8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний эв нэгдлийг хангах хуулийн төслийг боловсруулна гэв

2018-01-31 13:18:32

УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төсөл боловсруулснаа танилцууллаа. Тэрбээр Улстөржилт, намчирхал, талцалгүй нийгмийг бий болгохыг тулд энэхүү хуулийг төслийг боловсруулснаа мэдэгдлээ. 

Анхан шатны нэгж баг, хороо, сум, дүүрэг болон аж ахуйн нэгж, байгууллагын салаа мөчир бүрт бий болсон улстөржилт, намчирхал, талцал Монгол Улсын хөгжлийн замд чөдөр, тушаа болсоор байна. Иймд иргэдийг намчирхал, талцал, улстөржилтөөс ангид байлгах, төр засаг, төрийн албыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, намчирхал, талцлыг зогсоох замаар үндэсний эв нэгдлийг хангах, шударга ёсыг тогтоох, хариуцлагатай төрийг бий болгоход энэхүү хуулийн төслийн зорилго чиглэгдэж байна гэж тэрбээр хэлэв.

Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулахаар зорьж байгаа нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн улс төрийн нам болон төрийн үйл ажиллагааны зохистой зааг, хүрээг тогтоож, дараах асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.

Үүнд:

1. Баг, хороо, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид болон иргэдийн нийтийн хурлын түвшинд улс төрийн нам хүн дэвшүүлэхийг болиулж иргэд намын харьяалалгүй төлөөллийг сонгох, баг, хороо, сум дүүргийн засаг захиргааны нэгжид улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох замаар засаг захиргааны анхан шатны нэгж болон аж ахуйн нэгж, байгууллагын салаа нэгж бүрт бий болсон намчирхал, талцлыг зогсоох;

2. Монгол Улсын язгуур эрх ашиг, урт хугацааны хөгжлийн бодлого, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын томоохон асуудлаар улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд нэгдмэл байр суурьтай байж, тавьсан зорилтоо тууштай хэрэгжүүлэх үндэсний зөвшилцлийн эрх зүйн орчин, ил тод шийдвэр гаргах зөвшилцлийн тогтолцоог бий болгох.

3.Төрийг бэхжүүлж, төрийн жинхэнэ албыг аливаа улс төрийн намаас хараат бус, намчирхал, улс төржилтөөс бүрэн ангид байлгах зорилтын хүрээнд улс төрийн нам төрийн жинхэнэ албаны үйл ажиллагаа, томилгоонд шууд болон шууд бус байдлаар оролцох, улс төрийн намаар дамжиж төрийн жинхэнэ албанд орох, бэлтгэгдэх, тэдгээр нь намын ашиг сонирхлын төлөө нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зэргийг хатуу хориглох;

4. Төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар улс төрийн намуудын оролцоо, нөлөөлөл, зарим үйл ажиллагааг хязгаарлах эрх зүйн орчныг боловсронгуй болгох боломжтой гэж үзэж байна.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл