8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Энх-Оюун: Барагшун агуулсан бүтээгдэхүүний технологийг боловсруулж " Дэлхийн шилдэг зохион бүтээгч"-ээр шалгарсан

Сэтгүүлч Б.Анхтуяа
2018-01-26 09:18:00


Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, судлаач  доктор (Ph.D) Т.Энх-Оюун 2014 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Солонгос улсын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсад зохион байгуулагдсан "Инновацийн шийдэл-Бидний амьдралд" сэдэвт уралдаант шалгаруулалтанд "Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга" бүтээлээрээ оролцон Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын "Алтан медаль", "Шилдэг зохион бүтээгч" шагналын эзэн болж байсан. 2012 онд Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын нэрэмжит залуу докторуудад олгодог "Грантын" эзэн болж байв. Эх орны эмийн түүхий эх болох  барагшуныг  судалсан ажлын үр дүн болон хийсэн бүтээгдэхүүний талаар Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, судлаач  доктор (Ph.D) Т.Энх-Оюунтай ярилцлаа. 

-Та судалгаагаа хэдэн хоноос хойш эхлэж хийсэн бэ. Энэ хугацаанд хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж авсан бэ?

-Барагшуны талаарх судалгааг 1997 оноос эхлэж хийсэн. 1997 онд би 3 курсын оюутан байсан. Оюутаны эрдэм шинжилгээний ажлаар  судалгаа шинжилгээнийхээ гарааг эхлэж байлаа.21 дэх жилдээ барагшуныг судлаад явж байна. Энэ хугацаанд гурван төрлийн барагшун агуулсан бүтээгдэхүүний технологийг боловсрууллаа. Боловсруулсан гурван төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж, хэрэглэгчдэд хүргэх зорилгоор 2017 оны 7 дугаар сард Мал эмнэлэгийн хүрээлэнгээ түшиглээд “Гарааны нэмэлт тун” ХХК-ыг байгуулаад захирлаар нь ажиллаж байна. 

-Ямар ямар төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан бэ?

-Манай компанийн эхний бүтээгдэхүүн нь Барагшуны өтгөн ханд буюу Барагшун-EN гэдэг бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүний онцлог нь мал амьтан төдийгүй хүн хүртэл хэрэглэж болно. Энэ бүтээгдэхүүний бие мах бодид үзүүлэх нөлөөг зөвхөн дотоод төдийгүй Австарын Вена хотын мал эмнэлгийн их сургууль, Анагаах ухааны их сургуультай хамтран судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийж баталгаажуулсан. Энд манай Барагшун-EN бүтээгдэхүүгн ясны хугарал бэртэл гэмтэл зөөлөн эдийн гэмтэл, хүнд мэдрэлийн ядаргаа нойргүйдэл мэдрэлийн эсийн гажуудал мөн дархлааг дэмжих биеийн эсэргүүцэлийг сайжруулахад үр дүнтэй гэдэг нь бидний хийсэн судалгаагаар батлагдсан. 


Дараагийн бүтээгдэхүүн нь Барагшун агуулсан тосон түрхлэг буюу "Бартазел" гэдэг нэртэй бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүн мөн мал амьтан төдийгүй хүн хүртэл хэрэглэж болно. Энэ тосон түрхлэгийг янз бүрийн шархан дээр хэрэглэж болно. Энгийн жишээ хэлэхэд хүүхэд унаж бүдрэхдээ авсан шарх, хурц үзүүртэй мэсээр зүсэх, мал дээр гэхэд  чоно нохойд хазуулах, уруулах, мөргүүлэх зэрэг тохиолдолд маш үр дүнтэй тосон түрхлэг байгаа. 


Гурав дахь бүтээгдэхүүн бол барагшуныг цэвэршүүлэлтийн явцад  маш их хаягдал гардаг. Тус хаягдалыг судалсаны үндсэн дээр бусад эмийн ургамалуудаар баяжуулаад мал, амьтанд зориулсан барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэлийн технологийг боловсруулан байгаа. Энэ технологи бол 2014 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан “Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын "Инновацийн шийдэл-Бидний амьдралд" сэдэвт уралдаанд амжилттай оролцож, "Дэлхийн шилдэг зохион бүтээгч" сертифакт, дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль" хүртсэн. 

Манай улсын хувьд бэлчээрийн маллагаатай өнөөгийн нөхцөлд мал амьтанд хэрэгцээтэй шаардлагатай байгаа эрдэс амин дэмээр хангах асуудал бол хамгийн их тулгамдсан асуудал байдаг. Тийм учраас  барагшуны хаягдал нь өөртөө  40 гаруй төрлийн эрдэс элементийг агуулсан агуулсан байдаг. Түүнийг эмийн ургамлаар баяжуулж өгсөнөөр мал амьтанд эрдэс амин дэмийг бүрэн хангахуйц бүтээгдэхүүн болж чадсан.  

ӨВӨРМОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ  "БАРАГШУН-EN" ӨТГӨН ХАНД МААНЬ ГАРНА

-Та яагаад барагшуныг судлах болсон юм бэ. Таны сонирхолыг юу татсан бэ?

-Энэ судалгааны ажил маш сонирхолтой эхэлсэн.  Тухайн үед би гуравдугаар курсын оюутан. Оюутны дотуур байранд амьдардаг байсан. Амралтын өдөр хамаатныхаа эгчийнд очдог байлаа. Тэр өвөл нэг амралтын өдөр очсон чинь манай эгч хальтарч унаад хөл, гар хоёроо хугалчихсан байсан. Тэгээд намайг юу хэрэглэвэл зүгээр бэ, олж өгөөч гэж хэлсэн. Тухайн үед манай ангид  Уламжлалт мал эмнэлэг гэдэг хичээл ордог байсан. Энэ хичээлийг тухайн үед зааж байсан багш одоо ч гэсэн хичээлээ заагаад явж байгаа. Тэгээд би багш дээрээ очоод “ясны хугарал, бэртэл гэмтэлд хамгийн сайн нь юу вэ” гэж асуусан. Тэгсэн багш маань барагшун их сайн, тэгэхдээ их ховор байдаг, Улаанбаатар сувилал, уламжлал анагаах ухаанаар явбал олдох байх гэж хэлж байсан. Тэр үед одоогийнх шиг эмийн сангаар ч юм уу их элбэг байгаагүй. Тэгээд хайсаар байгаад эгчдээ олж өгсөн. Эгч маань барагшун хэрэглээд маш хурдан таягтай явдаг болсон. Багш маань тухайн үед надад  барагшуныг хүн ерөөсөө тоож судлахгүй юм. Уг нь судалбал их л юм гарна даа гэж хэлж байсан. Тэгээд л би барагшунаар судалгаа хийж эхэлсэн. Үүнээс хойш тасралтгүй барагшуныг судалж байна. 
-Таниас өөр энэ төрлийн судалгаа хийдэг хүн хэр олон байдаг вэ. Гадуур маш олон төрлийн барагшун зарагддаг шүү дээ?

-Монголд судалгаа шинжилгээний төрлөөр хараахан ажиллахгүй байна. Хуучин Ардын эмнэлгийн хүрээлэн гэж байхад Хайдав, Амбага нар ажиллаж байсан. 2008 онд Амбага багш  барагшуны судалгааг түр орхисон гэж хэлж байсан. Гадны улсуудад барагшуны үйлдвэрлэлийн чиглэлд ажиллаж байгаа. Хараахан судалгаа технологийн чиглэлээр ажиллаагүй байна. Долоо хоногийн өмнө Шинжлэх ухааны технологийн сан дээр гадаад зах зээлд гарах боломж гэсэн хэлэлцүүлэг болсон. Тэнд 30 гаруй компанийн эрдэм шинжилгээний 60 гаруй бүтээл дэлгэгдсэн. Тэр хэлэлцүүлгийн үеэр тус бүтээгдэхүүнээс зургаан бүтээгдэхүүн сонгож Өвөрмонголын зах зээл рүү гаргахаар болсон. Энэ зургаан бүтээгдэхүүний хамгийн эхэнд манай Барагшун-EN өтгөн ханд маань сонгогдсон. 

-Дотоодын хэрэгцээг хангах мөн, гадагшаа өөр улс руу гаргахад хэр анхаарч ажиллаж байна?

-Судлаач хүний хувьд бүтээгдэхүүн  судалгаа хийгээд гаргаад ирчихсэн тохиолдолд ямар нэгэн дэмжлэгэ туслалцаа байдаггүй. Бид нар судалгаагаа хйиж гэж төсөл бичиж санхүүжилт авдаг. Тэрнээс биш зах зээлд нэвтрүүлэхэд ямар нэгэн тусламж дэмжлэг байдаггүй. Бид нар чинь судлаач болохоос биш эдийн засагч, маркетингийн менежер биш учраас сайн борлуулж чадахгүй байгаа. Одоо бид бол судалгаагаа хийх үү, үйлдвэрлэлээ явуулах уу гэдэг асуудал тулгардаг. Энэ маш их хүндрэлтэй санагдаж байна. 

-Барагшун манай улсын аль хэсэгт ихэвчилэн байдаг вэ. Түүхий эдийг хаанаас авч байна?

-Түүхий эдийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумаас бэлтгэдэг. Тэндээс улиралын чанартай түүний эд бэлтгэж өгдөг хүмүүс байгаа. Санжүүжилттэй байгаа тохиолдолд аль болохоор өөрсдөдөө явж бэлтгэхийг боддог. Санхүүжилтгүй байгаа тохиолдолд ирж очихдоо 3000 гаруй км  туулаад түүхий эд аваад ирнэ гэдэг хэцүү. 

-Нийслэлтэй ойрхон өөр газраас авах боломж байна уу. Ер нь барагшун хаана, хаана байдаг вэ?

-Өөр газраас нээлттэй хаанаас ч авч болно. Гэхдээ тэнд танил тал, хөтөч, малчинтай холбоо тогтоож явах шаардлагатай болдог. Тэр бүрчлэн хүмүүс ойлгохгүй. Яагаад барагшун асуугаад байна гэдэг их хардана. Гэхдээ тэр хүмүүсийн ч буруу биш л дээ. 

-Цаашдын зорилго, ямар шинэ нээлт хийхээр төлөвлөж байна вэ?

-Барагшуныг 21 жил судалсан байна. Эргээд харахад тийм ч бага хугацаа биш. Барагшун нь 40 гаруй төрлийн эрдэс элемент, 20 гаруй төрлийн биологийн идэвхт бодис агуулсан. Маш өргөн хүрээний байгалийн түүхий эд. Маш бага нөөцтэй. Жил болгон ургаад ундраад байдаггүй. Олон зуун жилийн явцад үүсэж бий болдог байгалийн гайхамшигтай нэгдэл. 20 гаруй төрлийн биологийн идэвхт бодисыг цэврээр дангаар нь ялгаж авах, дараа нь энэ бодис дээр туулгарлаж нэр төрлийг нь олшруулах хэрэгтэй байна. Гэхдээ 20 гаруй төрлийн биологийн идэвхт бодисыг цэврээр дангаар нь ялгаж багаж тоног төхөөрөмж маш дутагдалтай байна. Манай Мал эмнэлэгийн хүрээлэнд гэхэд ийм төрлийн багаж байхгүй. Үүнд анхаарч бас үзээсэй. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Urgen
Sain bna shuu uursduu urgun heregleh yumsan
2018/01/26 150.129.141.208
Zochin
Chinii zov.gehdee unendee chotgor olon amilsan.gadnii buhen sain bish.
2018/01/26 99.203.14.102
  • Recent
  • Most Read
  • Most Comment