АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ. Тус нам өчигдөр Засгийн газрын үйл ажиллагаа, зарим шийдвэрийг эсэргүүцэж жагсаал хийсэн. Тэд уг жагсаалаа эхний анхааруулга гэж байсан гэв. Харин дараагийн удаад тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэнэ гэж тус намын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Мөн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар Арбитрийн шүүхээс 100 гаруй сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан.
Д.Эрдэнэбат: "Эрдэнэт"-тэй холбоотой шүүхийн төлбөрийг төсвийн мөнгөнөөс төлөхгүй шүү
Үүнтэй холбогуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Монгол Улс 100 гаруй сая ам.долларыг төлөх шийдвэр гаргасан. Төрийн өмчийг далимдуулан хулгай хийж байсан этгээдийн ачаа Монголын ард түмний нуруун дээр ирэх ёсгүй. 100 сая ам.доллар гэдэг ХХОАТ-ыг нэмсэн хэмжээний мөнгө. Энэ мөнгийг төсвөөс төлөхгүй шүү. Хэрвээ төсвийн мөнгөнөөс төлсөн ямар нэг зүйл болох юм бол АН ард иргэдтэй нийлж тэмцэнэ" гэлээ.
С.Эрдэнэ: Бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ
Харин АН-ын дарга С.Эрдэнэ “Хариуцлагагүй байгаа Засгийн газартай улс төрийн хариуцлага тооцож, дараагийн алхмаа хийнэ. Өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа тодорхой хугацаа, боломж олгоно. Шаардлагаа өнөөдөр гардуулна. АН-аас мэдэгдэл гаргалаа. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүллээ. АН өнгөрсөн нэгдүгээр сард татвар нэмсэн тооцоогүй шийдвэрээ цуцлах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг шаардлага хүргүүлсэн. Гэхдээ шаардлагад бүрэн хариу өгсөнгүй. Хэдийгээр ХХОАТ-ын хувь хэмжээг буурууллаа гэж Ерөнхий сайд мэдэгдсэн ч энэ нь УИХ-ын хууль тогтоох эрхэд халдаж байна. Мөн АИ95, А80 шатахууны үнийг бууруулж, ялгавартай хандлаа. Шатахууны хомсдлын улмаас өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ард иргэдийн амьдрал улам дордсон. Шинэ оны босгон дээр “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэддээ хүртээнэ гэж байсан эрх баригчид “Эрдэнэт” үйлдвэрийг олон улсад нэр хүндийг нь унагалаа. Алдаатай шийдвэрүүдээ цуцалж, улс төрийг тогтворжуулахыг шаардаж байна. Энэ хариунд 2018 оны зургадугаар сарын 12-ны дотор шийдвэр өгөхийг шаардаж байна. Тавьсан шаардлагыг биелээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Өчигдрийн жагсаал эрх баригчдад сануулга өгсөн. Бид цаашдаа үндэсний хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулна гэлээ. Эрх баригчид иргэдийн анхаарлыг “Эрдэнэт”-ийн 51 хувиас холдуулж, 49 хувь дээр төвлөрүүлсэн. 49 хувь бол дотоодын асуудал. 51 хувь гадаадаас хамааралтай болоод байна. Монголын төр аль алиныг нь шударгаар шийдэх ёстой. АН хариуцлага хүлээ шаардлагатай бол бид хариуцлагаа хүлээхэд бэлэн. МАН шиг хариуцлагаас бултахгүй, АН Магадгүй 49 хувийн асуудлаар Английн арбитрын шүүхийн шийдвэрийг хаацайлах гэсэн бодлого байсан байж мэдэх юм. Монголын төр ''Эрдэнэт'' дээр 49, 51 гэж салгаж тоглож болохгүй. Ц.Нямдорж шударга царайлаад, 49 хувь гээд цээжээ дэлдээд яваад байна. Гэтэл 51 хувь цаана чинь алдагдах гээд байна шүү. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг "Стандарт" банкинд тавьж зээл тавьсан ажил бол С.Баярын Засгийн газрын үед хийгдсэн ажил. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга нар үүнд хамаатай. Төрийн өмчийн хорооны дарга нь "Миний гарын үсгийг дууриасан байсан" гэж хэлсэн байна лээ. Гэтэл гарын үсгийг оригиналь гэдгийг нь Английн Арбитрын шүүхээс баталсан. Арбитрын шүүхээс хэзээ ч худлаа баримт гаргахгүй ” гэлээ.
Т.Хулан