“Жаст” компанийн захирал Ш.Батхүү 2009 онд Эрдэнэтийн Монголын засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Африкийн “Стандарт” банкнаас 102 сая ам.долларын зээл авсан байдаг. Түүнээс хойш “Эрдэнэт" үйлдвэр “Стандарт” банкны гомдлоор олон улсын Арбитрын шүүхэд дуудагдсанаас хойш маргаан ийнхүү дөрвөн жил үргэлжилж, дөрвөн удаагийн шүүх хурал болсон. Хамгийн сүүлийн шүүх хурлаар Монголын тал “Стандарт” банкны зээлийн үндсэн төлбөр болон хүү, алдангид нийт 120 сая ам.долларыг төлөх ёстой гэх шийдвэр гарсан нь өчигдөр ил боллоо. Хэрвээ тус төлбөрийг төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх шүүхийн шийдвэр ч мөн гарсан байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэт” үйлдвэрийн өмч хөрөнгийг битүүмжилсэн болоод үйл ажиллагаанд нь доголдол гарсан зүйл одоогоор байхгүй. Цаашид гарахыг үгүйсгэхгүй. Зээлийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх ёстой. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн болоод Монгол Улсын нэр хүндэд хамаатай асуудал”хэмээн хэлсэн. Тэгэхээр тус 120 сая ам.долларын төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийн 51% Африкийн Стандарт банкинд очих магадлал маш өндөр байна.
Хамгийн эхэнд Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахдаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, нар зээл авахад батламж гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал дуулиан дэгдээж байсан. Тус мэдээллийн мөрөөр УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дээрх эрхмүүд харин ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбоотой асуудал огт байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр болоод УБТЗ-ыг өрөнд тавьж гарын үсэг зураагүй” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ гарын үсэг хуурамч эсэхийг шинжээчид шалгаж эхэлсэн юм. Хэрэв Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү баталгаа гаргаж гарын үсгээ зурсан гэдэг нь тогтоогдвол Монгол Улс 140 сая ам.доллар “Стандарт” банкинд төлөх нь тодорхой болно гэж албаныхан мэдэгдэж байсан. Ш.Батхүү дээрх асуудал нийгэм даяар шуугиан тарих үед сэтгүүлчдэд “Хадгаламж” банк юунаас болж дампуурсан, Олон Овоотын ордны нөөц худлаа, ТӨХ болон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ын дарга нар “Стандарт” банкнаас зээл авах үед баталгаа гаргаж гарын үсэг зурсан нь үнэн” гэж мэдээлэл хийж байсан билээ.
Эхэндээ тэд гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн нь үнэн гэж хэлж байсан Ш.Батхүү гэнэт л 2015 оны гуравдугаар сараас эхлэн өөрийн өгсөн мэдүүлгээсээ буцаж, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нар энэ хэрэгт ямар ч холбоогүй, би хуурамч гарын үсэг зурж, тамга тэмдэг хийлгэсэн хэмээн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Түүний зүйл анги ч өөрчлөгдсөн.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Дээрх зүйл ангийн заалтад “Тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин, тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 cap хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” гэсэн зүйл ангиар шалгагдсан. Түүнээс хойш хэдхэн сарын дараа Ш.Батхүү 2015 он долдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Өршөөлийн хуульд хамрагдсан. Тэр яагаад өршөөлийн хууль гарахаас өмнө мэдүүлгээ өөрчилсөн бэ. Өршөөлийн хууль хэрэгжиж эхлэх хугацаатай тааруулан өөр дээрээ хэргээ хүлээж, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарыг уснаас хуурай гаргасан уу. Уг нь бол олон улсын шинжээчдийн байгууллагын зүгээс тамга тэмдэг, гарын үсэг хуурамч биш гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Тус дуулианд нэр холбогдсон , Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарын хувьд 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн даргаар томилогдож байсан. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. 2004 онд УИХ-ын гишүүний сэнтийгээс буучихаад байхад нь нутаг нэгт дүү Д.Зоригт Монгол шуудан банкныхаа газрын захирлаар авч ажиллуулж байжээ. Тэрбээр МИАТ-ийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэгт нэр холбогдож байсан. Би дарга байхдаа 41 удаа шүүхэд дуудагдаж байсан хэмээн өөрөө нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт нэр холбогдож хоригдож байсан гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй.
Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, “Эрдэнэт”-ийн экс ерөнхий захирал Ч.Ганзоригийн хувьд ган бөмбөлөгийн луйврын торыг Н.Энхбаяртай хамт сүлжсэн гэх асуудалд нэр холбогдож явсан. Мөн Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн үеэл болох Ж.Мягмаржаргалын удирддаг “Henlon”, “Great Global international” компаниудын өрийг цайруулсан хүн бол Ч.Ганзориг гэсэн дуулианд ч нэр холбогдож явсан. Насаараа төрийн алба хашиж явсан нэгэн. Түүний төрсөн ах Чимэддоржийн Батзориг оффшор дансаараа хамгийн олон буюу 6 данс эзэмшдэгээрээ оффшор дахь монголчуудыг толгой цохиж байсан. Ч.Батзоригийн оффшор данс нээлгэсэн огноо Ч.Ганзоригийн "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан хугацаатай давхцаж байгааг хэвлэлүүд удаа дараа бичиж байсан.
Өнөөдөр тухайн үед ерөнхий сайд байсан С.Баяр гадагшаа элчингээр томилогдож, Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж, Ш.Батхүүгийн сураг алдарсан. Зээлсэн мөнгөө хэзээ юунд ашигласан нь өнөөдрийг хүртэл нууц байгаа юм. Монголын ганц саалийн үнээг гадны банкинд барьцаанд тавьж битүүмжлэх дээрээ тулсан байхад Монголын төр засаг, барьцаанд тавьсан эдгээр эрхэмүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баяр ямар хариуцлага хүлээх вэ. Төрийн мэдэлд байсан Эрдэнэтийн 51%-ийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Африкийн “Стандарт” банкинд барьцаалан зээл авчаагүй л байлтай.