“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-ны өдөр өөрийгөө шатаасан билээ. Тэрбээр "Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" хэмээн хэлж, өөр дээрээ шатахуун асгаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байсан юм. Цочирдам үйл явдлын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болгож мөн эмчилгээ сувилгаанд шаардагдах зардлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэлийг өгч байсан. Гэвч Ч.Сайханбилэгийн үг салхинд хийсчээ. БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа С.Эрдэнэ эмчилгээний төлбөр болох 135 сая гаруй воны асуудлаас болж шүүхэд дуудагдах дээрээ тулжээ. Уг нь дээрх мөнгө эмнэлгийн дансанд шилжин орсны дараа түүнд арьс нөхөх эмчилгээг хийх ёстой байсан аж. Түүний удирддаг байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний үйлдвэрчний эвлэлээс мэдээлж байгаагаар шинэ оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдөр С.Эрдэнэ рүү ердөө л 30 сая вон шилжүүлжээ. Түүнээс хойш ямар нэгэн санхүүгийн тусламж үзүүлээгүй бөгөөд С.Эрдэнэ болон түүний гэр бүл хохирч байгаа, эхнэр хүү хоёр нь ар гэр, ажил төрлөө орхиод солонгост удаж байна, олон удаагийн хагалгаа, физик эмчилгээнээс мэдрэх зовиурыг С.Эрдэнэ биеэрээ туулж яваа хэмээж байгаа юм. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани энэ талаар сүржин мэдэгдэл гаргажээ. Ингэхдээ эмчилгээний төлбөр гэж С.Эрдэнэд эхний удаа 100 сая төгрөг шилжүүлсэн гэнэ. Түүнчлэн эмчилгээний явцын нөхцөл байдлаас болж дахин 190 сая төгрөгийн эмчилгээний зардал гарсныг олгохоор ажиллаж байгаа тухай мэдэгдсэн байх юм.
С.Эрдэнэ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн буруутай үйл ажиллагаагаас болж өөрийгөө зольсон. Хэрэв тэд 200 гаруй ажилчидаа халах тушаал гаргаагүй байсан бол С.Эрдэнэ өдийд эрүүл саруул байх байсан биз. Үүрэг хариуцлагаа олигтойхон ухамсарлаж, хүнд суртлаа энэ удаад орхиж, эмчилгээний зардлыг нь эртхэн шилжүүлчихсэн бол өдийд С.Эрдэнэ биеийн зовиур дээрээ сэтгэл санааны дарамтанд орохгүй байсан биз.