Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Бүртгэлийн тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн үгийг хүргэж байна.
Тодруулбал тэрбээр "Улсын бүртгэлийн энэ хууль үнэхээр чухал хууль. Манай улс бүртгэгдээгүй хөрөнгөө бүртгэж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн хэд дахин өсөх боломжтой. Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэлэлцэх нь зөв. Гэхдээ гишүүд сонгогчиддоо таалагдах гээд өнөөдрийн болохгүй байгаа зарим нэг асуудлыг голчилж яриад цаашдаа хэрэгжих ёстой тэр зүйлүүдийг сайн ярихгүй байна. Өнөөдөр арай гэж цахимжиж байгаа улсын бүртгэлийн үйл ажиллагааг гар аргаар бүртгэх тухай юм яриад байж болохгүй. Сүүлийн үед энэ гадаад паспортын асуудал үүсээд байгаа. 2.5 еврогийн үнэтэй байсан паспортын бэлдэцийг 10 евро болгоод Германд байсныг Унгар руу сольсон. Үүнээсээ болоод гадаад паспортын үнэ өссөн. Солих гэж байгаа паспорт нь адилхан чипгүй юм билээ. Ер нь хилээр зорчиж байгаа иргэдийн 98 хувь нь гадаад паспортынхаа хуудсыг дүүргэхгүй хугацааг нь дуусгадаг. Тэгэхээр нэгэнт л өмнөх шиг ээ чипгүй юм бол хуучин паспортыг нь сунгаад л өгчих хэрэгтэй. Мэдээж гадаадад зарим нэг асуудал гардаг л байх. Гэхдээ оруулж ирсэн паспортоо хурдан дуусгахын тулд бизнес хийж байгаа шүү дээ. Үүнийг гишүүд анхаараарай. Улсын бүртгэлийн ерөнхий хууль дээр иргэний бүртгэлийг хийхийн хажуугаар төлбөр тооцоо хадгаламжийн болон үнэт цаасны бүртгэлийг бүртгэх асуудлыг оруулаад ирсэн байна. Гэтэл энэ асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо гэдэг газар хийдэг ажил. Үүнийг Улсын бүртгэл авах ямар хэрэг байгаа юм. Энэ хуульд иргэний эрх, үүргийн асуудал хуучин хэвээрээ үлдэж байгаа. Харин төрийн байгууллага байцаагч болон иргэний бүртгэлийн ажилтнуудын эрх мэдэлтэй холбоотой зүйлүүд л нэмэгдээд ороод ирлээ. Энэ мэт асуудлыг ажлын хэсэг дээр сайн ярилцах хэрэгтэй байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Тиймээс хуульд тодорхой саналуудыг тусгаад илүү ойлгомжтой сайн болгох тал дээр ажиллах болно" гэлээ.
Т.Энхэлээ