8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Учралын асуулгад хариулсангүй

2018-01-26 11:11:00

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж “Цахим мөнгө, блокчэйн технологийн талаар төрөөс баримтлах бодлого, цаашид цахим мөнгө, блокчэйн технологийг хөгжүүлэх бол хэрхэн дэмжиж, хамтран ажиллах, татварын болон хяналтын ямар тогтолцоог нэвтрүүлэх” талаар тавьсан асуулгын хариуг сонсох байсан. 

Гэтэл Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх Н.Учрал гишүүний тавьсан уг асуулгад одоогоор хариулах боломжгүй гэх хариуг өгсөн байна.  Учир нь энэ төрлийн санхүүгийн асуудал, зах зээлийн талаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой дахин ярилцах шаардлага гарсан учраас энэ удаа хойшлуулж өгөх хүсэлтийг Н.Учрал гишүүнд тавьжээ. Тиймээс уг асуудлыг хэлэлцэхээргүй болж байна. 


Яг одоо чуулганы хуралдаанаар “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлан тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

ЗГ,  ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр  “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн зорилго нь Дарханы дулааны цахилгаан станцын суурилагдсан 48 MВт-н хүчин чадлыг шинээр 35 MВт-аар нэмэгдүүлж төвийн бүсийн 10-15 жилийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход оршино.   

Төслийн 1-р үе шатны санхүүжилтийн хүрээнд ПТ-35/39-3.4/1.0 маркийн уурын турбин, Т-35-2У3 маркийн турбогенератор, втонит-50 турбины хяналт удирдлагын систем, турбины өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн худалдан авалт, турбины өргөтгөлийн барилга, турбингенераторын суурийн 1 ба 2 дугаар үе, эргэлтийн усны насос станцын барилга, хөргөгч цамхаг зэрэг ажлууд хийгдсэн.

Төслийг 2018 онд бүрэн хэрэгжиж дуусахад нийт 11 сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгааг дараах байдлаар санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Монголын Засгийн газрын санхүүжилтийн хэмжээ нийт 6.5 сая евро, үүнээс 1,5 сая еврог төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5.0 сая еврог ХБНГУ-ын зээл хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээгээр тохиролцоод байна.

Энэхүү 5 сая еврогийн санхүүжилтийг “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээний хүрээнд дараах нөхцөлтэй олгоно. Үүнд:

Зээлийн хүү (жилийн):                                                      2.0%

Зээлийн хугацаа:                                                                30 жил

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:     10 жил                               

Хөнгөлөлтийн түвшин:                                                     36.7%

Дээрх санхүүжилтийн хөрөнгөөр төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг захиалах, үндсэн тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах, туршиж тохируулах, барилга угсралтын ажлуудыг дуусгах, эргэлтийн усны шугам хоолой татах, цахилгаан хуваарилах байгууламж өргөтгөх, цахилгаан болон механик тоног төхөөрөмжүүдийг худалдан авах гэх зэрэг ажлуудыг санхүүжүүлэх юм.

Дарханы дулааны цахилгаан станцын үндсэн тоноглол болох турбин, генераторууд нь 1964 онд суурилагдсан, ажиллах ёстой баталгаат цагаасаа 3 дахин илүү цагаар ажилласан тул уг төслийг хэрэгжүүлэн шинэ турбин, генератор суурилуулан станцын найдвартай тогтвортой ажиллагааг хангах зайлшгүй шаардлагатай байгааг хуулийн төсөл санаачлагч дурдсан юм.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр ашиг нь:

1.   Төслийн хүрээнд БКЗ-75-39 ФБ маркийн зуухтай  35 МВт-ын  турбиныг хослон  ажиллуулах, техникийн  дэвшлийг нэвтрүүлснээр бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг 10-15 жил найдвартай хангана.

2.    Тус станцад 1987 онд өргөтгөлөөр суурилагдсан 3 зуухны ашиглалт  сайжирснаар төвийн эрчим хүчний систем дэх цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл жилд 200 орчим сая квт.ц-аар нэмэгдэж, ОХУ-аас импортоор авч буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ буурна.

3.      Үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр Дархан-Уул аймгийн төв Дархан сумын 25 мянган айл өрх, 3000 аж ахуй нэгжийг найдвартай хангах нөхцөл бүрдэнэ.

4.      Шинэ орчин үеийн технологи бүхий тоноглолыг суурилуулснаар нэгж уурын зарцуулалт, түлшний хувийн зарцуулалт буурна. Түлшний хувийн зарцуулалт буурснаар станцын жилд хэрэглэх нүүрсний хэмжээ, үйлдвэрлэлийн зардал буурч улмаар хүрээлэн буй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна.

5.           Төсөл амжилттай хэрэгжиж дууссанаас хойш 12.5 жилд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх боломжтой юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tumur
Ирээдүйн УТАА-г бэлдэж тэртэй тэргүй утаат Дархан хотыг тэр тусмаа гэр хорооолол биш ДЦС нь одоо утаагаар буддаг хотыг Улаанбаатарын хэмжээнд утаанд баригдсан хот болох суурийг тавьж байна
2018/01/27 122.201.22.89
tumur
Одоо энэ мөчид хятадууд бээжингийн ойр буй бүх ДЦС-аа хаасан бүр байхгүй болгосон-энэ нэгийг хэлээд байгаа юм биш үү тэнэг удирдлагуудаа,зээл авч\өөрсдөө дарга байгаа дээрээ мөнгө цавчих гэж\ирээдүйн
2018/01/27 122.201.22.89