8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн үзэл баримтлалыг баталснаар улстөрийн намууд дураараа амлахыг зогсооно

2016-01-26 16:34:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Монгол улсад салбар бүрийн хөгжлийн бодлого, хөтөлбөр нэртэй 450 орчим баримт бичиг байгаа ч тэдгээрийн хоорондын уялдааг хангасан туг болохуйц нэгдсэн үзэл баримтлал байхгүй байна. Тиймээс төрийн бодлогын залгамж халаа алдагдаж, улстөрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд амлалт өгч уралдаж ирснээр богино, дунд, урт хугацаандаа харилцан уялдаатай хөгжих асуудал орхигдсон гэдгийг хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцолж байсан. Тэгвэл бодлогыг хэрэгжүүлэх процессийн хууль буюу хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг баталснаар УИХ, Засгийн газар, улстөрийн намууд, албан тушаалтнуудын хүлээх үүрэг хариуцлага, хэмжих нэгжийг тодорхой болгож  байгаа ажээ. Мөн аль нэг нам, эвслээс бус УИХ-д суудалтай гурван нам, эвслийн бүлгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг хамтарч уг үзэл баримтлалыг боловсруулсан нь уг үзэл баримтлалыг улстөржихгүйгээр хэрэгжүүлэх гол баталгаа болж байгаа гэв.

            Энэ талаар УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “гурван намын бүлгийн дарга нар эв нэгдэлтэй, улстөржихгүйгээр маш ажил хэрэгч ажиллаж сайн баримт бичиг өргөн барьсан. Хөгжлийн үзэл баримтлалтыг баталснаар улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэх үүрэг хүлээнэ. Сонгуульд өрсөлдөж буй намуудын мөрийн хөтөлбөр төсвийн тогтвортой байдлын тухай хууль, хөгжлийн үзэл баримтлалтай нийцэж байна уу гэдэгт аудитын байгууллага дүгнэлт гаргана. Ингэсгээр сонгууль болгоноор нэг чигт биш, тал тал тийшээ чангаадаг байдал эрх зүйн хувьд болон бодлогын хувьд эцэс болно” гэдгийг онцлов.

 

 

С.Бямбацогт: Хэт өөдрөгөөр биш бодит тооцооллоор хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Тус хөгжлийн үзэл баримтлалд 2030 он хүртэлх хөгжлийн төлөвийг тодорхойлж, тодорхой зорилт дэвшүүлсэн байна. Тухайлбал, 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой ардчилсан засаглалтай улс орон болно.

Ингэхдээ нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрнэ. Эдийн засгийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна. Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. Нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна. Монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэнэ зэрэг зорилтуудыг тусгасан байна. Эдгээр зорилтуудыг хэрхэн тооцож гаргасан биелэх боломжтой эсэх асуудлыг УИХ-ын гишүүд хууль санаачлагчдад тавьж байна. Харин хууль санаачлагчдын нэг УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өмнө гарсан бодлогын баримт бичгүүд эдийн засгийн өсөлт 17 хувь хүрсэн, хөрөнгө оруулалт 3-4 тэрбум төгрөг болчихсон үед хэт өөдрөг төсөөллөөр гарсан байдаг. Тэгвэл энэ удаад бид хэт өөдрөг төсөөллөөр биш бодитой тооцоо судалгаагаар олон улсад ашигладаг Т21 загвараар гаргасан. Монгол Улсын эдийн засгийн дундаж өсөлт урт хугацаандаа дунджаар 6.6 хувьтай байна. Нэг хүнд оногдох ДНБ 2030 он гэхэд 17500 орчим ам.доллар байна. Хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд 35-40 их наяд төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй болно гэдгийг манай мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид тооцож гаргасан” гэдгийг онцлов. Мөн хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалын хэрэгжилтийг Засгийн газар 2 жил тутам хэлэлцэж дүгнэхийг хуульчлах ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл