Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 0101 УНҮ дугаартай 2017 оны цоо шинэ Лексус 570 машиныг албандаа унаж яваад олны шүүмжлэлд өртсөн. Түүний машин 360 сая төгрөгийн үнэтэй гэдэг. Эдийн засаг хүндрэлтэй, иргэдийн амьдрал сайнгүй байхад нэг сайд нь 360 сая төгрөгийн тоноглосон том жийпээр гангарсан нь олны дургүйцэл, шүүмжлэлийг дагуулах нь аргагүй юм. Нөгөөтэйгүүр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд нарын тансаглалыг тас шүүмжилж явсан хүн. Тийм байтал өөрөө хэлсэн, ярьснаасаа буцаж ийнхүү аашилсан нь бүр ч олны дургүйцлийг хүргээд байгаа юм.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би Ц.Нямдорж сайдыг машинаа зараад улсын өмч болго гэсэн. Ахиж ийм тансаглал гаргахгүй” гэж хэлсэн.
Харин Ц.Нямдорж сайдын хувьд тэс өөр тайлбарыг хэлсэн билээ. Тодруулбал, тэрбээр С.Зориг агсны хэргийг нууцаас гаргах үйл явцаас үүдэн түүнийг нөлөө бүхий томоохон албан тушаалтнууд сүрдүүлсэн гэж хэлсэн юм. Тэрбээр "Аюулгүй байдлаа хангах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг тусгай албадаас надад хэлж байгаа. Яаж хангах вэ гэхээр “гайгүй сайн унаатай байх ёстой”, хамгаалалттай байх хэрэгтэй” гэсэн. Хамгаалалтыг нь зөвшөөрөхгүй. “Нямдоржийг дуусга” гэж их өндөр албанд ажиллаж байсан хүний бичсэн мессежсийг 2000 онд ял шийтгүүлж байсан хүнд өгснийг АН болон МАН-ын бүлгийн гишүүд биеэр орж ирээд надад хэлсэн. Тэд надад аюулгүй байдлаа хангах ёстой гэж хэлээд “Болохоо байлаа” гэсэн. Манай яамныхан одоо яриад байгаа машиныг миний аюулгүй байдлыг бодолцож авсан. Гэхдээ би машинаа зарна аа” гэсэн юм.
Машин худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийн хувьд ШШГЕГ-ын ажилтнууд аж. Харин жийп нийлүүлсэн Лотус голд майнинг компани Евро моторс гэх аж ахуйн нэгжийн нэрээр Лексус оруулж ирсэн хэмээн зарим хэвлэлд бичжээ. Мөн дэргэдээ Лотус хэмээх санхүүгийн байгууллагатай байж магадгүй гэнэ.
Тэгэхээр хэл амны бай болсон уг машиныг ШШГЕГ-ынхан өөрсдийн нэрээ сайддаа авч өгсөн болж таарах нь.
Э.Зулбэл