Сүүлийн үед шатахууны хомсдол, нэмэгдлийн асуудал олны дургүйцлийг хүргэж, шүүмжлэлп өртөөд байгаа билээ. Тэгвэл энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар АИ-80, 92 шатахууны үнийг нэмэхгүй гэдгийг мэдэгсэн. Мөн нефт боловсруулах үйлдвэр барих тухай асуудлыг хөндөж ярилцсан юм. Тэгвэл “Петровис”-ын ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл ийнхүү мэдэгдэл хийсэн байна.
Тэрээр уг мэдэгдэлдээ “Петровис” компани Монгол орон даяар 2000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, Улаанбаатарын 210 шатахуун түгээх станцын 18 хувийг бүрдүүлж байна. Ер нь бол шатахуун импортлох эрхтэй 90 гаруй компани байхад цөөн хэдэн компани руу дайрч, эцэст нь миний хоолойг хэрчинэ гэх боллоо. Өнөөдрийн энэ их бухимдал, шатахууны хомсдол 2017 оны 10 дугаар сараас эхлэлтэй юм. Тухайн үед шатахууны үнийн талаар холбогдох байгууллагуудад хүсэлт тавиад байхад шийдэхгүй явсаар ийм байдалд хүрсэн. Тэгж ярьвал “Шунхлай”, “М-Ойл” л ард түмнээ бодоод, бусад нь ард түмнээ бодохгүй байгаа юм биш. Бидний бизнесийг улс төрийн тоглоом болгохоор санаархаж эхэллээ. Уг нь У.Хүрэлсүх сайд шатахууны үнийг чөлөөлнө гэдгээ удаа дараа хэлсэн. Энэ бол чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн маш зөв бодлого. Өнөөдөр нэгэн төрийн бус байгууллагаас фэйсбүүкээр лайв хийгээд, энэ бүхэнд “Петровис” буруутай, Ж.Оюунгэрэлийн хоолойг хэрчинэ гэсэн байна. Уул нь “Петровис”-ыг би ганцаараа эзэмшдэггүй юм. Тэднийхээр бол миний хоолойг хэрчихээр манай улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудал шийдэгдэх юм байх. Ийм байдлаар бизнес эрхлэгчдэд хандахаар хийе бүтээе гэсэн сайхан бодлууд сарних юм. “Петровис” компани шиг газрын тос олох хайгуулын ажилд 10 гаруй жил нөр их хөдөлмөр, хөрөнгөө зарж байгаа нэг ч шатахуун импортлогч байхгүй. Нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг олох санаатай ажиллаж байна. Монголчууд цөөхүүлээ байж ингэж нэг нэгнээ үзэн ядах нь хамгийн эмгэнэлтэй” гэжээ.