Монгол түмний маань уламжлалт баяр болох сар шинийн өдрүүдийг угтан “Цахим худалдаа, хөгжлийн төв”-өөс хэрэглэгчдэдээ зориулж нэгэн өвөрмөц арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ нь “Цагаан баасан гараг” гэсэн тодотголтой цахим худалдааны зад хямдрал юм байна. Ирэх хоёрдугаар сарын 2-ны Баасан гарагт болох уг арга хэмжээнд гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуй, хувцас хэрэгсэл, тавилга гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтаараа тэргүүлдэг онлайн худалдаа эрхлэгчид оролцох ажээ. Тухайлбал, Монголчуудын хэдийнээ танил болсон shoppy.mn, Mild cosmetics, Mmarket.mn, Emonos.mn, Shuud.com, Megashop.mn, Rio.mn, Beautysecrets.mn, Zen Art зэрэг цахим худалдааны сайтууд “Цагаан баасан гараг”-т бараа бүтээгдэхүүнээ огцом хямдруулна.
Энэ өдөр та гэрээсээ, ажлаасаа гээд интернет орчинд хүссэн бараагаа санаанд оромгүй хямд үнээр худалдан авах боломжтой аж. Мөн та өөрийн сонгосон барааг хүргүүлэн авах боломжтой юм байна.