8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Мөнхбаатар: Хөвсгөл нуур орчмын замыг засмал болгох шаардлагатай байна

2018-02-02 18:08:00

ЧУУЛГАН

УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас 468 сая долларыг зээлэх зээлийн хэлэлцээрийг хийж байгаа билээ. Санхүүжилтын ерөнхий хөтөлбөрийг баталсан бөгөөд гэрээг соёрхон батлах асуудлыг УИХ-аар хэлэлцэж буй нь энэ юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "УИХ-ын гишүүдийн саналаар Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх төслүүдэд чиглэл гаргахаар болсон. Энэ бол зохимжгүй. Хэлэлцээрийг Засгийн газар хийсэн. УИХ соёрхон батлах л дэгтэй.  Засгийн газар зээлийн хэлэлцээрийг УИХ-д оруулж ирэхэд нь холбогдох байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр аялал жуулчлалыг дэмжихэд 38 сая долларыг зарцуулахаар төлөвлөсөн. Уг төсвийн тодорхой хэсгийг нь Хөвсгөл нуурыг түшиглэсэн аялал жуулчлалд зарцуулагдах юм. Аялал жуулчлалын 70 хувь нь Хөвсгөл нуурыг түшиглэсэн байдаг.  Зуны ид ачаалалттай үед 3-10 мянган хүн Хөвсгөл нуур руу очиж байна. Нуурын баруун эргийг дамнасан 40 км замаар 3-4 мянган машин явахаар асар их тоос, тоосонцор босч далай руу орж байна. Үүнээс үүдэн далай бохирдож, замагжиж байгаа юм. Мөн цэвэрлэх байгууламж, хог хаягдлын асуудал Хөвсгөл нууранд тулгамдсан асуудал болоод байгаа. Дээрх мөнгөний заримаар нь Хөвсгөл нуур бүхэлдээ харагддаг Жүчийн даваа хүртэл 40 км засмал зам тавигдана гэж ойлгож байгаа. Тэгэхээр үүнийг манай гишүүд дэмжих байх аа. Цаашид Ханх, Хатгал хүртэл аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Ганц нуураа тойрсон аялалыг бус Ханх, Хатгалын замын асуудлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэж болох уу гэж Сангийн сайдаас асуумаар байна. Хэрвээ энэ замыг тавьчихвал олон улсыг холбосон зам болох юм. Ханх, Хатгал, Мөрөн, Улаанбаатар гээд олон улсын замтай болно. Энэ бол эдийн засгийн агуулгаараа ч маш өндөр ач холбогдолтой юм.

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг олноор бий болгоход аялал жуулчлал яах аргагүй нөлөө үзүүлнэ. Аялал жуулчлалын салбарын орлогын эх үүсвэрийг тодорхой болгох, татвар төлөгчдийн суурийг нэмэгдүүлэх Монголынхоо байгалийн гоо үзэсгэлэнг дэлхий нийтэд харуулахаас гадна түүхийн үнэт өвөө аялал жуулчлалын чухал сэдэв болгож явуулах зайлшгүй шаардлага бий болсон. Тийм учраас Азийн хөгжлийн банкныхантай ярилцаад Хөвсгөл нуурын чиглэлд Чингис хаантай холбоотой цогцолборыг бий болгох чиглэлээр ажил хийнэ. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана. Хөвсгөлийн аялалыг хөгжүүлэх, сайжруулах, Чингис хааны цогцолборыг босгох төслүүдийн ажил урагштай байгаа. Энэ хоёр төсөл цаашид зөрчилдөхгүй байгаа. Замын тухайд Аялал жуулчлалын сайд илүү их мэдэж байгаа байх. Би хариулт өгч чадахгүй юм байна" хэмээн хариулав.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл