Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч О.Дашбалбар, З.Дорж нарын нэрэмжит “Эх орон яруу найраг” наадам болж өнгөрлөө.
Тус наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш ОНГОН ШАР ТАЛ шүлгээрээ тэргүүлж, 10 сая төгрөгөөр шагнууллаа. Хоёрдугаар байрт МЗЭ-ийн гишүүн Х.Алагаа хүртэж, таван сая төгрөгөөр шагнуулсан бол гуравдугаар байрт А.Лхагва орж таван сая төгрөгт ном хэвлүүлэх эрхээр шагнуулжээ. Ингээд Эх орон яруу найраг” наадмаас 10 сая төгрөгний шагнал хүртсэн ОНГОН ШАР ТАЛ шүлгийг хүргэж байна.
Тэргүүн байрын шүлэг:
ОНГОН ШАР ТАЛ
Онгон шар тал руу
Ононы салхи үлээхэд
Олон адуу сүүлнээсээ эхэлж
Орчлонгийн зах руу хийснэ
Баригдаж үзээгүй эмнэг морьд хүртэл
Баримал шиг гуниглан зогсоод
Эрдэнийн толгой гудайлган
Эртний хүмүүсийг хүлээнэ
Зөөлөн салхитай онгон шар талд
Зөөсөн хөлөө зөв гишгэх
Хар дэлтэй тогорууд харсаар байтал
Хайрын тухай бичмээр цэнхэр бэх болж
Харанхуйтай тэнгэрийг булаацалдан
Халиад ниссэнээ эргэж ирэн
Зүг чигээ алдмаар их талын дунд бууж
Зүрхээрээ өндгөө хучна
Ононы салхи сэвэлзэх
Онгон шар талд
Алсын алсыг ширтэх тэмээд
Асгарч эхлэнэ
Усан будаг урсах шиг
Улаан ноос нь хийсч
Тосон будаг шиг нүднээс нь
Торго шиг нулимс бөмбөрөн
Бөглүү талын тэмээдийг салхи
Бөхнөөс нь эхэлж зорно
Онгон шар талд төрсөн хүн
Ододтой ойрхон өсч, орчлонгоос хол амьдарна
Хуур үүрсэн балчир хүү
Худам бичиг шиг харагдан
Алтан Дарь Овооныхоо наагуур
Аргусан хуурч шиг өнгөрнө
Сэвлэг нь хийсэх хүүг
Сэтэртэй Ононы салхи
Сэтгэлээс нь эхэлж сийлнэ
Монголын их шар талд