийг хэрэгжүүлэх баттай, найдвартай суурь, дэд бүтцийг бий болгоно. Энэ удаагийн бүтээн байгуулалт нэг ваттын хүчин чадлыг бий болгоход зарцуулсан хөрөнгө оруулалтаараа манай улсын хэмжээнд хамгийн бага нь байх гэж бодож байна. Тэр ч утгаараа хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх боломжтой. Мөн компанийхаа бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт боллоо. Энэ станцынхаа ажлыг бид дүн өвлийн хүйтэнд байнгын ашиглалтад орууллаа” гэв.

Станцын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын Элчин сайдын улс төрийн зөвлөх Ли Янжун, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн болон “Харбин электрик интернэйшнл” компанийн Ерөнхий захирал Чү Аймин нар оролцож, зочдод мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Мөн энэ үеэр  Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр Цахилгаан цехийн Реле хамгаалалтын инженер Д.Нямжав, ДЦС-ын Тоног төхөөрөмжийн засварчин Ч.Цолмонбаатар болон Б.Батням нар шагнагдав. Түүнчлэн  Эрчим хүчний Жуух бичгээр ДЦС-ын 15 жилээс дээш ажилласан таван ажилтныг тус тус шагнагдсан юм. 

 “Эрдэнэт үйлдвэр”-ийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 МВт-аар өргөтгөх төслийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Д.Батчулуун: Энэхүү төслийн онцлогийн тухайд “Дулаанаас гадна цахилгаан үйлдвэрлэх нь “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын үе үеийн ажилчдын хүсэл байсан. Тэдний олон жилийн мөрөөдөл биелж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж хувирсан үйл явдал нь энэ төслийн гол онцлог. “Эрдэнэт” үйлдвэр төвийн эрчим хүчний системээс цагт 100 МВт цахилгаан худалдан авч 40 жил ажилласан. Өөрөөр хэлбэл төвийн эрчим хүчний системийн хамгийн тогтвортой, эдийн засгийн баталгаатай том хэрэглэгч байсан. Энэ утгаараа Монголын эрчим хүчний системийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахад, тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангахад том дэмжлэг, хувь нэмэр оруулсан үйлдвэр. Бид Монголын эрчим хүчний гурав дахь том эх үүсвэрийг бий болголоо. Энэ нь төвийн эрчим хүчний системийн хүчдэлийн тогтворжилт, найдвартай ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ” гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment