8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн өдөр тохиож, Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар маргаан үүсгэхээс татгалзсан өдөр

2018-02-02 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

С.Эрдэнэ: "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг банкинд тавьсан ажил С.Баярын үед хийгдсэн

 

АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ. Тус нам өчигдөр Засгийн газрын үйл ажиллагаа, зарим шийдвэрийг эсэргүүцэж жагсаал хийсэн. Тэд уг жагсаалаа эхний анхааруулга гэж байсан гэв. Харин дараагийн удаад тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэнэ гэж тус намын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Мөн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар Арбитрийн шүүхээс 100 гаруй сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан.

Д.Эрдэнэбат: "Эрдэнэт"-тэй холбоотой шүүхийн төлбөрийг төсвийн мөнгөнөөс төлөхгүй шүү

Үүнтэй холбогуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Монгол Улс 100 гаруй сая ам.долларыг төлөх шийдвэр гаргасан. Төрийн өмчийг далимдуулан хулгай хийж байсан этгээдийн ачаа Монголын ард түмний нуруун дээр ирэх ёсгүй. 100 сая ам.доллар гэдэг ХХОАТ-ыг нэмсэн хэмжээний мөнгө. Энэ мөнгийг төсвөөс төлөхгүй шүү. Хэрвээ төсвийн мөнгөнөөс төлсөн ямар нэг зүйл болох юм бол АН ард иргэдтэй нийлж тэмцэнэ" гэлээ.

 С.Эрдэнэ: Бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Харин АН-ын дарга С.Эрдэнэ “Хариуцлагагүй байгаа Засгийн газартай улс төрийн хариуцлага тооцож, дараагийн алхмаа хийнэ. Өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа тодорхой хугацаа, боломж олгоно. Шаардлагаа өнөөдөр гардуулна. АН-аас мэдэгдэл гаргалаа. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүллээ. АН өнгөрсөн нэгдүгээр сард татвар нэмсэн тооцоогүй шийдвэрээ цуцлах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг шаардлага хүргүүлсэн. Гэхдээ шаардлагад бүрэн хариу өгсөнгүй. Хэдийгээр ХХОАТ-ын хувь хэмжээг буурууллаа гэж Ерөнхий сайд мэдэгдсэн ч энэ нь УИХ-ын хууль тогтоох эрхэд халдаж байна. Мөн АИ95, А80 шатахууны үнийг бууруулж, ялгавартай хандлаа. Шатахууны хомсдлын улмаас өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ард иргэдийн амьдрал улам дордсон. Шинэ оны босгон дээр “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэддээ хүртээнэ гэж байсан эрх баригчид “Эрдэнэт” үйлдвэрийг олон улсад нэр хүндийг нь унагалаа. Алдаатай шийдвэрүүдээ цуцалж, улс төрийг тогтворжуулахыг шаардаж байна. Энэ хариунд 2018 оны зургадугаар сарын 12-ны дотор шийдвэр өгөхийг шаардаж байна. Тавьсан шаардлагыг биелээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Өчигдрийн жагсаал эрх баригчдад сануулга өгсөн. Бид цаашдаа үндэсний хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулна гэлээ. Эрх баригчид иргэдийн анхаарлыг “Эрдэнэт”-ийн 51 хувиас холдуулж, 49 хувь дээр төвлөрүүлсэн. 49 хувь бол дотоодын асуудал. 51 хувь гадаадаас хамааралтай болоод байна. Монголын төр аль алиныг нь шударгаар шийдэх ёстой. АН хариуцлага хүлээ шаардлагатай бол бид хариуцлагаа хүлээхэд бэлэн. МАН шиг хариуцлагаас бултахгүй, АН Магадгүй 49 хувийн асуудлаар Английн арбитрын шүүхийн шийдвэрийг хаацайлах гэсэн бодлого байсан байж мэдэх юм. Монголын төр ''Эрдэнэт'' дээр 49, 51 гэж салгаж тоглож болохгүй. Ц.Нямдорж шударга царайлаад, 49 хувь гээд цээжээ дэлдээд яваад байна. Гэтэл 51 хувь цаана чинь алдагдах гээд байна шүү. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг "Стандарт" банкинд тавьж зээл тавьсан ажил бол С.Баярын Засгийн газрын үед хийгдсэн ажил. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга нар үүнд хамаатай. Төрийн өмчийн хорооны дарга  нь "Миний гарын үсгийг дууриасан байсан" гэж хэлсэн байна лээ. Гэтэл гарын үсгийг оригиналь гэдгийг нь Английн Арбитрын шүүхээс баталсан. Арбитрын шүүхээс хэзээ ч худлаа баримт гаргахгүй ” гэлээ.

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэгт С.Баяр хариуцлага хүлээх үү

“Жаст” компанийн захирал Ш.Батхүү 2009 онд Эрдэнэтийн Монголын засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Африкийн “Стандарт” банкнаас 102 сая ам.долларын зээл авсан байдаг. Түүнээс хойш “Эрдэнэт" үйлдвэр “Стандарт” банкны гомдлоор олон улсын Арбитрын шүүхэд дуудагдсанаас хойш маргаан ийнхүү дөрвөн жил үргэлжилж, дөрвөн удаагийн шүүх хурал болсон. Хамгийн сүүлийн шүүх хурлаар Монголын тал “Стандарт” банкны зээлийн үндсэн төлбөр болон хүү, алдангид нийт 120 сая ам.долларыг төлөх ёстой гэх шийдвэр гарсан нь өчигдөр ил боллоо. Хэрвээ тус төлбөрийг төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх шүүхийн шийдвэр ч мөн гарсан байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэт” үйлдвэрийн өмч хөрөнгийг битүүмжилсэн болоод үйл ажиллагаанд нь доголдол гарсан зүйл одоогоор  байхгүй. Цаашид гарахыг үгүйсгэхгүй.  Зээлийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх ёстой. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн болоод Монгол Улсын нэр хүндэд хамаатай асуудал”хэмээн хэлсэн. Тэгэхээр тус 120 сая ам.долларын төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийн 51% Африкийн Стандарт банкинд очих магадлал маш өндөр байна.

Хамгийн эхэнд  Ш.Батхүү“Стандарт банкнаас зээл авахдаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, нар зээл авахад батламж гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал дуулиан дэгдээж байсан. Тус мэдээллийн мөрөөр УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дээрх эрхмүүд харин ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбоотой асуудал огт байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр болоод УБТЗ-ыг өрөнд тавьж гарын үсэг зураагүй” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ гарын үсэг хуурамч эсэхийг шинжээчид шалгаж эхэлсэн юм. Хэрэв Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү баталгаа гаргаж гарын үсгээ зурсан гэдэг нь тогтоогдвол Монгол Улс 140 сая ам.доллар “Стандарт” банкинд төлөх нь тодорхой болно гэж албаныхан мэдэгдэж байсан. Ш.Батхүү дээрх асуудал нийгэм даяар шуугиан тарих үед сэтгүүлчдэд “Хадгаламж” банк юунаас болж дампуурсан, Олон Овоотын ордны нөөц худлаа, ТӨХ болон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ын дарга нар “Стандарт” банкнаас зээл авах үед баталгаа гаргаж гарын үсэг зурсан нь үнэн” гэж мэдээлэл хийж байсан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

ТЕГ: Өдөрт 50 мянган иргэнд НӨАТ-ын буцаалт олгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт өчигдөөс эхлэн иргэдийн дансанд орж эхэлсэн. Тодруулбал, Еbarimt.mn-д 2017 онд бүртгүүлсэн 654 мянган иргэний нийт 78,1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өчигдөр оройноос эхлэн эхлэн иргэдийн бүртгэлийн мэдээлэл дэх дансруу шилжүүлж эхэлсэн юм.

Монголбанкнаас өдөрт 50 мянга хүртэлх гүйлгээ хийх боломжтой учир өдөр бүр хувийн мэдээллээ баталгаажуулсан 50 мянган иргэн банк харгалзахгүйгээр буцаан олголтын мөнгөө авах юм байна.

Мөн НӨАТ-ын буцаан олголтыг олгохдоо нэрний эхний үсгийн дарааллаар шилжүүлэг хийгээгүй гэж Татварын Ерөнхий газраас мэдээллээ.

Сураггүй болсон иргэнийг дахин хайж эхэллээ

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт Орхон аймгаас ирсэн  42 настай эрэгтэй Г өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед согтуу гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагааг 20 гаруй хоног хийсэн ч олдоогүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний улмаас эрлийг арванхоёрдугаар сарын 25-ны өдөр зогсоосон байна. Гэтэл сар гаруйн дараа буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж өгөх хүсэлт тавьсны дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

ҮХЦ: Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар маргаан үүсгэхээс татгалзлаа

Хуульч Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо нар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэх татах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд гаргасан билээ. Тэд ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн хуралдаандаа суухгүй, үндсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас эгүүлэн татах учиртай хэмээн цэцэд хандсан юм. Харин Үндсэн хуулийн цэцээс энэ асуудлаар маргаан үүсгэхгүй гэсэн хариуг өгчээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах үндэслэлгүй гэсэн хариуг өгсөн байна.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуульчдын хүсэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн, гавьяат хуульч Н.Жанцан хянан, татгалзсан шийдвэр гаргасан байна.

“Пёнчан-2018” өвлийн олимпийн бамбар "Алтан жолоо" группээр өртөөллөө

“Пёнчан-2018” өвлийн олимп эхлэх өдөр ойртож байна. БНСУ спортын түүхэндээ анх удаа хүлээн авч буй өвлийн олимп 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно. “Пёнчан-2018” өвлийн олимпод 95 орны 2900 тамирчин спортын 15 төрөлд 102 баг медалийн төлөө өрсөлдөх бөгөөд олимпийн нээлтийн бамбар буухиалах арга хэмжээнд Ази тивийг төлөөлөн 2 хүн оролцсоны нэг нь Алтан жолоо группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар байсан билээ.

Тэрээр “Пёнчан-2018” өвлийн олимпийн галт бамбарын дөлийг мөхөөлгүйгээр эх орондоо авчран Алтан жолоо группийн охин компаниудаар өртөөлөх ажил амжилттай үргэлжилж дууслаа. Үүнд Сансар сүлжээ дэлгүүр, Арвайн үндэс ХХК, Алтан Жолоо Импекс ХХК, Даян Их ХХК, Ай Юу Трэйд зэрэг Алтан Жолоо группийн охин компаниуд хамрагдсан юм.

Ийнхүү “Пёнчан-2018” өвлийн олимпийн бамбар Алтан жолоо группээр амжилттай өртөөллөө.

Дэд сайд С.Мөнгөнчимэг НҮБ-ын залуучуудын 7 дугаар чуулганд оролцлоо

АНУ-ын Нью Йорк хотноо “Тогтвортой, дасан зохицох боломж бүхий хот, хөдөөг бүтээхэд залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд 2018 оны 01 дүгээр сарын 30-31 ний өдрүүдэд зохиогдсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын асуудлаарх 7 дугаар чуулганд дэд сайд С.Мөнгөнчмэг оролцлоо.

    Уг чуулганыг 2012 оноос хойш зохион балгуулж байгаа бөгөөд залуучуудад тулгарч буй бэрхшээлийнхээ талаар дэлхийн удирдагчидтай НҮБ-ын төвшинд хэлэлцэх боломжийг олгох, улс орнуудад залуучуудын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, туршлагаа харилцан солилцох боломжийг олгодог. Энэ удаагийн чуулганд 600 гаруй залуучуудын төлөөлөл, 80аад орны өндөр төвшний албан тушаалтнууд оролцон Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд залуучуудын үүрэг оролцоог хангах асуудлаар чууллаа. Чуулганд оролцох үеэрээ дэд сайд С.Мөнгөнчимэг “Сайд нарын төвшний дугуй ширээний хэлэлцүүлэг” т оролцон залуучуудын чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийн, үг хэллээ.

Мэдээлэл нь алдаатай иргэд НӨАТ-ын мөнгөө нөхөж авах боломжтой

НӨАТ-ын буцаан олголтыг мөнгө иргэдийн дансанд орж хэлсэн билээ. НӨАТ-ийн буцаан олголт авахаар 650 мянга гаруй иргэн авахаар бүртгүүлсэн байна. Эндээс 19 мянган иргэний хувийн бүртгэлийн мэдээлэл алдаатай гарсан аж. Эдгээр хүмүүс мөнгөө нөхөж авах боломжтой юм байна. Тодруулбал, хувийн болон бүртгэлийн мэдээлэл нь алдаатай хүмүүс мэдээллээ засварлах боломжтой.НӨАТ-ын эхний ээлжийн мөнгө орж дууссаны дараа эдгээр хүмүүсийн  мэдээлэл манайд дахин ирнэ. Татварын албанд хандах шаардлагагүй. Хувь хүн өөрийнхөө и-баримтаар нэвтэрч  мэдээллээ нягтлах хэрэгтэй. Мэдээлэл үнэн зөв болчихвол эхний ээлжийн мөнгө бүрэн олгогдсоны дараа нөхөн шилжүүлэх юм байна. Тиймээс аль болох ойрын хугацаанд мэдээллээ нягтлах хэрэгтэй аж. 

62 настай эмэгтэйг хүчиндэж, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

Өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны байранд 62 настай иргэнийг үл таних залуу айлган сүрдүүлж хүчиндээд 300.000 төгрөгийг дээрэмдэн зугтаасан хэргийг Налайх дүүргийн 2 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 33 настай Э гэгч үйлдсэн болохыг хяналтын камераар илрүүлэн дайчлан баривчиллаа.

Иймд иргэн та бүхэн өөрсдийн санаачлага хамтын оролцоонд түшиглэн амьдарч буй орчноо хяналтын камерын бүс болгосноор өндөр настан, эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд болон өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, гэмт хэргийг халуун мөрөөр нь түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна. 

Ш.Занданшатар: Эрдэнэтийн 51 хувийн асуудлаар би ярихгүй

Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан байна. Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ийн хөрөнгийг битүүмжилж, 75 сая ам.доллар төлөх шийдвэр гаргаад байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг нэлээд хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар болон Эрдэнэтээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн байр, суурийг сонслоо.

 

ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар: Энэ талаар би ярихгүй. 51 хувиа алдсан юм байхгүй. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Би яг л бусдын адил мэдээлэлтэй байна. Эрдэнэтийн асуудал шүүх дээр л явж байгаа гэсэн. Энэ асуудлаар манай тойргийнхон надад хандаагүй. Засгийн газрын гишүүд болон Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүдээс мэдээлэл авахаар санал хүргүүлсэн. Шүүхээр асуудал нь явагдаж байгаа гэж Ц.Нямдорж сайд өнөөдөр ярьсан байна лээ. 51 хувийг алдах асуудал бол худал байх.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайдад би асуулга хүргүүлсэн. Надад хариу өгөөгүй л дээ. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрийн чуулганы хуралдааны үеэр би үг хэлэхдээ уг асуудлыг шуурхай оруулах чиглэл өгсөн. Ерөнхий сайдын маргаашийн чуулганы хуралдаанаар хийх мэдээллээр орох ёстой. Гэтэл орохгүй юм шиг байна. Гэхдээ өнөөдөр Уул, уурхайн сайд албан ёсоор тайлбараас өгчихлөө. Тодруулбал, манай улс 102 сая долларын өрөнд орсон өр төлөгдөхгүй бол 51 хувь нөгөө талд шилжинэ гэсэн нөхцөлтэй юм байна. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь ОХУ-ын Засгийн газрын өмч, 51 хувь нь Монгол улсын Засгийн газрын өмч байсан. Эрдэнэт үйлдвэрээр барьцаа гаргахад маш төвөгтэй байсан. Учир нь ОХУ-ын тал зөвшөөрөхгүй, үгүй юу гэдэг шиг асуудал шүү дээ. Тиймээс Монгол улсын Засгийн газарт өөрийн мэдлийн 51 хувиараа барьцаа тавьсан байна. Үүний араас төмөр зам явна даа. Хэн ийм хэрэг эзнийг хайж байна. Муу нэртэй, луу данстай Жастын Г.Батхүү рүү л бид дайрч байгаа. Гэхдээ Ш.Батхүүгийн ард өөр бүлэглэлүүд байгаа. “Алтжин”-ийн Г.Алтан гэж бүсгүйн нэр яригдах ёстой. Үүнийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж зориуд дарж байна. Энэ гэрээ маш ноцтой юм. Бид тэнэг алхам хийж, дур зоргоороо авирласан бэ гэдгийг бид энэ гэрээг ил болгосноор мэдэх боломжтой. 49 хувь дээр ч мөн олон улсын шүүхэд зориуд ялагдах УИХ-ын тогтоолыг оруулж ирсэн. Тэр бол 2.5 тэрбум долларын маргаан явж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсын өмч болгосныг бус төрийн өмч болгосон тогтоолыг нь би эсэргүүцэж байгаа юм. УИХ хэзээ ч эрх мэдлээ ийм байдлаар хэтрүүлж болохгүй. 51 хувийг алдана эсвэл 250 гаруй тэрбум төгрөгийн өрөнд орчихлоо. Үүнийг төлөхгүй 51 шууд “Стандарт” банкны өмч болох юм байна лээ. Тиймээс нөхдүүд Арбитрын шүүхэд хандан хөрөнгийг битүүмжлүүлэх хүсэлт өгсөн юм байна. Засгийн газар уг асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй Монгол улс ганц саалийн үнээгээ алдлааБүх зүйлийг ил тод болгох хэрэгтэй. Үүний ард маш том хуйвалдаан байгаа. Маш их улайрал, мафи байгаа. Монгол улсын Засгийн газрын зөвшөөрлөөр төрийн өмчийн 51 хувийг барьцаанд тавьчихсан байна шүү дээ. Тэгэхээр энэ бол ганц Ш.Батхүүгийн асуудал биш. Тухайн үед хэн Ерөнхий сайд хийж байсан. Хэн дарга хийж байсан юм. Энэ нөхдүүд нэг л өдөр Монгол улсыг зарж мэдэх нь. 

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ-ын болон МАН-ын гишүүд Д.Сүхбаатарын төрөл төрөгсөд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Монгол Ардын намын зүгээс “Ардын хувьсгалын он жилүүдэд тусгаар Монгол Улсыг байгуулах тэмцлийг өрнүүлж, Ардын нам, Ардын засгийг үүсгэн байгуулсан түүний гавъяаг бид мартах учиргүй, түүний үйл хэргийг хойч үедээ сурталчилан таниулах учиртай” гэдгийн онцолж буй юм. Энэ дагуу Д.Сүхбаатарын мэндэлсний ойг жил бүрийн энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  Монгол Ардын Намаас энэ өдөр хэд хэдэн ажлыг санаачлан зохион байгуулж байна. Тодруулбал, Д.Сүхбаатарын үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Мөн Их жанжин Д.Сүхбаатар болон Маршал Х.Чойбалсан нарын төрөл төрөгсдийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Монгол Ардын Нам Стратеги академитай хамтран ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах юм. Хуралд ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Түүхийн ухааны доктор Д.Эрдэнэбат, Түүхийн ухааны доктор О.Бат-Амгалан, Стратеги академийн бодлогын зөвлөлийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, докторант Б.Батбаатар нар оролцож “Д.Сүхбаатар хувь хүний тухайд”, “Д.Сүхбаатар судлалын үүсэл хөгжил”, “Монгол Улсын тусгаар тогтнолд Д.Сүхбаатарын гүйцэтгэсэн үүрэг” зэрэг сэдвээр илтгэл тавих аж. 

Мөн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооноос ойд зориулж оюутан залуусын дунд илтгэлийн тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахын зэрэгцээ 1000 залуус цусаа хандивлах сайн үйлсийн аяныг өрнүүллээ.

Сонирхуулахад Дамдины Сүхбаатарын хөшөөг МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулахаар шийдвэрлэжээ. 1946 онд төр засгийн нэрт зүтгэлтэн маршал Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ю.Цэдэнбал, С.Янжмаа, Б.Ширэндэв, Д.Дамба зэрэг нам төрийн удирдлагууд болон олон түмэн ард иргэд Ардын хувьсгалын 25 жилийнхээ ойгоор өөрсдийн хүч хөдөлмөрөөр Сүхбаатарын талбайг засан тохижуулж Д.Сүхбаатар жанжны морьт хөшөөг байрлуулж байжээ. Хөшөөг барималч С.Чоймбол бүтээсэн байна

Энэ хөшөө нь Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө гэдгээрээ онцлог бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2008 онд хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ. 2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Д.Сүхбаатарын морьтой хөшөөг хүрэлджээ. Хөшөөний урт 4.1 метр, өргөн 1.85 метр, өндөр 10.62 метр, морьтой хөшөөний өндөр 4 метр аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment