Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.
Ц.Нямдорж: Би Ерөнхийлөгчтэй таарахгүй байгаа хүн дээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг, үеийн асуудлаар байр, суурийг нь сонслоо.
- Таныг 300 саяын үнэтэй машин унадаг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд яригдаж байна. Тэр тоноглосон Лексус 570 таны машин мөн үү?
- Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, шинэ машин авсан нь үнэн. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн. Тэр машин 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машин гэсэн. Иргэдийн шүүмжилж байгааг ойлгож байна.
- Улс орны эдийн засаг хүндрэлтэй байхад дарга нар тансаглаж болохгүй гэх шүүмжлэл иргэдийн дунд байна. Ялангуяа таныг үнэтэй машин унаж байгаад иргэд гайхаж хүлээж авч байна?
- Иргэдийн шүүмжлэлийг ойлгож байна. Манай яам бүх албан газартаа аудитын шалгалт хийсэн. Аудитын шалгалтаар үргүй зардал гаргасан ажил илрээгүй. Гэхдээ бид алба хаагчдынхаа ажиллах нөхцлийг сайжруулах үүднээс ажил хийнэ. Янз бүрийн шүүмжлэлийг хэлэх шаардлагагүй.
- Та одоо энэ машинаа солих уу?
- Одоо ямар нэгэн машин унаж л таарах байх даа.
- Эрдэнэтийн хувьчлалтай холбоотой албан бичиг алга болсон гэх мэдээлэл байна. Таньд энэ талаар мэдээлэл байна уу?
- Эрдэнэтийн хувьчлалтай холбоотой баримт бичиг байдаггүй юм. Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар 2016 оны зургадугаар 23-ны өдөр гэнэт оруулсан байдаг. Хэлэлцсэн проткол нь байгаа. Үүний дараа буюу зургадугаар сарын 28-ны өдөр Сангийн сайд тушаал гаргаад Эрдэнэтийн 49 хувийн ТУЗ-ыг өөрчилсөн. Тэгээд л дараагийн хуйвалдаанаа хийгээд явчихсан байдаг юм. УИХ-ын ажлын хэсэгт бол төвлөрсөн баримт бичиг хангалттай бий шүү.
- Хүн амын орлогын албан татвар болон бусад татварыг нэмсэн асуудлаар та ямар байр, суурьтай байгаа вэ?
- 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдах үед ганцхан асуудал яригдаж байсан. Тодруулбал, энэ улс орон санхүүгийн дампуурал зарлах уу гэдэг асуудал. Яаралтай төлөх өртэй, Монгол банк нь нөөцгүй гэх мэт маш олон хүндрэлтэй асуудалтай байсан. Үүнээс үүдэн ОУВС-тай хамтрахаас цаашгүй болсон. Ингээд ОУВС-тай хамтран ажиллах ажлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдсэн шүү дээ. Манай улс ОУВС-тай гурав дахь удаагаа хамтарч байна. Энэ удаад өмнөх хоёроосоо хүнд нөхцөлтэйгээр хамтарч байгаа юм. Татварын нэмэгдлийн хувьд дефолтоос холдох гэж гаргасан шийдвэр. Ямартай ч одоо санхүүгийн хямралаас холдож чадсан. Монгол банкинд нөөц байна. Мөн төсвийн орлогоо төлөвлөж байсан хэмжээндээ төвлөрүүлж чадлаа. Өмнө нь улсаараа аж, ахуй нэгж банктайгаа дампуурах уу эсвэл зарим нэг хүнд шийдвэрийг гаргаад хүндхэн байдлаас холдох уу гэдэг л сонголттой болсон. Явцын дунд зарим нэг асуудлаар харилцан ярилцаж зарим чангахан нөхцлөөр ярилцах бололцоо гарах болох болов уу.
- Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах асуудлыг хөндсөн. Та энэ талаар ямар байр, суурийг илэрхийлэх вэ?
- Би Ерөнхийлөгчтэй таарахгүй байгаа хүн дээ. Үндсэн хуульд заасан эрх мэдлээсээ давсан үйлдлийг дандаа гаргадаг. Уг нь үндэсний эв нэгдлийг хангана гэж тэр суудалд сууж байгаа хүн шүү дээ. УИХ-ыг тараахын тулд жагсана гэж хүн яривал "Тайван байцгаа" гээд хэлээд сууж байх ёстой хүн дээ. Гэтэл өөрөө УИХ-ыг тараана гэж ярих юм. Хэрхэвч байж болохгүй асуудал. Улс төрийн нам нь УИХ-ыг тараах асуудлыг ярьдаг л юм байгаа биз. Ерөнхийлөгч бол ярьж болохгүй. Парламентын засаглалыг сайжруулах үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж манай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярьдаг хүн сүүлийн үед гараад ирлээ. Ер нь бол Ерөнхийлөгч өөрөө ийм засаглалыг бий болгох гэж байгаа бол түүн шиг утгагүй зүйл байхгүй. Харин парламент нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байвал болно.
Д.ДАВААСҮРЭН: "Н2" визтэй холбоо ташаа мэдээлэлд автаж иргэд эрсдэлтэй алхам бүү хийгээсэй
АНУ-д ажиллах хүч гаргах "Н2" виз олгох эхлэхээр болсноос хойш энэ асуудалтай холбоотой маш олон мэдээлэл хэвлэл мэдээллийг хэрэгслээр гарах болсон. Эдгээр мэдээллийг зарим нь ташаа мэдээлэл гэдгийг албаны хүмүүс сануулж, анхааруулж байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн "Сошиалаар гараад байгаа элдэв ташаа мэдээлэл, зарлалд иргэд маань төөрөлдчих вий, залилуулчих вий гэж бид их санаа зовж байгаа. Тиймээс ГХЯ, АНУ-ын ЭСЯ-тай хамтран үнэн зөв, албан ёсны мэдээллийг дэс дараатай хүргэхээр ажиллаж байна. Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны гуравдугдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор уг ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна. Тиймээс энэ журам тодорхой болмогц олон нийтэд бид албан ёсоор нээлттэйгээр мэдээлэх болно. Тэр болтол иргэд маань эрсдэлтэй алхам бүү хийгээсэй" гэв.
Тиймээс иргэд та бүхэн баттай эх сурвалжийн мэдээллээс мэдээлэл авахыг зөвлөе.
Т.Мөнхтунгалаг: З.Баянсэлэнгийг эгч, дүүгээ түрээсийн орон сууцанд оруулсан хэргээр байцаалт мэдүүлэг авсан
Авлигатай Тэмцэх Газрын сар бүрийн 25-нд энэ сард хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж хэвлэлийн бага хурал хийдэг уламжлалтай.
Хэвлэлийн хурлын эхэнд АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү "2017 оны нэгдүгээр сард авлигын эсрэг хууль тогтоомжийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгье.АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээлэл шалгасан. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шийдвэрлэлт нь 83.7 хувтай байна. Харин албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зорчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн.Хянан шийдвэрлэсэн өргөдөл гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж зөрчил гаргасан 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан, мөн хууль бус төлбөр хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэргээр зөрчлийг арилгуулсан” гэсэн мэдээллийг өглөө.
Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг АТГ шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарсан. АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад “БХБ-ын сайд асан Баянсэлэнгийг сайдаар ажиллаж байх хугацаандаа хамаарал бүхий эгч, дүү, нөхрийн дүү зэрэг хамаарал бүхий хүмүүсийг түрээсийн орон сууцанд оруулсан,бусдад давуу байдал олгосон эсэхийг тогтоох зорилгоор байцаалт мэдүүлэг авсан. Сошиалаар түрээсийн орон сууцанд амьдарч байгаа бүх хүмүүсийг шалгана гэсэн мэдээлэл гараад байна. Энэ бол ташаа мэдээлэл” гэв.
Б.Пүрэвдорж: Гадаад паспортыг солихдоо чип суулгахгүй юм бол сунгах хэрэгтэй
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Бүртгэлийн тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн үгийг хүргэж байна.
Тодруулбал тэрбээр "Улсын бүртгэлийн энэ хууль үнэхээр чухал хууль. Манай улс бүртгэгдээгүй хөрөнгөө бүртгэж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн хэд дахин өсөх боломжтой. Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэлэлцэх нь зөв. Гэхдээ гишүүд сонгогчиддоо таалагдах гээд өнөөдрийн болохгүй байгаа зарим нэг асуудлыг голчилж яриад цаашдаа хэрэгжих ёстой тэр зүйлүүдийг сайн ярихгүй байна. Өнөөдөр арай гэж цахимжиж байгаа улсын бүртгэлийн үйл ажиллагааг гар аргаар бүртгэх тухай юм яриад байж болохгүй. Сүүлийн үед энэ гадаад паспортын асуудал үүсээд байгаа. 2.5 еврогийн үнэтэй байсан паспортын бэлдэцийг 10 евро болгоод Германд байсныг Унгар руу сольсон. Үүнээсээ болоод гадаад паспортын үнэ өссөн. Солих гэж байгаа паспорт нь адилхан чипгүй юм билээ. Ер нь хилээр зорчиж байгаа иргэдийн 98 хувь нь гадаад паспортынхаа хуудсыг дүүргэхгүй хугацааг нь дуусгадаг. Тэгэхээр нэгэнт л өмнөх шиг ээ чипгүй юм бол хуучин паспортыг нь сунгаад л өгчих хэрэгтэй. Мэдээж гадаадад зарим нэг асуудал гардаг л байх. Гэхдээ оруулж ирсэн паспортоо хурдан дуусгахын тулд бизнес хийж байгаа шүү дээ. Үүнийг гишүүд анхаараарай. Улсын бүртгэлийн ерөнхий хууль дээр иргэний бүртгэлийг хийхийн хажуугаар төлбөр тооцоо хадгаламжийн болон үнэт цаасны бүртгэлийг бүртгэх асуудлыг оруулаад ирсэн байна. Гэтэл энэ асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо гэдэг газар хийдэг ажил. Үүнийг Улсын бүртгэл авах ямар хэрэг байгаа юм. Энэ хуульд иргэний эрх, үүргийн асуудал хуучин хэвээрээ үлдэж байгаа. Харин төрийн байгууллага байцаагч болон иргэний бүртгэлийн ажилтнуудын эрх мэдэлтэй холбоотой зүйлүүд л нэмэгдээд ороод ирлээ. Энэ мэт асуудлыг ажлын хэсэг дээр сайн ярилцах хэрэгтэй байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Тиймээс хуульд тодорхой саналуудыг тусгаад илүү ойлгомжтой сайн болгох тал дээр ажиллах болно" гэлээ.
Д.Одонгоо: Аав минь 9 жил байтугай 9 сар ч амьд явна гэдэгт эргэлзээтэй
Өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр "DZ Man" буюу Олон улсын тоймч Б.Дашзэвэгийг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэрэг үйлдсэн эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн 12.1.4-д заасны дагуу ял төлөвлөсөн талаар өмнө нь яригдаж байсан. Тодруулбал, "Эрүүгийн хуулийн 12.1.4: Энэ гэмт хэргийг /хүчиндэх/ бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг. Тэгвэл тус шүүх хурлаар Б.Дашзэвэгт 9 жилийн хорих ял оноосон.
Шүүхийн шийдвэрийн талаар Олон улсын тоймч Б.Дашзэвэгийн охин Д.Одонгоо цахим хуудаснаа ийн бичсэн байна.
Тодруулбал, "Миний аав Б.Дашзэвэг насанд хүрээгүй хүүхэд хүчиндэхийг завдсан гэх зүйл ангиар Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс 1-р сарын 17-ны өдөр 9 жилийн ял авсан билээ. Сүүлийн үед их яригдаж байгаа хүчирхийлэлтэй холбоотой хэрэг олширч Төр “төмөр нүүрээ” харуулж миний аавыг ийнхүү яллаа. Өмгөөлөгчийн хэлснээр эхний мэдүүлэг ийм ял өгөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Гэхдээ тэр эхний мэдүүлэгт байгаа зүйлийг байцаагч энгийн хүнээс мэдүүлэг авч байгаа байдалтай, олон хүн сууж байсан өрөөнд авсан байна. Угаас нэр төртэй хүн учир олон хүний сониуч харцнаас санаа зовон, тухайн үед юу хэлж ярьсан, юунд гарын үсэг зурснаа ч сайн ойлгоогүй байсан байна. Гэтэл миний аавын хоёр чих нь юу ч сонсохгүй дүлийрэлийн 4-р шат хүрсэн, аппарат зүүдэг боловч хүний яриа ойлгогдохоор сонсогдохгүй, бичгээр харьцах л боломжтой болсон. Тэгээд ч өөрийгөө сонсохгүй байна гэдгээс санаа зовоод ‘тийм үү тийм’ гэсэн хариултыг өгдөг, тархины судасны нарийсалтай гэх мэтээр яриад байвал настай хүнд тохиолдох бүхий л өвчин энэ хүнд насны эрхээр бий болсон. Энэ хэрэгт ээдрээтэй зүйл их байгааг би өмгөөлөгчийн ярианаас ойлгосон. Миний хамгийн их сэтгэл гонсойлгосон зүйл гэвэл хамаг амьдрал ар гэрээ орхин зөвхөн сэтгүүл зүйн салбарт амьдралаа зориулж , олон арван шавь төрүүлсэн аавыг минь нэг ч шавь, найз нөхөд өмөөрсөн үг хэлээгүй чив чимээгүй, юу ч сонсоогүй мэт авирласан явдал юм. Хэвлэл мэдээлэл, твелевизээр үндэслэлгүй худал мэдээллийг ихээр цацсан. Угаас үг хүнийг амьдруулж чаддаг алж ч чаддаг.
Миний аавд хураасан мөнгө байхгүй хэдэн хүүхдүүддээ эрдэм мэдлэгийг л өгсөн. 74 настай хүнд 9 жилийн ял өгч байдаг. Аав минь 9 жил байтугай 9 сар ч амьд явна гэдэгт эргэлзээтэй.
Эрхэм хүндэт сэтгүүлчид, Б.Дашзэвэг багшаар хичээл заалгаж байсан шавь нар минь багш, ахмад сэтгүүлчийн талаарх үнэн зөв мэдээллийг нийтэд түгээж, энэ хэргийг үнэн зөвөөр шийдэхэд дэмжлэг үзүүлж аавд минь сэтгэлийн дэм хайрлаачээ! Сэтгүүлчид Эвтэй бол хүчтэй гэдэгт би итгэлтэй байна!" хэмээн бичсэн байна.
Ц.Нямдорж: Тэр машиныг би унадаг. Иргэдийн шүүмжлэлийг ойлгож байна
Олон нийтийн сүлжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг 0101 дугаартай тоноглосон Лексус 570 машинаар гангарч байна гэх шүүмжлэл гарч эхэллээ. Түүний машиныг 300 сая төгрөгийн үнэтэй гэж буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос өөрөөс нь тодрууллаа.
Тэрбээр "Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, шинэ машин авсан нь үнэн. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн. Тэр машин 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машин гэсэн. Иргэдийн шүүмжилж байгааг ойлгож байна. Одоо аль нэгэн машиныг унаж таарах байх даа” гэсэн тайлбар өглөө.
Улс орны эдийн засаг хүнд иргэдийн амьдрал хүнд байхад Хууль зүйн сайд нь төсвийн мөнгөөр ингэж тансаглаж болох уу гэх шүүмжлэлийг олон нийтийн зүгээс хэлж байгаа юм.
Чуулган: Хятадын консулын газарт 2 га газар ашиглуулна
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд төсөл санаачлагдаас асуулт асууж, хариулт авч байна.
Хятад улсаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу Хятад улсаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Хятадаас Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.
Анх Хятадын талаас 3-4 га газар олгох хүсэлт тавьсан ч орон нутгийн төвшинд энэ асуудлыг судалж, мөн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн шийдвэрээр 2 га газар олгох боломжтой гэж үзжээ.
Энэ дагуу Гадаад харилцааны яам Хятадын талтай ярилцаж, 2 газар ашиглуулах талаар зөвшилцсөн байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Энэ газрыг хэдэн жилээр ашиглах вэ. Газар бол үнэтэй зүйл. Тэгэхээр уг ажлыг долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй. Хэдэн жилээр ашиглах вэ гэсэн тодорхой асуулт асууж байхад хариулж чадахгүй. Барилгын сайд нь асуудлаа судалж орж ирдэггүй. Юу ч мэддэггүй байхаа больцгоо" гэв.
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан "20 жилээр ашиглуулна" гэж хариулав.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Рио Тинто компани манайд салбараа нээж байна. Энэ компани яагаад манайд салбараа нээж байна вэ. Хойноос ирээд хот манайх. Хотонд ирээд хонь манайх гэсэн шиг юм болж байна. Үүнд анхаарлаа хандуулах ёстой" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Бид олон улсын харилцааны асуудлаар улс төр хийж болохгүй. Хууль, журмынхаа дагуу консулын газрыг тусгай хэрэгцээнд авдаг. Түүнээс биш манай улсын газрыг хятадууд авах гээд байгаа зүйлгүй. Тэгэхээр бидний улс төржилт хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болно. Бид үүгээр улс төржиж болохгүй" гэлээ.
Ингээд гишүүдийн олонхийн саналаар уг төслийг дэмжиж дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүлэв.
НӨАТ-ын буцаан олголтыг 22.800 иргэн өөрсдийн буруугаас авах боломжгүй болжээ
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2018 оны эхний улиралд багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ гэж байгаа.
Нийт 77 тэрбум төгрөгийн буцаалтыг хийх юм байна. Гэвч 653.800 иргэний мэдээлэл бүртгэлтэй байгаагаас 22.800 иргэний мэдээлэлд НӨАТ-ын ebarimt.mn цахим хаяг дээр зөрчил илэрчээ.
Зөрчил илэрсэн иргэдэд мессеж илгээн алдаагаа засахыг сануулсан ажээ. Тэдгээр иргэдийн зөрчлөө арилгах хуульд заасан хугацаа дууссан тул мэдээллээ залруулаагүй хүмүүс НӨАТ-ын буцаалтаа авах боломжгүй болсон байна.
Энэ долоо хоногийн сүүлээр зөрчлөө залруулж чадсан иргэдийн тоо тодорхой болно. Мөн НӨАТ-ын буцаан олголт дансанд орох хугацаа ч тодорхой болох юм байна.
Дата баазад бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг нэгдүгээр сарын 22-нд Татварын щрөнхий газарт хүргүүлсэн байна. Татварын ерөнхий газар хянаж нягтлаад цааш Сангийн яаманд танилцуулах аж. Ингээд Сангийн яам Төрийн сангаар дамжуулан татварын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлж эхлэх юм. Энэ хугацаа нь ирэх хоёрдугаар сарын дундуур байж магадгүй байна.
“Роснефть”-ийн төлөөлөл Монголд ирнэ
ОХУ-ын “Роснефть” компанийн Экспорт хариуцсан захирал энэ сарын 29-нд Монголд ирэх юм байна. “Роснефть”-ийн төлөөлөл энэ үеэр салбарын сайд болон холбогдох албаны хүмүүстэй ч уулзахаар төлөвлөж байгаа гэнэ. Засгийн газрын төлөөлөл “Роснефть”-ийн төлөөлөлтэй уулзаж гэрээгээ шатахууны онцгой албан татварыг цуцалах шийдврийн талаар ярилцана гэсэн таамаг мэдээ гарч эхэлсэн байна.
ТАНИЛЦ: АНУ-ын Н-2 виз мэдүүлэх ерөнхий журам
Алхам 1: Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас олно. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.
Алхам 2: H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана. Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд боломжит ажил горлигч нь АНУ-ын виз мэдүүлнэ.
Алхам 3: Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа хийж ажил олгогч таньд зах зээлийн ханштай дүйцэх хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрхи гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.
Алхам 4: I-129 өргөдөл нь батлагдсан эсэхийг нотолсоны дараа DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банкинд визний хураамж болох 190 доллартай тэнцэх төгрөг тушаана. (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).
Алхам 5: H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/).
Алхам 6: Виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын хэлтэст визний ярилцлаганд орно. Визний ярилцлаганд ирэхдээ хүчин төгөлдөр паспорт, АНУ-ын визний шаардлага хангасан нэг хувь цээж зураг (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-photoinfo.asp) болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна.
Алхам 7: Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.
Алхам 8: Ажлын гэрээ дуусгавар болсны дараа H-2 визний статус зөрчих аливаа үйлдэл хийлгүй АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө Монголд буцаж ирнэ.
Анхааруулга: H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг бөгөөд ямар нэгэн байдлаар буруугаар ашигласан эсвэл зөрчсөн тохиолдолд АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яам цуцлах эрхтэй.
Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам
М.Мөнхшүр: Фэйсбүүкийн нууц үгээ сард нэг удаа заавал сольж байх хэрэгтэй
Цагдаагийн Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Сүүлийн үед бусдын фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч бүлэглэн гэмт хэрэг үйлддэгдэх тохиолдол ихэссэн гэдгийг албаныхан онцолсон юм. Хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.
-Фэйсбүүк буюу бусдын цахим хуудсийг ашиглан гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээгүүдийг олж илрүүлэн шалгаж байгаа юм байна. Хэрэгт хэчнээн хүн холбогдоод байна вэ?
- 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ хэрэгт холбогдуулан 10 этгээдүүдийг холбогдуулж шалгалж байна.
Тодруулбал, Ш,Т,Н,Д,Э нарыг дайчлан баривчлан шалгаж байгаа. Энэ 10 гаруй хүнээс 3-ийг нь цагдан хорьж, 7 этгээд нь батлан даалтад гаргаж шалгаж байгаа юм байна. Одоогийн байдлаар 40 гаруй хүн цахим гэмт хэргийн хохирогч болоод байна.
Фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг нь олзолж, тэдгээрийн найз нөхөд, гэр бүл, дотны хүмүүс рүү нь мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаардах зэрэг үйлдлийг хийдэг гэсэн мэдээллийн дагуу УЕПГ-т хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. 9911, 9910, 9909, 8811, 9191 зэрэг үүрэн холбооны дугаар эзэмшдэг иргэдийн фэйсбүүк хаягийг нь олж, нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаараар нь тааруулж ороод мессеж чатыг нь уншиж судалсны дараа мөнгө, зээлэх гуйх зэргээр гэмт хэргээ үйлддэг гэдгийг урьдчилсан байдлаар тогоогоод байгаа.
-Хэргийг хэдээс хэдэн насныхан үйлдэж байна вэ?
-Яг одоогоор хэрэгт холбогдоод шалгалгдаж байгаа гэмт этгээдүүд насны хувьд 17-20 насны залуус.
-Цахим хуудаст та хэд наслах вэ, хэзээ гэрлэх вэ, хэдэн хүүхэдтэй вэ зэрэг иргэдийн сонирхол татсан аппликэйшныг сонирхож үзээд фэйсбүүкийн нууц үгээ алдах эрсдэлтэй гэж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Иргэд та хэд наслах вэ гэх мэт зүйлсэд сонирхон орж үздэг. Энэ нь фэйсбүүкийн нууц үгээ алдахад хүргэдэг эрсдэлтэй. Болж өгдөл энэ төрлийн сониуч аппликэйшн ашиглахгүй байх хэрэгтэй.
-Цахим гэмт хэрэгт хуулийн ямар хариуцлага хүлээлгэх зүйл заалттай вэ?
-Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу зохих арга хэмжээ авна. Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцно. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 26.1.2 болон 17.3 дах зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл.Залилах: Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөн Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйл.Цахим мэдээлэлд хууль бусаар халдах: 1.Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; компьютерийн өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан; мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааж өгсөн байдаг.
-Иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Иргэд өөрсдийн гэсэн цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаяг, нууц үгээ энгийн байдлаар хийхгүй байх хэрэгтэй. Ажлын компюьтер болон гар утсан дээрээ фэйсбүүкээ нээлттэй орхихгүй байх цахим хуудсаа ашиглаж дуусны дараа хааж гарч байх хэрэгтэй. Ингэвэл цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Мөн ойр дотны хүнээс чинь мөнгө гуйх зэргээр чат ирвэл сонор сэрэмжтэй байж тухайн хүний гар утсаар асууж шалгаж байх хэрэгтэй. Фэйсбүүкийн нууц үгээ ойр ойрхон сольж байх ёстой. Сард нэг удаа заавал болж байх хэрэгтэй. Тэгвэл цахим гэмт хэргийн хохирогч болохоос та өөрийгөө хамгаалж чадна.
Вагонд гарсан галыг яаралтай унтраажээ
Дархан хотоос Эрдэнэт салах уулзвар дээр вагон шатсан хэрэг гарсан байна. Тодруулбал вагоны толгой хэсэгт гал гарсныг хоёр машинист нь яаралтай арга хэмжээ авч галыг унтраажээ. Одоогоор вагонд юуны улмаас гал гарсныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Мөн хэрвээ вагон шатаж эхлэнгүүт яаралтай арга хэмжээ авахгүй бол хойшоогоо гал хурдан авалцах аюултай аж.