Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Пүрэвдорж нар өгсөн юм. Мөн уг хуралд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар оролцож АН-аас зохион байгуулах гэж буй жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Ардчилсан намаас Засгийн газарт хандан татварын нэмэгдлийг бууруулах, шатахууны үнийг цэгцлэх зэрэг хэд, хэдэн шаардлагыг хүргүүлсэн. Хэрвээ шаардлагын хариуг албан ёсоор өгч асуудлыг шийдэхгүй бол хоёрдугаар сарын 1-ны өдөр эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулахаас гадна УИХ-ыг тараах хүртэл шат дараатай арга хэмжээг авна гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Засгийн газраас УИХ дахь АН-ын бүлгийн шаардлагад аман байдлаар хариу өгснөөс өөрөөр хариултыг өгөөгүй байна. Татварын нэмэгдлийг бууруулснаас өөр бусад шаардлагыг нь биелүүлээгүй учраас маргааш жагсдагаараа жагсана гэж тус намын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Маргааш 21 аймгийн төв талбай болон Сүхбаатарын талбайд олон нийтийн хамарсан өргөн хэмжээний жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ талаар “У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийг сүр дуулиантай тэмдэглэлээ. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлын 32 ажлын 70 гаруй хувийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хийчихсэн ажил байна. У.Хүрэлсүх ажил хийсэн дүр үзүүлэх гэж хамж, шимж оруулж болох бүхий л ажлыг 32 ажилдаа багтаасан байна. Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнийг илрүүлсэн гэж хийсэн ажилдаа оруулчихсан байна. Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажил биш шүү дээ. Харин Монголын хуулийн байгууллагын хийх ажил. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед энэ асуудал шийдэгдсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлана гэж 100 хоносон ч зарласангүй. Хэрвээ захиалагчийг зарласан бол Ц.Нямдорж хэлсэн амандаа хүрэх байлаа. Сүржин мэдэгдэл хийдэг даржин гүйцэтгэлтэй байдал байдлаа болих хэрэгтэй. Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүйн сайдаар таван удаа ажиллалаа. Энэ хүн С.Зориг агсны хэргийн нарийн учигийг энэ хүн мэдэхийн дээдээр мэднэ. Чингис бондын өрийг дарсан гэж сүржин зарласан мөртлөө евро бондын 680 сая долларын өрийг дарсанаа олон нийтэд мэдэгдээгүй. Евро бондын өрийг Сү.Батболдын Засгийн газрын үед авсан. Энэ 680 сая долларыг ямар бүтээн байгуулалтад оруулсан нь тодорхойгүй. Энэ өрийг Хубалай бонд гаргаж байж дарсан. МАН өрийг өрөөр дарахгүй гэдэг амлалтаасаа буцсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улс орон, ард түмэнд хэрэгтэй яг ямар ажил хийгээд байгаагаа Засгийн газар хэлж чадахгүй байна. Аль салбарын санхүү эдийн засаг сайжирч, ард түмний амьдрал яаж дээшлээд байгаа юм. Бодитой үр дүнгүй байна шүү дээ. ОУВС Оюу Толгойгоос гарч байгаа зэс, хүдрийн мөнгийг дотоодын банкаар дамжуулахгүй гэдэг шийдвэр гаргаснаас өөр ямар дорвитой шийдвэр хийв. Энэ бүхэнтэй бид эвлэрч чадахгүй ээ. ЧИнгис бондын 1.5 тэрбумын зээлийг хэдэн жил ярилаа. Гэтэл өнөөдөр өрийн босго 100 давчихсан явж байгаа. Өрийн босго 58 давахад л чуулганы танхимыг нураачих гэж байсан шүү дээ. Нэг ч том төсөл хөдөлгөж чадаагүй л байна. Эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа боловч бодитой үр дүнгийн талаар тоймтой мэдээллийг эрх баригчид одоо хүртэл өгөхгүй байгаа. Манай улсын гадаад өр 2.5 тэрбум доллараар нэмэгдсэн. Инфляци 7.8 хувьд хүрчихээд байна. Улс орон даяар хийх эсэргүүцлийн жагсаалаа бид маргааш хийдгээрээ хийнэ.Бидний тавьсан шаардлагаас хүн амын орлогын албан татвараас бусад татварыг буулгасангүй. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүрэхийн тулд хариуцлагатай байна. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Бензин, шатахууны онцгой албан татварыг тэглэсэн нэрээр хоёр төрлийн бензиний л татварыг тэглэсэн. Өнөөдөр МАН төр барьж чадах юм уу, чадахгүй бол хариуцлагаа хүлээ” гэлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнбат: Бид маргаашийн жагсаал цуглаанаар 60 тэрбумын хариуцлага хаачив, энэ бүх буруу гаргасан татварын нэмэгдлээ цуцлахыг шаардана. Шатахууны үнэ өсөлтөөс болж бараа бүтээгдэхүүний үнэ өссөнд хэн хариуцлага хүлээх юм бэ гэдэг шаардлага тавина. 2012-2016 онд эдийн засаг маш хүнд, гадны хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан үед Ардчилсан намын Засгийн газар улс орноо авч гарч байсан юм. Энэ бол бидний итгэл үнэмшил. Бид энэ үед дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн. Дотооддоо бид үйлдвэр эрхлэх боломжтой юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлж чадсан юм. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд нь ард иргэдээ гадагшаа гарч ажиллаач, гадаадад очоод манайхаас ажиллах хүч аваач гэж ярьж болдог юм уу. Приусны татвар нэмнэ гэснээ буцаасан. Үнэ нь нэмсэний дараа гаргасан шийдвэрээ буцаадаг. Сонгуулийн дараа эргээд нэмчихдэг ийм эргэж буцсан шийдвэр гаргаж болохгүй. Өнөөдөр Засгийн газрын хийсэн гэх 30 ажлыг харахад зүгээр л яамдын хэмжээнд хийчих ажлыг төрийн ажлын хэмжээнд яриад суугаад байгааг гайхаж байна. Тиймээс маргааш тайван байдлаар жагсаал цуглаан зохион байгуулах болно.
Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, Засгийн газрын оновчгүй шийдвэрүүд нь ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна. Энэ бол эрх баригч намын удирдлагууд төрийн албыг 60 тэрбумаар арилжсантай холбоотой. Өнөөдөр ийм учраас МАХН-ын зүгээс маргаашийн тайван жагсаал цуглаанд нэгдэж байна. Мөн УИХ тарах ёстой гэдэг байр суурийг МАХН-аас илэрхийлж байгаа. Манай нам Ардчилсан намаас зохион байгуулж байгаа жагсаалыг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүд нэр хүндгүй байна. Мөн хууль бус үйл ажиллагааг явуулдаг болсон учраас тарах ёстой гэж МАХН-ын гишүүд үзэж байгаа. Бид Шударга ёсны төлөө хамтдаа тэмцэнэ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдин сонирхсон асуултад хариуллаа.
- Жагсаалд яг хэлдэн хүн оролцох вэ?
- Жагсаалд яг хэдэн хүн оролцоно гэдгийг тооцоолох боломжгүй. Жагсаал бол иргэдийн сайн дурын үйл ажиллагаан дээр үндэслэдэг зүйл. Дэмжсэн иргэд нь ирж оролцох байх.
- Жагсаалд оролцох нэг хүнд 30 мянган төгрөг тараана гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
- Ирсэн хүн бүрт мөнгө өгөх тийм их хөрөнгө Ардчилсан намд байхгүй. Энэ мөн л эрх баригчдын явуургүй ажиллагааг аливаа зүйлийг хүчийг сааруулах гэсэн зүйлээс эхлэлтэй яриа байх.
- УИХ-ыг тараах ёстой гэж байна. Танай бүлгийн гишүүд өөрсдийгөө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж чадах уу?
- Иргэд олон нийт хүсээд шийдвэр гаргавал бид тараад дахин сонгуульд оролцоход бэлэн.
Т.Хулан