Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.
Г.Занданшатар: Нефть боловсруулах үйлдвэр барих нь үнэн
УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын шатахууны үнэ, хомсдолтой холбоотойгоор Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар томилолттой байгаа тул Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дээрх асуудлаар танилцуулга хийлээ.
Тэрбээр “Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөн. Үүнтэй давхцуулан Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохирсон хүрээнд шатахууны онцгой албан татварыг долоо, аравдугаар сард сэргээсэн нь шатахууны үнэд нөлөөлсөн. Он гарснаас хойш бензиний жижиглэнгийн үнэ өсч, хомсдол үүсэн. Иймд Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Ингэснээр шатахууны хангамж хэвийн байдалд орсон.2018 оны нэгдүгээр сарын 23-ны байдлаар шатахууны 39 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80-60 хоног, АИ-92 болон АИ-95 – 41 хоног, дизель түлш 38 хоног, онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна. Шатахууны үнийг судлах ажлын хэсгийн дүгнэлтээр жижиглэн борлуулалт хийхдээ шатахуун түгээх станцууд алдагдалд орж байгаа нь тогтоогдсон. Цаашид үнэ нэмэгдэх төлөвтэй байна гэж үзсэн. Иймд авто бензин дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэх шуурхай арга хэмжээг Засгийн газар авлаа. Монгол Улс 2014 онд-1,3 тонн, 2015 онд - 1,2 тонн, 2016 онд - 1,2 тонн, 2017 онд - 1,5 тонн шатахуун импортоор авсан байна. Цаашид түлш жижиглэн худалдааг зах зээлийн үнэтэй уялдуулах, евро-5 шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэр барих ажлыг Засгийн газраас эрчимжүүлнэ. Улсын хэмжээнд шатахууны нөөц нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Онцгой албан татварын хуулийг тогтоолоор тэглэж болдог юм уу. Тэглэж болдог юм бол энэ шатласан татваруудаа тэглээч. Тэтгэвэрийн зөрүүний асуудлаа тэглээч. Ард түмэн ядуу байхад цалингийн шатласан татвараа тэглээч. Мөн нефтийн үнийг ОХУ-руу очихоос шатахуун 1000 төгрөг гэж байхад манайхан 500 төгрөгийн ашигтай ажилладаг юм байна шүү дээ. Ядаж 100 төгрөгийн ашиг болж болдоггүй юм уу. Энэ том машинуудаасаа татгалзмаар байна. Мөн үйлдвэр барих нь үнэн үү.
Г.Занданшатар: Үйлдвэр барих нь үнэн үү гэж байна. Үйлдвэр барих нь үнэн. Стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр учраас барьж, ашиглалтад оруулах нь үнэн. Мөн шатахууны үнэ дээр Үнийн зөвлөлөөс Ажлын хэсэг байгуулж шалгалт хийж 227-275 төгрөгийн алдагдалтай байгаа гэдгийг тогтоосон.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Д.Загджав: Үнийн зөвлөл импортлогчид компанийн төлөөлөлтэй найман удаа уулзсан. Мөн Роснефтийн төлөөллүүдтэй уулзаж цаашид бензин, шатахууны үнийг тогтвортой байлгах тал дээр харилцан санал солилцох болно. Үнийн зөвлөл бол үүргээ сайн гүйцэтгэсэн гэж харж байгаа. Яг өнөөдрийн байдлаар шатахууны үнэ хэвийн хэмжээндээ очсоон.
С.Бямбацогт: Шатахууны импортлогчдын зүгээс дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өссөн учраас удаан хугацаанд үнийг барьж чадахгүй гэдгээ хэлж байсан. Тэгэхээр ганцхан онцгой албан татварыг тэглэлээ гээд шийдэгдэж байгаа асуудал гэж харагдахгүй байна. Цаашид тэгэхээр яах юм бэ.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: Зарим шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх байдал ажиглагдсан. Түүнчлэн хувиараа таксинд явж байгаад хяналт шалгалт хийсэн. Мөн албан ёсны такси үйлчилгээний компаниудад ажиллаж хуучин үнээр явж байгааг тогтоосон. Тиймээс цаашид ч мөн ердийн тарифаар ажиллах чиг үүргийг өгсөн байгаа.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Дэлхийн зах зээлийн үнийг бид тогтоодоггүй. Үнийн асуудлаар урьдчилан доргиох нь зах зээлд эрэлт нэмэгдүүлж, зохиомол хомсдол бий болгох эрсдэлтэй".
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн үү өртөг нь 1 тэрбум долларт багтаж байгаа юу. Ямар өртгөөр бүтэх, хэдэн жил барих вэ" гэлээ.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "ТЭЗҮ нарийвчилсан үндэслэл гуравдугаар сард бэлэн болно. ТЭЗҮ дээр үнийн асуудлыг урьдчилан ярих боломжгүй. Хэрэв бид урьдчилан тооцоо хийгээд мэдэгдчих юм бол үнэ өсөх магадлалтай гэж болгоомжилж байгаа. Усны асуудлаар Сайншанд, Бор хөөвөр зэрэг газрууд усны нөөцтэй гэдгийг тогтоосон" гэлээ.
Д.Загджав: Бид удахгүй эх орныхоо шатахуунаар машинаа цэнэглэнэ
Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар АИ 80, АИ 92 шатахууны албан татварыг тэглэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр дээрх шатахуунуудын үнэ нэмэгдэхээргүй болж байгаа юм. Шатахуун түгээх станцууд АИ 92, АИ 80 шатахууныг хэзээнээс хэвийн олгож эхлэх болон бусад асуудлаар Уул, уурхайн дэд сайд, Үнийн зөвлөлийн тэргүүн Д.Загджаваас доорх тодруулгыг авлаа.
КОМПАНИУД АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙСАН НЬ ҮНЭН
- Засгийн газрын шийдвэрээр АИ 92, АИ 80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэрийг гаргасан. Шатахуун түгээх станцууд хэзээнээс дээрх шатахуунуудыг хэвийн олгож эхлэх вэ?
- Засгийн газар үүсч бий болсон нөхцөл байдалд дүгнэлт хийн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. АИ 80, АИ 92 шатахууны онцгой албан татварыг тэглэлээ. Шатахууны хангамж, үнийн тогтвортой байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцсон үндэсний зөвлөлөөр уг асуудлыг удаа дараа хэлэлцэж байсан. Уг уулзалтаас гарсан шийдвэрээ тухай бүрт нь Засгийн газарт танилцуулж байсан. Засгийн газрын зүгээс төрийн бүх албадыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж үүсч бий болсон нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр ажиллажкомпаниудын бодит алдагдагдлыг тогтоосон. Үүний дараа буюу энэ сарын 23-ны өдөр бид Засгийн газарт санал хүргүүлсэн. Нефть импортлогчдоос шатахууны онцгой албан татвар гэж 68 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөөд байсан юм. Үүнийг нь Засгийн газар тэглэсэн. Тэгэхээр өнөөдөр Засгийн газрын тогтоол хэрэгжиж байна. Шатахууны үнийн нэмэгдэл нь иргэдийн амьдрал цаашилбал улс орны эдийн засаг, инфляцитай холбоотой асуудал. Ерөнхий сайд зөв шийдвэр гаргаснаар эрсдлээс улс орноо хамгаалж чадлаа. Энэ асуудлыг шуурхай шийдэж чадсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарт баяртай байна.
Хоёр өдрийн дотор түгээлт хийснээр шатахууны асуудал хэвийн горимд шилжинэ. Өнөөдөр би өөрийн биеэр хоёр ШТС-аар орж үзлээ. АИ 92 шатахууныг 1630 төгрөгөөр худалдаалж байна. Машиндаа шатахуун авсан хэвийн олгож байна лээ. Ашигт малтмал, газрын тосны газрын даргад шатахууныг хэвийн олгуулах үүрэг өгсөн байгаа. Та бүхэн өөрсдөө очиж хараарай. Асуудалгүй өгч байна лээ. Би нефть импортлогч комданиудын захиралтай ярьсан. Тэд “Шатахуунаа хэвийн олгоно. Өнөөдрөөс эхлээд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн. Нефтиэ өөр газарт хадгалдаг. Тэндээсээ шатахуунаа салбарууддаа тарааж түгээх нь ажил нь явагдаж байгаа байх.
- АИ 92 шатахууны нөөцтэй байсан юм байна. Гэтэл яагаад зарахгүй байсан юм. Нефть импортлогчид шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн байна шүү дээ?
-Зохиомол хомсдол биш. Компаниуд алдагдалтай ажиллаж байсан юм. Түгээлт өгөх л юм бол алдагдал үргэлжлээд байх байсан учир Үнийн бодлогод удаа дараа хандаж байсан юм. Өнөөдөр иргэд, хэрэглэгчид, нефть импортлогчид мөн Засгийн газрын аль нь ч хохироогүй. Тал, талын эрх ашгийг хангасан шийдвэр гарлаа. Бизнес бол өөрөө хамтын ажиллагаа шүү дээ.
- Өнгөрсөн өдрүүдийн хувьд нефть импортлогчид иргэдийн бухимдлыг төрүүлж тодорхой хэмжээгээр хохироосон гэж үзэж байна. Тэд Засгийн газрыг болон иргэдийн тэсвэр тэвчээр алдалтыг бий болгосон. Цаашид ингэж гэдийх бүрт нь Засгийн газар бууж өгөх юм уу?
- Нефть импортлогчид Засгийн газрыг дарлаагүй. Харин тэд нийгмийн амьсгааг хүлээж ажилласан. Ямартай ч хэрэглээний шатахуун өгсөн, таслаагүй. Шатахуун түгээх үйлчилгээ өөрөө их төвөгтэй байдаг юм байна. Тэдэнд ч, бидэнд ч зовлон байна. Шатахууны хангамж, үнийг тогтворжуулах чиг үүрэг бүхий олон байгууллагууд тал бүрээсээ ярьж асуудлыг шийддэг. Тэгэхээр нефть импортлогчид үүргээ алданги, оног ч болов биелүүлж байсан гэж үзэж байгаа. Хохирол нь үнэхээр бодитой юм байна лээ. ОХУ нефьттэй орон. Тэндхийн үнэ энд зарж байгаа шатахууны үнэ адилхан байгаа юм. Бид тэндээс авчирж ирээд борлуулж байгаа шүү дээ. Роснефть компанийн шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор өмнөх сартай харьцуулахад 24-43 доллараар /тн оор нэмэгдэх төлөвтэй байна. Үүний энэ өсөлт нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд бүтээгдэхүүний төрөл, бүсээс хамааран өнөөгийн аж ахуйн нэгжүүдийн 153-303 төгрөгийн алдагдалтай байгаа үнэ дээр литр тутамд 51-103 төгрөгийн сөрөг нөлөөг нэмж үзүүлэхээр байгаа юм. Цаашлаад шатахууны литр тутамд 204-389 төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарч байсан.
- АИ 95 шатахууны үнэ 2040 төгрөгөөс дээш нэмэгдэх үү?
- Цаашлаад Евро-5 стандартын автобензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг үе шаттайгаар бууруулж зохицуулалт хийхийг санал болгож байгаа.
БИД УДАХГҮЙ ЭХ ОРНЫХОО ШАТАХУУНААР МАШИНАА ЦЭНЭГЛЭНЭ
- Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Зарим иргэд үүнийг боломжгүй гэж байна?. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
- Ажлын хэсэг гараад ажиллаж байна. 2018 ондоо багтаагаад хөрөнгө оруулалтаа оруулж ажлыг нь идэвхжүүлнэ. Монгол улс нефьттэй орон. Анх Сохо компани 1992 онд газрын тосны өрөмдлөгийн ажлыг хийгээд нефть олсон. Тэгэхэд Ерөнхийлөгч асан П.Очирбат “Манай улс нефьттэй боллоо” хэмээн зарлаж дээлний энгэртээ тосоо арчиж байсан шүү дээ. Оросууд өмнө нь тэр газарт хайгуулыг нь хийгээд тогтоочихсон байсан юм байна лээ. Өнөөдөр 7.5 сая баррель нефтийг гадагш импортлож байна. Манай улсын шатах тос, нефтийн бүтээгдэхүүний нийт хэрэгцээ 1.5 сая тонн. Ийм их нөөцтэй байж шатахуунаа гаднаас авах нь өрөвдөлтэй юм. Бид удахгүй эх орныхоо шатахуунаар машинаа цэнэглэнэ.
- Хятадуудаас шатахуунаа авна гэж ярьж байгаа шүү дээ. Учир нь Хятадууд бидний шатахууны баялагт эзэн суусан байна?
- Бид бүтээгдэхүүн хуваах хуультай болно. Хуулиа гаргачихаад хууль мөрдөхийг тэр компаниудаас шаардана. ОХУ, БНХАУ 1990 оны дундуур ийм хуулийг тусгайлан гаргасан байдаг. Гэтэл манайх чадаагүй. Хууль эрх зүйн орчин тодорхой бус учраас ингэж яваад байна. Гэрээнээс хууль нь илүү хүчтэй. Тэгэхээр хууль мөрдөхийг шаардана.
- Дээрхээс өөр сэдвээр нэгэн зүйлийг тодруулъя. Та сүүлийн үед Оюутолгой компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна хэмээн шүүмжлэх болсон. Таныг тус компанийн тендерт ялж чадаагүй дээ ингэж ярьж байна хэмээн ярих хүмүүс байна. Ер нь та болон таньтай хамааралтай хүмүүс Оюутолгой компанийн тендерт оролцсон юм уу?
- Зарим хүмүүс сөрсөн базаа гэгчийг хийж буй нь тэр байх. Надад тийм зүйл байхгүй. Би дүү нараасаа асуусан. Тийм зүйл байхгүй гэдэг хариултыг өгсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн төлөөлөлтэй уулзахдаа тэднийг зэс хайлуулах үйлдвэр болон цахилгаан станцаа байгуул гэж хэлсэн байна лээ. Мөн “Та нар хотоо байгуул, замаа тавь. Эх орны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүл” гэж хэлсэн гэсэн. Энэ дагуу Рио Тинтогоос ажлын хэсэг гаргахаар болсон гэсэн. Би бодохдоо миний ярьсан яриа Ерөнхий сайдын болон Төрийн бодлогын хүрээнд байгаа юм байна гэж ойлгосон.Би улс төрч хүн. Агуулгаас хэзээ ч гажихгүй.
- Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар таныг огцруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж мэдэгдсэн. Та хоёр ойлголцсон уу?
- Тийм зүйл байхгүй ээ. Ийм мэдээллийг битгий хөөрөгд. Бид хоёрын хувьд нэг нь сайд нөгөө нь дэд сайд. Хамтарч ажиллаад явж байгаа.
Т.Энх-Оюун: Барагшун агуулсан бүтээгдэхүүний технологийг боловсруулж " Дэлхийн шилдэг зохион бүтээгч"-ээр шалгарсан
Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, судлаач доктор (Ph.D) Т.Энх-Оюун 2014 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Солонгос улсын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсад зохион байгуулагдсан "Инновацийн шийдэл-Бидний амьдралд" сэдэвт уралдаант шалгаруулалтанд "Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга" бүтээлээрээ оролцон Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын "Алтан медаль", "Шилдэг зохион бүтээгч" шагналын эзэн болж байсан. 2012 онд Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын нэрэмжит залуу докторуудад олгодог "Грантын" эзэн болж байв. Эх орны эмийн түүхий эх болох барагшуныг судалсан ажлын үр дүн болон хийсэн бүтээгдэхүүний талаар Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, судлаач доктор (Ph.D) Т.Энх-Оюунтай ярилцлаа.
-Та судалгаагаа хэдэн хоноос хойш эхлэж хийсэн бэ. Энэ хугацаанд хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж авсан бэ?
-Барагшуны талаарх судалгааг 1997 оноос эхлэж хийсэн. 1997 онд би 3 курсын оюутан байсан. Оюутаны эрдэм шинжилгээний ажлаар судалгаа шинжилгээнийхээ гарааг эхлэж байлаа.21 дэх жилдээ барагшуныг судлаад явж байна. Энэ хугацаанд гурван төрлийн барагшун агуулсан бүтээгдэхүүний технологийг боловсрууллаа. Боловсруулсан гурван төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж, хэрэглэгчдэд хүргэх зорилгоор 2017 оны 7 дугаар сард Мал эмнэлэгийн хүрээлэнгээ түшиглээд “Гарааны нэмэлт тун” ХХК-ыг байгуулаад захирлаар нь ажиллаж байна.
-Ямар ямар төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан бэ?
-Манай компанийн эхний бүтээгдэхүүн нь Барагшуны өтгөн ханд буюу Барагшун-EN гэдэг бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүний онцлог нь мал амьтан төдийгүй хүн хүртэл хэрэглэж болно. Энэ бүтээгдэхүүний бие мах бодид үзүүлэх нөлөөг зөвхөн дотоод төдийгүй Австарын Вена хотын мал эмнэлгийн их сургууль, Анагаах ухааны их сургуультай хамтран судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийж баталгаажуулсан. Энд манай Барагшун-EN бүтээгдэхүүгн ясны хугарал бэртэл гэмтэл зөөлөн эдийн гэмтэл, хүнд мэдрэлийн ядаргаа нойргүйдэл мэдрэлийн эсийн гажуудал мөн дархлааг дэмжих биеийн эсэргүүцэлийг сайжруулахад үр дүнтэй гэдэг нь бидний хийсэн судалгаагаар батлагдсан.
Дараагийн бүтээгдэхүүн нь Барагшун агуулсан тосон түрхлэг буюу "Бартазел" гэдэг нэртэй бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүн мөн мал амьтан төдийгүй хүн хүртэл хэрэглэж болно. Энэ тосон түрхлэгийг янз бүрийн шархан дээр хэрэглэж болно. Энгийн жишээ хэлэхэд хүүхэд унаж бүдрэхдээ авсан шарх, хурц үзүүртэй мэсээр зүсэх, мал дээр гэхэд чоно нохойд хазуулах, уруулах, мөргүүлэх зэрэг тохиолдолд маш үр дүнтэй тосон түрхлэг байгаа.
Гурав дахь бүтээгдэхүүн бол барагшуныг цэвэршүүлэлтийн явцад маш их хаягдал гардаг. Тус хаягдалыг судалсаны үндсэн дээр бусад эмийн ургамалуудаар баяжуулаад мал, амьтанд зориулсан барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэлийн технологийг боловсруулан байгаа. Энэ технологи бол 2014 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан “Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын "Инновацийн шийдэл-Бидний амьдралд" сэдэвт уралдаанд амжилттай оролцож, "Дэлхийн шилдэг зохион бүтээгч" сертифакт, дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль" хүртсэн.
Манай улсын хувьд бэлчээрийн маллагаатай өнөөгийн нөхцөлд мал амьтанд хэрэгцээтэй шаардлагатай байгаа эрдэс амин дэмээр хангах асуудал бол хамгийн их тулгамдсан асуудал байдаг. Тийм учраас барагшуны хаягдал нь өөртөө 40 гаруй төрлийн эрдэс элементийг агуулсан агуулсан байдаг. Түүнийг эмийн ургамлаар баяжуулж өгсөнөөр мал амьтанд эрдэс амин дэмийг бүрэн хангахуйц бүтээгдэхүүн болж чадсан.
ӨВӨРМОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ "БАРАГШУН-EN" ӨТГӨН ХАНД МААНЬ ГАРНА
-Та яагаад барагшуныг судлах болсон юм бэ. Таны сонирхолыг юу татсан бэ?
-Энэ судалгааны ажил маш сонирхолтой эхэлсэн. Тухайн үед би гуравдугаар курсын оюутан. Оюутны дотуур байранд амьдардаг байсан. Амралтын өдөр хамаатныхаа эгчийнд очдог байлаа. Тэр өвөл нэг амралтын өдөр очсон чинь манай эгч хальтарч унаад хөл, гар хоёроо хугалчихсан байсан. Тэгээд намайг юу хэрэглэвэл зүгээр бэ, олж өгөөч гэж хэлсэн. Тухайн үед манай ангид Уламжлалт мал эмнэлэг гэдэг хичээл ордог байсан. Энэ хичээлийг тухайн үед зааж байсан багш одоо ч гэсэн хичээлээ заагаад явж байгаа. Тэгээд би багш дээрээ очоод “ясны хугарал, бэртэл гэмтэлд хамгийн сайн нь юу вэ” гэж асуусан. Тэгсэн багш маань барагшун их сайн, тэгэхдээ их ховор байдаг, Улаанбаатар сувилал, уламжлал анагаах ухаанаар явбал олдох байх гэж хэлж байсан. Тэр үед одоогийнх шиг эмийн сангаар ч юм уу их элбэг байгаагүй. Тэгээд хайсаар байгаад эгчдээ олж өгсөн. Эгч маань барагшун хэрэглээд маш хурдан таягтай явдаг болсон. Багш маань тухайн үед надад барагшуныг хүн ерөөсөө тоож судлахгүй юм. Уг нь судалбал их л юм гарна даа гэж хэлж байсан. Тэгээд л би барагшунаар судалгаа хийж эхэлсэн. Үүнээс хойш тасралтгүй барагшуныг судалж байна.
-Таниас өөр энэ төрлийн судалгаа хийдэг хүн хэр олон байдаг вэ. Гадуур маш олон төрлийн барагшун зарагддаг шүү дээ?
-Монголд судалгаа шинжилгээний төрлөөр хараахан ажиллахгүй байна. Хуучин Ардын эмнэлгийн хүрээлэн гэж байхад Хайдав, Амбага нар ажиллаж байсан. 2008 онд Амбага багш барагшуны судалгааг түр орхисон гэж хэлж байсан. Гадны улсуудад барагшуны үйлдвэрлэлийн чиглэлд ажиллаж байгаа. Хараахан судалгаа технологийн чиглэлээр ажиллаагүй байна. Долоо хоногийн өмнө Шинжлэх ухааны технологийн сан дээр гадаад зах зээлд гарах боломж гэсэн хэлэлцүүлэг болсон. Тэнд 30 гаруй компанийн эрдэм шинжилгээний 60 гаруй бүтээл дэлгэгдсэн. Тэр хэлэлцүүлгийн үеэр тус бүтээгдэхүүнээс зургаан бүтээгдэхүүн сонгож Өвөрмонголын зах зээл рүү гаргахаар болсон. Энэ зургаан бүтээгдэхүүний хамгийн эхэнд манай Барагшун-EN өтгөн ханд маань сонгогдсон.
-Дотоодын хэрэгцээг хангах мөн, гадагшаа өөр улс руу гаргахад хэр анхаарч ажиллаж байна?
-Судлаач хүний хувьд бүтээгдэхүүн судалгаа хийгээд гаргаад ирчихсэн тохиолдолд ямар нэгэн дэмжлэгэ туслалцаа байдаггүй. Бид нар судалгаагаа хйиж гэж төсөл бичиж санхүүжилт авдаг. Тэрнээс биш зах зээлд нэвтрүүлэхэд ямар нэгэн тусламж дэмжлэг байдаггүй. Бид нар чинь судлаач болохоос биш эдийн засагч, маркетингийн менежер биш учраас сайн борлуулж чадахгүй байгаа. Одоо бид бол судалгаагаа хийх үү, үйлдвэрлэлээ явуулах уу гэдэг асуудал тулгардаг. Энэ маш их хүндрэлтэй санагдаж байна.
-Барагшун манай улсын аль хэсэгт ихэвчилэн байдаг вэ. Түүхий эдийг хаанаас авч байна?
-Түүхий эдийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумаас бэлтгэдэг. Тэндээс улиралын чанартай түүний эд бэлтгэж өгдөг хүмүүс байгаа. Санжүүжилттэй байгаа тохиолдолд аль болохоор өөрсдөдөө явж бэлтгэхийг боддог. Санхүүжилтгүй байгаа тохиолдолд ирж очихдоо 3000 гаруй км туулаад түүхий эд аваад ирнэ гэдэг хэцүү.
-Нийслэлтэй ойрхон өөр газраас авах боломж байна уу. Ер нь барагшун хаана, хаана байдаг вэ?
-Өөр газраас нээлттэй хаанаас ч авч болно. Гэхдээ тэнд танил тал, хөтөч, малчинтай холбоо тогтоож явах шаардлагатай болдог. Тэр бүрчлэн хүмүүс ойлгохгүй. Яагаад барагшун асуугаад байна гэдэг их хардана. Гэхдээ тэр хүмүүсийн ч буруу биш л дээ.
-Цаашдын зорилго, ямар шинэ нээлт хийхээр төлөвлөж байна вэ?
-Барагшуныг 21 жил судалсан байна. Эргээд харахад тийм ч бага хугацаа биш. Барагшун нь 40 гаруй төрлийн эрдэс элемент, 20 гаруй төрлийн биологийн идэвхт бодис агуулсан. Маш өргөн хүрээний байгалийн түүхий эд. Маш бага нөөцтэй. Жил болгон ургаад ундраад байдаггүй. Олон зуун жилийн явцад үүсэж бий болдог байгалийн гайхамшигтай нэгдэл. 20 гаруй төрлийн биологийн идэвхт бодисыг цэврээр дангаар нь ялгаж авах, дараа нь энэ бодис дээр туулгарлаж нэр төрлийг нь олшруулах хэрэгтэй байна. Гэхдээ 20 гаруй төрлийн биологийн идэвхт бодисыг цэврээр дангаар нь ялгаж багаж тоног төхөөрөмж маш дутагдалтай байна. Манай Мал эмнэлэгийн хүрээлэнд гэхэд ийм төрлийн багаж байхгүй. Үүнд анхаарч бас үзээсэй.
ОУВС-ийн төлөөлөгчид Монголд 14 хоног ажиллана
ОУВСгийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байгаа билээ. Тус сангийн төлөөлөгчид манай улсад14 хоног ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах юм байна.
Засгийн газар ОУВС-тай зарим төрлийн татварын нэмэгдлийг эргэж харах, хугацааг нь сунгах зэрэг тодорхой саналууд тавихаар бэлтгэсэн. Харин Засгийн газрын хуралдаанаар А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаж, энэ талаараа ОУВС-тай зөвшилцсөн гэж тайлбарласан ч албан ёсоор зөвшилцөлд хүрээгүй. Тиймээс Онцгой албан татварын асуудлаар ОУВС-ийханд тодорхой санал тавиад байгаа аж.
Эрүүлжүүлэх байранд хийсэн шалгалтаар ноцтой зөрчил илэрчээ
Хүний эрхийн Үндэсний Комисс энэ сарын 17-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвд шалгалт хийж хэд хэдэн зөрчил байна. Улмаар Цагдаагийн ерөнхий газарт шаардлага хүргүүлжээ. Тодруулбал эрүүлжүүлэх төв нь хотын төвөөс 3,5 км зайд байрладаг боловч төвийн шугамд холбогдоогүй, уурын зуухаар халаадаг боловч бүрэн халааж чаддаггүй, 200 метрийн зайтай гүний худгаас ус татаж хэрэглэдэг бөгөөд хяналт шалгалтын үед барилгын зүүн талын суурийн хэсэгт суулт өгч ашиглах боломжгүй болсон байна. Нийслэлийн Цагдаагийн газраас тус төвд сар бүр 70.000 төгрөгийн эм, тарианы хангалт хийдэг бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалалтыг шалгахад хугацаа дууссан таван төрлийн 98 ширхэг эм, тариа хэрэглэж байсан ноцтой зөрчил илэрсэн.
Мөн Саатуулах өрөөнүүдэд долоо хоногт нэг удаа ариутгал хийдэг, хоолны дээжийг авч шинжилгээнд явуулдаг эсэх нь тодорхойгүй, бүртгэж тэмдэглэдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Журмын хашаанд ачигдаж ирсэн автомашины жолооч хөлдөж нас баржээ
Жолооч нь машин дотроо унтаж байсныг ачилтын компанийн ажилчид анзааралгүй ачиж, журмын хашаанд хонуулсанаас болж хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах журмын хашаанд ачигдаж ирсэн автомашин дотор нэгэн иргэн хөлдөж нас барсан байна. Тухайн иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас автомашин дотроо унтаж байсан байж магадгүй гэдгийг эх сурвалж онцолж байна.
А.Дулмаа: Энэ индэр дээрээс би өөрөө ярихгүй юм бол өөр хэн ярих юм
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь өмнөх оны эрдэм шинжилгээний үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар жил бүр Их чуулганаараа хэлэлцэж дүгнэлт гаргадаг уламжлалтай. Ээлжит Их чуулган өчигдөр болж өнгөрлөө.
Өнгөрсөн 2017он судалгааны томоохон үр дүн болон инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд гаргасан жил болсон байна.
Инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд:
- Литийн Ионы батарей гарган авах технологийн судалгаагаар Шпинел Li4Ti5O12-ыг хатуу төлвийн урвалын арга ашиглан гарган авч, литийн ионы батарейн анод болгон ашиглаж 40 мАц багтаамжтай 3.0-3.6 В-ийн R2032 маркийн зоосон батарей гарган авлаа.
- Дэлхийн сээр нуруутны палеонтологийн судалгааны хамгийн гайхамшигтай, сонирхол татсан олдворт газруудын нэг болох одоогоос 70-80 сая жилийн өмнө тамгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цав дахь судалгааны үл хөдлөх, биет өвийг газар дээр нь хамгаалах, шинжлэх ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэх, ЮНЕСКО-ийн геопарк хөтөлбөрийг Монголд нутагшуулах зорилго бүхий “Палеопарк” төсөл хэрэгжүүлж, үлэг гүрвэлийн мөрнүүд дээр хээрийн музей байгуулах ажлыг эхлүүлж, орон нутагтай амжилттай хамтран ажиллаж байгаа аж. Монголын эрдэмтдийн бүтээл гадаад ертөнцөд танигдах хүрээ тэлж гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 9 хувиар өссөн байна хэмээн өнгөрсөн жилийн ажлаа тайлагналаа.
"БИ 10 ЖИЛИЙН ДАРАА ГАРААНЫХАА КОМПАНИЙГ ЭНЭ ИНДЭР ДЭЭРЭЭС ДАХИН ТАНИЛЦУУЛАХ БОЛНО"
Сайны хажуугаар саар гэгчээр шүүмжлэлтэй асуудал байгааг Академич А.Дулмаа чуулганы үеэр үг хэлэхдээ дурдав.
Тодруулбал, Академич А.Дулмаа хэлэхдээ “Би анх академид 1962 оны арванхоёрдугаар сарын 01-нд орсон. Тэрнээс хойш өнөөг хүртэл ажиллаж байна. 1982 оноос хойш би 23-24 нуурыг загасжууллаа. Загасыг жигтэйхэн өсгөсөн. Гэтэл зөвөөр ашиглахгүй зүгээр л замын жийптэй хүмүүс тонн тонноор нь ачаад явчихдаг. Тэгвэл би юуны төлөө энэ хүртэл явсан юм бэ. Бүх захууд загасаар хангагдсан байгаа. Энэ бол Монголын шинжлэх ухааны академийн ажил. Бид үүнийг яагаад ойлгодоггүй юм. Юуны төлөө би арваннэгдүгээр сараас эхлээд нэгдүгээр сарын 5 хүртэл -35-42 градусын хүйтэнд гол дээр байсан юм. Би зургаан ханатай гэрт хотын утаанаас дор утаан дотор амьдарч байна. Яагаад гэвэл тийм хүйтэн байдаг юм. Тэнд түлээ нүүрс төсөвлөсөн юм байхгүй. Гэхдээ би академийн хүн. Академийн нэмэгдэл гэж авдаг. Тэр бүх мөнгөө ажилдаа зарцуулж, зүтгэж байна. Энэ бол Монголын шинжлэх ухааны гавъяа. Энэ индэр дээрээс би өөрөө ярихгүй юм бол өөр хэн ярих юм. Энэ загасны асуудлыг анхаарч өгөөч ээ. Улсаас мөнгө авахгүй ажил хийж болдог юм. Гэхдээ жаахан өлсөнө, ядарна, зүдрэнэ. Би дахиад хэдэн жил болох юм мэдэхгүй. Би 10 жилийн дараа гарааныхаа компанийг энэ индэр дээрээс дахин танилцуулах болно” хэмээн хэллээ.
Чуулган: Дарханы ДЦС-ыг Герман улстай хамтран өргөтгөнө
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрчим хүчний үр ашиг, хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016, 2017 оны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.
Энэ төслийн хүрээнд Дарханы ДЦС-ыг 35 МВт-аар өргөтгөл хийх асуудал багтсан юм. Өмнө нь Дарханы ДЦС өөрийн хөрөнгөөр өргөтгөл хийх байсан ч ажил хийгдээгүй тул Монгол Улсын Засгийн газар, Герман улстай хамтарч хэрэгжүүлэхээр болжээ. Уг ажилд 11 сая еврогийн санхүүжилт хийх шаардлагатай юм байна. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газар 6,5 сая евро, Германаас 4,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах талаар гэрээнд тусгаж, 2016 онд байгуулсан. Монголын тал 3,4 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгасан байна. Үлдэгдэл 5 сая еврог 30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, эхний 10 жилийн төлбөрөөс чөлөөлөх талаар Герман улстай гэрээ байгуулжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
Тухайлбал, гишүүн С.Ганбаатар "Уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх шаардлагатай байсан юм биш үү. Яагаад хэлэлцсэнгүй вэ. Мөн яагаад энэ төслийг Дарханд хэрэгжүүлэх гэж байна вэ, шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт хэдэн цагаас эхэлж байна" гэлээ.
Үүнд ЭХ-ны сайд Ц.Даваасүрэн "Манайх ОХУ-аас цахилгаан импортолдог. Бид усан цахилгаангүй учраас Оросоос хамааралтай. Энэ төсөл өмнөх Засгийн газрын үед хэрэгжсэн гэсэн юм. Нэг кВт-ын үнэ 190 төгрөг. Манай эрчим хүчний салбар өөрийгөө зохицуулах бие даасан салбар биш учраас ОХУ-аас эрчим хүч авдаг. Шөнийн цагаар эрчим хүчний илүүдэл гардаг учраас ОХУ руу шилжүүлэхээс өөр арга байдаггүй. Энэ бол эрчим хүчний нарийн технологи учраас бид турбинаа унтраахгүйн тулд илүүдлээ ОХУ руу шилжүүлж байгаа. Энэ жил 170 МВт авч түүхэнд анх удаа өндөр ачаалалтай ажиллаж байна. Өмнө 40-50 МВт авах шаардлага гардаг байсан. Оргил ачаалал 18.00-21.00 цагийн үед байдаг. Оргил үед ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлага гардаг. Нэг кВт 190 төгрөг байгаа. Цахилгаан станц барих дэлхийн зах зээлийн үнэ 1-1,2 сая ам.доллар байдаг. Герман, Япон зэрэг өндөр технологитой оронд 1,6-1,8 сая ам.доллар байдаг. Манайд хамгийн хямд өртгөөр Эрдэнэтэд 48 МВт станц юм. Үнэхээр хямд 1 МВт 900 ам.доллараар барьсан байна лээ" гэв.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эдийн засгийн байнгын хороогоор ороогүй тухайд УИХ-ын Тамгын газар хуулийн дагуу зохион байгуулж байгаа болов уу. Энэ төсөл 2012 оноос эхэлсэн. Явц дунд нь гацаж байсаар одоо оруулж ирсэн" гэв.
УИХ-ын гишүүн Д.Мурат "Гэр хороололд 6-8 МВт цахилгаан станц барих боломж байна уу. Ялангуяа манай баруун аймагт ОХУ-аас оруулж ирж байгаа цахилгааны импортыг багасгаж, өөрсдөө цахилгаан станцтай болох бүрэн боломж бий" гэв.
ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн " Аймгуудын хувьд дулааны 10 станц барих асуудлыг судалж байна" гэлээ.
Уг асуудлыг хэлэлцэж дэмжсэний дараа “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тухайлбал, Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан. Эдгээр 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэнээр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа.