Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг, үеийн асуудлаар байр, суурийг нь сонслоо.
- Таныг 300 саяын үнэтэй машин унадаг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд яригдаж байна. Тэр тоноглосон Лексус 570 таны машин мөн үү?
- Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, шинэ машин авсан нь үнэн. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн. Тэр машин 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машин гэсэн. Иргэдийн шүүмжилж байгааг ойлгож байна.
- Улс орны эдийн засаг хүндрэлтэй байхад дарга нар тансаглаж болохгүй гэх шүүмжлэл иргэдийн дунд байна. Ялангуяа таныг үнэтэй машин унаж байгаад иргэд гайхаж хүлээж авч байна?
- Иргэдийн шүүмжлэлийг ойлгож байна. Манай яам бүх албан газартаа аудитын шалгалт хийсэн. Аудитын шалгалтаар үргүй зардал гаргасан ажил илрээгүй. Гэхдээ бид алба хаагчдынхаа ажиллах нөхцлийг сайжруулах үүднээс ажил хийнэ. Янз бүрийн шүүмжлэлийг хэлэх шаардлагагүй.
- Та одоо энэ машинаа солих уу?
- Одоо ямар нэгэн машин унаж л таарах байх даа.
- Эрдэнэтийн хувьчлалтай холбоотой албан бичиг алга болсон гэх мэдээлэл байна. Таньд энэ талаар мэдээлэл байна уу?
- Эрдэнэтийн хувьчлалтай холбоотой баримт бичиг байдаггүй юм. Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар 2016 оны зургадугаар 23-ны өдөр гэнэт оруулсан байдаг. Хэлэлцсэн проткол нь байгаа. Үүний дараа буюу зургадугаар сарын 28-ны өдөр Сангийн сайд тушаал гаргаад Эрдэнэтийн 49 хувийн ТУЗ-ыг өөрчилсөн. Тэгээд л дараагийн хуйвалдаанаа хийгээд явчихсан байдаг юм. УИХ-ын ажлын хэсэгт бол төвлөрсөн баримт бичиг хангалттай бий шүү.
- Хүн амын орлогын албан татвар болон бусад татварыг нэмсэн асуудлаар та ямар байр, суурьтай байгаа вэ?
- 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдах үед ганцхан асуудал яригдаж байсан. Тодруулбал, энэ улс орон санхүүгийн дампуурал зарлах уу гэдэг асуудал. Яаралтай төлөх өртэй, Монгол банк нь нөөцгүй гэх мэт маш олон хүндрэлтэй асуудалтай байсан. Үүнээс үүдэн ОУВС-тай хамтрахаас цаашгүй болсон. Ингээд ОУВС-тай хамтран ажиллах ажлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдсэн шүү дээ. Манай улс ОУВС-тай гурав дахь удаагаа хамтарч байна. Энэ удаад өмнөх хоёроосоо хүнд нөхцөлтэйгээр хамтарч байгаа юм. Татварын нэмэгдлийн хувьд дефолтоос холдох гэж гаргасан шийдвэр. Ямартай ч одоо санхүүгийн хямралаас холдож чадсан. Монгол банкинд нөөц байна. Мөн төсвийн орлогоо төлөвлөж байсан хэмжээндээ төвлөрүүлж чадлаа. Өмнө нь улсаараа аж, ахуй нэгж банктайгаа дампуурах уу эсвэл зарим нэг хүнд шийдвэрийг гаргаад хүндхэн байдлаас холдох уу гэдэг л сонголттой болсон. Явцын дунд зарим нэг асуудлаар харилцан ярилцаж зарим чангахан нөхцлөөр ярилцах бололцоо гарах болох болов уу.
- Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах асуудлыг хөндсөн. Та энэ талаар ямар байр, суурийг илэрхийлэх вэ?
- Би Ерөнхийлөгчтэй таарахгүй байгаа хүн дээ. Үндсэн хуульд заасан эрх мэдлээсээ давсан үйлдлийг дандаа гаргадаг. Уг нь үндэсний эв нэгдлийг хангана гэж тэр суудалд сууж байгаа хүн шүү дээ. УИХ-ыг тараахын тулд жагсана гэж хүн яривал "Тайван байцгаа" гээд хэлээд сууж байх ёстой хүн дээ. Гэтэл өөрөө УИХ-ыг тараана гэж ярих юм. Хэрхэвч байж болохгүй асуудал. Улс төрийн нам нь УИХ-ыг тараах асуудлыг ярьдаг л юм байгаа биз. Ерөнхийлөгч бол ярьж болохгүй. Парламентын засаглалыг сайжруулах үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж манай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярьдаг хүн сүүлийн үед гараад ирлээ. Ер нь бол Ерөнхийлөгч өөрөө ийм засаглалыг бий болгох гэж байгаа бол түүн шиг утгагүй зүйл байхгүй. Харин парламент нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байвал болно.
Т.Энхэлээ