Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан байна. Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ийн хөрөнгийг битүүмжилж, 75 сая ам.доллар төлөх шийдвэр гаргаад байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг нэлээд хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.
-Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ийн хөрөнгийг битүүмжилж, 75 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл байна. Та үүнд хариулт өгөөч?
Өмнөд Африкийн Стандарт банк болон Монгол Улсын Жаст группын хооронд явж байгаа маргаан юм билээ. Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг гэж байхгүй. 2014 онд баталгаа гаргасан гэсэн асуудалд эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Тэр хэрэг нь АТГ-т шалгагдаж байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой алданги, хүүг цаашид яриа хэлэлцээр хийх шаардлагатай байгаа юм байна лээ.“Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлүүлсэн гэдэг нь худлаа. Худлаа мэдээлэл тарааж, олон нийтийг ойлгомжгүй байдалд оруулж байна.
-Олон улсын Арбитрын шүүхээс шийдвэрээ гаргачихсан юм уу. Манай талаас давж заалдах боломж бий юу?
Давж заалдах ажиллагаа хийгдсэн. Олигтой үр дүнд хүрээгүй шинжтэй.
-Одоогийн байдлаар хэдэн төгрөгний торгууль төлөх юм бэ?
-Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн нь алданги хүү, торгууль гэсэн зүйл.
-Энэ асуудал Засгийн газарт анх хэзээ ирсэн юм бэ. Засгийн газар нууцалсан гэсэн мэдээлэл гарсан?
-Сүртэй нууцалсан юм байхгүй. Байнга л ярьж байсан сэдэв. АН-ынхан л улстөржүүлээд л яриад байсан.