8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд: Мал их турж, хээл хаяж байна

2018-01-30 12:36:00

21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгч нар өнөөдөр Төрийн ордонд цуглаад байна. Ерөнхий сайд тэдэнтэй 16.00 цагт уулзана. Жил бүрийн нэгдүгээр сард Ерөнхий сайд Засаг дарга нар  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулдаг билээ. Засаг дарга нарыг Төрийн ордонд хуралдах үеэр зарим аймгийн Засаг дарга нараас аймгийнх нь нөхцөл байдлаар байр, суурийг нь сонслоо. 

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал:  Их хэмжээний цас, шуурга үндсэндээ арилаагүй шахуу өнөөдрийг хүргэчихлээ

-Өвөлжилт хүнд байна. Аймгийн хэмжээнд 19 сум зудтай, найман сум зудархуу байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27, 28-наас орсон их хэмжээний цас, шуурга үндсэндээ арилаагүй шахуу өнөөдрийг хүргэчихлээ. Өдөр болгон хялмаа нэмсэн явган шуургатай байлаа. Энэ хугацаанд малчид малаа ангилж, малынхаа доод талын нэмэгдэл тэжээлд оруулсан. Үүнтэй уялдаад өвс, тэжээлийн хангамж, хүрэлцээ багасч байна. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж, энэ сарын эхээр сумдынхаа аюулгүй нөөцөд байгаа өвс, тэжээлийг иргэд, малчдад борлуулах чиглэлийг өгсөн. Нэгдүгээр сарын 20-нд дахин хуралдаж, аймгийнхаа аюулгүй нөөцөд байсан өвснийхөө 50 хувь, тэжээлийнхээ 90 орчим хувийг худалдан борлуулах чиглэлийг өгсөн. Ингэхдээ сумдын малын тоо, цас зудынх нь байдлаас шалтгаалж хуваарилж холбогдох арга хэмжээг авлаа. Засгийн газар саяхан хуралдаж улсын аюулгүй нөөцөд байсан өвс, тэжээлээсээ тодорхой хэсгийг олголоо. Ойролцоогоор 670 орчим тонн өвс, 500 орчим тонн тэжээлийн асуудлыг шийдэж өглөө. Түүнийг нь холбогдох сумд нь татан авах ажил ид үргэлжилж байна. Ер нь байдал хэцүүхэн байна. Одоо бидний анхаарал татаж байгаа зүйл бол доройтож муудсан малд өгдөг, доройтож муудахаас нь хамгаалдаг амин дэмтэй тэжээл, био бэлдмэл шаардлагатай байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат: Өнөтэй сайхан өвөл болж байна

-Сүүлийн хэд хоног хүйтэрсэн. Үүнийг эс тооцвол өнөтэй сайхан өвөл болж байна. Манай аймагт хөдөөгүүр өвөлжилт хүндэрсэн байдал одоогоор алга. Аймгийн болон сумынхаа нөөцийг тараагаагүй байна. Манай орон нутгийн удирдлагууд хөдөө сумдаараа явж нөхцөл байдалтай нь танилцсан. Цаг агаар иймэрхүү байх юм бол алзахгүй гэж тооцоолж байна. Хаврын сарууд л хатуурчихгүй бол гаагүй гэж бодож байна. Бидэнд өвс, тэжээлийн нөөц бий. Алслагдсан отор нүүдлээр явж байгаа малчдадаа эхний ээлжид үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний эм тарианы хангамж, мөн онцгой байдлын чиглэлээр аймгийн нөөцөөс хөрөнгө гаргаж, шатахуун түгээх станциудтай гэрээ хийж, тэдгээрийг хүргэх, түлшний үзүүлэлтээ бэлдсэн зэрэг ажлыг хийсэн. Өөрөөр хэлбэл, өвөлжилттэй холбоотой бүх ажлыг бүрэн дүүрэн хангасан болохоор өвлийг өнөтэй давна гэж бодож байна.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд: Мал их турж, хээл хаяж байна

-Манай аймгийн хувьд өвөлжилт хүнд байна. Тэр дундаа 10 суманд өвөлжилт хүндэрсэн. Аймгийн хэмжээнд таван сая 740 мянган толгой мал өвөлжилж байна. Энэ бол бэлчээрийн даац гурав дахин хэтэрсэн гэсэн үг. Дээр нь өнгөрсөн онд зуншлага тааруу байсантай холбоотой нэлээн хүндэрч байна. Тиймээс Улсын онцгой комиссын тэргүүн Шадар сайд, Хөдөө аж ахуйн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хоёр, гурван удаа ирж ажиллалаа. Аймгийн хэмжээнд 850 мянга гаруй толгой мал оторлож байна. Отрын малчдыг тав тухтай байлгах асуудал их чухал. Мал их турж, хээл хаяж байна. Бид отрын бүсэд байгаа малчдыг тухайн аймгийнхан хөөхгүй байх талаас нь Өвөрхангай аймгийн зүгээс эмнэлгүүдэд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Отрын малчдад түлээ, түлшний асуудал хүнд байдаг. Энэ асуудлыг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгжээс нүүрсийг үнэгүй хүргэж байна. Шадар сайд очоод манай аймагт 820 тонн өвс үнэгүй, 800 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгох шийдвэрийг гаргасан. Энэ нь малчдын хувьд нэлээн том дэмжлэг. Гэхдээ 16000 малчин өрхөөр тооцох юм бол нэг өрхөд хоёр боодол өвс, хагас шуудай тэжээл л оногдож байгаа юм.    

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал:  Саяхны их хүйтрэл бага мал хорогдох шалтгаан болсон

 -Өвөлжилтийн нөхцөл байдал тал хээрийн 12 суманд хүндэрч байна. Хэдийгээр цасны зузаан бага байгаа ч зуншлага тааруу болсон. Үүнтэй холбоотойгоор мал идэх өвсгүй болох, сумын болон иргэдийн өөрийнх нь өвс, тэжээлийн нөөц дуусч байна. Саяхан Монгол Улсын Засгийн газраас нийт Баянхонгор аймгийн хэмжээнд 500 тонн өвсийг үнэгүй, 910 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх болсон нь өвлийг өнөтэй давах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ бол бодитой дэмжлэг, туслалцаа болсон. Энэ сарын 26-ны өдрийн байдлаар 25000 орчим мал хорогдсон. Ихэнх нь нэг настай мал. Саяхны их хүйтрэл бага мал хорогдох шалтгаан болсон.

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан: Өвөлжилт хүнд байна 

-Өвөлжилт хүнд байна. Бэлдсэн нөөцөө бүгдийг нь шавхаад байна. Сая Засгийн газрын шийдвэрээр 400 тонн өвс, 480 тонн тэжээлийг олгохоор болсон. Өвсийг нь үнэгүй, тэжээлийг нь 50 хувийн хөнгөлөлттэй олгох шийдвэрийг гаргасан. Үүнийгээ тээврийнхээ зардлыг нь орон нутгаасаа шийдэж, сумдад хүргэхээр ажиллаж байна. Намар өвсөө татаж байршуулахдаа хэд, хэдн суманд байршуулсан. Энэ нь цасны үеэр их хэрэг болсон. Тэндээсээ сумдад тараах ажлыг зохион байгуулсан. Бидний харж байгаагаар хэчнээн цас хайллаа ч доороо өвс муутай байгаа болохоор хаваржилт хүндрэх нь гэсэн дүр зургийг гаргасан. Энэ ч чиглэлээр нэлээн ажлыг зохион байгуулж байна. Сумдын удирдлагууд ч ажиллаж байна. Хөнгөлөлттэй үнээр өгсөн өвс, тэжээлээс гадна дахин өвс авч тараах ажлыг хийнэ. Тэжээлийн хувьд их боломжийн байгаа. Өвс бол хүндрэлтэй байна. Малчид ч хэлж байгаа.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
manai tur gej mundagshuu hunee ch tejeen, malaa ch tejeen. yamarch asuudal turiin oroltsooguigeer shiideh bolomjgui
2018/01/30 66.181.186.161
иргэн
бэлчээрийн даац хэтэрлээ л гэх юм,малаа чанаржуулаач ээ,хэд хоногийн хүйтний пян даахгүй жижиг малыг бол зараад идээч
2018/01/30 202.179.25.100