8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Дарханы ДЦС-ыг Герман улстай хамтран өргөтгөнө

2018-01-26 12:12:00

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрчим хүчний үр ашиг, хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016, 2017 оны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. 

Энэ төслийн хүрээнд Дарханы ДЦС-ыг 35 МВт-аар  өргөтгөл хийх асуудал багтсан юм. Өмнө нь Дарханы ДЦС өөрийн хөрөнгөөр өргөтгөл хийх байсан ч ажил хийгдээгүй тул Монгол Улсын Засгийн газар, Герман улстай хамтарч хэрэгжүүлэхээр болжээ. Уг ажилд 11 сая еврогийн санхүүжилт хийх шаардлагатай юм байна. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газар 6,5 сая евро, Германаас 4,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах талаар гэрээнд тусгаж, 2016 онд байгуулсан. Монголын тал 3,4 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгасан байна. Үлдэгдэл 5 сая еврог 30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, эхний 10 жилийн төлбөрөөс чөлөөлөх талаар Герман улстай гэрээ байгуулжээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

Тухайлбал, гишүүн С.Ганбаатар "Уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх шаардлагатай байсан юм биш үү. Яагаад хэлэлцсэнгүй вэ. Мөн яагаад энэ төслийг Дарханд хэрэгжүүлэх гэж байна вэ, шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт хэдэн цагаас эхэлж байна" гэлээ.

Үүнд ЭХ-ны сайд Ц.Даваасүрэн "Манайх  ОХУ-аас цахилгаан импортолдог. Бид усан цахилгаангүй учраас Оросоос хамааралтай. Энэ төсөл өмнөх Засгийн газрын үед хэрэгжсэн гэсэн юм. Нэг кВт-ын үнэ 190 төгрөг.  Манай эрчим хүчний салбар өөрийгөө зохицуулах бие даасан салбар биш учраас ОХУ-аас эрчим хүч авдаг. Шөнийн цагаар эрчим хүчний илүүдэл гардаг учраас ОХУ руу шилжүүлэхээс өөр арга байдаггүй. Энэ бол эрчим хүчний нарийн технологи учраас бид турбинаа унтраахгүйн тулд илүүдлээ ОХУ руу шилжүүлж байгаа.  Энэ жил 170 МВт авч түүхэнд анх удаа өндөр ачаалалтай ажиллаж байна. Өмнө 40-50 МВт авах шаардлага гардаг байсан. Оргил ачаалал 18.00-21.00 цагийн үед байдаг. Оргил үед ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлага гардаг. Нэг кВт 190 төгрөг байгаа. Цахилгаан станц барих дэлхийн зах зээлийн үнэ 1-1,2 сая ам.доллар байдаг. Герман, Япон зэрэг өндөр технологитой оронд 1,6-1,8 сая ам.доллар байдаг. Манайд хамгийн хямд өртгөөр Эрдэнэтэд 48 МВт станц юм. Үнэхээр хямд 1 МВт 900 ам.доллараар барьсан байна лээ" гэв.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эдийн засгийн байнгын хороогоор ороогүй тухайд УИХ-ын Тамгын газар хуулийн дагуу зохион байгуулж байгаа болов уу. Энэ төсөл 2012 оноос эхэлсэн. Явц дунд нь гацаж байсаар одоо оруулж ирсэн" гэв. 

УИХ-ын гишүүн Д.Мурат "Гэр хороололд 6-8 МВт цахилгаан станц барих боломж байна уу. Ялангуяа манай баруун аймагт ОХУ-аас оруулж ирж байгаа цахилгааны импортыг багасгаж, өөрсдөө цахилгаан станцтай болох бүрэн боломж бий" гэв. 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн " Аймгуудын хувьд дулааны 10 станц барих  асуудлыг судалж байна" гэлээ. 


Уг асуудлыг хэлэлцэж дэмжсэний дараа  “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тухайлбал, Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан. Эдгээр 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэнээр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. 

Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт завсарлана. 

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дамиран
Чойбалсанд юу болсныг санаж бнауу...германууд ажлыг нь аваад баахан хужаа оруулж ирээд гурилдсанвэцэст нь хужаа нар хийсэнтэй яг ижил юм болсон.германуу хэзээч германаасаа зөөж хийдэггүй юм билээ.стал
2018/01/26 150.129.141.60