8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Энхбаяр: 177 мянган иргэн бүртгэлийн төвд ирэх шаардлагагүй

2018-01-25 14:46:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан олон гишүүн санал хэлсэн тул санал хураалт явуулахгүйгээр чуулганыг түр завсарлууллаа. Үдээс хойшхи хуралдаанаар хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Төсөл санаачлагчдын хэлж буйгаар Улсын бүртгэлтэй холбоотой хуулийн төслийг шинэчилснээр бүртгэлийн байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг маш хөнгөн шуурхай болгох, дөрвөн төрлийн бүртгэлээс  өөр бусдыг Засаг захиргааны нэгжийн харьяалалгүйгээр бүртгэдэг болох зэрэг олон өөрчлөлт гарах аж. Эдийн засгийн суурь агуулгаараа газар ба газар дээрх үл хөдлөх хөрөнгийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэдэг болох бөгөөд Үл хөдлөхийн бүртгэлийн асуудалтай холбоотой гардаг бэрхшээл асуудлыг цэгцэлж, онлайн хэлбэрт оруулна. Үл хөдлөхийн лавлагаа авч ирэхийг шаарддаг байсан бол онлайнаар харах боломжтой болох аж. 

Р.Содхүү: Гараар өгдөг лавлагааг 40 хувь бууруулж чадсан

Бүртгэлийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн талаар ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү Монгол Улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан хамгийн том сан болж чадсан. 94 сая их нотлох баримтыг агуулсан 60мб-ийн багтаамжтай, 67 сервертэй, Эд хөрөнгийн, Иргэний, Улсын бүртгэлийн мэдээллийн сан нэгдэж чадсан. Төрсний гэрчилгээ, лавлагаа гэх мэт бүх мэдээлэл энэ сангаас гадуур байгаа ТҮЦ машинаар гарч байгаа. Гараар өгдөг байсан лавлагааг 40 хувь бууруулж чадсан. Харин одоо бол харилцан мэдээлэл солилцох боломжийг шинэчлэх шаардлагатай гэлээ.

Л.Мөнхбаатар: Цахим болж байгаатай холбогдуулан цахим гарын үсэг хэрэглэх ёстой.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 2008-2012 онд бүртгэлийн үйл ажиллагаа төгөлдөршүүлэх олон ажил хийгдсэн. Энэ хүрээнд Монгол Улс иргэнээ анх удаа шинэчлэн бүртгэж, 15 сая баримтыг сканердаж, 680 мянган зөрчлийг арилгасан. Ингээд иргэнийг давхцуулахгүйн тулд гарын хурууны хээгээр баталгаажуулсан. Одоо бүх мэдээлэл цахим болсон тул иргэндээ түргэн шуурхай үйлчлэх хэрэглээ тал руу нь чиглүүлж, хуульчилж өгөх ёстой. Нэгэнт хурууны хээ авсан тохиолдолд иргэн хүн яваад очиход иргэний үнэмлэх шаардлагагүй, хурууны хээгээр үйлчилж болно. Бид энэ дунд “Нэг цэгийн үйлчилгээ”, ТҮЦ машин гэх мэт завсрын шийдэл гаргаж байсан. Иргэн хүн төрийн байгууллагад хандахад бичиг баримтын чирэгдэлгүй үйлчилдэг байхад чиглэж байгаа юм. Цахим болж байгаатай холбогдуулан цахим гарын үсэг хэрэглэх ёстой. Цахим гарын үсгийн ажил ямар түвшинд байна вэ? 

 Р.Содхүү: Цахим гарын үсгийн программыг хийж дууссан

ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү: Улсын бүртгэлийн газар Монгол Улсын хамгийн том цахим бааз болж хөгжиж чадсан. Одоо үүнийгээ Монгол Улсын ой санамжид ашиглах ёстой. Цахим гарын үсгийн программыг хийж дууссан. Манай бүртгэлийн байгууллага иргэний үнэмлэхийн үйлдвэртэй. Манайх энэ үйлдвэртээ үнэмлэх хэвлэж байгаа. Тоон гарын үсэг хэвлэх программаа хийж дууссан. Үндсэндээ одоо иргэний үнэмлэх дээр тоон гарын үсэг байршуулах бүх программ хангамжийн ажил дууссан гэж ойлгож болно. Одоо ганцхан төрийн байгууллагаас тоон гарын үсгээ өгчихвөл бид суулгахад бэлэн болчихсон байгаа. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хууль гарснаар иргэн хоорондоо биш иргэдийн өмнөөс дата систем ажилладаг байхад хуулийн төсөл чиглэх ёстой. 

Б.Энхбаяр: 177 мянган иргэн бүртгэлийн төвд ирэх шаардлагагүй 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: Сүүлийн гурван жилийн дотор 177 мянган лавлагаа олгосон. Энэ мэдээллийг онлайнаар өгдөг болно. Өөрөөр хэлбэл, дээрх 177 мянган иргэн бүртгэлийн төвд ирэх шаардлагагүй болно. Мөн таван төрлийн бичиг баримтын хуулбарыг шаардахгүй болох юм. Үүнд, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг багтаж байгаа. Багц хуулийг яагаад 2009 оноос хойш шинэчлэн найруулах болов гэдэг нь практик шалтгаантай холбоотой. Л.Мөнхбаатар дарга 2008 оноос эхлээд цаасан бүртгэлийг онлайн тогтолцоо руу шилжүүлэх суурь ажлыг хийсэн. Одоо бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байгаа. Бүртгэл 100 хувь онлайн болсон тохиолдолд хүн бүрийн гар утас ТҮЦ машин болно гэсэн үг. Ингэснээр иргэд лавлагаа авах асуудал нээлттэй болно. Үүнтэй холбоотойгоор зардал нэмэгдэх асуудал байхгүй. Эсрэгээрээ буурна. Иргэний үнэмлэх 2002 онд шинэчлэгдсэн. Гадаад паспортын тухайд 2015 оноос загварыг нь өөрчлөх шийдвэр гарсан. Гадаадад ихээхэн хэмжээний бэлдэц хэвлүүлэх гээд мөнгийг нь төлчихсөн байгаа. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
ТООН ГАРЫН ҮСЭГ ГЭЖ ИРГЭНИИ БҮРТГЭЛИИГ БУДЛИАНТУУЛАХ ВИИ ДЭЭ. ХУЖАА НАРТ ИРГЭНШИЛ ӨГӨХИИГ ХАТУУ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.
2018/01/25 202.9.43.29