Байгаль орчин аялал жуулчлалын яам 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж байна.
1. Агаарын тухай хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулж, “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг тайлагнах үүрэг бүхий албыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулж ажиллуулах зохицуулалтыг бий болголоо.
Агаарын бохирдлын эсрэг сан байгуулагдсанаар Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар бохирдлын 4 төрлийн төлбөрөөс жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч байгааг зориулалтын дагуу агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах боломж бүрдэж байна.
2. Агаарын бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Импортоор оруулж байгаа агаар цэвэршүүлэгч, бүх төрлийн цахилгаан халаагуурыг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.
4. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдах багц хуулийн төслүүдийг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, УИХ-д өргөн барихад бэлэн болгоод байна. Хуулийн дагалдан гарах “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ”, “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолийн төсөл, “Ахуйн бохир ус зайлуулах цэгийг ус тусгаарлагчаар тусгаарлаж, тохижуулах журмын төсөл болон Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загварын төслийг тус тус боловсруулж, холбогдох байгууллага, олон нийтээс санал авч байна.
5. Усны чанарыг бохирдлын индексээр үнэлэх зааврыг БОАЖ-ын Сайдын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/332 дугаар тушаалаар баталлаа. Өмнө нь манай улс нэгдсэн аргачлал, заавар байгаагүй тул, Гадаргын усны чанарын үнэлгээнд Голланд болон ОХУ-д мөрдөгдөж байгаа бохирдлын индексийг тооцох зааврыг ашиглаж ирсэн. Эдгээр зааврыг хэрэглэхдээ орчуулгын алдаа гаргах, бохирдлыг зааврын дагуу үнэлэхгүй байх зэрэг алдаа, дутагдлууд цөөнгүй гарч байсан. Иймээс олон улсад түгээмэл ашиглагдаж буй аргачлалыг судлан Монгол улсын онцлогт нийцүүлэн боловсруулж шинээр баталсан. Аргачлал батлагдсанаар усны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг төрийн болон төрийн бус байгууллагууд гадаргын усны чанар, бохирдлын байдалд бодит үнэлгээ, дүгнэлт өгөх нэгдсэн арга зүй, заавартай болсон.
6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн А/02/01 хамтарсан тушаалаар “Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн зааг”-ийг тогтоож, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3833 дугаарт бүртгүүлэв. Энэхүү шийдвэрээр Улаанбаатар хотын хүн амын ус хангамжийн эх үүсвэрүүдийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужийг хамгаалах, ундны усны эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгов.
7. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хуулийн давхардал, хийдэл зөрчлийг арилгах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран гүйцэтгэлээ. Тус ажлын хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Аялал жуулчлалын тухай, Газрын хэвлийн тухай, Агаарын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай зэрэг байгаль орчны салбарын 19 хуульд дүн шинжилгээ хийж, урьдчилсан байдлаар нийт 142 давхардал, 177 зөрчил, 227 хийдэл байгааг тогтоогоод байна.
Эдгээр давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль хоорондын уялдааг хангах зорилгоор хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2017 оны А/371/А313 дугаар тушаалаар байгуулсан. Энэхүү ажлын үр дүнд Байгаль орчны багц хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх болно.
8. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 4.1.3.13 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Байгалийн ургамал түүх, бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагааны шаардлагын 5, Байгаль орчны менежментийн тогтолцооны 5, Усны нөөц, ус ашиглалт, хамгаалалт, Нэр томьёо тодорхойлолтын 1, нийт 11 стандартыг боловсруулж, Стандартын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Монгол улсын үндэсний стандартаар батлуулав.
9. Ойн үр, үржлийн материалын тухай хуулийн төслийн Үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн Сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд, Хот суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн Үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн болон Барилга, хот байгуулалтын сайдтай тус тус хамтран баталж, Хуулийн төслийг боловсруулаад байна.
10. Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, 2016-2030 онд баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулж, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмын дагуу үнэлгээ, шалгуур үзүүлэлтийг гүйцэтгэлээ.
11. Монгол улсын 7 аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 22 тусгай хамгаалалттай газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэл судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлж, орон нутгийн шийдвэрийг гаргуулан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулаад байна. Эдгээр газрыг тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1.5 сая га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.98 хувиар нэмэгдэж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 18.83% болно.
12. Хог хаягдлын тухай хуулийн 7.1.2, 7.1.3-т аюултай хог хаягдлын жагсаалт, Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах зөвшөөрөл олгох тухай харилцааг зохицуулахаар заасны дагуу энэхүү журмын төслийг батлуулахаар ЗГХЭГ-т хүргүүлээд байна.
Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалтыг “Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц”-иор тавигддаг шаардлагад нийцүүлэн, Европын холбооны улсуудад мөрдөж буй хог хаягдлын жагсаалтыг жишиг болгон, өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж, батлав. Энэхүү жагсаалт батлагдснаар эх үүсвэрээс гарах ямар шинж чанартай, ямар төрлийн бодис агуулсан хог хаягдлыг аюултай гэж үзэх шалгуур үзүүлэлтийг тогтоож өглөө. Аюултай хог хаягдал үүсгэгч болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэгчдийг бүртгэх, тайлан мэдээ гаргах маягт болон тээврийн бичиг баримтын загваруудыг олон улсын туршлага дээр үндэслэн боловсрууласан. Эдгээр эрх зүйн актуудыг нь баталснаар дараах эерэг үр дагавар бий болно. Тухайлбал,
- Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах журмыг баталснаар аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, дахин боловсруулах зохистой менежментийг бий болгох боломжийг бүрдүүлэв.
- Аюултай хог хаягдлын мэдээллийн нэгдсэн санг бий болгоно.
- Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих, аюул осол гарсан үед арга хэмжээ авах төрийн байгууллагуудын үүрэг оролцоо тодорхой болсон.
- Хүний эрүүл мэнд, байгаль орчныг аюултай хог хаягдлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
13. Үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөөнд Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах, усны нөөцийн хомсдлоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах, газрын доройтлын сөрөг үр дагаврыг багасгах зэрэг асуудлаар 16 арга хэмжээг тусгахаар саналыг боловсруулж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн.
14. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар Албан даалгаврыг гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
15. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг “Барилга Мегастор” худалдааны төвд ажиллуулж байна.
Уг төвд 8 төрлийн цахилгаан халаалтын зуух, 10 гаруй төрлийн цахилгаан халаагуур, 6 төрлийн шалны халаалт, 8 аж ахуйн нэгж байгууллагын зохион бүтээсэн байшин, гэрийн дулаалга болон сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах зэрэг 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, технологийг танилцуулж байна.
Мэдээллийн төвд одоогийн байдлаар 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүтээгдэхүүн технологийн мэдээлэл, танилцуулга, шторкыг нээлттэй тогтмол явуулж, зурагт хуудас, байрлуулж 500-800 орчим танилцуулах хуудас тарааж, 100 гаруй сая төгрөгийн бараа материал худалдан борлуулаад байна. Тус төвд өдөрт дундажаар 50-70 иргэд үйлчлүүлж нийт давхардсан тоогоор 2000 гаруй иргэн үзэж танилцсан байна
16. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсгийн “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт дэвшүүлсний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол, 60 дугуйн зогсоол, 2.05 км авто замын шинэчлэлийн ажлыг хүлээн авсан. Энэ авто зогсоол ашиглалтад орсноор Нийслэлийн иргэд ая тухтай амарч зугаалах, автомашинаа байршуулах, нийтийн тээврийн үйлчилгээ тасралтгүй очих нөхцөл бүрдсэн. Цаашид авто зогсоолыг түшиглэн ТХГ-ын нэгдсэн мэдээллийн төв /сургалт, сурталчилгааны төв/ байгуулахаар ажиллаж байна.
17. Хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдээс 5 одны шаардлага хангасан “Шангри-Ла”, 4 одны шаардлага хангасан “Цэцэг”, “Рояал Монтайн”, “Гранд Хилл”, 3 одны шаардлага хангасан “Юби Инн”, “Reab Hotel resort”, Хэнтий аймгийн Чингис хотоос “Хан Бүргэд”, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Хан Уул”, 2 одны шаардлага хангасан “Сант-Асар” зочид буудлуудад зэрэглэл олгох үйл үйл ажиллагааг зохион байгууллаа.
18. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/325 дугаар тушаалаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй 124 зочид буудал, 226 дэн буудлуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, шалгалтын дүнг нэгтгэн гаргав.
19. 2017 оны эцсийн байдлаар Монгол Улсад 471 мянга гаруй жуулчид аялсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувиар өссөн бол аялал жуулчлалын салбараас 400 сая ам долларыг дотоодын эдийн засагт оруулсан нь 2016 оноос мөн 21,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2017 онд Монгол Улсад аялсан гадаадын жуулчдыг улс орноор нь авч үзэхэд БНХАУ 31%, ОХУ 23%, БНСУ-ын жуулчид 16%, Япон 5%, АНУ 4%, Казакстаны жуулчид 3%-ийг тус тус эзэлж байна.
20. Ус ашиглалтыг бүрэн тоолууржуулах арга хэмжээний биелэлтийг аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, Сав газрын захиргаадаас ирүүлсэн 2017 оны жилийн эцсийн мэдээ, тайланг үндэслэн нэгтгэн боловсруулж хүргүүлсэн. Үүнд 13 аймаг, 12 сав газрын хэмжээнд нийт 135 ус ашиглагч аж ахуйн нэгжид 173 ширхэг усны тоолуурыг шинээр суурилуулах ажлыг зохион байгууллаа.
21. Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо 2017 оны 12 дугаар сарын 4- 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Байгаль орчны 3 дугаар ассамблейд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Чуулганы хүрээнд 2018 онд багтаан БНХАУ, Бүгд найрамдах Солонгос Улс болон Сингапур Улсуудтай Байгаль орчны яамд хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулахаар яриа хэлэлцээний ажлуудыг эхлүүллээ. Мөн 2 дугаар сард Монгол Улсад агаар болон орчны бохирдолын чиглэлээр олон улсын шинжээчид ажиллан, энэ чиглэлд төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов.
22. Уур амьсгалын өөрчлөлтийн Монгол Улсад үзүүлж буй нөлөөлөл, давтамж өндөрссөн байгалийн гамшиг, гарз хохирол, үүнтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд Монголын Засгийн газар NDC Partnership (Парисын хэлэлцээрт оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл) байгууллагын дэмжлэгтэйгээр Үндэсний оруулах хувь нэмрийг тодорхойлж, албан ёсны баримт бичгийг боловсруулах ажлыг эхлүүлж, үүнд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах давхар үр ашигтай үйл ажиллагаануудыг түлхүү анхаарахын зэрэгцээ нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг дэмжих замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилгоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
23. БНСУ-ын Сөүл хотноо Аялал жуулчлалын хөгжил болон мэдлэг солилцох өндөр хэмжээний уулзалтад БОАЖЯ-аас "Өгий нуурын бүсэд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орчны бүсийн экосистемийн тэнцвэрийг хадгалах жишиг төсөл"-ийг танилцуулж, нийт 16 төслөөс 2 дугаар байранд орсон. Энэ төслийн ТЭЗҮ-г боловсруулах ажил энэ жил эхлэхээр санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ.
24. Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенцийн нэгдэн орсон Талуудын 12 дугаар бага хурлаар Тахь, мазаалай болон хээрийн бүргэд зэрэг ховордсон зүйлсийг тус конвенцийн зайлшгүй хамгаалах шаардлагатай 1 дүгээр хавсралтад бүртгүүлэн, хонин тоодгийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг амжилттай батлуулсан.
25. АХБ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төслийн нэгжийн ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
26. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг дасан зохицох” төслийн хүрээнд хийгдсэн ажил үр дүнтэй сайн хэрэгжсэн гэж үзсэн тул ХБНГУ-ын Сэргээн босголт хөгжлийн банкнаас төслийн 1, 2-р үе шатны хүрээнд нэмэлтээр 6 сая еврогийн санхүүжилтийг олгох болсон. Ийнхүү энэ төслийн нийт зардал 31 сая евро болж байна. Уг төслөөс Тусгай хамгаалалтын газрын эргүүл, хяналт, шалгалтын судалгаа мониторинг ажлыг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 8 Хамгаалалтын захиргаанд 60 мотоциклийг хүлээлгэж олголоо.
27. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 44 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 9 дэхь заалтыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын газрын асуудлыг шийдвэрлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж, улс орон нутгийн хөрөнгөөр гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажлыг саадгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэв.
28. Монгол орны ойн тархалтыг зургаар аймаг тус бүрээр инфографик, диаграмм тайлбартайгаар харуулсан “Монгол орны ойн атлас”-ын эхийг бэлтгэж хэвлэлтэд шилжүүлсэн ба, Ой модны ач холбогдол, хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, ойн экосистемийн талаарх өгүүлэл, тайлбар, зураг бүхий “Монгол орны ойн нэвтэрхий толь”–ийг 1000 ширхэг, Навч шилмүүсний хөнөөлт шавж Якобсоны төөлүүрч эрвээхэйн биологи экологийн онцлог, хамгаалах арга хэмжээ ном 300 ширхэг, Модлог идэшт шавж тэдгээрээс хамгаалах арга ном 300 ширхэг, Монгол орны ойн шавж ном 250 ширхэгийг хэвлүүлэв.
29. “Эс Си Интернэшнл” ХХК, “Тэнүүн зоргол” ХХК, “Фалькэ эколожи” ХХК, “Альянс минерал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Засгийн газрын 1995 оны “Ховор ургамлын жагсаалт батлах тухай” 153 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2015 оны “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 410 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралд Засгийн газрын итгэмлэгдсэн төлөөлөгчөөр оролцож шүүх хурлаас нэхэмжлэгч талын шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргуулсан. Энэ шийдвэр нь улсын төсөвт тэмдэгтийн хураамж болох 8.5 тэрбум төгрөг төвлөрөх боломжийг бүрдүүллээ.