8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Отгонцэцэг: Зориулалтын зам талбай, бэлтгэлийн баазтай болох нь тамирчдын чин хүсэл

2018-01-30 09:00:00

-“Пёнчан-2018” амжилтаа ахиулах олимп байх болно-

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд 10 хоног үлдээд байна. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг нар оролцох бол паралимпийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан байна. “Пёнчан-2018”-нд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчидад ёслолын хувцас гардуулах ёслол өчигдөр боллоо. Энэ үеэр Ч.Отгонцэцэгтэй ярилцсан юм. 

-“Пёнчан-2018” Өвлийн олимпид оролцох болзлыг хангаж хувцас хэрэглэлээ гардаж аваад байна. Баяр хүргэе?

-Баярлалаа. “Пёнчан-2018” өвлийн олимп миний оролцож байгаа 2 дахь олимп. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ Финланд улсад болсон 17 тэмцээний 8 гараад уралдаж авсан. Тэшүүрт цанын төрөлд 10 км зайд уралдана. Олимпид оролцох эрхээ 138 оноогоор авсан.

-Таны хувьд өмнө нь "Сочи-2014" өвлийн олимпид оролцож 70 дугаар байрт ирж байсан. Энэ удаагийн олимпид бариагаа ахиулах зорилго тавьж байгаа нь мэдээж?

-"Сочи-2014" миний анхны олимпийн наадам байсан. Эрхээ авч оролцож байхдаа нэлээд айдастай, сэтгэл түгшиж байсан. Анхны болоод тэгсэн байж магадгүй. Харин “Пёнчан-2018”  миний 2 дахь олимп.

Спортын хүн аливаа тэмцээн уралдаанд орохдоо гаргасан амжилтаа ахиулахыг боддог. Мөн алдсан алдаагаа давтахгүй байхын эрхэмлэдэг. Үүний адилаар миний хувьд ч гэсэн энэ удаагийн олимпид бариагаа ахиулахыг бодож байна. Зорьж байна. Мэдээж бүх хүч чадлаа дайчилж уралдаж, илүү их амжилт гаргахыг хүсч байна.

-Өөрийн чинь оролцох тэшүүрт чанын төрөлд хэчнээн тамирчин оролцох вэ. Хэдний өдрүүдэд уралдах хуваарьтай байгаа вэ?

-Яг одоогоор тэшүүрт чанын төрөлд оролцох тамирчдын тоо, жагсаалт гараагүй байна. Тэгэхээр хэчнээн тамирчин оролцохыг сайн мэдэхгүй байна. Ирэх хоёрдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд уралдана. Манай тэшүүрт цанын төрөл хэмжигдэхүүнтэй спорт ч гэсэн талбайн зай, замын өсгүүр, уруу нь өөр өөр байдаг. Тийм болохоор нэг тогтсон зам гэж байдаггүй. Саяхан олимп болох газарт очиж бэлтгэл хийсэн. Хэдий талбайд нь тэмцээнд орж, бэлтгэл сургуулилт хийсэн ч замаа бүрэн гүйцэт тавьж дуусаагүй байсан. 

-Тамирчин хүнд бие болон сэтгэлийн бэлтгэх чухал. Бэлтгэлээ хэзээнээс эхэлж базааж эхэлсэн бэ. Сэтгэл зүйн хэр байна?

-Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Финланд улсад тэмцээнд оролцсон түүнээс хойш өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийж байна. Финландад нэг хэсэгт тэмцээнийхээ үеэр бэлтгэл сургуулилтаа мэргэжлийн зам талбайд хийж гүйцэтгэж байлаа. Нутагтаа ирээд Хандгайт цанын бааз, Олимп цогцолборт бэлтгэл гараад байна. Ирэх сарын 6-ны өдөр Пёнчан руу ниснэ.  Олимп 4 жилийн циклтэй. Өмнөх олимпид орсны дараагаар олимпийн эрх авах бүх тэмцээнд уралдаанд орж эрхээ авах оноогоо цуглуулж чадсан. Энэ нь олимпид оролцох эрх авах зорилго тавьж ажиллаж дүнгээ гаргалаа. Одоо олимпдоо амжилтаа оролцох нь чухал. Сэтгэл зүйн байдал хэвийн гэж хэлж болно. Мэдээж 4 жилийн турш тэмцээнд уралдаанд орж байнгын бэлтгэлтэй байсан болохоор сайн байна.

-Олон улсын олимпийн хорооноос тамирчдад тэтгэлэг өгдөг. Энэ нь тамирчдад бэлтгэлээ баазаахад хэр нэмэр болж байна вэ?

-Бид олон улсын олимпийн хорооноос улирал болгон тэтгэлэг авдаг. Мэдээж тамирчдын ард гэрийнхэнд болон хувцас хэрэглэлд зэрэг бэлтгэлээс бусад зүйлст зарцуулагддаг.

-Монгол хэдийн эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралтай ч гэсэн мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилт хийх зориулалтын орчин хомс байдаг. Өвлийн олимпид 2 удаа оролцох бэлтгэл сургуулилтаа хийж байхдаа энэ зүйлийг та биеэрээ мэдэрсэн болов уу?

-Мэдээж тамирчин хүнд бэлтгэл хангах стандартын, зориулалтын бааз маш чухал байдаг. Бид өмнө нь тэр, одоо ч тэр олон улсын тэмцээнд оролцох үедээ зориулалтын зам талбайд нь бэлтгэл сургуулилтаа давхар хийж явдаг. Эх орондоо ирээд Хандгайт, Олимп цогцолборт бэлтгэлээ базаадаг. Өөр бэлгэл хийх боломжтой, тохиромжтой газар байдаггүй.

Хэрвээ зориулалтын зам талбай, бэлтгэлийн баазтай бол маш олон тамирчид бэлтгэл сургуулилт хийж, гаргах амжилт нь олон болно. Би тамирчин хүн болохоор манай улс өвлийн спортыг жаахан дэмжиж зориулалтын бэлтгэл хийх баазтай болгож өгөөсэй гэж бодож явдаг. Яагаад гэвэл зориулалтын зам талбайд бэлтгэл хийх нэг өөр, Хандгайтад очиж хийх бас өөр. Ялгаа бий. Тамирчин хүнд нэлээд ажиглагддаг. Өөрөөр хэлбэл,  Зориулалтын зам талбай, бэлтгэлийн баазтай болох нь тамирчдын чин хүсэл.

-Цанын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн вэ?

-2006 оноос хойш цанын спортоор хичээллэж, тамирчин болсон. Төв аймгийн Бор-нуур сумын Спортын мастер н.Ичинхорлоо багш дээр анх шавь орж цаны спортоор хичээллэж эхэлсэн. 2008 онд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Энэ хугацаанд надад тусалж дэмжсэн дасгалжуулагч багш, ах эгч нартаа бүгдэд нь баярлаж явдаг гэдгээ хэлье. Маш олон хүн байгаа болохоор нэр дурдаж хэлье гэвэл олон хүн бий.

-Олимпид нь амжилт хүсье. Амжилтын сайхан мэдээтэй эргэн уулзая?

-Баярлалаа. Дээр дурдсан хүмүүсээс гадна надад дэмжиж тусалдаг маш олон хүн бий. Би Зэвсэгт хүчний 065-р ангид ажилладаг. Алдар спорт хороонд харьяагддаг. Ангийн хамт олон болон хорооныхондоо маш их баярлаж явдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл