8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнүүдийн дуулиан дэгдэж, С.Ганбаатарын үнэн илчлэгдэж, аймшигт мэдээ дуулсан өдөр

2016-01-26 19:42:00

Мөчир бүхэн цасанд дарагдаж бөхийгөөд
Мөнгөн өвлийн ой чив чимээгүй.
Нарсан ойг нэвтлэн газар хатгах
Нарны гэрэл утас мэт шув шулуун...
Цасан дунд тэнгэр ширтэн хэвтэхүй
Цайвар үүл модны оройд өлгөөтэй.
Орчлонгийн бүх чимээ цасанд дарагдсан мэт
Оюун бодолд шургалах юмгүй чөлөөтэй.
Зугаалж яваа бүсгүйн шингэн инээд
Зуны амьсгал шиг ойд гэнэт тархав.
Хүсээгүй зун ирчихэв үү гэж цочсон мэт
Хүйтэн цас мөчрөөс хийсэн унав.
.. хэмээх эрхэм найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн гуай 1975 онд тэрлэсэн "Өвлийн ойд"  шүлгээр өнөөдрийн “Монголын нэг өдөр” тоймоо эхлүүлье.


Дөрвөн ес тачигнасан, дөнөн үхрийн эвэр хөлдсөн дөн өвөл шувтарахад багахан хугацаа үлджээ.   Гэвч хүйтний эрч чанга хэвээр байхыг цаг уурчид анхааруулсаар байна.  Тиймээс юуны түрүүнд нэгэн анхааруулгыг дуулгая.  Өвөл цагт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой цөөн газрын нэг нь Хөвсгөл нуур. Гэвч нуур шаардлагатай хэмжээнд хүртлээ мөстөөгүй байна. Тиймээс ялангуяа, ачааны машин зорчихыг хориглох шаардлагатай байгааг онцгойлон сануулжээ.

Түүнчлэн дөнгөж сая сонссон “гоё” мэдээгээ хуваалцая. Өнөөдөр Эх нялхас буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд ихрүүд мэндэлжээ.  Эхлээд хоёр ихэр охид төрсөн бол дараа нь хоёр хүү төржээ. Гэвч тэдний араас  3 ихэр мэндэлж, эх оронд маань бяцхан сахиусан тэнгэрүүд морилон ирсэн байна... Амар амгалан, энх тунх Монгол улсад минь хайртай аав, ээж, ах дүүтэйгээ хайраар дүүрэн амьдраарай хэмээн ерөөе


Ингээд өнөөдөр манай хуудаснаа


Жил бүрийн энэ үед буюу Цагаан сарын өмнө улсын сайн малчныг тодруулж, Засаг төрөөс шагнаж урамшуулдаг уламжлалтай. Мэдээж мал сүргээ хамгийн ихээр өсгөж, үржүүлж, ашиг шимийг нь үзэж байгаа малчдыг “Сайн байна” хэмээн урам өгч, шагнадаг байж таараа. Гоё дээлээр гангарсан, жанжин малгай өмссөн, хурдан морины хусуур бүсэндээ хавчуулсан эрчүүд ирээд л, мал маллаж, өдий зэрэгтэй болгох гэж он удаан жил зүтгэснээ ярьдаг. Гэтэл ажлынх нь голыг нугалдаг эрчүүдийн цаана эмэгтэйчүүд орхигдчихдог. Сайн малчны хурал, зөвлөгөөн болоход нөхөр нь явж, саашаал магтаалыг нь нөхөр л хүртдэг. Мэдээж, үүгээр олон мянган жилийн уламжлалтай малч ухааныг өвлөж авсан “Сайн малчин”-ны хөдөлмөрийг үгүйсгэх гэсэнгүй. Тэд бол монголын цөм болж, ёс заншил, өв уламжлал, ухааныг дээд зэргээр хамгаалж, уламжуулж ирж байгаа улс. Гагцхүү голыг нь нугалдаг эхнэртэй нь хамт шагнадаг болохсон л гэж... “Сайн малчин”-ны шагналыг эхнэр, нөхөр хоёуланд нь олгох талаар манай сэтгүүлч хөндөж бичжээ.

Манай нийгмийн нэг хэсэг хүмүүс нь асар баян. Ямар ч бизнесгүй, насаараа төрийн байгууллагад ажилласан хэрнээ тэрбумтнууд болчихсон. Харин нөгөө хэсэг нь өрнөөс өрны хооронд. Цалин буулаа өрөндөө өгдөг байх жишээний. Түүнчлэн өнөө үед хүнээс дутахааргүй амьдрахын тулд энэ тэнд өр тавина.  Эдийн засаг хүнд, иргэдийн гар дээр эргэлдэх бэлэн мөнгө багассан энэ үед хэн ч бага урьдчилгаатай банкнаас зээл авахыг хүснэ. Ялангуяа салбарынх нь сайдтай нь гар хөлийн үсгээ зурчихсан, ипотекийн зээл нааштайгаар шийдвэрлэгдэхээр яригдаж байгаа энэ үед. Тиймдээ ч сүүлийн үед иргэд Голомт банкны зээлийг ихэд сонирхож судалж байгаа аж. Гэтэл тус банкныхан иргэдийн хүсэлтийг дахин тоглоом болгож, тохуу хийсээр... Иргэдийн байртай болох хүсэлд бүү тоглолт хий... Энэ талаарх дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.  


Өнөөдрийн онцлох сэдвүүд


С.Эрдэнүүдийн дуулиан


“Эрдэнэс Тавантолгой”-н С.Эрдэнэ


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-ны өдөр өөрийгөө шатаасан билээ. Цочирдам үйл явдлын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болгож мөн эмчилгээ сувилгаанд шаардагдах зардлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэлийг өгч байсан. Гэвч Ч.Сайханбилэгийн үг салхинд хийсчээ. БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа С.Эрдэнэ эмчилгээний төлбөр болох 135 сая гаруй воны асуудлаас болж шүүхэд дуудагдах дээрээ тулжээ. Энэ талаарх мэдээлэл гарсантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан мэдэгдэл гаргаж, 100 сая төгрөг өгсөн, одоо дахин 190 сая төгрөг өгнө хэмээн мэдэгдлээ.


Ерөнхий консул С.Эрдэнэ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Өргөмжит консулаар томилжээ. Энэ мэдээлэл тархсантай холбогдуулан иргэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг энэ албанд томилогдчихлоо хэмээн андуурч зарим мэдээллийн сайтууд мэдээлсэн. Гэвч Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдсон С.Эрдэнэ нь ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ биш аж. Тодорхой танилцуулбал УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн ах Салдангийн Эрдэнэ Ерөнхий консулаар томилогджээ. Тэрбээр 1957 онд Улаанбаатар хотноо төрсөн аж. Түүний хувьд төрийн албан ажиллаж байсан туршлага муутайгаар барахгүй дипломат чиглэлээр ажиллаж байгаагүй нэгэн аж. УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хувьд саяхан АН-ын эмэгтэйчүүдийн холбоог удирдахаар сонгогдсон бол ах нь АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул, нөхөр нь Газрын тосны газрын даргаар ажиллаж байна.

 

С.Ганбаатарын “шившиг”


Цахим ертөнцөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар шившигээ тарьлаа гэцгээж байна. Энэ талаарх урьд хождын мэдээллийг ч онцолж, сүүлийн хэдэн сар түүний рейтинг унаж байгааг онцолсоор байна. Учир нь тэрбээр өөрийнхөө танилцуулга дээрээ гадаадын хоёр сургууль төгссөн хэмээн бичжээ. Гэвч эдгээр сургуулиудаа төгсөөгүй болохоо нэгэн нэвтрүүлгийн үеэр хэлж “Ер нь худлаа ярилаа гээд ямар хохирол учрах гээд байгаа юм” хэмээн ярьсан нь олны дургүйг хүргэсээр. Цаашлаад улс төрийн карьерт нь тодорхой хэмжээгээр нөлөөлж, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нүүргүй боллоо гэцгээж байна.


М.Зоригтын гэнэтийн улс төр


Өчигдөр хэлсэн үгээ өнөөдөр мартдаг нь улс төрийн араншин гэлтэй. Сар гаруйхны өмнө л дахин улс төрд хүч үзэхгүй, гэрэл зураг, киноны салбарт хүчин үзнэ хэмээн индэр дээрээс зарлаж байсан УИХ-ын гишүүн М.Зоригт өнөөдөр гэнэтхэн шийдвэрээ өөрчилсөнөө зарлах нь тэр. Тэрбээр 2016 оны сонгуульд Дорнод аймагт нэр дэвшихээр болжээ. Үүний шалтгаан нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун аж. “УИХ-ын гишүүн Х.Болорчулуун МАН-д элсч, Дорнодоос нэр дэвшинэ гэж сонслоо. Х.Болорчулуун өнгөрсөн дөрвөн жил юу хийж хэрэгжүүлсэн юм. Ирэх дөрвөн жилд тэгж Дорнод аймгаар тоглуулахгүй. Тиймээс би ирэх сонгуульд Дорнодоос нэр дэвшинэ” гэсэн юм.    


Аймшигт мэдээ


ШУТИС-ийн III дамжааны оюутан,19 настай П-г 26 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан байна. Гэтэл хүүг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан сэжигтнийг батлан даалтад гаргах захирамжийг гаргаад байгаа гэнэ. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.


УИХ-ын дарга З.Энхболдыг ҮХЦ-д өглөө


Иргэн Энхбаяр нь УИХ-ын дарга З.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны зарим гишүүнийг сэлгэн томилохдоо хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийг гадаадад томилолттой байхад нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс нь хасч, оронд нь Г.Батхүү гишүүнийг томилсон нь ийнхүү асуудал үүсгэжээ. Уг томилгоог УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр эсэргүүцэн мэдээлэл хийж байсан билээ. Үндсэн хуулийн цэц уг асуудлыг удахгүй хэлэлцэж шийдвэрлэх аж.

 

Өнөөдрийн зарим үйл явдлыг цөөн үгээр


-    УИХ дахь “Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарын гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудлыг ярьжээ. Тэднийг Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг бүлэгтээ танилцуулж, хэлэлцүүлэлгүй дур мэдэн өргөн барьсан гэж буруутгаж байгаа аж.
-    УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхлээд Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, 2030 онд авлигыг устгана, ядуу хүнгүй болно гэв.
-     Унгарын компанитай гадаад паспортыг цахим болгох гэрээ байгууллаа
-     Ерөнхий боловсролын 200 сургуульд өнөөдрөөс физикийн сургалт, туршилтын лаборатори олгож эхэллээ.
-    Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаандаа “Зөвшөөрлийн цахим систем” нэвтрүүлж эхэллээ.
-    Гаднах орчныхоо цэвэрлэгээг хийгээгүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоор болжээ.
-    Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-    Киноны тухай хуулийн төслийг хэлэлцээд, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-    БСШУ-ны сайдын санаачлагаар өнгөрсөн оны есдүгээр сард зарлагдсан "Монгол дуу-дэлхийд" анхдугаар уралдааны талаар сайд Л.Гантөмөр, уралдааны зохион байгуулагч Б.Долгион болон холбогдох хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Энд хүрээд тоймынхоо буланг өндөрлүүлж байна. Таны маргаашийн ажилд амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Чааваас
Заассс ганбаатар яаадын улсын мөнгө зувчуулцан бишш. . . Өчнөөн булихаа луйвар МАН АН 2 хийгээл байгаа биз дээ
2016/01/28 103.17.108.42
дорж
энэ Одонтуяа гэдэг хүүхэн яасан их арын хаалгатай хүн бэ төрийн алба төрлийн алба болсёны нэг жишээ юм даа
2016/01/27 103.17.108.42
дорж
энэ Одонтуяа гэдэг хүүхэн яасан их арын хаалгатай хүн бэ төрийн алба төрлийн алба болсёны нэг жишээ юм даа
2016/01/27 103.17.108.42
дорж
энэ Одонтуяа гэдэг хүүхэн яасан их арын хаалгатай хүн бэ төрийн алба төрлийн алба болсёны нэг жишээ юм даа
2016/01/27 103.17.108.42