“Хонхны” дуу 2 дахь удаагаа Сүхбаатарын талбайд эгшиглэв. Тэртээх 1990 оны Ардчилсан хувьсгалын өдөр “хонхны” дуу эгшиглэж байсан удаатай. Ардчилсан нам засгийн эрх баригчдаас ажлаа хийхийг шаардсан, эсэргүүцлийн жагсаалыг өчигдөр зохион байгуулсан юм. Олон нийтийн эсэргүүцлийн гэх тодотгол бичиг, лоозон уриа барьсан Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбай руу алхаж орж ирлээ.
Тэд ажилгүйдэл, ядуурал, татварын дарамт, үнийн өсөлт, шатахууны хомсдол, цалингийн систем, оффшорчидын мөнгийг оруулж ирэх, ард иргэд тулдаж байна, Бид эрх чөлөөтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрахыг хүсч байна гэх мэтчилэн томоос том бичиг, ачаа үүрсэн залуучууд Ардчилсан намын зохион байгуулсан Олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын тэргүүн эгнээнд “Хонхны” дуу эгшиглүүлсээр алхана.
Жагсаалд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд болон УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Батцогт нар оролцож үг хэлж, санал бодлоо хуваалцаж иргэдийг ухайлан дэмжихийг хүсэв. Мөн МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар тэргүүтэй гишүүд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, ард иргэд жагсаалыг дэмжиж оролцож байгаа нь харагдана.
Гэхдээ жагсаалд оролцогчид, жагсаал зохион байгуулагчдын шаардаж, шахаж буй дээрх дурдсан дарамт гэнэт гарч ирсэн зүйл биш гэдгийг тэд умартсан уу. Учир нь иргэдийн үүрсэн энэ дарамт, бухимдал үүсгэж буй шийдвэр, асуудлууд өнгөрсөн 28 жилийн хугацаанд бий болсон гэдгийг мартах учиргүй санагдана.
Хэнийг хуурах гэж, юуны төлөө, хэний төлөө ард түмэн, олон нийтийн нэрийг барьж “ЖАГСААЛ” нэртэй жүжгээ тавьж байна вэ.Энд МАН-ын магтах гэсэнгүй, АН-ыг муулах гэсэнгүй. Өнгөрсөн хугацаанд энэ хоёр нам “сэлгэж” Засгийн эрхийг барьсаар өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон. Энэ их өрийн дарамт, оффшор данстнууд, тэдний хэлснээр луйварчид, хулгайчид бүгд л нэг “ угшилтай” гэхэд хатуудах ч үнэний ортой.
Өвлийн тэсгэм хүйтэн өдөр жагссах эдгээр хүмүүсийн “САНХҮҮЖИЛТЭЭР” жагссан, “САЙН” дураараа жагссан гэж ангилж, ялгаж болохоор. Чин сэтгэлээсээ сайн дураараад өөрийнхөө төлөө, улс эх орон, ирээдүйн үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө жагсах нэгэн байхад “САНЖҮҮЖИЛТЭЭР” жагссан хүмүүс байсныг энд онцолъё. Эх сурвалжийн мэдээлснээр жагсагчдад 20-50 мянган төгрөг өгсөн аж. Мөн автобусаар жагсагчдыг зөөж авчирсан гэнэ.
Энэ мэтчилэн ард иргэдийн туйлдсан сэтгэлээр далимдуулж нам, иргэний нийгмийн байгууллагууд жагсаал хийхээ хэзээ болих вэ. Нам дагасан бурхан байсан ч бүү сонго. монголчууд үүнийг яс махандаа шингэтэл ойлгосон байх учиртай даа.
Д.Болор.